Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Анагаах ухаанд хийгдсэн хамгийн агуу нээлтүүдУншсан21,675

Анагаах ухаанд хийсэн нээлтүүд нь олон мянган хүмүүсийн амийг аварч, хүн төрөлхтөний мэдлэгийн царыг тэлж, илүү энэрэнгүй болгож өнөөдрийн амжилтыг бодит болгож өгсөн. Тэдгээр нээлтийг хийсэн хүмүүсийн түүхийг хүргэж байна.

Анагаах ухаанд хийсэн нээлтүүд нь олон мянган хүмүүсийн амийг аварч, хүн төрөлхтөний мэдлэгийн царыг тэлж, илүү энэрэнгүй болгож өнөөдрийн амжилтыг бодит болгож өгсөн. Тэдгээр нээлтийг хийсэн хүмүүсийн түүхийг хүргэж байна. 

Андреас Везалий -Хүний биеийн анатомийг судалсан эмч

Эртний Герект элдэв өвчин зовлонг хүний биеийн анатомийн бүтэц үүргийг ухаарч ойлгохоос илүүтэйгээр асуудалд гүн ухаанчаар ханддаг байв. Мэс заслын арга ховор хэрэглэж, цогцосонд задлан шинжилгээг хийж заншаагүй байсан юм. Гагцхүү Сэргэн Мандалтын үеээс л Анатоми шинжлэх ухаан болон  хөгжиж эхэлсэн. 

Бельги гаралтай Андреас Везалий эмч цогцсон дээр задлан хийж хүний биеийн бүтцийг судлахаар шийдсэн нь олон хүнийг сэрдхийлгэсэн. Эхэн үедээ судалгааныхаа материалыг шөнө дундуур хууль бус аргаар олж авдаг байсан бол хожим Падуэ сургуулийн профессор болсоноор шүүх цаазынхтай зузаан холбоо тогтоон ажлаа дөхөм болгож чадсан. Везалий он жилүүдэд хуримтлуулсан туршлагаа хойч үедээ өвлүүлэхээр шийдэн ном бичсэн нь 1538 онд "Хүний биеийн анатомийн тухай" нэртэйгээр хэвлэгдсэн нь анагаах ухааны салбарын агуу нээлт, цуцашгүй хөдөлмөр гэж хүлээн зөвшөөрөгддөг. 

Уг номонд анх удаагаа хүний биеийн бүтцийг нарийн тодорхойлж, зургаар дүрсэлж өгсөн юм. Ном нь мэргэжлийн хүмүүсээс гадна энэ салбараас хол энгийн хүмүүст хүртэл хүрч их хэмжээгээр хэвлэгдэн борлогдсон. Везалийн ачаар цогцсон дээр задлан шинжилгээ хийх нь ирээдүйн эмч нарын зайлшгүй хийх ёстой бэлтгэл ажил болж, анагаах ухааны цаашдын хөгжлийн суурийг тавьж өгсөн гэж үздэг. 

Английн эмч Уильям Гарвей -Цусны эргэлтийг нээсэн

Хүний зүрхний хэмжээ атгасан гарын дайтай. Зүрх нь өдөрт зуун мянган удаа агшиж, далан жилийн хугацаанд хоёр миллиард гаруй удаа цохилдог булчин юм. Уг булчин нь минутанд 23 л цус шахаж, цус нь бүх биеэр артер венийн нарийн тогтолцоот системийн тусламжтайгаар тархдаг. Хэрвээ артер венийн судаснуудыг шугаман уртаар хэмжвэл 96 мянган км урт болох ба энэ нь Дэлхийн тойргоос 2 дахин урт  гэсэн үг юм.

17-р зууны эхэн үе хүртэл цусны эргэлтийн талаар ташаа төсөөлдөг байлаа. Биеийн зөөлөн эдийн завсраар цус урсан зүрхэнд хүрдэг гэсэн онол зонхилж байсан ч английн эмч Уильям Гарвей амьтдын зүрхний цохилтыг ажиглан тэмдэглэл хөтлөхдөө “… Цус биен дотор тойрон эргэлддэг юм биш байгаа гэсэн бодол зурсхийлээ.   … Сүүлд би яг тэгдэг болохыг олж тогтоосон” гэж бичсэн байдаг. Цогцос дээр задлан шинжилгээ хийсэн Гарвей эмч зүрхний нэг клапан гагцхүү цусыг нэвтрүүлж, нөгөө нь зөвхөн гаргаж байгааг тогтоосон нь том нээлт байсан юм. Гарвей зүрх цусыг артерийн судсанд шахаж, улмаар нь хялгасан судаснуудын тусламжтай цус нь венийн судсаар дамжин эргээд зүрхэнд очдог үл тасрах урсгал болохыг тогтоосон нь тухайн үеийн анагаах ухаанд хувьсгал хийсэн өөрчөлт байсан юм.

 Гарвейн нээлт анатоми, тэр дундаа мэс заслын хөгжилд том хувь нэмэр оруулж, олон мянган хүний амийг аварсан. Мэс заслын эмч нар цусны эргэлтийг түр зогсоохын тулд зажим хайч хэрэглэдэг нь Уильям Гарвейн агуу нээлтийг илтгэх ажээ. 

Австрийн эмч Карл Ландштейнер- Цусны бүлэг байдгийг нээв

Цустай холбоотой өөр нэгэн нээлт 1900 онд Вена хотод хийгдсэн юм. Европ даяараа цус сэлбэн хийх аргыг шагшин магтаж хошуурцгааж байсан үе. Эхэндээ цус сэлбэх нь тунчиг үр дүнтэй эмчилгээний арга болох талаар ам булаалдан ярьж байсан боловч тун удалгүй хэдэн сарын дараагаас үхсэн хүмүүсийн талаар мэдээлэл тасрахаа байсан юм.

Яагаад цус сэлбэх нь заримдаа үр дүнтэй болоод заримдаа болохгүй байгаагийн учрыг олохоор Австрийн эмч Карл Ландштейнер сэтгэл шулуудсан юм. Тэрээр доноруудаас авсан төрөл бүрийн цусыг өөр хооронд нь холиж үзээд зарим цус нэг нь нөгөөдөө уусаж амжилттай холилдсон байхад нөгөө нь ээдэж байгааг ажиглажээ.

Нарийн судалгаагаар, цусны улаан эсэн дээр тусгай уураг буюу антибиет, цусны сийвэн дэх антиген гэх өөр уурагтай урвалд орохоор өөр хоорондоо наалдаж ээддэг болохыг олж мэдсэн юм.  Эндээс хүний цус өөр хоорондоо адилгүй болохыг тогтоож, 4 хэсэгт ангилсан юм. А, Б, АБ, О. Гагцхүү ижил бүлгийн цусыг л сэлбэж байж амжилттай болдог нь тодорхой болсон юм. 

Ландштейнерын нээлтийн ачаар хэдэн мянган хүний аврахын дээр 50 оноос хойш эрхтэн шилжүүлэх боломжтой болсон. 

Олон хүнийг амьдын тамаас аварсан "Мэдээгүйжүүлэлт"

Анагаах ухаанд олон нээлтүүд гарч олон мянган хүний амийг аварч байсан ч, өвдөх мэдрэмжээс ангижруулж хараахан чадаагүй байлаа. Өвчин намдаагчгүй мэс засал биелсэн аймшиг байж, өвчтөнийг ортой нь хүлж, мэс засалчид аль болох түргэн мэс ажилбараа хийхийг оролдож байлаа. Хүмүүс мэс заслын орон дээр гарснаас үхэхийг илүүд үзэж байсан үе. Эмч нар опиум, хар тамхи зэрэг төрөл бүрийн арга хэрэглэж байсан ч, 19-р зууны 40 оноос Бостоны Вильям Мортон, Хорост Уэлс шүдний эмч, Жоржиягийн Крофорд Лонг эмч нар илүү үр дүнтэй мэдээгүйжүүлтийн арга хайж олсон. 

Тэд азотын дутуу эсэл буюу хөгжөөгч хий болон спиртээр шингэлсэн хүхрийн хүчилээр туршиж үзсэн. Чухам хэн нь анх нээсэн нь одоо хэрнээ маргаантай ч, гурвууланг нь анхдагчид гэж үздэг. Хамгийн анхны мэдээ алдуулалт 1846 оны 10-р сарын 16-ны өдөр хийгдсэн. В.Мортон хэдэн сарын турш тунгийн хэмжээг олохоор олонтаа туршиж үзсэний эцэст хүзүүний хадвартай залууд эмч, оюутнуудын нүдэн дээр  амжилттай хагалгаагаа хийж, өвчтөн юу ч мэдрээгүйгээ хэлсэн нь дэлхийд түгсэн юм.

Мэдээгүйжүүлэлт бий болсон хэрнээ өвчин шаналыг хөнгөлөх бус тэвчих ёстой, ялангуа төрөх явцын өвдөлтийг гэсэн шашны үзэл баримтлалаас болж хүмүүс ашиглахаас татгалзсан хэвээр байсан. 1853 онд Виктория хатан хаан Леопольд ханхүүг төрүүлэх үедээ өөрийнх нь хүсэлтийнх дагуу хлороформ өгсөн нь нэгэнт хатан хаан хэрэглэж зүрхэлж байхад би яагаад болохгүй гэж гэх бодлыг түгээж чадсан юм. 

Германы физикч Вильгельм Рентген- Рентген туяаг туршив

Энэ агуу нээлтгүйгээр бидний амьдралыг төсөөлөхөд бэрх ээ. Өвчтөний хаана нь хагалах уу, чухам ямар яс нь хугарсан, бууны сум хаана тээглэж тогтсон гм. Хүний биеийг мэсийн аргагүйгээр дотор эрхтнийг нь олж харна гэдэг анагаахын түүхэнд эргэлт болж чадсан юм. 19-р зуунд хүмүүс цахилгаан гэж чухам юу болохыг бүрэн мэдэхгүй хэрэглэдэг байсан үе. 1895 онд германы физикч Вильгельм Рентген дотор нь агаар шахсан шилэн цахилгаан-туяаны гуурс туршиж, гуурсанаас цацрах туяа сонирхолыг нь өөрийн эрхгүй татсан. 

Нэг удаа Рентген гуурсаа хар картоноор хуйльж, өрөөний гэрлээ унрааж, гуурсаар тог гүйлгэхэд цацарч буй туяа нь соронзонд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул катодын туяанаас тэс өөр зүйл болохыг ухаарч, Х-туяа хэмээн нэрлэсэн. Хэдэн долоо хоног хачин жигтэй биеэ авч явсан Рентген эхнэрээ дуудаж, гарын сарвуун доор нь туяагаа байрлуулж зургийг нь авсан.

Эхнэр нь тэр үед “Би өөрийн үхлээ харсан” гэж хэлсэн гэж ярьдаг. Хүний дотор байгаа эд эрхтнийг буулгаж болно гэдэг бодол хэний ч толгойд багтахгүй байлаа. Яг л нэг нууц хаалганы цоож тайлагдаж, цаана нь бүхэл бүтэн өөр ертөнц нээгдсэн мэт байлаа. Рентген нь шинжлэх ухааны түүхэнд санаандгүй, санамсаргүй хийгдсэн цорын ганц нээлт. Рентген дээр суурилан компьютер томографаас эхлээд сансар огторгуйн гүнээс рентген гэрэл мэдэрдэг дуран авай хүртэл олон зүйл бүтээгдсэн. 

Луи Пастер- Нянгийн үүсэл хөгжлийн онол

Зарим нэг нээлт огт санамсаргүй аргаар мэндэлдэг байхад зарим нь нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болдог. 1846 он. Урлаг, гоо сайхны туйл болсон Вена хотын эмнэлгүүдэд үхэл шүглэсэн аятай. Олон эхчүүд төрөхийн халуун, умайн халдвараар нас барж байлаа. Төрөх эмнэлэгт дөнгөж ажлаа хүлээж аваад байсан Игнац Земмельвейс эмч үхлийн тоо толгой, хамрах хүрээнд ихэд түгшиж учрыг олохоор шийдэв. 

Тус  эмнэлэг хоёр тасагтай байсан бөгөөд нэг тасагт нь эмч нар, нөгөөд нь эх баригч нар ажилладаг байлаа. Хамгийн сонирхолтой нь эмч нар ажилладаг тасагт төрөхийн халуунаас нас нөгчөгсдийн тоо хавьгүй илүү байлаа. Мэргэжлийн эмч нар хамаагүй илүү байх ёстой атал яагаад байгааг ойлгох гээд ажиглалт хийв. Эмч нар нас барсан эхчүүдийн биед задлан шинжилгээ хиймэгцээ гараа ч угаалгүй эргээд тасагтаа ирж эх барих юм уу үзлэг хийгээд байгааг ажиглав. Ингэхдээ тэд үл харагдах биетүүдийг гартаа наан халдааж, тэр нь үхлийн шалтгаан болоод байгаа биш байгаа  гэж үзэн,  хлорийн уусмалаар гараа угаахыг шаардахад нас баралтын тоо эрс багассан. Бактери халдварт өвчин хоёрын холбоог Игнац ухаарч ойлгохыг оролдсон бол оршдгийг нь нотлоход ахиад 10 жил шаардагдсан юм.  Тэр хүн бол Луи Пастер. 

Луи Пастерийн 5 хүүхдийн 3 нь гэдэсний хижиг өвчнөөр нас барсан нь халдварт өвчний уг шалтгааныг тайлах цуцашгүй их хүслийг төрүүлсэн. Уг замд Пастерийг шар айраг исгэж, дарс нэрэх ажил нь хөтөлсөн юм. Чухам яагаад нэрсэн дарсны цөөн хувь мууддаг болохыг олж тогтоох явцдаа тусгай микробууд дарс муудах шалтгаан болж байгааг тогтоож, энгийн халаах явцад эдгээр нянгууд устаж, дарсыг аварч болохыг тогтоосон юм. Чухам ийм замаар ариутгах буюу пастеризацлах арга бий болсон юм. Тэрээр яг энэ аргаар халдварт өвчний шалтгаан болох нянгаас тодорхой өвчлөлүүд бий болдогийг тогтоосон ба нянгийн үүсэл хөгжлийн онол гэгч агуу нээлт төрсөн юм. 

Эдвард Женнер-Вакцин 

Дараагийн агуу нээлт 18-р зуунд дэлхий дээр цэцэг өвчнөөр ойролцоогоор 40 сая хүн нас барах үед бий болсон юм. Эмч нар шалтгааныг нь ч тэр, эмчлэх аргыг нь ч тэр олж чадахгүй байлаа. Тухайн үед английн нэгэн тосгоныхон энэ өвчинд тэсвэртэй, саальчин хүүхнүүд үнээнээс төрөл нэг өвчнийг нь хэдий нь тусчихдаг тул цэцэг өвчинд тэсвэртэй гэхчлэн олон цуу гарч байсныг Эдвард Женнер эмч ихэд сонирхсон юм.

Ингээд 1796 оны 5-рсарын 14 өдөр цэцэг өвчин дахин дэгдэх үеэр өөрийн сэдсэн зүйлээ туршихаар шийдсэн хэрэг. Женнер үнээнээс халдвар авсан саальчин хүүхний гар дээр нь гарсан цэврүүг хагалж шингэнийг авч, эрүүл 8 настай хүүд хийхэд хүү маргааш нь бага зэрэг халуурч, багахан туурсан ч удалгүй эдгэсэн. Сарын дараа дэгдэж байсан цэцэг өвчиний цэврүүн шингэнийг халдаахад хүү цоо эрүүл, уг өвчинд тэсвэртэй болсоныг  олж ирлүүлсэн. 

Цэцэг өвчний урьдчилан сэргийлэх тарилга бий болсон нь анагаах ухаанд эргэлт авчирсан. Хүн өвчнөөс урьтаж хөдөлж чаддаг болсон байв. Тэр цагаас 50 жилийн дараа Луи Пастер вакцинжуулалтыг улам хөгжүүлж, хүнд зориулсан галзуугийн эсрэг тарилга, хонинд яр шархын эсрэг тарилга гаргаж авсан бол 20-р зуунд Джонас Солк,  Альберт Сейбин  нар тус тусдаа халдварт саа өвчиний вакциныг гаргаж авсан. 

Александр Флеминг-Пенициллин 

10 сая хүний амийг авч одсон Дэлхийн 1-р Дайны дараа бактерийн эсрэг арга хэрэгслийг хайх эрэл хайгуул хүчтэй болов. Учир нь нас барагсдын дийлэнх нь дайны талбарт бус халдварласан шархаа дийлэлгүй үхэж байсан юм.

Судалгааны багт Александр Флеминг гэх шотланд эмч байлаа, тэрээр стафилококки бактерийг тусгайлан судалж байсан юм. Нэг удаа Флеминг долоо хоногийн хугацаатай амралтаа авч, ажлын ширээгээ хурааж эмхэлгүй яваад ирэхэд, үлдээсэн загвар дээр нь хөгц ургаж, хөгцний эргэн тойронд бактериуд үхсэн байгааг олж мэдсэн юм. Тэгээд уг зүйл нь бактер устгадаг болохыг ойлгож пенициллин хэмээн нэрлэсэн юм. Улмаар дараагийн жилүүдэд нь Флеминг хөгцнөөс гарган авч, халдварт өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэх гэж олонтаа оролдож эцэстээ бууж өгсөн ч, түүний нээлт үнэлж баршгүй байсан юм.

 1935 онд Окфордын Их Сургуулийн хамтрагч болох Хоуард Флори, Эрнст Чейн хоёр Флемингийн сонирхолтой тоо баримттай ч дуусгаж чадаагүй туршилтуудыг үргэлжүүлж азаа үзэхээр шийдсэн. Тэд пенициллиныг цэвэр байдлаар гаргаж авч чадаж, 1940 онд анхны туршилтаа амжилттай хийж чадсан юм. Эдгээр гурван эрхэмийн ачаар хүн төрөлхтөн анхны антибиотиктой болсон. Энэ эм жинхэнэ гайхамшиг байсан ба тэмбүү, заг хүйтэн зэрэг өвчин байдгийг мартахад хүргээд байна. 

Фредерик Бантинг Инсулин 

Чихрийн шижин гэдэг цусан дахь сахарын хэмжээ алдагдаж, даамжирахаараа хараагүй болгож, бөөрний үйл ажиллагааг үгүй хийдэг, зүрх судасны өвчнөөр өвчлүүлэх зэрэг үхэлд хүргэх аюултай өвчин. Зуун зуун жилээр эмч нар судалж, анагаах хэрэгсэл хайсаар ирсэн ч амжилтгүй байлаа. Гагцхүү 19-р зууны сүүлээр чихрийн шижинтэй өвчтөнүүдэд цусан дахь сахарын хэмжээг хянах үүрэгтэй гормон ялгаруулдаг нойр булчирхайн бүлэг эсүүд гэмтсэн байгааг олж илрүүлсэн юм. Ялгаруулдаг гормоныг нь инсулин гэж нэрлэв. 

1920 онд Канадын мэс засалч Фредерик Бантинг, түүний шавь Чарльз Бест нар нохойн нойр булчирхайн инсулин гормоны ялгарлыг судалж үзээд, эрүүл нохойн инсулиныг өвчтэй нохойд хийж туршиж гайхалтай үр дүнд хүрч чадсан. Өвчтэй нохойн цусан дахь сахарын хэмжээ тогтвортой болж чадсан байв. 1922 оны 1-р сард чихрийн шижингээс болж үхлийн ирмэгт тулаад байсан 14 настай хүү дээр туршиж, хүү удалгүй эдгэрсэн. Бантингийн хэр чухал болохыг дэлхийн дээр чихрийн шижингээр шаналж яваа олон мянган хүмүүс гэрчлэх биз ээ. 

Майкл Бишоп, Харольд Вармус- Хавдрын генетик орчин 

Хавдар нь өвчтөнийхөө тоогоор амьсгалын болон зүрх судасны өвчлөлийн дараа орох эмгэгийн нэг. Хавдрын талаар олон судалгаа хийгдсэн ч хамгийн тод томруун нь 20-р зууны 1970 онд хүчээ зузаатган, судалгаа хийсэн Нобелийн шагналтнууд болох Майкл Бишоп, Харольд Вармус нар юм.

Тухайн үед хавдрын эсийн талаар хэд хэдэн онол байлаа. Зарим нь хавдрын эс нь хуваагдаг төдийгүй эрүүл эсүүдэд халдаж чаддаг олон талын чадвартай гэж. Нөгөө хэсэг нь  хавдарын эс нь ДНК-д нэвтэрч улмаар ДНК нь өөрөө биеийг өвчлүүлдэг гэж. Гурав дахь хэсэг нь, хүн угаас хавдраар өвчлүүлдэг гентэй бөгөөд тэр нь вируст халдвар, химийн хортой бодисууд, цацраг идэвхт бодис гм зэрэг гадны нөлөөн дор идэвхжихээ хүлээж гэтдэг гэж үзэж байв. Онкоген гэх эдгээр хавдарыг хариуцдаг генийг л чухамдаа Вармус, Бишоп хоёр судалж үнэхээр онкогенүүд идэвхгүй хэлбэртэй оршиж байдгийг судалгаагаар тогтоож чадсан юм. 

Төрсөн цагаасаа хойш цуг амьдарсан генүүд маань яагаад ийнхүү дайсагнадаг юм бол? Эс тамхины утаа, цацрагт идэвхт бодис зэрэг гадны нөлөөн дор хуваагдахдаа алдаа мадаг гарах нь бий,  мөн  ДНК-ийн хос спиралийг хооронд гүүрэн холбоо үүсгэх 3 млрд хосыг уншуулж таниулсан байх ёстой байдгийг бас мартах ёсгүй, ийм нүсэр ажиллын явцад алдаа гарч болзошгүй. Урьд өвчилсөн гентэй эс, эрүүл ген хэмээн зааглаж ойлгодог байсан бол эдгээр эрхмүүдийн ачаар эсэн дэх үл ялиг генийн өөрчлөлт нь эрүүл эсийг хүртэл хавдарт үүсгэх хортой болгох чадвартай болохыг ухаарсан. Нээлт нь урьд өмнө байгаагүй ангаах тодорхой аргуудыг бий болгож өгсөн юм. 

ДОХ

Энэ өвчний талаарх анхны шинж тэмдэгүүд 80-аад оны эхээр илрэх болсон. Ховор төрлийн халдварт өвчин, хавдарууд элбэгших болсон ч эдгээр өвчтөнүүдэд цусан дахь дархлаа хариуцсан цагаан эсийн тоо эрс бага байгаагаараа ижил байв. 1982 онд Америкийн Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Болон Хянах Төв уг эмгэгийг ДОХ хэмээн нэрлэв. Пастер Их Сургуулийн судлаач Люк Монтанье, Вашингтон дахь Үндэстний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаач Роберт Галло  хоёр өвчнийг үүсгэгч хүний дархлал хомсдлын вирусыг тогтоож өгсөн. ДОХ-ын вирус, бусад вирус тухайлбал ханиадны вирусаас юугаар ялгаатай юм бол? ДОХ-ын вирус нь дунджаар 7 жилийн хугацаанд нуугдмал хэлбэрт оршдог. 

Дараагийн нэг асуудал нь бүр онцгой, өвдсөнөө мэдээд эмнэлэгт очмогц өч төчнөөн халдварт өвчнөөр өвдөж, чухам аль нь өвчний шалтгаан болохыг ойлгоход хэцүү. Тэгвэл хэрхэн тодорхойлох вэ? Ихэнхдээ вирус нь эсэд наалдаж, генетикийн мэдээллээ оруулах цорын ганц зорилготой, үүний дүнд эсийн үйл ажиллагааг өөртөө захируулж, тусгай вирусуудыг бий болгоход чиглүүлдэг. Улмаар бусад эсүүд рүү дайрч давшилдаг. Гэхдээ ДОХ-ын вирус энгийн нэг вирус биш ээ. Бидний генд нэвтэрч, биднийг хамгаалах ёстой эсүүд вирус агуулсан эсүүдийг бий болгож эхэлдэг. Вирус агуулсан зарим эсүүд өөртэйгээ адил вирусыг төрүүлдэг аль эсвэл унтаа байдалд шилждэг. Гэхдээ эргээд сэргэх нь цаг хугацааны асуудал. ДОХ-ын эсрэг эм одоог хүртэл олоогүй байгаа ч, вирусын эсрэг эмчилгээнд бүх нийтээрээ анхаарлал хандуулах болсон нь авууштай. 

Ийнхүү зуун зуун жилийн хугацаанд, анагаах ухаанд үсрэнгүй нээлтүүд хол ойрын хугацаанд гарч байсан нь ирээдүйд бидэнд ДОХ, хавдар, генетик удамшлын болон аутоиммуны өвчлөлүүдийг гарцаагүй ялан дийлэх итгэл найдварыг өгч байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]