Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Мөнх-Эрдэнэ: Миний улсын аварга болох тоо тэнд гүйчихсэн байх гэж гэж боддог юмУншсан35,327

Монгол Улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ МҮОНТ-ийн "Бөхийн хууч" нэвтрүүлэгт оролцож барилдааны түүхээсээ хэрхэн хуучилсныг товчлон хүргэж байна.

Монгол Улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ МҮОНТ-ийн "Бөхийн хууч" нэвтрүүлэгт оролцож барилдааны түүхээсээ хэрхэн хуучилсныг товчлон хүргэж байна.

-Таны бага нас, бөхийн амьдралтай хэрхэн яаж холбогдсон талаар яриагаар эхлүүлье?

-Жаахан байхад үеийнхээ, ангийнхаа хүүхдүүдтэй, дээшээ доошоо нэг хоёр ангийн хүүхдүүдтэй барилддаг байсан. Сургуулийнхаа нэг элсний хонхорт үзчихдэг байсан, тойроод л барилдчихна. Завсарлагааны тэрүүхэн зуурт л бөхөөр амьсгалдаг байлаа. Манай ангид намайг давдаг, дийлдэг хүүхэд зөндөө л байсан. Тэд нараас би арал бяраар айхтар дутахгүй ч арга техник их мундагтай хүүхдүүд байсан. Арав төгстлөө манай ангид сургуулийн аварга, дүүргийн аварга болдог хүүхдүүд байсан шүү. Манай ангийнхан намайг сайн дардаг байсан.

-Таны хувьд Архангай аймгийн Булган сумын хүн. Нэг домог байдаг, бөх мод гээд?

-Бөх мод гэж их том модыг шилмүүс навч нь байхгүй болоод унахаар манай энэ голоос бөх төрөх юм гэнэ лээ гэж домог байв. Аавыг бага байхад тэр мод навч нахиатай, шавчихсан бөх шиг мод байсан гэж байгаа юм. Аав ч энд цэрэгт ирээд тэгээд хотод амьдрал зохиогоод. Би аавынхаа том хүү нь. Тэгээд сүүлд тэр домог нь надтай холбогдох учиртай л болсон доо.

-Таны өвөө, аав бүгдээрээ л бөх хүүтэй, ачтай болохыг мөрөөдөж байсан гэсэн?

-Манай ээж айлын дөрөв дэх охин байхгүй юу. Ээж их эршүүддүү охин байж. Өвөө багад нь тэр голынхоо айлын банди нартай барилдуулахаар ээж бол ер нь нугалаад л дарчихдаг байсан гэж байгаа юм. Нөгөө эршүүд охиноосоо банди гарахаар их баярлаж байсан гэсэн. Ер нь тэд нарын хүсэл бол нэг энэ барилддаг хүүхэд төрнө гэсэн тийм хүсэл, аав ээжид ч гэсэн тийм л байсан. Тэд нарын хүслийг гүйцээж л төрсөн гэх юм уу.

-Хэдий үеэс тэмцээн уралдаанд орж эхлэв? Баяр наадмуудад хэдий үеэс эхлээд орж эхлэв?

-Улсын наадамд цэрэгт байхдаа анх барилдсан. Эхнийхээ жилд барилдаж чадаагүй юм аа. Карентинд байж байгаад. Хоёр дахь жилдээ улсын наадамд хоёр давсан. Тэгэхэд аймгийн арслан, цэргийн начин хоёр хүнийг хаяад гурвын даваанд Мөнгөн арсланд унаж байсан. 1994 онд Мөнгөн арслан үзүүрлэсэн юм. Үзүүрлэдэг Мөнгөн арсланд гурвын даваанд аманд нь гараад унаж байлаа. Дараа нь гурав дахь жилээ улсын наадамд барилдаад гурав давсан. Гурав давахдаа цэргийн арслан, улсын начин даваад. Тэр үед 21-тэй залуу хүү ерөнхийдөө ямар чансаатай гэдгээ л харуулчихаж байгаа юм. Ер нь тэгээд гурав давчихаж байгаа хүүхэд бол дахиад нэг жилд дөрөв, тэгээд дараа нь тавын даваанд гараад ирнэ л гэсэн үг шүү дээ.

-Хадаа аварга таныг барилдаад гурав давчихаад ирэхэд нэг үнсэж байсан?

-Дундговийн Улаанхүү начингаар гурав давчихсан гүйж явсан чинь Хадаа аварга урдаас ирснээ намайг барьж аваад үнслээ. Би аварга хүнд бөөн дуртай л үнсүүлнэ шүү дээ. Тэгээд үнсүүлчихээд л яваад өглөө. Тэр үедээ санаанд ч орсонгүй, гурав даваад тэрүүхэн тэндээ баярлачихсан, дараагийнх нь даваанд гараад ойчсон юм. Тэгээд санаанд ч орсонгүй. Цэргээс халагдаад сургуульд явсан. Тэр намар нь манай аавынхтай Долгорсүрэн гуайнх их ойрхон байсан юм. Тэгээд Долгорсүрэн гуай нэг таараад "За дүү хүү энэ жил улсын наадамд сайн барилдсан, манайхаар очиж айраг уу" гэж байна. Улсын заан айраг уу гэж урихаар чинь ёстой бөөн баяр болж байна. Тэгээд л хоёулаа гэрт нь очоод айраг уугаад юм ярилаа. Тэгснээ гэнэтхэн нөгөө Хадаа аварга үнссэн санаанд ороод асуулаа. "Үгүй ээ заан аа энэ жил намайг Хадаа аварга тэглээ" гэсэн. "Тэгэлгүй яадаг юм, чи Хадаа аваргын эрлэгийг нь хаячихсан юм чинь, тэр чинь баярлаад магадгүй чиний давснаас болоод Хадаа түрүүлсэн ч юм билүү, чи яаж мэддэг юм" гэж байна.

Үгүй одоо би нэг улсын начин хүн хаясны төлөө тэнд улсын аварга хүн наадамд түрүүлнэ гэж нэг л авцалдахгүй санагдаж байлаа. даа. Одоо бодож байхад ганцхан өөрийг нь айлгадаг хүн уначихсан, тэгэнгүүт бусдаас нь айдаггүй л юм байсан юм байлгүй гэж ойлгосон шүү дээ.

-Мөнгөн арслан гэснээс арслан тантай жийрхэх тал байдаг? Таныг өөрийнхөө нэг хэцүү өрсөлдөгч гэж нэрлэж байсан юм?

-Мөнгөн арслангийн номонд бичсэн байдаг. Мөнх-Эрдэнэ цэрэг байхдаа барилддаг байсан, сүүлдээ чангарсаар байгаад оюутан болоод бүр хэцүү болсон. Мөнх-Эрдэнийг амралтаараа ирээд барилдахаар нь бушуу амралт нь дуусаад яваасай гэдэг байсан гээд номондоо бичсэн байдаг. Би тэр үед 20, 21-тэй жаахан хүү л байсан, сүүлд залуу хүүхэд өсөхгүй юу. Мөнгөн арслан бол тогтчихсон байгаа үе шүү дээ. Мөнгөн арслан номондоо дурдаад тэр үед залуу бөх байсан гэж гололгүй сайхан хуучны бөхчүүдийн ярианд ороод тухайн үед их баярладаг байлаа шүү дээ.

-Таныг баяр наадамд цолыг нь дуудахдаа Монголын иргэний агаарын тээвэр, МИАТ компанийн бөх гээд л эхэлдэг. Хойно Латвийн Рига хотод төгссөн сургуультай нь бас холбоотой гэдэг?

-Манай сургууль их сайхан сургууль байсан, одоо хуучнаар бол бүх холбоотын том сургууль. Хорь гаруй мянган оюутантай, дан эрэгтэй хүүхдүүд. Монголынхоо нэрийг гаргаад сургуулийнхаа хүндэт самбарт миний нэр байдаг байлаа. Сургуулийн өмнөөс тэмцээнд орно, байнга медальт байранд шалгарна. Сургуулиас гадна район, хотын аварга, улсын аварга гэх мэтээр медаль их авдаг, аваргалдаг байсан. Одоо бодоход миний улсын аварга болох тоо тэнд гүйчихсэн байх гэж гэж боддог юм. Оюутан цагийн хичээлийн хажуугаар бэлтгэлээ маш сайн хийдэг байсан. Хүний завгүй байсан цаг хугацаа их амархан өнгөрдөг юм байна лээ. Оюутан цагаа ярихаар сайхан байна. Орост барилдаж байхдаа би самбо, жүдо хоёр бөхөөр сардаа хоёр, гурван тэмцээнд орно. Ригадаа ч болдог, Зөвлөлтийн өөр хотуудаар ч болдог, тэмцээнд орохоор чинь хоол бэлэн, хол газар явах бол зардал мөнгийг нь шийдээд өгчихдөг, их сайхан байсан. Бэлтгэл хийдэг газар нь л гэхэд манай тэр үеийн улсын шигшээгийнхэнтэй л адилхан нөхцөлтэй. Оросууд спортыг сайхан хөгжүүлнэ, авьяастай хүнийг хүндэлдэг, дэмждэг тийм л байсан. Хоёр жил барилдаад гурав дахь жилийнхээ намар нь ЗХУ-ын спортын мастерын болзол бичүүлж байсан юм. Намар самбо бөхөөр, хойтон хавар нь жудо бөхөөр ЗХУ-ын спортын мастер болж байсан. 21-26 гэсэн таван жил, ид сайхан залуу насандаа өөрөөсөө том биетэй оросуудтай л их барилдсан даа. Европынхон чинь ер нь том жинтэй шүү дээ. Би тэр үед 90 кг-тай, метр 82, 83 өндөртэй, гутал 44 размер өмсдөг. Миний тэр размер бол Латвийн, Ригагийн эрчүүдийн дундаж размер шүү. Эр эмгүй их сайхан том биетэй хүмүүс, байгаль ч сайхантай газар байсан. Ер нь спортоор хичээллэхэд бүх нөхцөл нь бүрдчихсэн байсан.

-Сургуулиа төгсөж ирээд Үндэсний их баяр наадамдаа барилдаж эхэлсэн. 1991 онд 27 насандаа Монгол Улсын начин цол авсан тэр мэдрэмж, дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Урд жил нь би 26-тай сургууль төгсөж ирсэн жилээ Монголын нууц товчооны барилдаанд дөрөв давсан юм. Тавын даваанд Дүвчин заанд унасан юм, жаахан харамсаж явдаг наадам гэвэл тэр. Дүвчин заантайгаа бол урьд нь нэлээн хэд барилдаад нэлээн хэд давчихсан байсан. Тэр үед тооцоо муутай л байсан юм шиг байгаа юм. Дүвчин заан бол надад унасан гэдэг тооцоогоо мэдэж байсан хүн юм байна лээ. Үндэсний бөх чинь өвөрмөц бэлтгэлтэй, байнга л хийж байхгүй бол өвдөг хүрээд л ялагдаж байна. Дэвжээн дээр нэг унаад босч ирээд дахин үзье гэсэн юм байхгүй. Миний хувьд Орост хийж байсан бэлтгэлийн эрч хүч байсан, хоёрдугаарт сайн хүмүүстэй тулж байсан. Манай үндэсний бөх чинь өөрөөсөө харьцангуй том хүнтэй цөөхөн, жижиг хүнтэй л олон барилдана шүү. Бүтэн жил бэлтгэл сайн хийлээ. Дээр нь Орост төлөвшсөн, спортоос олж авсан тэсвэр тэвчээр, өөртөө итгэх итгэл, эцэж цуцахгүй байдал, бүх бэлтгэлийг системтэй зөв хийлгэдэг байсан зэрэг нь надад нөлөөлж, Монголдоо ирээд ерөөсөө гологдох юм байхгүй, бараг шилмэл маягтай болох тийм суурь тавигдчихгүй юу? Тэгээд тэрний эрчээр тэр жил улсын начин болсон, даваа болгон тунаа байсан. Нэгийн даваанд улсын заан Одгэрэл, хоёрын даваанд улсын заан Баярсайхан гээд л, Бямбадорж заантай тавын даваанд тунана. Бүгд тунаа.

-Бөх судлаач хүмүүсийн хувьд 1991 оны наадмаар таныг тав даваад начин аваад, цаашаа заан ч болох байсан. Бараг үзүүр түрүүнд барилдах байсан гэсэн таамгийг дэвшүүлдэг. Зургаагийн даваанд Монгол Улсын гарьд Пунцагийн Сүхбаттай барилдаж өвдөг шороодсон, дараа жилийнх нь 92 оны наадмаар хариугаа авч давсан. Тэр барилдааныхаа талаар?

-Начин болоод зургаагийн даваанд П.Сүхбатад унадаг. Тэр хавар нь би П.Сүхбатыг зааланд зөндөө хаячихсан байсан. Наадмаар тавын даваанд Бямбадорж уначихаад ирж уйлаад л, уйлахаар нь дагаж уйлаад, бие сулраад гар атгахаа байгаад. “За за хямраад яах вэ, сайн уйлчих тэгээд дотор чинь онгойгоод тайвширна” гээд хүн ярьдаг шүү дээ. Тэр ёстой буруу юм байна. Тэгж хямрах ёсгүй юм байна лээ. Тэгэхэд нэг тэгж гэнэдсэн, залуу хүний л алдаа шүү дээ. Хойтон жил нь П.Сүхбаттайгаа наймын даваанд таарсан, өвөл нь зааланд наадмаас хойш П.Сүхбатад зөндөө уначихсан. Үе улсууд чинь өгөө аваатай л байна шүү дээ. П.Сүхбат чинь урд жилийнх нь наадамд Бат-Эрдэнийг хаячихсан, 91 онд бид нар чинь дээр доороо орох маягтай. 92 оны наадам болоход өвөлжин уначихсан юм чинь одоо дахиж унаж болохгүй шүү гэж дотроо бодож л хичээнэ.

П.Сүхбат бол өвөлжин хаячихсан гэдэгтээ бас жаахан тийм байсан байх. Тэгээд л үзсээр байгаад, давах нь давсан. Тийм амар ч даваа байгаагүй ээ. П.Сүхбаттай олон том хариуцлагатай даваан дээр таарч байсан, сул амархан давах ямар ч вариантгүй хүн. Биеийн ерөнхий хөгжил сайтай, зориг зүрхтэй, тухайн үеийн дэлхийн шилдэг бөх. Дэлхийн чөлөөтийн эрэмбэд эхний нэг, хоёр, гуравт л байсан байх. Тийм шилэгдмэл бөх чинь бас өөр л дөө. Монголд тийм шилэгдмэл хүнтэй нэг үе төрнө гэдэг чинь нэг бодлын азтай ч юм шиг, нэг бодлын азгүй ч юм шиг байгаа байхгүй юу.

-1992, 93, 95, 96, 97 гээд таван улсын баяр наадамд үзүүр түрүүнд үлдсэн. 1994 оны барилдааныхаа талаар дурсахгүй юу?

-94 онд зургаа даваад Ц.Цэрэнпунцагтай долоогийн даваанд тунасан юм. Би чинь зургаан заантай л тунадаг хүн л дээ. Тэр жил Ц.Цэрэнпунцагтай тунаад, барилдаан бас но-той. Танай телевиз дээр тэр бичлэгийг үзэх юм бол бас юм бий, би ч заргалдах гээд зарганд муу байсан, хоёрдугаарт зохион байгуулж байгаа бүрэлдэхүүн нөгөө талдаа балиашиг байсан. Улаан цайм л юм болсон. Тэр жил дөрвөн заан төрсөн байдаг юм. Нөгөө гурвын барилдаан телевизээр гардаг. Минийх гардаггүй шүү. Гаргах юм бол бас юм хэлэхээр л юм байгаа.

Тэр өнгөрсөн юмыг одоо яриад яах вэ. Тэгэхдээ бас хөөрхий минь би Монголын өөрийнхөө үеийн шилдэг залуучууд, дараагийн үеийн шилдэг сайхан бөхчүүдтэй барилдаж байсандаа бахархдаг юм. Хамгийн гол нь миний барилдаан бол ерөөсөө 90, 91 оноос авахуулаад 2000 он хүртэл тунаанд л байсан. Тэрийг яривал нарийн учир бий. Ийм олон жилийн тунааг даадаг сэтгэлзүйтэй ч хүн ховор. Том аваргууд байлаа гэхэд нэг, хоёр, гурван жил, тэсвэл тэсээд дэмжлэг үзээд л дээшээ явна уу гэхээс дэмжлэггүй бол тэгээд л зогсоно шүү. Тунаа чинь бөх хүнийг зүгээр аймаар барьдаг юм байдаг. Зарим хүнд бол тэвчээр хүрэхгүй шүү дээ. Больё, би дийлэхгүй юм байна, би дэмжлэг байхгүй, явахгүй юм байна гээд больдог зөндөө сайхан залуучууд бий шүү. Тэр юмыг сайхан үнэн бодитоор нь ярьж хөөрч баймаар л байгаа. Одоо ч ингээд л ярих юм. Зүгээр залуухандаа бол ярьж чаддаггүй байлаа шүү дээ. Дуугай, чимээгүй, сурвалжлагч ирвэл бараг ам зуурчихдаг байлаа шүү дээ.

-1996, 97 оны наадамд та зургаан залуу зааны яг ид барилдаж байсан, ид дөнгөж гарч ирж байхад барилдаж байсан. 96 онд Д.Сумъяабазартай барилдсан шөвгийн дөрөвт, 97 онд нь Сүхбат аваргатай барилдсан. А.Сүхбат аваргатай барилдахад нэг ганган хавираад унагаасан шүү дээ.

-Би зургаан заантай чинь бүр 92 оноос эхэлсэн. 92 оны дөрвийн даваанд жижиг А.Сүхбаттай тунаад л эхэлж байсан шүү. А.Сүхбатад би хавар нь зааланд нэг хоёр ойччихсон байсан юм. Намайг хаяна гэж бодож гарч ирсэн гээд л ярьсан байдаг. Би давсан л даа. 92 онд дөрвийн даваанд, 93 онд долоогийн даваанд гээд зөндөө л таарсан. Нэг үе тэнгийн л юм шиг байсан. Миний нас тэр үед 28, 29-тэй болчихсон. Нөгөөдүүл чинь надаас тав зургаа дүү шүү дээ. Гайгүй шүү дээ, тав зургаан нас чинь нэг үеийнх л гэсэн үг. Тэд нартай их барилдсан. Шантрахаар бол амархан шантрах л байсан байх. Нэг хоёртой нь үзээд л тэгээд л барахгүй нь гээд болих байсан. Зарим нь бараг цуг харьсан шүү. А.Сүхбат, Өсөхөө үлдсэн байх, арай арал ихтэйгээрээ, Ганбат бас үлдсэн байх. За тэгээд л наадуултай нь цуг харьсан шүү.

-Бөх болгонтой тааруулж барилддаг байх. Бөх болгонд тааруулж мэх хийдэг байх. Ер нь голцуу ямар мэхээр өрсөлдөгчөө давж байв?

-Бүгдээрээ нэг мэхээр унахгүй шүү. Гурван хүн суугаад л барилдахад гурвуулаа нэг мэхэнд унана гэж яагаад ч байхгүй. Нэг нь ёстой аргал шиг булчинтай хатуу хүн байна, нэг нь резин шиг уяхан хүн байна, нэг нь ёстой эцдэггүй хүн байна. Ингэхээр чинь тэр болгоныг эцэж цуцтал нь барилдаад даваад, тэрний барилдаанд тохируулж өөрийнхөөгөө эвлүүлж байгаад барилдана, бас л нөгөө туйлбартай цуцахгүй зангаараа л давж гарах болно. Монгол үндэсний бөхийн чинь нэг айхтар юм нь талбай хязгаар байхгүй, цаг хязгаар байхгүй, хэдэн ч цаг болж байсан барилдаж л байна. Одоо бол бас шахдаг болж цагаар. Бид нарын үед тийм зүйл байхгүй шүү дээ. Барилдаж л байна. Үнээ саалгадаггүй хоёр Мөнхийн үлгэр жишээ гэсэн юм яриад л, тийм жишиг тогтчихсон, бас нэг болхидуу байгаа шүү тэр чинь тийм ээ. Цаг хугацаа орон зайд захирагдахгүй юм чинь ер нь бодоод байхад замбараагүй. Үндэсний уламжлал, эцэг дээдсийн үеэс ирсэн гээд л тэр үед бол шүүмжилж чаддаггүй байлаа шүү дээ.

-Үндэсний бөхийн хувьд барьц сонгох, таны үед энэ барьц сонгох байсан бол та яаж барилдах байсан бэ?

-Бид хоёрт чинь тэр барьцыг өгчих л юм бол хүн хаях техникийг нь эзэмшчихсэн улсууд байхгүй юу. Тийм барьц бариулчих юм бол тэгээд л ам руугаа хийнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр үед байсан бол яах вэ нэг тавин хувьдаа, за больё хамгийн багадаа гучин хувилна шүү.

-Хоёр түрүүлчихсэн гэсэн үг шүү дээ?

-За нэг тиймэрхүү л байх байх.

МҮОНТ-ийн Бөхийн хууч нэвтрүүлэг, 2021 он.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 4. 3:22
Ганаа

Бяр чадал,арга мэхээр мундаг ч бөх хүн гэхэд жоохон онцгүй зантай,жудаггүй талдаа л хүн дээ.Тэрэндээ ч аварга болж чадаагүй,ард түмнээр ч хүндлүүлээгүй байх.

11 сар 4. 4:09
1111

харин ч жудагтай байх шүү. Тэр жил Бат-Эрдэнэ аваргыг хөлийнх нь шагайг бэртэлтэй байгааг мэдсэн мөртлөө хөндөхөөс бэргээд барилдаж чадаагүй гэдэг шүү. Энэ бол хүнийг хайрлах ухаан, жинхэнэ жудаг ш дээ, хө.

11 сар 4. 21:58
Зочин

Аавийхаа захиасыг л биелүүлсэн наадам болсон гээд их харамсаж ярьж байсан шүү. Аварга болох боломжтой ганц наадам нь байсан гэдэг.
Хүн муутай гэдгийг нь харьцаж байсан зөндөө хүнээс сонсож байсан.Биеэр харьцаж байгаагүй болохоор мэдэхгүй юм. Нисэх буудалд сонин зардаг эмээгээс баахан сонин зүгээр аваад явчихдаг. Мөнгөө нэхэхээр сонин зардагыг нь болиулна нтр гээд дарамталдаг байсныг нь бол мэднэ. Мөнхэрдэнэ арслан том дарга байсан даа.
Хөөрхий эмээ өөрөөсөө мөнгийг нь төлдөг байж билээ. Эмээ одоо бурхан болсон. Батлах боломжгүй л дээ.

11 сар 4. 19:37
Зочин

Үнэн, сайхан бөх

11 сар 6. 19:44
Зочин

Shn box shvv

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]