Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аавын цээжтэй өргөнөөрөө адил, хоёр тохой юм, зузаанаараа арай нимгэн юм"Уншсан94,104

Гонгор газарт түрүүлгээ харан хэвтээд 10 гаруй насны хоёр хүүхдийг нуруун дээрээ зэрэг гарган явуулж хуянгаа тараалгадаг байжээ.

Монголын хамгийн өндөр хүний нэг бол Пүрэвийн Гонгор байлаа. Ард олны дунд "Өндөр Гонгор" хэмээн алдаршсан тэрээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ. Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг. П.Гонгор 4 хүүхэдтэй байжээ. Охидуудынх нь нэг Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм.

 "Аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор тvvнийг жаахан шоолонгуй байжээ. Тиймээс аав жинчин дагаад Их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн "Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол" гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байсан" гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед Ардын эрх сонинд нийтлэгдсэн байна.

Өөр нэгэн сурвалжид хошуу ноён Далай Чойнхор ван нь хошууныхаа албат өндөр П.Гонгорыг Богдод бэлэг болгон өгч, тал засахаар шийдвэрлэсэн авч олонд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Богдын өргөмөл хүү нэрээр Их хүрээнд суулгасан нь тэр юмсанж. Их хүрээнд очмогц түүнийг хиа болгон хөх жинс зүүлгэж, Богдыг энд тэнд очиход дагаж явдаг, улмаар сангийн даамал, зааны маллагчаар ажилладаг байсан ч гэдэг.

Богд хаан “Энэ хүний суунга маажиг гутал, сур сармай дээлийг нь хүртэл, хаяж гээлгүй хадгалж бай”  хэмээн зарлиг буулгаж байсан аж.

Өндөр Гонгор бөхөд хорхойтой нэгэн байжээ. Тэрээр Даншиг болон Арван засгийн наадамд олон удаа барилдсан ажээ. Олноо өргөгдсөний дунд үеэр Арван засгийн наадамд гурав давж, дөрвийн даваанд Сэцэн хан аймгийн Гэндэндаржаа арсланд унасан гэнэ. Арван засгийн наадамд гурав давна гэдэг тийм ч амаргүй байв. Энэ наадамд нийт Монголын дөрвөн аймаг, шавь таван хошуунаас шигшин сонгож, нэр цохон дуудаж ирүүлсэн 128 бөх барилддаг байсан үе. Начин цолтой Гонгор урдаасаа дайрсан бөхийг нэг гараараа сэрвээн дээрээс нь барьж дараад, нөгөө гараараа хөлөөс нь барьж аваад ар тийш нь татаж хэвтүүлж орхиод дэвээд явчихдаг байжээ.

Гонгорын амьдралын нэгэн чухал үе бол Монгол Улсын Ерөнхий Сайд Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчлахад бүрэлдэхүүнд нь орж явсан цаг байв.

Товч өгүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд гадаад оронд айлчлахдаа хамгийн өндөр бие хаатай хоёр Монгол эрийг дагуулан сүр бараа болгон гайхуулах зорилгоор дагуулж явсан нь энэ. Хоёр гэхийн учир нь Т.Намнансүрэнгийн бие хамгаалагч "Өндөр Гонгор"-ын хамтаар "Өндөр Нанзад" хэмээх П.Гонгороос арай намхан тухайн цаг үедээ мөн л өндрөөрөө алдаршсан эрийг авч явсан аж. Нанзадыг заримдаа Цэрэнпил гэх нь ч бий. Ямартай ч тэрхүү Цэрэнпил гэгч нь Сайн ноён хан аймгийн хүн бөгөөд Гонгороос арай намхан боловч түүнээс зузаан хүн байжээ. Тэр хүний тухай Богдын дотоод сангийн дарга байсан гэснээс өөр тоймтой зүйл мэдэгдсэнгүй. Тэд гадаад орны хүмүүст өндрөөрөө гайхагдаж, зураг патиараа татуулж, тухайн үеийн хэвлэлүүдэд гарч байжээ. Тэр хоёрыг тусгай өрөөнд хоол унд сайтай, ихэд тохилог суулгасанд төрийн хэрэгт оролцоогүй байхад ингэж зочин ёсоор ханддаг ямар учиртай юм бол гэж тэд гайхаж байсан гэдэг.

Хоёр өндөр Сайн ноён ханы хамтаар Оросын их театрт очиж үндэсний бөхийн мэхээс хийж үзүүлэх, отго жинстэй малгай, дээдсийн хувцас өмсөн ноён хүний зан төлөв, алхаа гишгээ зэргийг дүрслэн жүжиглэхэд үзэгчид маш их шохоорхдог байсан гэнэ. Оросын II Николай хаан П.Гонгорт торгон цэргийн сангаасаа хамгийн том гутал бэлэг болгон өгсөнд тэр нь багтаагүйд ихэд гайхан захиалгаар өөр том гутал хийлгэж өгч байжээ.

Оросууд "Манай улсыг эзэлж байсан өнөөх Чингисийн Монголчууд гэдэг чинь ийм л хүмүүс байсан биз ээ” хэмээн хэвлэлд бичиж байсан ба Петрбург хотод очиход нь Яков Штейнберг хэмээгч зургийг нь хальсанд буулгаж 1913 оны “Весь мир” сэтгүүлийн 46 дугаарт нийтлүүлжээ. Зурагчин Я.Штейнберг зургийнхаа ард /одного 3 арш 10 вер/ гэж тэмдэглэсэн нь одоогийн хэмжүүрээр 2 метр 57 см болох ажээ.

1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 41 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг.

Я.Штейнберг зурагчны хальснаа буулгасан фото

Ардын хувьсгалын дараа 1925-1926 онд Гаалийн хороонд шалгагчаар ажиллаж байв. Ардын засгийн газрын 1921 оны долдугаар сарын 30-ны өдрийн тогтоолд П.Гонгорт Богдын сангаас хэр зохисоор нь мал таслан өгч, харин сар бүр цалин олгож байсныг зогсоосугай гэж заасан байдаг. Хорооны үзэгч буюу байцаагчаар ажиллаж байхдаа Гонгор өндөр шөргөн хашаан дээгүүр морин дээрээс гаднаас нь өнгийн хашаанд нь юу байгааг харж, тоолж явдаг байсан гэж түүнийг мэддэг хүмүүс одоо хуучилдаг. Гонгор ямар ч моринд дөрөөлөлгүй газраас шууд хонь, ямаа унаж байгаа мэт мордоод морины өвдөгний хавьцаа унжиж буй дөрөөг эрэн байж дөрөөлөхөд нь хоёр өвдөг нь морины шанааг хавчих шахан харагддаг байсан гэнэ.

Түүний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.

 Жаран хурганы арьс зүүж дээл болгодог, төлгөн хонины арьсаар малгай хийж өмсдөг Гонгорыг нас барсны дараа түүний нэг цэнхэр торгон дээлээр хоёр охин нь тус бүр нэг дээл хийж өмсжээ. Ер нь хэр зэрэг өндөр байсан бол гэж хүмүүс сонирхдог юм. Зэлэн дээр үнээ сааж яваа эхнэрээсээ тооноороо толгойгоо цухуйлгаад "Тогоотой сүү дэвэрлээ, юунд уудлах вэ" гэж асууж байсан гэдэг.

Өндөр Гонгорын эхнэрийг Должинсүрэн гэдэг байв. Хамт авахуулсан зураг төрөл төрөгсдөд нь бий. Дээл хувцсанд нь хэр зэргийн материал ордог байсан юм бол гэж түүний төрсөн охин Бүдхандаас асуухад:

-"Хятад есөн даалимбаар нэг дээл хийдэг байсан. Гутал нь бас учиргүй том, энгийн хүний аарцагт хүрдэг байв. Нэг гутал нь бидэнд хадгалагдаж байгаад 1932 оны эсэргүүний жил алга болчихсон. Бидэнд одоо ааваас өв болж үлдсэн зүйл гэвэл хэдэн гэрэл зураг, мөнгөн аяга нь байдаг юм. Ээж маань хоёр хүү, хоёр охин төрүүлсэн юм. Хамгийн ууган нь Данигай ах, хоёр дахь нь би байгаа юм. Миний дараах нэг бүсгүй дүү бий. Отгон дүүг минь Балдан гэдэг байсан. Миний эцэг Далай Чойнхор вангийн хошууны хүн, 49 настайдаа 1930 онд нас барсан" гэж нэмж ярив.

Өндөр Гонгор эгэл даруу, хүнд тусархуу, цагаан цайлган хүн байв. Өндөр Гонгор чинь моринд дөрөөлөхгүй хөлөө давуулаад мордчихдог байсан юм гэнэ билээ гэж ам дамжин яригддаг

Гонгорыг дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ-ын иргэн Роберт Уодлоугоос өндөр байсан гэсэн мэдээ байдаг.

Гонгор газарт түрүүлгээ харан хэвтээд 10 гаруй насны хоёр хүүхдийг нуруун дээрээ зэрэг гарган явуулж хуянгаа тараалгадаг байжээ. Түүний цээжийг дархан аварга Г.Өсөхбаяр аваргын хүү Дамба хараад "Манай аавын цээжтэй өргөнөөрөө адил, хоёр тохой юм. Харин зузаанаараа хүрэхгүй, арай нимгэн юм гэж хэлсэн" гэдэг. Даншгийн дархан аварга Гэнэнгийн Өсөхбаяр нь тухайн цаг үедээ мөн л ард олондоо алдаршсан гайхамшигтай эр, бөх хүн байжээ. Түүнийг 44 настайдаа 11 дэх удаагаа түрүүлсэн гэдэг. Ийм гайхалтай аваргын бие хаатай Өндөр Гонгор ойролцоо байсан гэхээр, мөн нөгөөтэйгүүр Өндөр Гонгор шиг цээжтэй аварга байсан гэхээр гайхалтай ажгуу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]