Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Төрбат: Бидэнд археологийн музей байгуулчих хэмжээний хосгүй үнэт олдвор бийУншсан8,116

Монголын түүхийг дан ганц бичгийн сурвалжаар судалвал Хүннүгийн үеэс урагшаа ахихгүй

Түүх, археологи сонирхогч уншигчдадаа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл Төмрийн судалгааны салбарын эрхлэгч доктор Ц.Төрбатын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэж байна.


Монголын мэдээ сонин: Музей байгуулчих хэмжээний хосгүй үнэт олдворууд бидэнд байгаа

-Эртний олдвор олдсон талаархи мэдээлэл сүүлийн үед хэд хэд гарлаа. Энэ нь иргэдийн мэдлэг, мэдрэмж өндөр болсных уу. Эсвэл өөр хүчин зүйл байна уу?

 

-Олдвор олдох нь гэнэтийн байх нь бий. Энэ нь ихэвчлэн ард иргэдийн гар дээр олдсон, мэдээлэгдсэн зүйлс байдаг. Үүний хажуугаар төлөвлөгөөтэй судалгаанууд ч явагдаж байгаа. Хэвлэл мэдээллээр шуугиад байгаа нь тун багахан хэсэг нь. Тэдгээр нь ач холбогдолтой хэдий ч түүнээс илүү чухал ач холбогдолтой олдворууд төлөвлөгөөт малталт судалгааны үед гарч ирдэг. 2017 оны хувьд манай Түүх, археологийн хүрээлэн нэлээд өргөн хүрээтэй малтлага судалгаа хийж, хэд хэдэн сонирхолтой олдворууд оллоо. Эдгээр нь манай түүхийн тодорхой үед хамаарах, одоо болтол хариулт нэхэж байсан асуултуудад хариулт өглөө.

-Тухайлбал, ямар олдворууд олов. Мөн ач холбогдлыг нь хэрхэн үнэлж байна вэ?

-Хэд хэдэн зүйлийн талаар энд онцолж яримаар байна. Хүннүчүүдийн гарал үүсэл, аж ахуй, соёл, Монголын түүхэнд эзлэх байр суурийн талаар өнөөг хүртэл анхаарал татдаг хэдий ч бүрэн тодорхой болоогүй асуултууд бий. Ялангуяа үйлдвэрлэлийн хөгжлийн асуудал нь тодорхойгүй байсан. Ер нь Хүннүгийн үйлдвэрлэлийн хөгжил зөвхөн тэдний тухайд ч биш Төв Азийн нүүдэлчдийн талаархи нэгдсэн мэдээллийг өгдөг. Тэд газар тариалан, гар урлалын том хөрштэй байсан хэдий ч өөрийн гэсэн үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулж байсан нь хөршөөсөө /Хятад улс/ хамааралгүй байх төрийн бодлого зорилт байсныг гэрчилдэг. Иймээс ч газар тариалан, гар урлалын төвүүдийг олноор нь байгуулсан байдаг. Үүнийг гэрчлэх Хүннүгийн үеийн хэд хэдэн томоохон суурин манайд болон Буриадад илэрсэн. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Бороогийн суурин, Буриадад Мангиртай, Дөрөөгийн, Ивлэгийн зэрэг суурингууд. Эдгээрийн сууцны бүтэц, хэмжээ нь бүгд яг адилхан байдаг. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр, тэдгээрийг зорилготой, зохион байгуулалттайгаар газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр барьж байгуулсан байна. Ингэж өөрийн гэсэн үйлдвэрлэлийн төвүүдтэй болж байж. Өөрөөр хэлбэл, Хятадаас үр тариа, хүнсний бүтээгдэхүүн, зэр зэвсэг, төмөрлөг болон шавар ваар савны хамааралгүй байхыг зорьж байсныг илтгэдэг. Энэ бүхэн өнөөгийн бидний амьдрал, улс орны нөхцөлтэй ч холбоотой зүйл байгаа биз. Бүр 2000 жилийн өмнө ч Хятадаас хамааралгүй байх үйл явц явагдаж байж. Мөн тэр үед бүх зэр зэвсгээ төмрөөр хийж байсан. Тиймээс төмөр боловсруулах асуудал их чухал. Үүнийг гэрчлэх төмрийн зуухнуудыг Монгол-Японы хамтарсан экспедиц Хэрлэнгийн эх, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас илрүүлсэн. Эдгээр зуухны хийц нь тухайн үеийн Хятад зуухнаас тэс ондоо байсан нь технологио тэндээс аваагүйг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн соёлын хүрээнд орон нутгийн өвөрмөц технологиор төмрөө хайлуулж байсан байна. Энэ их чухал. Мөн барилгын өнгөлгөөний зориулалттай вааран материал хийдэг том зуухнуудыг ч олсон. Эд бүгд энэ жилийн чухал үр дүн.

-Түүхийн хувьд нэлээд судлагдсан боловч археологийн хувьд бүрхэг, дурсгал цөөтэй Хүннүгийн дараах Сяньби, Жужаны үеийн дурсгалууд илэрсэн гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Сяньбигийн үеэс Түрэгийн үе хүртэлх 300 жилд хамаарах /НТӨ 11-У зуун/ төмрийн хэд хэдэн зуухыг Баян-Өлгий, Увс аймгийн нутгаас Монгол-Японы хамтарсан экспедиц илрүүлж олсон. Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөний дараа хэсэг улс төрийн вакум орон зай үүсч, хүн ам нь цөөрч одоогийн Төв Азийн нүүдэлчид Өвөр Монголд байсан Сяньби нарын улс төрийн нөлөөнд орж, аж ахуйн болоод соёлын хувьд уналтад орсон мэтээр ярьдаг. Тэгвэл энэ үед тэд төмрийн үйлдвэрлэл эрхэлж байсныг гэрчлэх олдворууд олдсон. Энэ бол томоохон зорилттой, зохион байгуулалттай, төвлөрсөн удирдлагатай нөхцөлд бий болдог технологи. Түүнээс жижиг аймаг ийм хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжгүй. Мөн Түрэгийн мандаж гарсан түүхтэй холбоотойгоор Жужаны үеийн төмөрчин боолууд байсан хэмээн хятад сурвалжуудад бичсэн байдаг. Тэгвэл энэ үед холбогдох Түрэгийн үеийн хүдэр боловсруулах зуухыг илрүүлсэн нь манай түүхийн чухал ололт. Үүнийг бараг 100 жил хайсан. Одоо судалгаа нь эхлээд байгаа. Сяньбигийн үеийн археологийн дурсгал гэхэд таван жилийн өмнө үзүүлэх зүйл бидэнд байгаагүй. Харин сүүлийн жилүүдэд хэдэн хэдэн дурсгалыг илрүүллээ. Ингэснээр бүхэл бүтэн үе хоосон байсныг нөхөх зүйлтэй боллоо. Монголын археологи баяжиж, эртний түүхээ бичих боломж нэмэгдэж байна. Өмнө нь үзүүлэх юм байхгүйгээс хятад сурвалжийг барьж хэсэг "ноолдог,г байсан. Одоо бид тодорхой бодит гарт үзэгдэх зүйлтэй боллоо. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулнаас Сяньбигийн үеийн торгон дээлтэй хагас хатмал, байгалийн жамаараа болсон мумми олсон. Сар гаруйн өмнө нэг хэсэг Солонгосын хэвлэлээр шуугиад байсан даа. Тэр чинь Солонгосын хэвлэлд яриад байгаа шиг хятад биш юм. Торгон хувцас бол байсан. Гэхдээ тэр чигээрээ Хүннүгийн дараа үеийн Монгол Алтайн нүүдэлчдийн сонгодог хэлбэрийн зан үйлтэй, нүүдлийн соёлын хүрээнд багтаж байгаа дурсгал. Энэ мэт олдворууд нь Монгол Алтай археологийн өв соёлын үүцээ дөнгөж нээж, цаашид агуу их нээлтүүд хүлээгдэж байгааг харуулж байна.

-Ихэнх томоохон судалгааны ажлууд гадны хөрөнгө оруулалттай хийж байна гэж та дурьдлаа. Тэгэхээр нэг талаас нүүдэлчдийн соёлыг судлах сонирхол байгаа байх. Нөгөө талд өөр ямар нэгэн сонирхол байдаг уу?

-Энэ бол цэвэр шинжлэх ухааны сонирхол. Яагаад гэхээр эндээс ямар ч ашиг олохгүй шүү дээ. Зардлаас өөр зүйл байхгүй. Манай улс том газар нутагтай. Өмнөд Сибирь, Хятадын дунд байрладаг. Тиймээс Хятадыг ойлгохын тулд, Сибирийн археологийн соёлын хөгжлийг мэдэхийн тулд Монголыг судлах хэрэгтэй болдог. Маш олон зүйлийн зангилаа манайд байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын эртний түүх ийм чухал байр суурьтай юм. Жил бүр 20 гаруй олон улсын хамтарсан төслүүд хэрэгжиж байна. Ийм хэмжээний цар хүрээ, хамтын ажиллагаатай археологи энэ бүс нутагт байхгүй. Үүнийг дагаад Орос, Япон, Америк, Баруун Европын онцлог бүхий сонгодог археологийн уламжлал манайд нэвтэрч Монголын археологид нийлж байна. Бид эндээс авахаа авч, хаяхаа хаяснаар Монголын археологи гэх өвөрмөц сургууль бүрдэх эхлэл тавигдаж байгаа юм.

-Орхон аймгийн Айргийн гозгороос олдсон олдворыг орон нутаг нь өөрийн хөрөнгө оруулалтаар судалж, эргээд өөрсдөө аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаа гэж байсан. Тийм ашиг сонирхол байх нь түгээмэл зүйл үү?

-Аялал жуулчлалын хөгжилд археологи үүрэг гүйцэтгэх нь хэвийн үзэгдэл. Гарсан олдвороо хадгалалтын орчныг нь бүрдүүлээд хадгалж чадна гэвэл болох л зүйл. Тухайн аймгийн аялал жуулчлалын потенциаль нэмэгдэнэ. Сүүлийн жилүүдэд энэ мэт зорилтот аялал жуулчлалыг өсгөх, музейн сан хөмрөгөө баяжуулах захиалгат төслүүд бас хэрэгжиж байгаа. Энэ жил хийсэн Тамирын Улаан хошууны малтлага нь Төрийн түүхийн музейн захиалга байсан. Тун сонирхолтой эд өлгийн зүйлс олдсон. Энэ нь Хүннүгийн дундаж давхаргын иргэдийн хамгийн том оршуулгын газар. Нийт 400 гаруй булштай. Хүннүгийн оршуулгын болоод бусад дурсгалуудын хамгийн том бөөгнөрөл гэж болно. Энд Монгол Францын хамтарсан экспедиц 2013 оноос хамтарсан судалгаа хийж, ердөө 47 булшийг нь судлаад байна. Цаашид үргэлжилнэ. Улс төр, засаг захиргаа, эдийн засаг, аж ахуйн төв нь Тамирын хөндийд байсан бөгөөд хамаг гол дурсгал нь тэнд байгаа. Тэгэхээр үүнийг цаашид аялал жуулчлалын том бүс болгож, нүүдэлчдийн эзэнт гүрний төв гэсэн утгаар нь хөгжүүлэх том зорилт байгаа юм. Маш олон сонирхолтой эд өлгийн зүйлс ваар сав, гоёл чимэглэл, урлагийн онцгой бүтээлүүд гарсан. Урьд нь зөвхөн язгууртны булшнаас гардаг байсан амьтны дүрстэй алт мөнгөн хөөмөл чимэглэлүүд энэ жил жирийн иргэдийн булшнаас гарч ирсэн. Урлагийн өндөр төвшинд бүтээгдсэн, дээрээ янгирын дүрстэй хэд хэдэн мөнгөн чимэглэлүүд гарсан. Эдгээрийг Төрийн түүхийн музейд шилжүүлнэ. Ийнхүү музейн үзмэрийн сан хөмрөг нэмэгдэж баяжсанаар чадамж нь нэмэгдэх нь олгомжтой. Энэ бидний хийх ёстой зүйл.

-Хэд хэдэн олдворуудын талаар нийтэд мэдээлэл түгж нэг хэсэгтээ шуугилаа. Тухайлбал, дээр дурьдсан Орхоны Айргийн гозгорын олдвор, "адидас" брэндийнхтэй төстэй гутал мөн хэдхэн хоногийн өмнө Увс аймгийн Давстаас эртний хүн олдлоо гэж байсан. Эдгээр олдворуудын судалгаа шинжилгээ, хадгалалт хамгаалалт ямар төвшинд байгаа вэ?

-Эдгээр нь манай хүрээлэнгийн шууд эрхэлж хийсэн ажлууд биш байна л даа. Тиймээс яг тодорхой хэлэхэд хэцүү байна. Ер нь бүх ажил ном журмын дагуу явагдаж байгаа болов уу. Тухайлбал, Айргийн гозгорын малтлага маш амжилттай явагдаж байгаа гэж сонссон. Үүнийг Үндэсний түүхийн музейн доктор Ц.Одбаатар ахлан явуулж байгаа. Хоёр жилийн өмнөх Ховд аймгийн Мөнххайрхан сумаас илрүүлсэн Үзүүр гялааны оршуулга буюу хүмүүсийн "адидас" гутал шиг гэж яриад байгаа олдвор бол Түрэгээс Хятаны үед хамаарах оршуулга. Тухайн цаг үеийнхээ соёлыг илэрхийлж чадахуйц чухал олдвор. Сэргээн заслыг Соёлын өвийн төвд хийж, манай судлаачид экспертээр ажилласан. Зарим шаардлагатай дээжүүдийг хамтарч ажилладаг гадаадын нөхдөөр хийлгэсэн. Судалгааны ажил нь үргэлжилж байгаа. Цаашдаа үндэсний хэмжээний музейд тавигдах Монголын эртний соёлыг илэрхийлэх олдворууд болно гэж найдаж байна. Сүүлийн Давстын олдворыг ямар байгууллага эрхэлж байгааг сайн мэдэхгүй байна. Ер нь иймэрхүү олдворууд нэлээд гардаг л даа. Гэхдээ тэр бүр хэвлэлээр мэдээлэгдээд байдаггүй. Миний ойлгосноор дундад зууны үеийн байдаг нэг онцлох зүйлгүй оршуулга. Сонирхолтой олдвор. Гэхдээ онцлох зүйл биш гэж бодож байна.

-Та бүхний олоод байгааг нийтэд дэлгээд, жуулчдыг татаад, гайхшируулж бишрүүлээсэй, бас мөнгө болгоосой гэх хүсэл байх шиг...

-Одоо манайд археологийн музей байгуулчих хэмжээний олдвор байгаа шүү. Бидний бишрээд байдаг Ази, Европын олон музейн үзмэрүүдийн зарим хэсэг нь хуулбар байдаг юм. Өөрөөр хэлбэл, нэг л том зүйлээ түшиглээд бусад олон реплика буюу хуулбараар дүүргээд музей байгуулдаг. Гэтэл манайх дандаа эх хувь, хосгүй үнэт зүйлстэй атлаа одоо болтол музейгүй байна. Ийм музейтэй болчихвол гадна дотны хүмүүс ч анхаарч сонирхоно, аялал жуулчлалын потенциал ч нэмэгдэх юм. Хүрээлэн энэ ажлыг олон жил хөөцөлдөж байна шүү дээ. С.Чулуун захирлын санаачилгаар Төв аймгийн хажууд музейн газрын зөвшөөрлөө аваад байна. Одоо зураг төслөөс эхлээд хөрөнгө оруулалт шаардлагатай. Эхний шатны хөрөнгө оруулалтын төсвийг ч хийгээд дээд газарт мэдүүлчихсэн хариугаа хүлээгээд сууж байх жишээтэй. Музей байгуулагдвал манай эрт- ний өв соёл ямар гайхамшигтай вэ гэдгийг харах боломжтой болно. Энэ бол зөвхөн аялал жуулчлалын төдийгүй, соёлын өрсөлдөөний асуудал юм. Манай хөршүүд соёлоороо дэлхийд асар хүчтэй нөлөөлж чадаж байна. Хятад, Солонгос гэхэд өөрсдийгөө 5000 жилийн түүхтэй хэмээн сурталчилдаг. Гэтэл бид 800 жилийн түүхээ яриад л сууна. Агуу том түүхтэй гэдгээ илэрхийлэх археологийн бодитой материалууд маань байна. Гэвч харамсалтай нь гаргаж тавьж чадахгүй байдаг. Бидэнд Солонгос, Хятадын соёлоос дутахааргүй эртний гайхамшигтай соёл бий гэдгээ үзүүлэх ёстой. Ингэхийн тулд музей хэрэгтэй. Мэдээж хөрөнгө мөнгө их шаардагдана. Гэхдээ санхүү хэцүү ч зайлшгүй хийх юм гэж байдаг. Бидэнд байгаа бүхэн үнэхээр үнэ цэнэтэй. Үүнийгээ "чулуу" болгож чадахгүй байна. Үүнд төр засгийн дэмжлэг, ард иргэдийн хүсэл ч чухал. Энэ бол манай археологчдийн хүсэл, мөрөөдөл юм шүү.

-Та бүхний нээн илрүүлсэн гэх эдгээр олдворуудын хадгалалт хамгаалалт ямар байдаг юм бол?

-Хадгалалтын орчин бүрдсэн сан хөмрөг байхгүй. Маш хүнд нөхцөлд байгаа. Чийгтэй, халуун нөхцөлд байна. Тодорхой температур, чийгшлийг хангасан, тусгай сан хөмрөгийн орчин бүрдүүлэх ёстой. Тэгж байж хойч үедээ үлдээнэ. Гэтэл одоо сайхан сэргээн засварлаад ирсэн олдворуудаа тохиромжгүй нөхцөлд байлгаж байна. Ингэж халуун чийгтэй газар удаан хадгалбал хэдэн жилийн дараа байхгүй болно. Даруйхан арга хэмжээ авахгүй бол хүнд байна. Гэтэл судалгаа нь үргэлжлээд байдаг. Гайхамшигтай олдвор гаргаад ирлээ, хамтарч ажилладаг гадаадын нөхөд маань үнэ төлбөргүй засаад өглөө. Тэгтэл авчираад буруу хадгалаад байна. Бодит байдал ийм л байна. Үүнийг хэлэх ёстой.

Ярилцсан Г.Ганцэцэг


 Үнэн сонин: Бид археологигүйгээр түүхээ төсөөлөхийн аргагүй

-Бидний оршин буй нийгэмд археологичид ямар үүрэгтэй хүмүүс вэ. Археологийн шинжлэх ухааны ач холбогдол нь юу байдаг юм бэ?

-Археологийн судалгаа, археологийн шинжлэх ухааны бүтээж буй мэдлэггүйгээр зарим түүхэн үеийг судлах боломжгүй юм. Жишээлбэл, Монголын түүхийг дан ганц бичгийн сурвалжаар судлах юм бол Хүннүгийн үеэс урагшаа судлах боломжгүй болчихно. Тэгэхээр Монгол нутагт хүн анх үүссэн, хэрхэн тархан амьдарч байсан асуудал, Монголоор дамжуулаад Зүүн хойд Азийн бүс нутаг, дэлхийн бөмбөрцгийн умард хагаст хүн амьдарч байсан түүхийг зөвхөн археологийн судалгаанд үндэслэж л тогтооно. Монгол нутагт анхны үйлдвэрлэл тэр дундаа мал аж ахуй үүссэн түүх нь их чухал асуудал. Үүнийг юугаар судлах вэ гэхээр археологиор л тодруулна. Тиймээс археологи нь түүхийг бүтээгч гэж хэлж болно. Бичгийн сурвалжаас ялгаатай нь археологи өөрийн гэсэн хэлтэй. Тэр нь эд өлгийн зүйл юм. Эд өлгийн зүйлсийг “яриулах” тухай асуудал байна. Бичгийн сурвалж бол тодорхой хүүрнэлтэй. Харин эд өлгийн зүйл нь өөрөө ярихгүй. Үүнийг “яриулдаг” арга нь археологи юм. Эд өлгийн зүйлийн он цагийг тодорхойлж, тухайн дурсгалуудын хоорондын хэлхээ холбоог илрүүлээд нийтлэг зүйлийг нь олж, бие даасан археологийн соёл гэдгийг тодорхойлно. Тэгээд энэ нь тодорхой түүхэн үед ямар хөгжлийн төвшинд байв. Урд хойдох үетэйгээ яаж холбогдож байна гэдгийг бүс нутгийн хүрээнд судалдаг. Сүүлийн үед археологи нь байгалийн ухаантай өдөр тутам холбогдох болсон. Тухайлбал, физикийн он цаг тогтоох аргуудыг хэрэглэхийн тулд энэ салбарын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байна. Монголын археологийн нэг тулгуур нь мал аж ахуйтай холбоотой. Мал аж ахуйгаа тойроод бүх юм явсан байдаг. Үүнийг судлахын тулд бид нүүдлийн хэв шинжийг заавал мэдэх шаардлагатай. Үүнийг судлахын тулд бид хими физикийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. Археологигүйгээр бид түүхээ төсөөлөх аргагүй. Археологи нь биетэй бодит зүйл байдаг учраас музейн үзмэрүүдийг бүрдүүлж байна. Аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн нь Монголын музейнүүдийн үндсэн үзмэрийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн хөдөө орон нутагт хэд хэдэн судалгааны баазыг байгуулсан. Эдгээр бааз байнга жуулчдад үйлчилж байгаа. Мөн хэд хэдэн газар археологийн дурсгалыг сэргээсэн. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Жаргалантын аманд буган хөшөө, хэрэгсүүрийг бүрэн хэмжээгээр сэргээн босголоо. Энэ нь аялал жуулчлалын бэлэн болсон томоохон цогцолбор болчихсон байна. Энэ мэтчилэн археологийн судалгаа бидний амьдралд хэрэгжээд үр шимээ өгч байна.

-Та яагаад археологич мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би 1990 онд МУИС-ийн түүхийн ангид элсэн суралцсан. Нэрт эрдэмтэн Г.Мэнэс, З.Батсайхан багшийгаа дагаад археологийн салбар руу орсон. 1991 оны зунаас эхлээд археологийн судалгааны ангид сайн дураараа явдаг байлаа. Түүхийг хамгийн биетэй бодитой, үнэн зөвөөр нь илэрхийлж чадах нэг хэлбэр нь археологи юм болов уу гэж бодож энэ салбарыг сонгосон юм. Мөн археологич хүний өдөр тутмын ажил хөдөлмөр, хээрийн судалгаа их сонирхол татдаг байлаа. Дандаа шинэ газар орныг үзэж, шинэ зүйлийг нээж байдаг учраас залуу хүний сонирхлыг илүү татсан байх.

-Таны судалгааны ерөнхий чиглэл Хүннү судлал болон Монголын хүрэл, төмрийн үеийнх. Судалгааныхаа талаар манай уншигчдад танилцуулах уу?

-Миний судалгааны үндсэн чиглэл хоёр үе шаттай гэж хэлж болно. 1994-2005 он хүртэл Хүннү судлалын чиглэлээр ажиллаж байлаа. 2004 онд “Хүннүгийн жирийн иргэдийн булшны оршуулгын зан үйл” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш Монголын хүрэл, төмрийн үеийн судалгаанд гол анхаарлаа хандуулж байна. Судалгааны обьект маань ихэвчлэн баруун аймгуудад байдаг учир нэлээн олон жил баруун Монголд тогтвортой ажиллаж байна. Төмрийн түрүү үеийн Пазырыкийн соёл, Чандмань-Сагилын соёлын судалгаанд шинэлэг байдлаар хандаж байгаа. Хамгийн анх Пазырыкийн соёлын булшийг манай судалгааны баг Монголд малтсан. 40 гаруй булш байлаа. Энэ чиглэлийн судалгааны гол эх хэрэглэгдэхүүнийг манай судалгааны байгууллага бүрдүүлсэн. Мөн хүрлийн үеийн хэд хэдэн археологийн соёлыг ч нээжээ. Өмнө нь мэдэгдээгүй байсан хэд хэдэн шинэ төрлийн дурсгалыг илрүүлсэн. Монголын хүрлийн үеийн археологийн судалгаа 2000- аад онд сул байсан. Тэр дундаа Баруун Монголыг судлаагүй байлаа. Улаанбаатар хотоос манай судалгааны обьект 2000 гаруй км хол, дөрөв тав хоног явж байж очдог байсан учраас бэрхшээлтэй байсан байх. Тухайн үед хүрлийн үеийн төв, зүүн Монголд дөрвөлжин булшны соёл, төв ба баруун Монголд хиргисүүр булшны соёл байгаа гэж хоёрхон соёлын талаар ярьдаг байлаа. Одоо бол долоо найман соёлын талаар ярьж байна. Энэ нь манай судалгааны баг болон Орос-Монголын хамтарсан судалгааны багийн хийсэн ажлын үр дүн юм. Түрүү хүрлийн үеийн буюу одоогоос 4200-4800 жилийн өмнөх түүхэн үед холбогдох дурсгал манайд огт байгаагүй. Манай судалгааны баг энэ үед холбогдох Хэмцэгийн археологийн соёлын дурсгалыг нээсэн. Тиймээс Баруун Монголын хүрлийн үе, төмрийн үе, дундад зууны Түрэгийн үеийг багтаасан эртний түүхийг цоо шинээр бичих боломж бүрдсэн гэж ойлгож болно. Монголын түүхэнд хов хоосон цагаан үе олон байсан. Үүнийг л бид дүүргээд явж байна даа.

-Та 2013 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Тамирын Улаан хошууны Хүннү булшнаас НТӨ Нийтийн тооллын өмнөх, V-IV зууны Иран буюу Сасанидын хаант улсын үеийн зоос илрүүлсэн юм билээ. Эдгээр нь манай нутгаас өмнө нь илэрч байгаагүй ховор зооснууд байсан гэсэн?

- Архангай аймгийн Өгийнуурын Тамирын Улаан хошууны булш нь Хүннүгийн жирийн иргэдийн булшнууд дотроо нэлээд өвөрмөц байр суурьтай дурсгал. Оршуулгын зан үйлийн хувьд жаахан ялгаатай. Тэнд байгаа бүх хүний толгойг зүүн тийш нь харуулж оршуулсан байдаг. Зэр зэвсгийн зүйл харьцангуй бага, харин ваар савны зүйл маш их илэрсэн. Эндээс бид Хүннүгийн археологийн соёлд өмнө нь илрээгүй долоон шинэ төрлийн ваар олсон. Иймэрхүү маш олон сонирхолтой эд өлгийн зүйл гарсны дотор НТӨ V-VI зууны Иран буюу Сасанидын хаант улсын үеийн он цаг нь тодорхой мөнгөн зоос ч байсан. Гэхдээ энэ зоос нь булшны он цагийг илэрхийлэхгүй. Магадгүй хожуу тонуулын үед булшинд орсон зүйл гэж ойлгож байгаа. Энэ нь газрын гадаргаас метр гаруйн гүнээс эртний тонуулчдын бүрхнээс илэрсэн. Тиймээс ингэж үзэж байгаа юм. Харин үүнтэй ижил мөнгөн зооснууд Архангай аймгаас дарш хэлбэртэйгээр олноор илэрсэн. Үүнийг Монголын үндэсний музей худалдаж авсан сурагтай. Мөн Нүүдлийн соёл иргэншил судлалын олон улсын хүрээлэнгийн профессор А.Очирын удирдсан малтлагаар Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбаас үүнээс арай хожуу үеийн түүхэнд хамаарах алтан зооснууд гарсан. Үүнээс үүдээд баруун зүгийн орнуудтай нүүдэлчид хэрхэн харилцаж байсныг судлах шаардлага гарч ирж байгаа юм. Ганцхан энэ зоос төдийгүй баруун зүгээс гаралтай олон зүйл сүүлийн үед илэрч байна. Тухайлбал, Тамирын Улаан хошуунаас нийтийн тооллын завсрын үед Газар дундын тэнгист үйлдвэрлэдэг байсан алтан түрхлэгтэй шилэн сувс маш их хэмжээгээр илэрсэн. Мөн Дундад Азид Хүннүтэй мөр зэрэгцэн оршиж байсан Кангюйгийн /одоогийн Казахстаны өмнөд хэсэгт амьдарч байсан/ үеийн том ваар олдсон. Энэ ваар нь зоосноос илүү ач холбогдолтой юм. Яагаад гэвэл зоос бол арилжаа худалдааны замаар чөлөөтэй зорчдог овор багатай, эвдэрч гэмтэхгүй зүйл. Гэтэл ваар их эмзэг. Тэгээд хэдэн мянган км-ийн цаана энэ ваар яагаад гэнэт гараад ирэв гэдэг маш сонирхолтой. Үүнийг түүхийн баримттай ч холбож үзэж болно. Тухайлбал, нийтийн тооллын өмнөх I зууны дунд үед Хүннүгийн ах дүү хоёр шаньюй хоорондоо тэмцэлдэж иргэний дайн болсон. Чжичжи ялж, Хуханье зугтаагаад Хань улсад очсон түүх бий. Тэгээд Хань улсын дэмжлэг аваад Хуханье шаньюй эргээд Чжичжи рүү довтолсон. Ингээд Чжичжи Кангюй рүү зугтаасан байдаг. Энэ түүхтэй холбоотой ч байж магадгүй.

-Та өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сяньбигийн үеийн 26 булшийг малтаж, судалгаа хийсэн юм билээ. Сяньбигийн үеийн анхны бүрэн хэмжээний оршуулга олсон талаараа ярихгүй юу?

-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бургаст гэдэг газраас Сяньбигийн үед хамаарах 17 булшийг Францын Байгалийн түүхийн музейн судлаачидтай хамтран малтаж гаргасан. Өнөөг хүртэл Монголын Сяньбигийн үеийн археологийн томоохон дурсгал хараахан олдоогүй байсан. Сүүлийн жилүүдэд энэ үед холбогдох хэд хэдэн дурсгал илэрлээ. Манай судалгааны багийнхан 2015 оноос эхлэн Бургастын голын Сяньбигийн үеийн 26 булшийг малтаж, өнгөрсөн онд дуусгалаа. Энэ нь яг Сяньбигийн иргэдийн булш биш энэ үед амьдарч байсан нүүдэлчин аймгийнхны булш юм. Үүн дээр бид цогц судалгаа хийх боломжтой. Сяньбигийн үеийн энэ том мэдээллийн санг судалж, нүүдэлчдийн удмын сан, мал аж ахуйн хэв шинж, хил залгаа бүс нутагтай соёлын талаар нь харьцуулан судлах боломж бүрдсэн гэсэн үг.

-Сяньбигийн үеийн булшнаас эртний хүний хоёр бүтэн хувцас хэрэглэл олдсон гэж байсан. Бүрэн бүтэн хувцас хэрэглэл олдох нь ер нь ховор байдаг байх?

-Энэ оршуулгаас бүтэн хувцас өмсгөлтэй оршуулга илэрсэн нь онцлогтой. Нийтийн тооллын II-III зуунд холбогдох хүний хувцас хэрэглэлийг бүтнээр нь олсон. Яг ийм олдвор ховор л доо. Өмнө нь 1924 оны үед Ноён уулаас бүтэн хувцас, хэрэгсэлтэй булш олдсон. Гэвч үүнийг өдгөө Санкт-Петербургийн Эрмитажид хадгалж байгаа. Дараа нь 2006 онд Д.Цэвээндорж багшийн судалсан Монгол Алтайн мөнх цэвдгийн булшнаас бүрэн хувцас хэрэглэл олдсон байдаг. Гурав дахь нь бидний малтсан Сяньбигийн үеийн булшнаас илэрсэн нь энэ юм.

-Монголын археологийн салбарын хөгжил, судалгаа шинжилгээний зорилго чиглэл ямар төвшинд явна гэж та бодож байна вэ?

-Энэ салбарын хөгжлийг археологичдын ур чадвараар тодорхойлно. Монголын археологийн суурь хөгжил нь Зөвлөлтийнхөөс уламжлалтай. Сүүлийн жилүүдэд өрнө, дорнын улс орнуудтай түлхүү хамтран ажиллах болсон. Үүний үр дүнд дэлхийн нэр хүндтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн, чадварлаг хүмүүс энэ салбарт цойлон гарч ирж байна. Өрнө, дорнын болон Зөвлөлтийн дэг сургуулийн үндсэн дээр Монголын археологи бие даасан салбар болон хөгжсөн нь сүүлийн 20 жилийн гол ололтын нэг. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний ур чадвар илүү сайжирсан гэсэн үг. Мөн гадаадын судалгааны багуудтай байнгын харилцаа холбоотой ажилласнаар салбарын шинэ мэдлэг, мэдээллийг цаг алдалгүй авч байна. Түүх, археологийн хүрээлэн жил бүр хамтарсан болон үндэсний судалгааны 20 гаруй баг ажиллуулдаг. Ахиц дэвшлийн хажуугаар дутагдалтай зүйл ч бий. Тухайлбал, лабораторийн тоног төхөөрөмж дутагдаж байна. Манай хүрээлэнд сэргээн засварлах жижигхэн лаборатори бий ч яг байгалийн шинжлэлийн дүгнэлт хийдэг нь одоогоор цөөн байна. Тийм учраас гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахаас өөр аргагүй болдог. Хэрвээ лабораторитай болчихвол бид бие даасан судалгаа хийх боломж бүрдэнэ.

-Археологийн хөгжилд тухайн түүх соёлын үнэт олдворыг хадгалах, хамгаалах тусгай зориулалтын орчин юу юунаас чухал. Гэтэл манайд ийм газар байдаггүй. Үүнд танай хүрээлэн хэрхэн анхаар ч байна вэ?

-Хадгалах орчин муу байгаа нь үнэн. Археологичид энэ асуудлыг олон удаа хөндсөн, ярьсан. Хамгийн гол нь төр засгаас хөрөнгө санхүүгийн хувьд дэмжих хэрэгтэй байна. Бид археологийн дурсгалаа ажлынхаа өрөөнд хүртэл хадгалж байдаг. Одоо бараг хадгалах зай талбай үлдсэнгүй. Жилээс жилд лабораторийн маань зай талбай улам багасч байна. Дараа дараагийн археологийн олдворуудаа хаана хадгалах вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм. Археологийн шинжлэх ухаан өнөөдрөөр дуусахгүй шүү дээ. Үргэлж шинэ зүйл олдож байна.

Ярилцсан Б.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]