Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Ёдорын Ёндонсамбуу” буюу Н.Цэвээнравдан гуайн хөгжилтэй дурсамжуудаасУншсан57,664

Тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Няндагийн Цэвээнравдан агсны тухай түүний дотны нөхөр Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн дурсамж номоос хүргэж байна.

Тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Няндагийн Цэвээнравдан агсны тухай түүний дотны нөхөр Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн дурсамж номоос хүргэж байна. 

“Ёдорын Ёндонсамбуу”

Н.Цэвээнравдан гуай хуучилсан нь "...Ёндонсамбуу гэдэг нь 7-р ангидаа гурван жил улирсан, одоо ес төгсөж буй 20 настай залуу юм. Өнөө “ёдор”-ын Ёндонсамбуутай сургуулийн спартакиадын чөлөөт бөхийн 57 кг-ын жинд барилдах болдог юм байна аа. Би 8-р анги, нас 16. Ёндонсамбуу 10-р анги, нас 20. Ёндонсамуугийн сахал үс нь ургачихсан, дух нь үрчгэр бүр өвгөн шинжтэй. Ер нь манай сургуулийнхан Ёндонсамбууд их дургүй л дээ. Тэгтэл “Улаан булангаас Ёндонсамбуу, ногоон булангаас Цэвээнравдан гараарай” гээд цан цохиж байна аа. Манай багш шилбэнд минь ногоон даалимбаны өөдөс уянгуутаа “За Цэвээнээ! Ялах ялагдах нь хамаагүй. Чамайг ангиа нойллуулахгүйн тулд л оруулж байгаа юм. Цаадах чинь барьж авангуутаа л мушгиад дарах гэх вий. Чи баригдахгүй зугтаагаад бай. Тэгээд цагаа дуусгачих” гэлээ. Ёндонсамбууг харвал аль хэдийнэ дэвжээн дээр гараад ирчихсэн, алгаа хий үрчээд л мануулынх шиг ногоон нүдээрээ над руу муухай хараад зогсож байгаа нь сүрдмээр гэж юухэв. Намайг дөхөнгүүт Ёндонсамбуу ууц нуруугаа түхийлгэн, урт гараа дэлгээд өрж байна аа. Айснаас болж миний хуйхны үс босох шиг, шээс ч хүрээд байх шиг. Ангийнхан л “Наад зөнөгийгөө алаад өг! Алаад өг!” гээд хоороор хашгиралдаж байна. "Алах” хүн нь би, таарч дээ. Цан цохингуут Ёндонсамбуу ч шилүүс шиг үсрээд ирлээ. Би ч годхийв. Тэр намайг хөөгөөд барьж авч чадсангүй, сүүлдээ дэвжээний голд хүлээгээд зогсчихлоо. Тэгсэн намайг торгодог илжиг юм. Ангийн багш бас чөлөөт бөхийн дүрэм мэддэггүй надтайгаа таарсан амьтан байж. Нэг мэдсэн чинь өрсөлдөгч намайг дэвжээний голд гэдрэг нь харуулаад дарчихсан ангийнхны “Алаад өг! Алаад өг!” гэх дуун нэг ойртож, нэг холдоод л. Тэгтэл нөгөө туучий чинь элгээрээ миний ам хамрыг яг бумбадаад дарчихсан, амьсгаа авч болдоггүй, "аллаа”гэж хашгирч ч чаддаггүй. Хоёр дал л дэвжээнд хүрвэл болдог юм гэнэ лээ гэсэн бодол зурсхийгээд далаа газар наах гэтэл нөгөө туучийгийн гар нь ивэгдчихээд болдоггүй. Ангийн багш л “Тэсээд бай. Тэсээд бай! гээд хоолойгоо цахирттал хашгирч байна аа. Бодвол цэвэр биш ядаж оноогоор ялагдуулах санаатай цаг хүлээж байгаа юм байлгүй. Өө хөөрхий тэгтэл гэнэт нөгөө ёдорын Ёндонсамбуу чинь хүзүү мушгиж гарлаа. Өвдөж байна гэж юухэв. Шар шар хийсэн дуу гараад муу хүзүү минь сунаж байнаа. “Амь авар" гэж хашгирах гэтэл амаа таглуулчихсан юм чинь яаж ч чадсангүй, өрөөсөн нүдээрээ дэвжээний шүүгч рүү л өрөвдөлтэй нүдээр харлаа. Шүүгч юун миний нүд рүү харахтай манатай, турүүлгээ харчихсан миний далан доогуур л хараад хэвтээд байх юм. Би тэссэнгүй дэвжээ алгадлаа. Хөөрхий шүүгч миний талд балиашиглаад байгаа юм уу, эсвэл намайг моост хатгаад байна гэж бодсон уу шүглээ үлээж өгдөггүй. Ашгүй цаг дуусч цан цохилоо. Босоод иртэл толгой эргээд арагшаа харчихсан ч юм уу, ухаан санаа дүйнгэрээд ч тэр үү, ногоон булан руугаа алхах гэтэл улаан булан руу л яваад байдаг. Тэр гайт барилдаанаас болоод миний хүзүүний завсар мах бүлх ер нь юу юу ч ороод хавчуулагдчихсан юм билээ, хэдэн хоног гилжгий дальжгай сүхдүүлсэн үхэр шиг явж билээ. Нээрэн зогсож байгаа хүн хэвтэж байгаа юм шиг харагдаад байдаг юм билээ. Цэвээний энэ яриаг сонсоод эрчүүд бид нижигнэтэл инээлдэхэд дотуур байрны дан цагаан байшинтаи хана туурга доргих шиг болсонсон.

 

Японский!

Дундговийн  Хулд суманд Бямбажав гэж гүндүүгүй сайхан эр бий. Түүний мотоциклийг “Ангийн байцаагч”-ид унуулж зураг авдаг байлаа. Цэвээн мотоцикль унаж үзээгүй тул би багш нь болов оо. Нэг удаа Төгрөгийн говьд зураг авахаар явцгаалаа. Группынхэн түрүүлээд явчихсан. Бид хоёр хөөж гүйцэхээр хойноос нь “жийж” өглөө дөө. Зам цагаан. Таана, хөмүүлийн үнэр ханхлаад таатай гэж жигтэйхэн. Бид хоёр салхи татуулан хурдалж явлаа. Тэгтэл яах ийхийн зуургүй муруй тахир замтай, элс шавартай хонхор руу тулчихлаа. Мотоцикль элсэн дунд хэд шарвагнаснаа годройтоод өглөө. Би түрүүлээд шидэгдчихлээ. Нүдний буланд л Цэвээн маань миний дээгүүр даваад “нисэж явна”. Сэхээ ортол мотоцкиль миний хөлийг дарчихсан асаалттай чигээр хоёр дугуй нь элс цацлаад л чарлаад байна. Жүжигчин рүүгээ харвал босчихсон, нүүр ам нь халцарч холцроогүй харагдана. Түүнийхээ бүрэн бүтэнд би их баярлалаа. “Ангийн байцаагч”-ийн дуран арваад алхмын цаана элсэнд шигдсэн үзэгдэнэ. Мотоцикль бол авах юмгүй эвдэрчээ. Аккумлятор нь газар унаад бяцарчихсан шингэн гоожно. Гайхалтай нь мотоцикль асаад байх юм. Бодвол холбоос нь салаагүй юм байлгүй. Цэвээн дэвдэгнэн алхаад л “Унтрааж л болохгүй шүү. Ахиад асахгүй” гээд аккумляторыг шүүрч авснаа хагархайг нь түүж эвлүүлээд хайрцаг руу чихэж гарлаа. Мотоциклийн гар гилжийгээд хойно урд, дээр доор, мушгихад хүнд гэж жигтэйхэн, бодвол шаариг нь хэмхэрсэн бололтой хар тос лагалдан гоожиж баина. Шаврын хаалт нь хугарч нүгараад шатахууны сав хонх ёнх. Яая гэхэв, янзалсан болоод гэлдэрлээ дээ. Очтол зураг авахад жин тан бид хоёрыг хүлээж байна. Бид мотоцикльтойгоо гэрлийн хар майхан руу шуудхан давхиад орлоо. Нууж байгаа нь тэр. Хэдэн залуусаар нүдүүлж балбуулж байж мотоциклоо “зурганд орох” төдий л юм болголоо.

“Ангийн байцаагч” эрчтэйхэн давхиж ирээд, тэргэнцэр дээр зоолттой аппаратад тулаад зогсдог бяцхан зураг авах ёстой байв. Тэгтэл Цэвээн мотоциклоо зогсоож чаддаггүй. Мотоцикль хэмхэрхий. Жүжигчин тэвдүүхэн. Цэвээн анхны удаа давхиж ирээд тэргэнцрийг мөргөхдөө “илжигний айраг” гээд харааж байна. Оператор Балжинням ч кино аппаратаа тэврээд авлаа. Дараачийн удаа ирээд бүр хүчтэй мөргөхдөө “Японский!” гээд харааж байна. Ер нь улаан хараал хэлнэ гэж байхгүй л дээ. Улсууд хүүе, хаая, наана цаана болоод явчихав. Тэнд зоолттой гэрэл унаж, Балжинням аль хэдийнэ буучихсан аппаратаа тэврээд зугтаж явна. Палам найруулагч “Ангийн байцаагч”-ийг загнаад уураа дарж жаахан зогссоноо майхан руугаа алхчихав. Найз минь замдаа хөглөснөө Палам багшид хэлсэнгүй. Хэлсэн бол мотоцикль эвдсэн би л алуулахгүй юу. Ассистент найруулагчийг хэлэх үү, зураг тасалсан л бол толгой дээр буух байсан. “Ангийн байцаагч"-ийн мотоцикльд дасгах “жолооны багшийг” хэлэх үү, хэрэг улам хүндрэх юм чинь. Бид хоёрын “эдэлсэн” Хулдын Бямбажавын мотоцикль кино зураг дуусахад үндсэндээ тарчихсан байсан. Хөөрхий Бямбажав тулдаа “Говийн зэрэглээ”-д цэнхэр “ИЖ”-ээ зүв зүгээр өргөчихөөд монгол киноны “спонсор” болоод өнгөрсөн дөө.

 

Жүжигчин гүрвэл

Говийн зэрэглээ кинонд гүрвэл “тоглодог” шүү дээ. Бид хоёр зураг авахын урьд орой “жүжигчин” олохоор сумын төвийн зах руу хогийн хувин бариад гарч өгөв өө. Эхлээд морь харцгаалаа. Эргэн тойронд гүрвэл ч зөндөө л гүйлдэх юм. Тэгтэл мань Цэвээн харагдсан болгоныг түвэггүй бариад хувиндаа хийчихдэг. Би л барьж чаддаггүй үйлээ үзлээ. Учир нь гүйж яваа гүрвэлийг угтуулж шүүрдэг юмсанжээ. Тэгээд арваад “жүжигчинтэй” маадгар амьтан буцаж ирцгээлээ. Өглөө зураг авах болоод “Ангийн байцаагч”-ийн орон доороос “жүжигчдээ дуудан” “сонголт хийх” гэтэл байдаггүй шүү. Шөнө хэн нэгэн хувинг өшиглөжээ. Гүрвэлүүд ор сураггүй алга. Зураг авах гээд хүлээгээд байдаг. Цэвээн л байн байн “өө туучий, өө туучий” гэж хараасаар авдар сав, ор дэрэн доогуур нэгжиж байж нэг гүрвэл олж ирлээ. Сонголтгүй шууд л “тоглох” “жүжигчин” болох нь тэр. Цэвээн жүжигчнээ алгандаа хавчуулчихсан л “Би тоглуулна” л гэлээ. Нөгөө гүрвэлээ “Солонгоо” гэж дуудах юм. Тэр нь ч хөөрхий номхон, дуулгавартай гэж аргагүй. Гэдэс нь түнхэлзээд л, солонгорсон шар ногоон өнгөтэй, наран сөргүү гялалзаад л харагдах юм. Цэвээн “Солонгоо”-гоо орон дээр хэвтүүлээд “За ингээд хэвтэж бай” гээд хүнтэй ярилцаж байгаа юм шиг үнэн санаанаасаа аргадангуй хэллээ. Нөгөөх нь хэвтээд л байх юм. Уг нь гялсхийгээд л алга болчих шүү дээ. Балжинням оператор дурангаараа харснаа “Сүүлийг нь харуулж болох уу” гэлээ. Цэвээн ухасхийн “Бололгүй яахав” гээд гүрвэлийн сүүлийг дээш өргөөд нугалсхийн бүр уран сайхантай моодойлгоод тавьчихлаа. “Жүжигчин” сүүлээ доошлуулах гэхээр “Ангийн байцаагч” “Солонгоо!” гэж зандрах аястай дуудах юм. Санаа дагаад ч тэр үү “найруулагчаа” дуугарахаар “жүжигчин” нь сүүлээ буцааж өргөөд байх шиг санагдсансан. Аппарат шажигнаж, шажигнаж зогслоо. Амьсгаагаа дарж, инээдээ барьж ядсан хүмүүс писхийтэл инээлдэв. “Жүжигчнээ” сайн тоглуулсан, гүрвэлийн психологийг сайн мэддэг говийн хүү Цэвээн шагналын хувь хүртсээн. Ийм л энгийн мөртлөө давтагдашгүй нууцаар хүнийг бишрүүлж, өөртөө татдаг увидастай хүн байсан юм. “Ангийн байцаагчаа” гэж...

Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуягийн "Намаас өмнө урлаг байсан" номын хэсгээс

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 19. 2:55
Зочин

Энэ хүний төрөл садан, үр хүүхэд нь байвал холбогдоорой.
FB- khorloo khorloo амбаа гуайн талаар юм асуух гэсэн юм.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]