Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Мона Лиза"-гийн хулгайчийг мөрдсөн ньУншсан16,453

Хурууны хээ үл тоодог мөрдөгч маань ямар ч байсан нэг зүйл дээр зөв байр суурьтай байсан нь Мона Лизагийн хулгайч зөвхөн Луврийн ажилтан байна гэсэн хатуу итгэл байсан бөгөөд...

Мона Лиза, Жоконда... урлаг ойлгодог нэгийг нь бишрүүлж, урлаг ойлгодоггүй нэгийг нь мэддэг, биширдэг юм шиг болгодог энэхүү зурагтай холбоотой олон түүх бий. Энэ зургийг хүн төрөлхтний хамгийн суут, хамгийн алдартай бүтээл болоход нь ихээхэн тус болсон нэгэн хулгайн тухай энэ удаа ярих гэсэн билээ.

 

1911 оны 8-р сарын 26-нд Францын Лувраас Леонардо да Винчигийн “Мона Лиза” хулгайд алдагдсан байна. 27-ны өдөр нь зураг сэргээн засагч нэгэн эр өмнө нь тохирсныхоо дагуу Мона Лизагийн хуулбар хийхээр иртэл зураг маань байдаггүй. Бөөн шуугиан, халаг хоохой болж Лувраас гарах гарц болгоныг хаан нэгжлэг хийж эхэллээ.

 Мөрдөн байцаалтыг тухайн үеийн Францын хамгийн туршлагатай, алдартай мөрдөгч Альфонс Бертильонд хариуцуулсан бөгөөд тэрээр нөхцөл байдлыг хянаж үзээд уг музейн ажилтан л хулгайлж чадах байсан гэдэг дүгнэлтэд хүрчээ. Гэтэл хэдхэн сарын өмнө энэ музейн захирал нь Мона Лизаг хулгайлна гэдэг бол (тухайлан Мона Лизаг хэлээгүй харин Лувраас юм хулгайлах тухай хэлсэн гэсэн хувилбар бий) Парисийн Дарь эхийн сүмийн хонхыг хулгайлахтай адил боломжгүй зүйл гэж мэдэгдэж байсан байна. Мөрдөгч Альфонс Бертильон музейн бүх ажилтныг тэр дундаа захирлыг сэжиглэн шалгаж эхэлсэн ба антропометрийн арга болох сэжигтний өндөр, толгойн хэмжээ, гар хөлийн урт богино зэргийг хэмжих замаар өмнө мэдэгдэж байсан хулгайч нарын мэдээллийн санд байгаа үзүүлэлттэй харьцуулж ажиллаж байсан байна. Хэрвээ гэмт хэрэгтэн маань өмнө нь хулгай зэлгий хийж баригдаж байсан бол энэ арга үр дүнгээ хэзээ нэгэн цагт өгөх нь ойлгомжтой байлаа. Харин хэзээ бол? Тухайн үед Бертильоны хувийн цуглуулгад 100 000 гаруй гэмт хэрэгтний мэдээлэл байсан гэдэг бөгөөд эдгээрийг мөрдөж байгаа хэрэгтэй харьцуулж боловсруулахад олон сар  хэрэгтэй болсон гэдэг.

Энэ мөрдөгч нэгэн том алдаа хийсэн нь тэрээр дактилоскопын арга буюу хурууны хээгээр таних аргыг хуурамч арга, үл бүтэх зүйл гэж үздэг байсан явдал юм. Уг нь зөвхөн Луврийн ажилтнууд явах зориулалттай шатан дээр хаягдсан байсан Мона Лизагийн хоосон хүрээн дээр маш тодорхой хурууны хээ хүний нүдэнд харагдахаар байсан гэдэг. Цагдаагийн албанд байсан мэдээлэлтэй энэ хурууны хээг тулгаж үзсэн бол ердөө л хэдхэн өдрийн хугацаа хэрэг болох байсан гэж дараа нь харамсан бичиж байсан сонин сэтгүүл их байсан юм гэнэ лээ.

Хулгай болсны дараа хэвлэл мэдээлэл энэ хэргийг улам бүр дэврээж, огт санаанд оромгүй сэжигтэн байж болох хүний тухай яриа шинээр гаргаж байсан нь уг зургийг алдаршуулсаар байлаа. “Сонгодог хөрөг зураг одоо хэнд хэрэгтэй юм бэ“ гэх мэтийн юм ярьсан Пикассог бас сэжигтэн болгосон ба цаашдаа иймэрхүү сэжигтнүүд ч  тоогоо алдсан байна. Харин эдгээр сэжигтний дунд нэгэн сонирхолтой хүн байсан нь Аргентины цуглуулагч Эдуардо де Вальфьерно гээч байсан ба тэрээр хулгай болохоос өмнө зургаан ширхэг Мона Лизагийн хуулбар зураг захиалж зуруулсан байсан нь анхаарал татах үндэслэл болжээ.

Удалгүй хувь хүн сэжигтэн байх нь бага хэрэг болж бүхэл бүтэн улс орныг энэ хэрэгт сэжиглэж эхэлсэн ба францчууд “Германы кайзер Францыг сул доройг харуулах гэж Жокондаг хулгайлах тушаал өгсөн“ хэмээн бичиж байхад германчууд хариуд нь “дайн гаргах шалтаг хайсан муусайн францчуудын тухай” бичиж байлаа.

Хурууны хээ үл тоодог мөрдөгч маань ямар ч байсан нэг зүйл дээр зөв байр суурьтай байсан нь Мона Лизагийн хулгайч зөвхөн Луврийн ажилтан байна гэсэн хатуу итгэл байсан бөгөөд үнэхээр ч хулгай болохоос хэдэн өдрийн өмнө тус музейд түр зуурын ажилд орсон Винченцо Перужа хэмээх залуухан итали эр Мона Лизаг хулгайлсан байжээ.

Тэрээр даваа гаригт ажил дээрээ ирэхэд үзэгч байхгүй байсан ба Жоконда байгаа зааланд түүнээс өөр хэн ч байсангүй. Итали эр зургийг өлгүүрээс аваад ажилчдын шатны хажууд очиж хүрээнээс салгаж аваад хувцсандаа ороогоод гараад явсан байна. Ингээд л болоо.

Хулгайлах нь хулгайлж. Одоо энэ хулгайн зүйлээсээ хэрхэн салах вэ?  Энэ бүх хугацаанд залуу итали эр юу хийж, бодож явсныг хэн ч мэдэхгүй бөгөөд тэрээр  хулгай хийснээсээ хойш хоёр жилийн дараа Флоренцийн хуучин эд судлаач, худалдаач хүнд жинхэнэ Мона Лизаг худалдаж аваач гэсэн хүсэлт бүхий захиа Францаас явуулсан байна. Хуучны эдлэл цуглуулагч-судлаач маань уулзахыг зөвшөөрсөн бөгөөд анхны уулзалт дээрээ л уг зургийг үзэж түүнийг жинхэнэ эх зураг мөн гэж тодорхойлоод цагдаа дууджээ.

Винченцо Перужа буруугаа хүлээж, алдарт бүтээл эх орондоо байгаасай хэмээн хүсэж энэ хэргийг хийсэн гэж мэдүүлсэн нь Флоренцийн шүүхийнхэнд ихээхэн таалагдаж мань эрд 1 жилийн шоронд хорих ял оноожээ. Зураг маань ч Итали орноор хагас жилийн турш янз бүрийн үзэсгэлэн музейгээр аялж яваад Францын Луврт эргэн ирсэн гэдэг.

Ингээд амар сайхандаа жаргах гэтэл...

Нэгдүгээрт, Италиас эргэн ирсэн энэ зургийг жинхэнэ эх зураг гэдэгт тухайн үеийн маш олон мэргэжилтнүүд эргэлзэж байсан гэдэг бөгөөд Винченцо Перужагийн гэнэн гэмээр тэр тайлбар олон хүнийг гайхуулсаар байдаг гэнэ.

Хоёрдугаарт, чухамхүү хэн нэгэнд энэхүү Мона Лизаг алдаршуулах, хулгайд алдлаа гэсэн маш хүчтэй шуугиан хэрэгтэй байсан юм биш биз. Чухам энэ шуугианы үеэр дээр дурдсан Эдуардо де Вальфьерно нь зургаан хуулбар зургаа жинхэнэ эх зураг гэж гэж заран хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй болонгуутаа гэнэт алга болсон байдаг. Магадгүй Эдуардо де Вальфьерно нь хөөрхий Винченцо Перужаг хулхидсан байхыг үгүй гэх газар алга. Энэ зальт эр ”хулгай хийгээд аваад ирвэл их мөнгө өгнө” гэж Винченцод хэлж, хулгайн шуугианы үеэр хуурамч зургаа борлуулж аваад санаа амар алга болониИтали эрийг зүгээр хаясан ч юм билүү хэн мэдлээ.

Ямар ч байсан энэ гэмт хэрэг тухайн үеийн Европ дахиныг шуугиулсан зууны гэмт хэргийн нэг байсан бөгөөд ер бусын инээмсэглэл, үргэлж хаадын ордон хавиар заларч байснаараа алдаршиж асан тэрхүү зургийг бүр алдаршуулж ертөнцийн хамгийн... хамгийн... зураг болгоход ихээхэн нөлөөлсөн билээ.

P.S.

Тухайн үед Жоконда маань тийм ч айхтар алдартай эд биш байсан ба америкчууд энэ зургийг өнөөх хулгайд алдсан Мона Лиза нь гэж бодож, бичиж байсныг нэг жишээ нь энэхүү Вашингтон пост сонины нийтлэл  юм.

Мона Лиза, Жоконда гэж хоёр янзаар ярьдаг учир "Мона гэсэн үг нь сурвалжит эмэгтэйчүүдийг хүндлэх нэр ба Мадонна гэсний товчилсон хувилбар" юм. Лиза нэр нь, Жоконда овог нь. Зургийн бүтэн нэр нь италиар Ritratto di Monna Lisa del Giocondo буюу монголоор бол "Хатагтай Лиза Жокондагийн хөрөг зураг" гэсэн утгатай.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]