Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чернобылийн осол: Цацрагт хучигдсан техник хэрэгслүүд бүгд алга болжээУншсан66,903

Припять хотынхныг ослын дараа нэг л өдрийн дотор нүүлгэн шилжүүлсэн бөгөөд удахгүй эргээд авчирна гэцгээж байв.

Чернобылийн дэлбэрэлтийн бодит үр дагаврын талаар ЗХУ-ын томоохон албан тушаалтнууд 33 жилийн өмнө ард иргэдээсээ ихэд нууцалж байв. Гэсэн хэдий ч Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт дэлхийн аварга гүрнийг нуран унахад хамгийн том далд учир шалтгаан нь болсон түүхтэй. Тухайн үед юу болсон, өдгөө энэ бүсэд ямар үйл явдал болж байна вэ, Чернобыль барууныхны цөмийн хог хаягдлаа булшилдаг газар болсон уу зэрэг олон асуултад хариулт авахыг оролдлоо. Сансраас авсан саяхны нэгэн зураг дээр Чернобыльд байсан цэргийн машин, техникүүд бүгд алга болжээ. Шалтгаан нь үхлийн аюултай цацраг идэвхт бодис бүхий танк, хуягт зэр зэвсгүүдийг зэвсгийн наймаачид "нааш цааш" болгодог, дайны чөлөөт агентууд буюу сайн дурын дайчид хэрэглэдэг гэх мэдээлэл их бий.

Эмч нар зааврын дагуу үнэнийг нуужээ

ЗХУ-ын Ардын депутат асан Алла Ярошинская эдгээр он жилүүдэд Чернобыльтэй холбоотой нэлээд хэдэн нууц баримтуудыг хадгалсаар байжээ. Тэрээр “Энэ осолд маш олон хүн өртөж, амиа алдацгаасан. Уг нь бодит үнэнийг мэдсэн сэн бол өчнөөн хүн амьд гарч чадах байлаа. Хүмүүс ослын үеэр энэ бүсээс шууд гарч явж болох байсан ч үүнийг зөвшөөрөөгүй. Үнэнийг тараачихна гэсэндээ гаргахгүй байсан хэрэг” хэмээжээ.

Ярошинская Дээд Зөвлөлийн архиваас эдгээр баримтаа хуулбарласан бөгөөд барууныхан хэдэн арван мянган доллараар худалдан авах санал хүртэл тавьж байжээ. Баримтууд дотор Украины Эрүүл мэндийн яам, ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны нууц баримтууд бий. Эндээс харахад ослын дараа хүний биед цацрагийн туяа 10-50 дахин их байсан тухай дурджээ. Энэ талаар тухайн үед хэн ч ам нээгээгүй бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг ах дүү хамаатан садныд нь зүгээр л нэг тарааж, ямар аюул тээж байгааг нь ч нууж байв. Хүмүүсийг тайвшруулсан, шаардлагатай арга хэмжээг авсан тул хэвийн амьдралдаа эргэн орж болно хэмээн эмч нар хүртэл дээд газраас ирсэн зааврын дагуу зөвлөгөө өгч байв. Үнэн хэрэгтээ цацраг туяанд хордсон олон зуу, мянган иргэд насан туршдаа өвчнөөр шаналж, ойр дотны хүмүүстээ ч олон төрлийн эрсдэл бий болгож иржээ. Он цагийн уртад Алла Ярошинская нууцлагдсан баримтуудыг сэтгүүлчдийн гарт өгсөн юм.

Чернобылийн цацрагт 17 орон өртсөн

Осол хэр их газар нутгийг хамарсан талаар зөвхөн ЗХУ төдийгүй дэлхийн олон орон дуугараагүй юм. Гэхдээ Чернобылийн цацраг идэвхт үүл хэрхэн тархсан тухай судалгааг Францын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хүрээлэнгийнхэн судалж үзжээ.

Судалгаагаар халдварын бүсэд Францын Альпйн нуруу дахь бүс нутаг, Герман хүртэл орсон байна. Одоо ч гэсэн халдвар тархсаар байгаа бөгөөд нийтдээ 17 орон өртжээ. Биологийн ухааны доктор Алексей Яблоков “Чернобылийн цацраг идэвхт туяа дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан. Тэгэхээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд цацрагийн доод тал нь тал хувийг авсан гэсэн үг” гэж мэдэгджээ. Харин Алла Ярошинская “Тэр ч бүү хэл радионуклоид Африкт ч илэрсэн. Үүнийг баримтаар нотолно. Бас Москвад ч бий” гэжээ. Цацраг тархсан тухай хамгийн эхний мэдээллийг Скандинаваас өгсөн юм. Швед, Норвеги л гэхэд 30 жилийн турш Чернобылийн ослын үр дагаврыг амсаж, эрүүл мэндийн дээд зэргийн хамгаалалт, арчилгаа үйлчилгээн дор иргэдээ цацраг туяаны хороос сэрэмжлүүлж иржээ.

Норвегийн эрдэмтэн Лауренс Скутеруд “Чернобылийн осол манай хүн амд үнэхээр их заналхийлсэн. Одоо ч хэвээр. Цацраг идэвхт хур тунадас Швед, Норвегийн олон бүсэд орсноос болж бугын аж ахуй эрхлэгчид бугын махаа зарж чадахгүйд хүрч, худалдахыг хориглосон барааны нэг болсон, мөн улс орны төсөвт цацрагийн аюулаас хамгаалахын тулд их хэмжээний мөнгө тусгаж өгдөг” хэмээжээ.

Хаяад явсан техникүүд алга болжээ

Припять хотынхныг ослын дараа нэг л өдрийн дотор нүүлгэн шилжүүлсэн бөгөөд удахгүй эргээд авчирна гэцгээж байв. Осол гарснаас хойшхи эхний саруудад цацраг идэвхт бодист өртсөн эд зүйлсийг булж, устгалд оруулж байлаа. Гэхдээ саяхнаас эндхийн төмөр эдлэлүүдийг бөөгнүүлж, ой модыг тайрч, бэлтгэж байгаа тухай нууц бичлэг гарч эхэлсэн байдаг. Төмрийг тайрч, хөрөөдөж, жижиглээд металл авах цэгт тушаасан, моддыг түлш болгон түлсэн байж ч болзошгүй. Тиймээс цацрагаар бохирлогдсон эд зүйлсийг дахин боловсруулж, тараасан байхыг хэн ч мэдэхгүй. Хамгийн гол нь энд ослын үр дагаврыг арилгахаар ажиллуулж байсан цэргийн машин техникүүд алга болжээ. Энд хэдэн зуун танк, нисдэг тэрэг, трактор, цэргийн автомашины бүхэл бүтэн парк байсан юм.

Устгалд оруулагчдын нислэгийн группийн удирдагч Николай Антошкин “Бүгдийг нь хаясан. Хэчнээн ажиллах хүчин чадалтай ч гэлээ цацрагаар битүү хучигдсан техникүүд шүү дээ” гэж мэдэгджээ. Өмнө нь хаяад явсан техникүүдтэй талбай өнөөдөр хоосон болсон аж. Эдгээр цэргийн техник хаачив. Мөргөлдөөн үргэлжилсээр байгаа Донецк, Донбасс руу аваачсан төдийгүй хилийн чанадад худалдаалжээ. Цөөн тооны үлдсэн техникүүдэд шалгалт хийхэд өдгөө цацрагийн түвшин 100-500 мкР/цаг буюу харьцангуй өндөр хэвээр. Машинууд одоо ч гэсэн халдвартай хэвээр байгаа юм бол 30 жилийн өмнө хотын эд зүйлсийг устгалд оруулж, дэлхий ертөнцийг цацрагаас хамгаалах тушаал авсан хүмүүс хэр их халдвар авсан нь ойлгомжтой. Николай Антошкин “Эрчим хүчний блокноос дээш 200 метр өндөрт агаарын температур 120-200 хэмд хүрч халж байсан. Ийм халуунд нисдэг тэргүүдээр элстэй шуудай хаяж байсан” хэмээжээ. Халуунаас болж нисдэг тэрэг нь эвдэрч, сүйрэх нь энүүхэнд. Яг ийм осол гарч, дотор нь байсан дөрвөн хүн цацрагт идэвхт бодис алдагдсан реактороос гуравхан метрийн зайд унаж, амьдаараа шатсан. Устгал хийгчдийн ярьж буйгаар тэднийг яг л фронтод дайчилж байгаа юм шиг явуулсан гэнэ.

Хүний хүчин зүйлээс болж осол гараагүй

ЗХУ зөвхөн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн хор хохирол, үр дагаврыг нуугаад зогсохгүй осол гарсан шалтгааныг ч таг дараад өнгөрчээ. Тухайн үед ашиглалтын дүрэм журам зөрчсөн гэх шалтгаанаар захирал, зарим албан тушаалтныг буруутгаж, шүүх хурал явуулж шийтгэл оноосон ч өөр нэг хүчин зүйлийг хав даржээ. Улсын Аюулгүй байдлын хорооныхон тэртээ 1979 онд “Чернобылийн атомын цахилгаан станцын барилгын ажилд үүссэн дутагдалтай талууд” гэсэн баримт гаргаж байжээ. Уг баримтад “Барилгын ажил, төслийн хооронд зөрүү их.

Барилга, монтажны ажлын технологи зөрчсөн, үүний улмаас осол, золгүй тохиолдол гарч болзошгүй, цөмийн энергийн асар өндөр эрсдэл үүрч байдаг технологиуд ч асуудалтай” гэж тэмдэглэжээ. Тэгэхээр хүний хүчин зүйл гэхээс илүү барилга, техник технологийн бүрэн бус байдлаас осол гарсан байх өндөр магадлалтай. Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 онд хамгийн том осол гарахаас өмнө жижиг хэмжээний 104 осол гарч байжээ. Үүнээс ердөө 35 нь л хүний хүчин зүйлээс, үлдсэн нь барилгын ажлын алдаа дутагдлаас болсон аж. Өнөөдөр дэлхий дахин цөмийн хог хаягдал булшлах асуудалд хамаг хүчээ дайчилж байна. Тиймээс энэ бүсийг олон улсын цөмийн хаягдлын агуулах болгох яриа байсгээд дэгддэг аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]