Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Уг нь Дэмүүл тулдаа тэссэн сэн, гэнэдүүлж орхилоо"Уншсан61,496

Ч.Бээжин үнэхээр уран гоё, хурц барилдаантай бөх байсан юм. Баруун зүүн хоёр талаараа тонгорно. Тэр тонгороонд тэсэхэд тун бэрх шүү. Халж, суйлах нь үнэхээр сурмаг, мэхэндээ их бяр гаргана.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, уран мэхт, улсын аварга Чойжилын Бээжин улсынхаа их баяр наадамд 1970 онд түрүүлж, 1964 онд үзүүрлэж, 1961, 1965 онд 7, 1958, 1968 онд 6, 1957, 1963, 1967, 1969, 1971 онд 5 давж, нийтдээ 11 удаа шөвгөрсөн бөх. Ч.Бээжин аваргын тухай хуучлах хүн олон. Үе тэнгийнх нь алдарт бөхчүүд түүнийг ийн дурсчээ.

Улсын аварга Ч.Бээжин

Улсын арслан У.Мижиддорж: Би Монголын зүүн өмнөд хил Дорноговь аймгийн нутагт орших Рашаантын байцаан өнгөрүүлэхэд цэргийн алба хааж байгаад 1954 оны 11-р сард Улаанбаатар хотод шилжин ирж дотоодын цэргийн тусгай батальонд хугацаат цэргийн албаа хаасан юм. Тэр үед цэргүүд өвлийн шинелэн гадартай шовгор оройтой цагаан хурган малгай өмсдөг байсан юм. Тэр малгайг хоёр жилийн хугацаанд цэргүүдэд шинэчилж сольж өгдөг байлаа.

Гэтэл миний малгай тэр хоёр жилийн хугацаанаас хамаагүй наана муудаад хуучирчихсан тул шинэ малгайтай болох юмсан гэж их боддог байлаа. Шинэ малгайтай болох хүсэл маань сүүлдээ улам бүр гүнзгийрсээр шинэ цэргийн малгайг булаана гэж боддог болов оо. Ингээд нэг өдөр бага даргын сургуулийн салаа цэргүүд хоолондоо орохоор жагсаж явахад нь хоолны хаалганы дэргэд зогсож байгаад цэргүүдийн дунд хавиас нь нэгэн цэргийн малгайг шүүрээд авлаа. Гэтэл нөгөө цэрэг чинь ухасхийгээд намайг заамдаад авлаа. Тийм ч амаргүй, нэлээн бүл чадалтай эр бололтой, миний хөвөнтэй хүрмийг бүс хүртэл цуу татаад хаячихлаа.

Тэгтэл командалж явсан дарга нь “Хүүе, энэ юу болж байна?” гээд хүрээд ирэхээр нь би “Наад цэрэг чинь миний хувцсыг урчихлаа” гэв. Гэтэл дарга нь өнөөх цэргийг үг хэлүүлэлгүй толгой түрүүгүй загнаад хөөгөөд оруулчихав. Ингээд би малгай авах гэсэн биш муу хувцсаа уруулаад хоцрох нь тэр дээ.

Тэгэхэд би уг нь аймгийн арслан цолтой хэрдээ багтаж ядаж байсан 22 настай байсан үе шүү дээ. Тэр үед би зав зай гарвал л казармын гадуур барилддаг байлаа. Нэгэнтээ сайн барилддаг цэргийг сураглаж явтал бага даргын сургуульд сайн барилддаг цэрэг хоёр ч бий тухай сураг дуулдлаа. Сураглаж байгаад өнөө хоёр цэргийг оллоо шүү... Тэгсэн чинь нэг нь миний малгайг нь булаах гээд хувцсаа уруулсан цэрэг байна.

Тэгээд эр улсын ёсоор танилцаж, зав чөлөө гарвал барилдаж байлаа. Миний тэгж хөглөж байж танилцсан цэрэг бол ирээдүйн аварга Чойжилын Бээжин байсан юм. Ч.Бээжин үнэхээр уран гоё, хурц барилдаантай бөх байсан юм. Баруун зүүн хоёр талаараа тонгорно. Тэр тонгороонд тэсэхэд тун бэрх шүү. Халж, суйлах нь үнэхээр сурмаг, мэхэндээ их бяр гаргана.

Баруун хөл нь гараараа суйлж байгаа юм шиг л өсгийлдөнө. Барилдаж байгаа хүндээ мэх хийх ямар ч боломж олгохгүй гялалзсаар байгаад хаячихдаг байлаа. Бас ямар ч будлиангүй сайхан барилдана. Ам авахдаа сайн бөхөөс шилж авна. Энэ бол бөх бүгдэд байдаггүй Ч.Бээжин аваргын онцлог гэж би боддог байсан. Ч.Бээжингийн гараа дэвээ, өрөө нь үнэхээр уран гоё, жавхаа төгс үлгэр домгийн хангарьд л ийм байдаг болов уу гэж бодогддог байсан даа. Тэрээр гүндүүгүй тогтуун сайхан зан төлөвтэй, хэрүүл маргаанд дургүй эр хүн байлаа. Хувцсаа сайхан өмсөнө. Цэвэрч нямбай тун жавхаалаг хүн байсан юм. Ямар сайндаа л би тэр олон цэрэг дундаас түүний малгайг л “тоож” булааж байх вэ дээ.

 Дархан аварга Ж.Мөнхбат: 1964 онд цэнгэлдэхийн барилдаанд шөвгийн дөрөвт Дамдин, Бээжин, Пүрвээ бид дөрөв үлдээд би Бээжинтэй тунав. Бээжин гуайд би газар тэнгэр хоёр ижилхэн цэнхэр харагдтал тонгоруулж тун ч чанга унаж билээ.

Дархан аварга Д.Цэрэнтогтох: 1972 оны наадмын дараа хүүхдийн паркт болсон нэг барилдаан дээр Бээжин аварга намайг амлаад авлаа. Барилдаж байгаад хоёр ч удаа тонгорлоо. Би тэсээд үлдлээ. Гурав дахиа тонгороод зэгсэн чанга хаяж билээ. Манай хүн надад хоёр дараалан /улсын наадмын тавын даваанд, дараа нь морин тойруулга дээр/ унасандаа шаралхан бүр амлан авч унагаж санаа нь амарсан юм.

Улсын арслан Ө.Чүлтэмсүрэн: Бээжин бол хамрын нүхээр багтаж, хазахаас бусдыг хийдэг хэцүү хүн дээ.

Улсын арслан Ц.Бадамсэрээжид: Бээжин аваргын мэхний хувилбарыг залуу бөхчүүдэд эзэмшүүлэхсэн. Үгүй тэр, тонгороог яаж тэгж сурав аа. Ёстой монгол бөхийн цэвэр тонгороо бол яах аргагүй Ч.Бээжингийнх юм даа. Үүнээс гадна хөл татаа, өсгийлдөх мэхийг бөх хүн заавал сурах хэрэгтэй юм даа.

Улсын арслан Л.Сосорбарам: Бээжин аваргын барилдаан үнэхээр хурц дайчин, хийсэн мэх нь оновчтой, хөдөлгөөн нь шаламгай, хурдан байдгаараа онцлогтой. Би Бээжин аваргатай олон удаа барилдаж байсан. Аваргыг мэх хийх үед бүх биеийнх нь хүч үнэхээр дийлэхийн аргагүй болдог. Өөрийн эрхгүй барьцаа алдахад хүрдэг нь хурдан хурц хөдөлгөөнтэй нь холбоотой байдаг болов уу гэж санагддаг. Бээжин аварга бол бөхийн хорхойтнуудын бишрэн хүндэтгэж явах ховор сайн бөх юм.

Домогт аваргууд: Цаашаа харан дэвж буй нь дархан аварга Б.Түвдэндорж, доошоо харан шавж буй нь даян аварга С.Цэрэн, уран дэвээ хийж буй нь Ч.Бээжин аварга

Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир: Би Бээжин аваргатай нэгэн үед бөхийн дэвжээнд зодоглосон хүн дээ. Бид хоёр олон жил найз нөхрийн журмаар үерхэж, бас ч олон наадамд гарч барилдсан. 1957 оны улсын их баяр наадамд зодоглож, тэр жил Бээжин бид хоёр начин цол хүртэж, бөөн баяр болцгоож байсан юм. Бээжин маань Чойжилсүрэн, хулгар Дамдиндорж нарыг хаяж, би Жамъян, Даавасүрэн нарыг 5, 6-ийн даваанд шороодуулж билээ. Ер нь манай Бээжин маш хурц барилдаантай, баруун зүүнгүй тонгорно, суйлна, хөл татаа хийнэ, тойрч татна, дунгуйлдана, бөхийн мэхийг элдвээр хийдэг ёстой онцгой бөх байсан юм шүү. Хоёр мөрөндөө мөн ч их бяртай даа. Сэнжигдэн бариад халахад нь хурууны үзүүр халуу оргиод дахиад барьж болдоггүй л байсан. Барилдахдаа учраа бөхийнхөө хийг андахгүй, зайлж татаад болохгүй бол суйлж татна, өсгийлдөж татна. Бээжингээс нэг мэх ирнэ гэж байхгүй, заавал угсраа мэх ирнэ.

Ийм учраас Бээжингийн мэхэнд тогтоно гэдэг ч хэцүү шүү дээ. Бээжин ямар ч бөхтэй барилдахдаа мэхийн хувилбарыг тун чадамгай хийдэгсэн. Хав дөрвөлжин барьцнаас хар өсгийгөөр нь хөлөөрөө өхийлдээд татчихна. Мөрөндөө их хүчтэй болохоор гуд татчихна. Тэгэнгээ хөлөөрөө заавал давхар мэх хийнэ. Бээжинг 1970 онд түрүүлдэг жил шөвгийн дөрөвт Дамдин аварга, Дэмүүл, Бээжин бид нар үлдэж Дамдин намайг хаяж, Бээжин Дэмүүлийг хав барьцнаас хөлөөрөө өсгийлдөн давж Дамдинтай үзүүр түрүүнд үлдсэн. Тэгээд Дамдин татахад нь Бээжин ард нь үлдэж хаяж билээ. Тун уран барилдаантайдаа. Одоо Бээжин шиг олон хувилбар мэхтэй уран барилддаг бөх ховор харагдах юм.

Улсын арслан Г.Дэмүүл: Миний үед арга мэхийн хувьд Ч.Бээжин аварга, Ц.Бадамсэрээжид арслан, А.Нагнайдорж начин нар ёстой хазахаас бусдыг хийдгээрээ илүү сайн байсан. Харин бярын хувьд бидний үеийнхнээс Ө.Эрдэнэ-Очир арслан, арай хожуухнаас Д.Хадбаатар аварга нар л байлаа.

 

Улсын начин Т.Артаг: Би армид ирээд "Алдар" нийгэмлэгт байлаа. Чөлөөт бөхөөр хичээллэнэ. Тэгэхэд Бээжин аварга бас хичээллэдэг байсан. Чөлөөт бөхөд үндэсний бөхийн мэх үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг Бээжин гуайн барилдаанаас мэдэж авсан шүү. Уран мэх, хурц барилдааныг нь харж байхад бахархмаар санагддаг. Яаж ийм хурдан хөдөлгөөнтэй, уран мэхтэй болъё доо гэж бодогддог сон. Ер нь тэгж харж бахархаж, дуурайж явсны хүчинд л би бөхийн мэх хийх дөртэй болсон болов уу. Бээжин гуайг хурц шаламгай, уран мэхтэй гээд байгаа нь зүгээр нэг магтах гэсэн үг биш, үүний цаана маш нарийн ёс дэг журамтай шинжлэх ухаан байгаа хэрэг гэж би боддог.

Задгай шар, аймгийн арслан Н.Лхагвадорж: Бээжингийн дунгуйлдах, өхийлдөх, суйлах, тонгорохыг нэгэн удаа өнгөрөөсөн хэрнээ унасан юм. Бээжин хэзээний угсраа мэхээ хийгээд түр амсхийдэг зуршилтай, энэ үед нь би бараг л ард нь гарч тэврээд автал "тавилцъя" гэхээр нь барьцаа сулруултал ганцхан түлхчихээд дэвчихдэг байгаа.

Хоёр Мөнхийг 1970 онд чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд АНУ руу явсан үед болсон олны дундах яриа: Бээжин арслангийн бэлтгэл ханасан бол уран мэхийг ч ёстой нэг уралдуулах биз гэцгээж байтал энэ наадмын наймын даваанд дархан аварга Дамдин улсын заан Эрдэнэ-Очирыг амаллаа гэж зарлав. Мөн энэхэн үед Бээжин Дэмүүлийг барахгүй, бяртай хүнд гэхээс мэхтэй хүнд хөдөлдөггүй суурьтай бөхдөө гэж ам түргэнтэй нэгэн нь хэлжээ. Тэр үед хоёр арслан өрлөө. Бээжин барьц халангуут хоёр талаараа ээлжлэн хавирах, өсгийлдөх, тонгорох зэрэг арваад мэх угсруулснаа Дэмүүлийг хүчээ цээжиндээ өгөн цахдах агшинд гараараа самгардуулан хуурамч суйлснаа огцомхон больж хөлөөрөө гүйцээгээд суйлчихжээ. Энэ үед улсын заан Дорлиг "Хай яа, мөн ч олон мэх өнгөрөөсөн дөө. Түр амсхийх нь гээд тайвшрах агшинд гүйцээчихлээ. Уг нь Дэмүүл тулдаа тэссэн сэн, гэнэдүүлж орхилоо" гэсэн гэдэг.

Эх сурвалж: "Домогт бөхчүүдийн омогт барилдаан" ном

"Бөх" сонин

Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]