Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Маршал Неделиний аймшигт сүйрэлУншсан69,850

140 тонн орчим жинтэй энэ пуужингийн 130 тонныг нь маш хортой, аюултай түлш, исэлдүүлэгч эзлэх бөгөөд 12 давхар байшингийн өндөртэй “мангас”-ыг 10 дугаар сарын 21-нд пуужин хөөргөх талбайд байрлуулсан байна.

 Нийтлэлч Чалчаа саарал.

1960 он. Зөвлөлтийн хилийг тойрон байрлах Америкийн хүнд бөмбөгдөгч нисэх онгоцны өөдөөс  оросуудын өөрсдийн нь хэлдгээр “оготно үргээчих олигтой саваа ч үгүй” үе байлаа.  Гэхдээ Зөвлөлтийн анхны алсын тусгалт хүнд пуужинг үйлдвэрлэн туршихад бараг бэлэн болж байсан бөгөөд 11 дүгээр сарын 7-ноос өмнө Октябрийн баярын бэлэг болгон нам засгийн тэргүүний өмнө энэ пуужинг амжилттай туршсан тухай мэдэгдэхээр машид яарч байв. Энэхүү нэлээд ирээдүй бүхий тив хоорондын баллистик пуужин нь шатахуунаар цэнэглэгдсэн байдлаар удаан хугацаагаар (30 хоног) байх боломжтой нь тухайн үед маш чухал зүйл бөгөөд техникийн хувьд маш нарийн төвөгтэй уг пуужинг туршилтад яг таг бэлэн болгохын тулд Байконурт хүмүүс өдөржин шөнөжин ажиллаж байв. Туршилт болохоос гурван хоногийн өмнө маршал Неделин (Стратегийн зориулалтай пуужинт зэвсгийн ерөнхий захирагч) ажлыг шуурхайлахаар өөрийн биеэр ирж зохион бүтээгч Янгелийг шавдуулсаар.

140 тонн орчим жинтэй энэ пуужингийн 130 тонныг нь маш хортой, аюултай түлш, исэлдүүлэгч  эзлэх бөгөөд 12 давхар байшингийн өндөртэй “мангас”-ыг 10 дугаар сарын 21-нд пуужин хөөргөх талбайд байрлуулсан байна.

23-нд буюу хөөргөхөөс 7 цагийн өмнө пуужингаа түлшээр цэнэглэж эхэлсэнтэй зэрэгцэн цахилгааны туршилт шалгалтууд ч цуг явагдлаа. Цэнэглэх, янз бүрийн шалгалтын, туршилтын ажлууд давхцан явагдаж байх үед олон тооны алдаа, гэмтэл олж илрүүлсээр байсан ч харвахад бэлтгэх бэлтгэлийг зогсоож болохгүй тийм үед нэгэнт орсон байв. Удалгүй ахлах дэслэгч Корнеев түлшний савнаас түлш дусаж байгааг, минутад 140 дусал хэмжээтэй гэдгийг олж илрүүлэн мэдэгдэв. Дараа нь 18 цаг 40 минутад цахилгааны удирдлагын ерөнхий самбар гэмтсэн ба энэ үед түлш аль хэзээний хөдөлгүүр рүү орж эхэлсэн үе байсан нь аюултай гэхэд дэндүү аюултай нөхцөл юм. Янгель зориг гарган хөөрөх цагийг бүтэн цагаар хойшлуулж дараа нь бүтэн өдрөөр сунгасан ба үүнээс илүү хугацаагаар хойшлуулах ямар ч боломжгүй байсан бөгөөд үүний тулд бүх түлш шатахууныг буцааж юүлэх хэрэгтэй ба энэ нь дахиад бүтэн сар алдана гэсэн үг.

Маршал Неделин, зохион бүтээгч Янгель нарт ийм цаг байсангүй.

Бүх л “эвэртэн туурайтнууд” цуглан хуралдаж илэрсэн гэмтэл согог, алдааг цэнэглэсэн пуужин дээр  засварлаж янзлах шийдвэр гаргалаа. Энэ бол технологийн хувьд дэндүү зэрлэг, дэндүү бүдүүлэг зөрчил бөгөөд маршал Неделин өөрөө хариуцлагыг нь үүрэхээр шийдэн энэ бүх ажлыг хийх явцад байнга пуужингийн хажууд байж байх болно гэдгээ ч мэдэгдэж. Пуужинтай ажиллаж байгаа олон арван мэргэжилтнүүд, цэргүүдэд урам зориг өгч байгаа нь тэр.

Ингээд дараагийн өдрийн 18 цаг буюу хөөрөхөд 1 цаг дутуу байхад маршал талбай дээр байсаар байсан ба дүрмээр тэр аль хэзээний хамгаалалтын бункерт байж байх ёстой. Янгель зэрэг нөхдүүд ч мөн адил холдсон байх ёстой ч бүгд маршалын хажууд. Янгелийн гол түшиг болсон хоёр ч том зохион бүтээгч, инженерүүд  нь өөрсдийн багтай пуужинтайгаа ноцолдсоор.

Хөөрөх цагт 30 минут дутуу болж бүх л систем байлдааны байдалд шилжсэн ба дүрмээр бол энэ үед пуужингийн ойролцоо зөвхөн хэдхэн хүн л үлдэх ёстой боловч 200 гаруй хүн ажилласаар байв. Техникийн хүний хувьд Янгельд энэ бүх зөрчил байж болмооргүй, тэсвэрлэшгүй харагдаж байснаас бачимдаж яарсан эр тайвшрах гэж бүр тамхиа асаах шахсан байна. Ойр байсан техникийн ажилтнууд ингэж болохгүйг санууллаа. Аргаа барсан эр аюулгүй зайнд-бункерт тамхи татахаар холдохдоо бас хэд хэдэн хүнтэй ажил төрлөө ярилцах  гэж, үнэндээ бол хашгичан загнах гэж авч явсан ба энэ нь пуужин хөөрөхөөс 20 минутын өмнө болсон явдал юм. Хөөрөх ёстой цагаас 15 минут 7 секундийн өмнө түлш, исэлдүүлэгч хоёр холилдлоо.  Үүнээс болж пуужин хөөрсөн үед л ажиллах ёстой маршийн хөдөлгүүр ажиллаж эхэлсэн ба пуужин маань газарт хэвээрээ. Хөдөлгүүрийн ажиллагаанаас болж пуужин хоёр хуваагдан унаж 130 гаруй тонн түлш, исэлдүүлэгч газраар асгаран шатаж ойр хавийн бүх л зүйлийг галан уул нөмөрсөн байна. 

Аврах ямарваа нэг ажиллагаа явуулах ямар ч аргагүй байсаар 3 цагийн дараа гал унтрах үед л амь үрэгдсэн хүмүүсийг олж уг газраас цогцсыг нь зайлуулж эхэлжээ.  Бараг 100 гаруй хүн амиа алдаж 50 хүн хүнд гэмтэл авсан байв. Амь алдсан хүмүүсийн дотор маршал Неделин, удирдлагын системийн ерөнхий зохион бүтээгч Коноплев, пуужин харвагч Носов, туршигч Осташов...

Энэ аймшигт явдлыг арай хол зайнаас харсан (бас багагүй түлэгдсэн) Янгель тэр даруй Хрущев руу утасдан хүмүүс шатаж үхэж байгааг, аврах ямар ч боломжгүй байгааг, эмч, аврагч нар яг одоо хэрэгтэй байгааг (нууц зэвсгийн туршилт учир эмч, аврагч мэтийн гадны хүмүүс байх ёсгүй дүрэмтэй) уйлан дуулан хэлэхэд Хрущев хэсэг чимээгүй байж байгаад “чи өөрөө яагаад амьд байж байгаа юм бэ” гээд утсаа шууд тасалсан гэдэг.

Тамхи таны амийг аварна

Тамхи татах гэж явсан нь зөвхөн Янгелийн (дараа нь олон мундаг цэргийн зориулалттай пуужин бүтээсэн хүн) амийг авраад зогсохгүй огт тамхи татдаггүй Иосифьян мэтийн загнуулах гэж ерөнхийг дагаж орсон хүмүүс, тамхинаас гарах гээд тун ч амжилттай явж, цөөрч байгаагаа хавийн хүн болгонд гайхуулж байсан хошууч генерал Мрыкин зэрэг хүмүүс амь аврагдсан байна. Тэр хүн дахиж тамхинаас гарах тухай ярилгүй үхэн үхтлээ угзруулсаар дууссан юм гэдэг.

Муу ёр

Осол болсноос хойш хоёр хоногийн дараа Хрущев Королев руу утасдан (Королев алдарт Р-7 дээрээ ажиллаж байсан боловч Р-16 буюу энэ пуужингийн техникийн зарим асуудалтай холбоотой байв) “Янгелийг одоо яах вэ” гэж асууж.

Королев өөрийн өрсөлдөгч, тааруухан харилцаатай Янгелийг хамгаалж хэлсэн нь “Ийм осол хэнтэй ч тохиолдож болно. Надтай ч, өөр бусад улс гүрний зохион бүтээгчидтэй ч...” гэж хэлжээ. Муу ёрлосон энэ үг нь биеллээ олж 1964 оны 10 дугаар сарын 24-нд буюу яг тэр өдөр Королевын “Р-9А” суурин дээрээ дэлбэрч 8 хүн амь үрэгдсэн байна. 

1965 онд Америкт бас яг ийм осол болж 53 хүн, 1980 онд Зөвлөлтийн Плесецк сансрын буудалд төстэй осол болж 48 хүн, 2003 онд Бразилд яг адил осол болж 21 хүн тус тус амь үрэгдсэн байдаг. 2016 оны 9 дүгээр сард Илон Маскын “Falcon 9”  бас ингэж дэлбэрсэн бөгөөд хүний амь эрсдээгүй. Гэхдээ тухайн үед зарим мэргэжилтнүүд уг зөөгч пуужингийн онцлогоос шалтгаалан нисгэгчид бүхээгт байх үед (Crew Dragon-ы тухай ярьж байна) цэнэглэх шаардлагатай, Неделиний осол шиг осол гарах өндөр магадлалтай  гэх мэтийн юм яригдаж байсан билээ. “Спэйс Х” арга хэмжээ авч ийм аюул үгүй болсон байж таарна хэмээн найдаж байна.

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 11 сар 14. 0:11
Зочин

Бүтэлгүй Иванууд бүгдийг нь нуугаад өнгөрсөн. Ард түмэндээ бүх зүйл амжиттай болж байна гэж худлаа шаасаар байгаад ЗХУ задран унасан даа.

2021, 1 сар 6. 19:34
Tugs

Цэргэг эр байж маршал; хэлсэндээ хүрчээ...

2022, 7 сар 14. 15:14
Зочин

муйхар, мулгуу л амьтан байж. Үхсэний цэрэг эр нтр.

2022, 11 сар 4. 23:09
Зочин

Cham shig mal lav bish bha

2020, 7 сар 31. 11:01
Зочин

ҮНЭН ҮНЭН

2020, 4 сар 16. 22:04
Зочин

Амаа тат эрлийзээ

2019, 7 сар 12. 12:25
Зочин

неделин , байконурын хөөргөх станцын дарга генерал 2 цементен талбай дээр хайлаад урсчихсан байсан . маршалын өрөөсөн погоны үлдэгдэл, хайлсан баатрын тэмдэгээр нь хайлмагийг олж тогтоосон

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]