Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Уолл-стритийн шуламУншсан21,461

Гэхдээ эдгээрийн дундаас нэгэн хүн товойж гардаг нь “Уолл-Стритийн шулам” хэмээн алдаршсан Гетти Грин бөгөөд энэ эмэгтэй харамч зангаараа Генисийн номонд бичигдсэн билээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Өч төчнөөн сая долларын хөрөнгөтэй ч ёстой хорголоо тоолсон гэмээр нөхөд энэ дэлхийд зөндөө гэхэд ч багадна. Гэхдээ эдгээр баячуудын тэр занг даруухан хямгач гэх үү, харамч хахир гэх үү гэдэг нь хүн болгоны үзэл бодлоос шалтгаалах биз ээ.

Тэдний зарим нэгийг сонирхуулахад,

Уоррен Баффет

Дэлхийн хамгийн баян хүний нэг болох, 40-50 тэрбумын долларын хөрөнгөтэй энэ нөхөр аригч хямгачаараа алдартай бөгөөд хуучин муу Lincoln Towncar машин унадаг байсан гэнэ. Харин энэ машины дугаар нь THRIFTY. Англиар бол аригч, хямгач гэсэн утгатай үг юм байна. Жижигхэн түрээсийн байранд амьдардаг, хямдхан түргэн хоол иддэг энэ хүний баян тарганыг илтгэх ганц юм нь хувийн том онгоц.

Ханс Раусинг

Тетра пак-ыг бүтээсэн, Скандинавын баячуудын нэг Ханс Morris Minor хэмээх хуучин машин унадаг байгаад өнөөх нь салж унах үед өөр машин авчээ. Тэр нь Оросын Нива машин, 12 жилийн настай! Түүнийг алдаршуулсан өөр бас нэг зан нь аливаа зах зээл дээр очиж авах гэсэн юмныхаа үнийг буулгах гэж урт удаан хугацаагаар наймаалцаж, хэдхэн центээр ч хамаагүй буулгах гэж улайрдаг байсан явдал гэдэг.

Чарли Чаплин

Алдарт жүжигчин маань долоо хоногт 10 000 доллар олдог ч (одоогийнхоор бол 200 000 орчим доллар) ресторанд хоол идэхдээ найз нарынхаа нэгийг заавал авч явдаг, тэр хүнээрээ төлүүлэх гэж санаа зовмоор зан ааш гаргадаг байжээ. Бас өөрийн орон байрыг бариулах гэж Холливудын ажилчдыг авчирч үнэгүйгээр бариулсан байна. Харин энэ хямд материалтай, хямд ажилчдаар бариулсан байшин нь хамгийн энгийн салхинд нурчих шахан ганхан байдаг байсан гэдэг.

Жон Гетти

1970-аад оны хамгийн баян хүний нэг, 4 тэрбум долларын хөрөнгөтэй Жон гэртээ ирсэн хүмүүсийг утсаар үнэгүй яриулахгүйн тулд гэртээ таксофон тавьсан гэдэг түүх бий. Гэхдээ түүнийг алдаршуулсан түүх бол ачийг нь хулгайлсан нөхдүүд золионы мөнгө шаардахад өгөхгүй гэсэн явдал юм. Энэ тухай All the Money in the World хэмээх кино бий. Энэ мэтээр олон хүний тухай ярьж болох байх. IKEA-гийн эзэн Ингвар Кампрад, Викториа Бекхем, Жон Кеннеди, Фэйсбүүкийн Марк Цукерберг, Хенри Форд... гэх мэт.

Гэхдээ эдгээрийн дундаас нэгэн хүн товойж гардаг нь “Уолл-Стритийн шулам” хэмээн алдаршсан Гетти Грин бөгөөд энэ эмэгтэй харамч зангаараа Гиннесийн номонд бичигдсэн билээ.

Харамч хахирын дархан аварга болсон энэ эмэгтэй эцгээсээ 7,5 сая доллар өвлөж авсан ба өөр бусдынхаа өв хөрөнгийг булааж авахын тулд хуурамч бичиг баримт үйлдэж баригдаж, хоригдохын даваан дээр Лондон руу зугтаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусахад нь Нью-Йоркдоо буцан ирж байсан гэдэг.

Хар багаасаа буюу 13 настайгаасаа эхлэн зөвхөн мөнгө л олохын төлөө зүтгэж эхэлсэн Гетти хөрөнгийн бирж дээр тоглож олон сая доллар олж эхлэх үедээ улам бүр харамч болж байжээ. Хамгийн хямдхан түрээсийн байр хайж амьдардаг, автомашин авахгүй, нийтийн тээврийн унаанд мөнгө үрэхгүй гэж явган явдаг. Ганцхан хар даашинз өмсөх ба өнөөх нь хир буртагтаа баригдаж өмсөх аргагүй болох үед гэрийн үйлчлэгчдээ угаалгах гэж өгөхдөө “Зөвхөн хормой хэсгийн шороотой хэсгийг л угаа, битгий саван дэмий үрээрэй” гэж байнга захидаг байв. Дээр нь хоолондоо их гар татах учир амин дэмээ нөхөх гэж түүхий сонгино ихээр иднэ. Ийм хүний үнэр танар гэж ямар байх нь ойлгомжтой ба энэхүү өвөрмөц үнэрээрээ ч алдартай байж.

Гетти өглөөний сонин уншиж дуусангуутаа хүүхдээрээ гудамжинд буцаан заруулна. Зарж чадахгүй бол хайран хэдэн сайхан центээ алдаж байгаадаа харамсан үглэсээр хүүхдийнхээ өвлийн хувцасны дулаалга болгож ашиглах нь энүүхэнд.

Хоол унд нь гэж жигтэйхэн хямд муу. Өдрийн хоолоо идэх болохоороо гэрээсээ авчирсан хачин юмаа аль нэг ойрхон оффисын халаагуур дээр тавьж халаадаг нь мөнгө хэмнэх нэг арга нь. Бас жигнэмэг идэх дуртай ч, түүний хувьд их үнэтэй болохоор хагарч бутарсан, хямдарсан жигнэмэг зардаг газар руу явган алхсаар очиж авдаг байжээ. Тэр газар нь хотын нөгөө захад байрлах зэрэг нь асуудал огт биш.

Хүүхэд нь тоглож байгаад хөлөө гэмтээхэд Гетти эмнэлэгт мөнгө төлөхгүйн тулд ядуучуудын эмнэлэгт аваачиж үзүүлсэн ба хэрүүл уруул хийх эмэгтэйгээс залхсан эмч нар хүүхдийг нь цаашид үзэж эмчлэхээс татгалзаж. “Үхэх өвчинг яаж ч чадахгүй, үхүүлэх өвчин биш бол өөрөө яваандаа эдгэнэ” гэж ярьдаг Гетти мөнгөө харамлан хүүхдээ сайн эмнэлэгт аваачихгүй байсаар шарх нь буглаж хүүхдийнхээ хөлийг тайруулсан явдал гарч.

Нэгэн удаа Гетти захидал бичих маркаа хаа нэгэн газар гээчихэж. Өөрөө хайгаад болохгүй болохоороо адуучин залууг туслуулахаар дуудан шөнөжингөө эрэл хайгуул болоод сүйд майд. Асар үнэтэй зүйл алдсан юм бодсон адуучин залуу бүтэн шөнийг ердөө ганцхан центийн үнэтэй марк хайж өнгөрөөснөө мэдээд галзуурах шахаж байв.

Геттигийн дүү эмэгтэй Европ явах үедээ хоёр хүүхдээ Геттид орхих болжээ. Эгчийнхээ ямар хүнийг сайн мэдэх болохоороо хүүхдүүдийн хоол ундны мөнгө гээд зөндөө л юм өгсөн юм байх. Харин буцаж ирэхэд нь өнөө хоёр хүүхэд нь турж эцсэн хачин амьтад байж. Эгчдээ уурлан хатуу үг хэлэхэд өнөөх нь харин “Эрхтэн бүтэн, ажил хийх насан дээрээ байгаа хүүхдүүд зүгээр сууж болохгүй гэж бодоод хөлсний ажил хийлгэсэн юм” гэж хариулж байв. Тэдгээр хүүхдүүд бараг сарын турш өдөрт 14 цаг ажилласан байна.

Өтлөх насандаа Гетти гэнэт нохой худалдаж авчээ. Ямар ч ашиггүй бол ганц ч цент зардаггүй энэ хүн ийм өгөөмөр болсныг хүн болгон гайхна. Харин Гетти нохойгоо хооллохын тулд хаа холын мал нядлах газар очиж шулсан, хог дээр хаясан яс үнэгүй авч хооллоно. Муухай сонсогдож байж болох ч тэр нохойн хоол нь эзнийхээ иддэг хоолноос илүү дээр байсан юм билээ.

Дэлхийн хамгийн харамч хүнээр тодорсон Гетти Грин 1916 оны 7-р сарын 3-ны өдөр тогоочтойгоо муудалцаж байгаад зүрх нь зогсож амьсгаа хураасан гэдэг. Тогооч гуай арай их хэмжээний сүү худалдаж аван, цөөнгүй тооны цент илүү зарлагдсан учраас тэр. Геттиг нас барах үед хөрөнгө нь 200 сая орчим доллар байсан нь өнөөгийн тооцоогоор бараг 4 тэрбум давах юм гэнэ лээ.

P.S

Энэ их хөрөнгийг өвлөн авсан Нед хүү нь ээжийгээ оршуулж дуусав уу үгүй юу үнэтэй машин худалдан авч жаргаж эхэлсэн гэх ба хэдхэн жилийн дараа Геттигийн үлдээсэн хамаг зүйлийг барж үрж дуусгажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]