Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Брошегийн туршилтууд ба мэргэжилтнүүдийн дүгнэлт ээ гэж...Уншсан5,332

Энэ явдлын дараа Францын Бордо хотын Их Сургуулийн Фредерик Броше гээч нөхөр дарс болон бусад гашуун юмны мэргэжилтнүүдийг хэр мундаг нөхдүүд байдгийг яг таг мэдэхийн тулд туршиж үзэхээр шийджээ. Тэрээр хоёр туршилт хийж үзэх ба эхний туршилт маш энгийн буюу хоёр янзын дарсыг амсаж үзээд ямархуу чанартай эд болох талаар мэргэжилтнүүд дүгнэлтээ хэлэх ёстой байлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Танд янз бүрийн архи, дарс, коньякын аль нь сайн муугийн тухай мундаг гээч нь тайлбарлах ямар нэг танил, найз нөхөр бий гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэд маань бидний сайн сайхны төлөө ”Тийм хачин юм ууж болохгүй, ийм сайн юм ууж бай, би тийм л юм уудаг, тэр нь сайн...” гэх мэтээр байнга зөвлөж, өөрийнхөө эрдэм чадлаа илээр, “эрхэм дээдэс” шахам хүн гэдгээ нууцаар ойлгуулах нь зөндөө.

Үүнийг бичиж суугаа нөхөр нь тэрхүү гашуун нясуун юмыг хатуу зөөлөн гэдгээс өөрөөр ангилж чаддаггүй доодос нэгэн гэдгийг нуугаад яахав. Магадгүй чухам ийм сул дорой болохоороо тэр юм уу Фредерик Броше гээч нөхрийн хийсэн нэгэн туршилтыг уншаад мөн ч их инээж билээ.

Бостонд болсон туршилт

Нэгэн удаа Бостон хотод дарсны амт чанарыг шалгаж амсдаг уламжлалт үйл явдал болж, гадаад дотоодын цөөнгүй дарсны мэргэжилтнүүдийг үүндээ урин авчирсан ба тэд хамгийн сайн болсон дарсыг нь тодорхойлох ёстой байж. Харин энэ үйл ажиллагааг зохион байгуулагчид нь энгийн, 12 доллараас хямд үнэтэй дарснуудыг сонгон авчирсан ба энэ нь дэлхийн хэмжээний том мэргэжилтнүүдийн анхааралд өртөж байгаагүй муухан юмнууд байж. Ингээд хамгийн энгийн дэлгүүрээс авсан дарснуудыг өнөөх мэргэжилтнүүд маань шалгаж үзээд (тэд ямар дарс ууж байгаагаа мэдэхгүй, зөвхөн өгсөн хундагатай дарсыг л амсаж үзээд дүгнэлтээ гаргана) сайн муугаар байр эзлүүлтэл хамгийн хямдхан дарс нь хамгийн шилдэг сайн дарс болж хувирчээ. Чухам мэргэжилтнүүд гэж ийм таарсан худлаа нөхөд байсан уу эсвэл хачин сайн дарсыг хамгийн хямдаар зарсан цорын ганц тохиолдол таарсан уу бүү мэд.

 

Брошегийн туршилт

Энэ явдлын дараа Францын Бордо хотын Их сургуулийн Фредерик Броше гээч нөхөр дарс болон бусад гашуун юмны мэргэжилтнүүдийг хэр мундаг нөхөд байдгийг яг таг мэдэхийн тулд туршиж үзэхээр шийджээ. Тэрээр хоёр туршилт хийж үзэх ба эхний туршилт маш энгийн буюу хоёр янзын дарсыг амсаж үзээд ямархуу чанартай эд болох талаар мэргэжилтнүүд дүгнэлтээ хэлэх ёстой байлаа.

57 мэргэжилтнүүдийн өмнө хоёр хундага дарс байх ба нэг нь цагаан, нөгөө нь улаан. Мэргэжилтнүүд дарсыг амталж үзээд ярьж өглөө.

...Улаан дарсны "jamminess" нь (бодвол чанамал жимсний амт гэсэн үг юм болов уу) маш сайхан, улаан жимс болон үрийн нунтаг жижиг хэсгүүд хэлний угт мэдрэгдэж байна... мэргэжилтнүүд аливаа юмыг магтан дуулахаараа яаж донгоддог билээ яг л тийм юм болсон юм байх. Харин үнэндээ мэргэжилтнүүдийн өмнө хоёр адилхан цагаан дарс байсан ба нэгэнд нь ямар ч үнэр амтгүй улаан будаг дусаасан төдий байж. Мэргэжилтнүүд гэж нэг иймэрхүү.

 

Дараагийн туршилт

Броше мэргэжилтнүүдийн өмнө хоёр лонх дарс гаргаж тавилаа. Нэг нь Grand Cru (дарсны хамгийн өндөр зэрэглэл бололтой) ангиллынх бол нөгөөх нь хаа сайгүй байдаг хямдхан дарс. Мэргэжилтнүүд амсаж үзээд гаргасан дүгнэлтэд нь “Grand Cru нь маш маш сайхан амттай, модны амт нь мэдрэгдэж, бүхэл бүтэн дүүрэн амтаар хэлийг минь баярлуулж..." гэх мэт үгс урсаж байв.

Харин энгийн дарс нь амтгүй, дэндүү сулбагар, ямарваа нэг гоё сайхан нарийн амт мэдрэгдэхгүй хэтэрхий энгийн... Зарим нэг мэргэжилтнүүд нь энгийн дарсыг хүний хүнсэнд байж боломгүй муу муухай зүйл, эрүүл мэндэд ч муугаар нөлөөлөх мэтийн юм дүгнэлт гаргасан байжээ.

Гэтэл тэдний өмнө тавьсан хоёр дарс нь үнэндээ бол дундаж үнэтэй энгийн Бордо дарс байсан ба ердөө хоёр лонхонд хуваагаад л хийсэн байв.

Хөөрхий мэргэжилтнүүд гэж... Та бүхэнд Тунгалаг Тамир киноны нэгэн хэсэг санаанд орохгүй байна гэж үү?

Итгэлт баян Эрдэнийг дагуулан “Хүрээ Ёндон"-гийнд зочлохдоо баян тарган, хол явж их юм үзсэн, догь хүн болох гэж өгсөн хоол болгоныг нь “Нанжин хотын зээлийн гуанзанд идсэн хоол, Петроградын тосонд шарсан үхрийн мах мөн ч” гэх мэтээр худал дүгнэж байгаад балардгийн даваан дээр Эрдэнэ авардаг тэр хэсгийг? Яг л тэр биш гэж үү. Болохоо байгаад ирэхээрээ “Ёндоон танайх жилд хэдэн байцаа иддэг вэ?” гэх мэтээр дүйвүүлээд өнгөрсөн Итгэлт шиг нөхдийг л мэргэжилтнүүд гэдэг юм болов уу? 

Брошегийн туршилтаас харахад тэрхүү мэргэжилтнүүдийн хэл жирийн хүнийхтэй адилхан л “урт, өргөнтэй”, ижилхэн зүйл л мэдэрдэг бололтой. Харин тэрийгээ гаргаж хэлэхдээ л илүү урт сунаж, нарийн чамин гогцоордог ялгаатай юм байна гэмээр.

Ер нь бол хэдэн оны, ямар төрлийн дарс гэдгийг ялгадаггүй төдийгүй ядаж улаан цагаан эсэхийг ялгаж салгаж мэдэхгүй тэр нөхдийн энд тэнд худлаа хэлсэн ярьсан юмыг даган баясаж, тэдэн шиг ер бусын сайхныг амтлан мэдэрч, жаргаж, бусдад зааж байдаг бидэнд яг л тиймэрхүү мэргэжилтнүүд хамгийн сайн таарах байх.

 Дарсны мэргэжилтнүүдийн хувьд яахав “худлаа бураа л биз” гээд өнгөрч болох. Харин бусад юмны мэргэжилтнүүдийг яана аа? Одоо сошиал сүлжээг харж байхад “Гамшгийн үеийн”, ”Сонгуулийн системийн”, “Микробиологийн” гээд үй түмэн мэргэжилтнүүд. Яана даа гэмээр мундаг мундаг дүгнэлтүүд хаа сайгүй. Уг нь эд чинь саяхан л гайгүй сайн “улстөр судлаач мэргэжилтнүүд” байсан сан, ямар хурдан боловсорч төгөлдөржиж, хувиран өөрчлөгдөж байдаг хүмүүс юм.

P.S

Энд мэргэжилтнүүд гэж бичихдээ “сайн дурын уран сайханч”, сошиал сүлжээний зарим нэг “од”, телевиз радиогийн байнгын зочид зэрэг юуны ч тухай хамаагүй, ямар ч хамаагүй аргаар юм болгоныг буруутган дүгнэж байдаг нөхдийг хэлж байгаа юм шүү гэдгийг заавал хэлэх хэрэгтэй болов уу. Бидэнд ийм мэргэжилтнүүд биш харин жинхэнэ мэргэжлийн хүмүүсийн, хамаг зовлонг нь үзэн туулж байгаа хүмүүсийн үгийг л илүү сонсох хэрэгтэй байна шүү гэмээр.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]