Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жордано Бруног яагаад шатаасан бэ?Уншсан13,971

Бруно баян тарган биш айлд төрсөн юм болохоор үнэгүй сургууль болох сүмийн сургуульд орж шашин номын мөр хөөсөөр 1565 онд лам болон Жордано гэсэн сахилын нэр авчээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Бяцхан оршил

Одоогоос 30-аад жилийн өмнө астрономийн хичээл дээр Жордано Бруногийн тухай “судалж” байлаа. Математикийн өвгөн багш маань энэ хичээлийг заах бөгөөд бидэнд сурах бичиг дээр байгаа юмыг “ба бэ"-гүй хэлж өгч бичүүлнэ. Төгсөх ангийн хүүхдүүдийн цээж бичиг л гэсэн үг. Гэхдээ дундуур нь сонин хачин үг хэллэг оруулж инээд хүргэх ба Бруног шатааж байгаа тухай хэсгийг бичүүлж байсан хэсэг нь огт санаанаас гардаггүй юм.

Багш маань “...Ингээд Жордано Бруног шатаах болсон тухай зарлигийг түмэн олонд уншиж өгөхөд Бруно яргачдын өөдөөс та нар наад хуурамч ялыг уншиж байхдаа надаас илүү айж байх шив гэж хилэгнэн хэлсээр галд хучигдлаа”. "Хучигдлаа гэсэн үгийн ард гурван цэг тавь. Шатаж үхэж байгаа хүн чимээгүй үхээгүй нь лав. Ааа аа ёооё ёёоо гээд л. Гурван цэг байхад цаашдаа юу болсныг төсөөлж болно” гэж багш маань хэлж бичүүлж, бид хэд нь ч үхэж байгаа хүний тухай паржигнатал инээд алдан бичиж байж билээ.

Жордано Бруно хэмээгч энэ нөхрийн тухай манайхны бичсэн юмс хаяа таарахад уншиж үзэхэд (Википедиа г.м.) нэгэн сайхан залууг, эрдэмтэн хүнийг, язгууртан баячуудын эсрэг тэмцэгч байсныг, Коперникийн онолыг дэмжин тарааж байсных нь төлөө шашны харгис зүтгэлтнүүд шатаачихжээ гэж ойлгогдохоор л юм байх ба яг л нэг уриа лоозун уншиж байгаа юм шиг санагдана. Гэтэл үнэндээ энд шатаасан гэдгээс бусад нь худал юм. Жордано залуу хүн байсангүй, тэр тусмаа эрдэмтэн хүн байсангүй, баячуудын эсрэг тэмцэх байтугай өөрөө тэр баячуудын нэг болсон хүн байсан ба шатаах болсон шалтгаан нь Коперникийн онолтой ямар ч хамаагүй зүйл байсан билээ.

Залуухан Бруногийн тухайд

Бруно 1548 онд төрж 1600 онд үхсэн гэхээр 52 настайдаа тэнгэрт заларсан байгаа биз. Тухайн үеийн 52 настай хүн гэдэг бол “Өнөө маргаашаа хүлээж байгаа” шахам гэсэн үг. Тэгэхээр залуухан эрийн тухай яриа утгагүй нь ойлгомжтой.

Бруно гэж ер нь хэн бэ?

Бруно баян тарган бус айлд төрсөн болохоор үнэгүй сургууль болох сүмийн сургуульд орж шашин номын мөр хөөсөөр 1565 онд лам болон Жордано гэсэн сахилын нэр авчээ. Дараа нь тэрээр 25 жилийн турш улс орнуудаар тэнүүчлэн явсан бөгөөд түүний энэ аяныг ямар нэг бадарчны хэрэн хэссэнтэй адилтгаж ойлгож болохгүй юм. Бруно 25 жил Европын олон улс орноор явж, хэд хэдэн их сургуульд сурч, багшилж, хоёр ч удаа докторын зэрэг хамгаалж, олон шашны айлтгал, ном, нийтлэл бичиж байсан бөгөөд олон түмэнд нэр хүндтэй, баян тарган, мундаг ой ухаантай гэх мэтээр алдаршсан эр байжээ.

 Жордано улс орнуудаар аялан явахдаа Францын ордонд Генрих III хааны зочин болж хэсэг амьдарч, Британийн хатан хаан Елизавет I-тэй хамт хоол унд идэж, шашин төр ярьдаг, Ромын паптай олон удаа уулзалдаж байсан гэхээр энэ нөхөр ямархуу хэмжээний өндөрт нисдэг шувуу байсан нь харагдаж байгаа биз.

Эрдэмтэн Бруногийн тухайд

Хэрвээ XIII зуунд байсан бол Жорданог эрдэмтэн хүн гэж хэлж болох байсан байх. Харин түүний амьдарч байсан XVI зуунд эрдэмтэн хүн бол өөрийн онол, таамгаа заавал математикийн болон бусад яг таг шинжлэх ухааны онолоор нотолж баталдаг байх ёстой байжээ. Бруногийн бичсэн зүйлсэд ийм юм огт байгаагүй ба тэрээр гүн ухаантан хүн байв. Гүн ухаантан гээч гоё нэрний цаана олон юм нуугдах бөгөөд Бруногийн хувьд докторын зэрэг хамгаалсан зэрэг нь цэвэр шашны зан үйл, сургаалын тухай зүйл байв. Гэхдээ тэрээр сансар огторгуйн тухай олон зүйл бичсэн ба өөр гариг эрхэст амьдрал байж болох тухай, тэнгэрт харагдах одод бол алс холын нар, тэдгээр нарыг тойрон гариг эрхэс эргэлдэн байдаг тухай бичиж олон хүнийг гайхуулдаг байв. Дахиад хэлэхэд энэ нь цэвэр бодол санаа, таамаг байсан ба ямарваа нэг шинжлэх ухааны тооцоо шинжилгээ огт үгүй байжээ. Хаа холын Польш эрдэмтний (Коперник) хэлсэн ярьсан үгс мань эрд айхтар мундаг сэтгэгдэл төрүүлсэн учраас энэ тухай ярих бичих дуртай байсан болов уу.

Ер бусын ой санамжтай, хэл ам нь дийлдэшгүй хурц, алс холын сансар огторгуйн тухай хачин сонин юм ярьдаг энэ нөхрийг Европын олон их сургуулиуд шаргуу урих ба хэсэг хугацааны дараа бүр ч ширүүнээр хөөж туудаг байв. Бруно ч хариуг нь сайн барих ба өөрийн бичих элдэв комеди-д (энэ үгийг хошин шог гэсэн өнөөгийн утгаар ойлгож болохгүй болов уу) тэдгээр их сургууль болон бусад мяндагтан нарын тухай хурц үгтэй шүлэг, сонет бичиж түмний шившиг болгоно. Ер нь л иймэрхүү нөхөр байсан ба тэр дундад зууны үед яаж 50 хүртлээ хүний гарт өртчихгүй явсан юм бол доо гэмээр.

Бруно баригдсан нь

1591 онд Бруно Венецид ирлээ. Нутгийн язгууртан Жовиани Мочениго гээч эр Жорданогийн ер бусын ойтой гэдгийг сонссон учраас түүн шиг болохыг хүсч мань эрийг багшаар урьсан байна. Овоохон мөнгө олох ажилтай болсон Жордано ч давхин очин хичээллэж эхэлсэн ч жил гаран болсны дараа өнөө муу шавийгаа ”дүүрчихсэн тэнэг, ямар ч авьяасгүй, хэзээ ч юм сурах чадваргүй...” гэх мэтээр “магтаад” мань эрийг хаяад явсан байна. Өнөөх нь хариуд нь өөр газарт Жорданог магтлаа... биш ээ матлаа.

Энэ хүн “Жордано нь Христийг өөрийн хүслээр үхээгүй, аль болох үхэхгүй гэж зүтгэж байсан илбэчин, гэгээн Мари хүүхэд гаргах боломжгүй байсан, үйлийн үр гэж байдаггүй, лам нар шашныг бузарлаж байна, лам гэдэг бол илжигнүүд, шинэ гүн ухаан гэсэн шинэ урсгал бий болгоно гэж ярьж байсан” хэмээн бичиж инквизаторуудад явуулсан байна. Энэ бол зүгээр нэг төөрөлдсөн лам биш жинхэнэ буруу номтон, шашны дайсан гэсэн үг байлаа. Хамгийн аюултай нь Бруно “шинэ гүн ухаан” гэсэн шинэ урсгал бий болгоно гэсэн үгс байв.

Эдгээр үгнийхээ төлөө Бруно бүтэн жил Венецийн шоронд хоригдсон ба байцааж шалгах тусам хэл ам нь улам бүр дийлдэхгүй болж байснаас болж мань эрийг Ром руу, жинхэнэ шашны шүүх рүү явуулжээ. Энд Бруно бүтэн 7 жил хоригдсон ба өөрийн үзэл бодлоос, “шинэ гүн ухаанаас” татгалзсангүй. Нэгэнт аргаа барсан шашны шүүхийнхэн шийдвэрээ гаргаж Жордано Бруногийн шашны мяндаг тушаалыг хүчингүй болгон жирийн шүүхэд шилжүүлэхдээ “энэ хүний цус гаргалгүй цаазлахыг зөвлөсөн” гэдэг.

Ингээд 1600 оны 2-р сарын 17-нд Жордано Бруног Ромын цэцэгсийн талбай гээчид түмэн олны өмнө шатааж зүйл дуусгахаар болсон ба өглөөнөөс эхлээд багахан гал түлж бага багаар нэмсээр мань эрийг шарж байхад Жордано ганц үг хэлэлгүй ууртай догшин харцаар цугласан олныг харсаар нөгчсөн юм гэнэ лээ. Тухайн үед шашны том баярын өдрүүд болж байсан тул хөдөө гадаанаас ирсэн олон мянган мөргөлчид энэ "мундаг сайхан" галт шоуг үзэж, нутаг орондоо очоод ярих юмтай боллоо хэмээн их л баяртай байсан байх.

Харин шатаж байгаа Бруно ганц ч үг хэлэлгүй үгүй болсон тухайд багшийн минь хэлсэн гурван цэг л санаанд орж байна. Үг хэлээгүй байлаа ч авиа гаргасан л байж таараа.

Бруно ба Коперникийн онол

Шашныхан Бруног найман зүйлээр буруутгасан боловч эдгээр найман зүйл нь яг ямар юм байсан тухай баримт материал байдаггүй бололтой. Байгаа бол Ватиканы хаа нэгтээ, нууц архивт хэвтэж байгаа биз. Ямар ч байсан энд тэнд бичдэг “Коперникийн онолын төлөө цаазлуулсан Жордано Бруно” гээч нь худлаа гэдэг нь ойлгомжтой.

Коперникийн онол буюу нар төвтэй, түүнийг тойрон эргэлдэх гариг гэсэн энэ онолыг тухайн үед шашныхан дэмждэггүй ч буруутгадаггүй цаг үе байлаа. Коперник болон түүний шавь, онолыг нь түгээн дэлгэрүүлэгч нарыг шашныхан залхаан цээрлүүлэх, шатаах байтугай, мөрдөн мөшгөдөггүй үе байжээ. Харин 1616 онд буюу Бруног шатааснаас хойш 16 жилийн дараа шашныхан мань эрийн үзэл бодол, Коперникийн онолыг буруутгаж хориглосон ба Пап лам Павел IV үүнийг өөрийн биеэр гүйцэлдүүлсэн байна.  16 жилийн дараа шүү!

Энэ явдлаас хойш олон зуун жил өнгөрч. Бруно гэдэг хүнийг шашныхан цагаатгасан болов уу?

Ромын пап Павел II-той уулзаж байсан нэгэн эрдэмтэн пап ламаас “Жордано Бруног цагаатгасан уу? Хөшөөг нь аль 1889 онд шатаасан газар нь барьсан, бас Коперникийн онол, Бруногийн үзэл бодол зөв байсан нь одоо батлагдсан болохоор“ гэж асууж. Пап асуултыг нь дуусгалгүй таслаад “Харь гаригийн хүн байдаг гэдгийг баталсны дараа энэ тухай ярилцъя” хэмээн хариулсан гэдэг.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 5 сар 14. 8:10
Зочин. Болдоо Хорлоо

Баярлалаа таны сонирхолтой нийтлэлүүдийг унших дуртай шүү...цаашдаа улам их сонирхолтой танин мэдэхүй нийтлэл олныг бичиж байгаарай...амжилт

2021, 5 сар 16. 9:03
Түүхийн хуудас

Олон зуун жил өнгөрөхөд Бруно л түүхэнд үлдэж бусад нь түүхийн салхинд сарнин алга болсон.
Хүн өөрийнхөө үзэл бодолдоо үнэнч байхын бодит жишээ энэ буюу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]