Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Р.Мөнхтариа: Ёнзон хамба Ванчин богд, Япон, Английн таг­нуул байсан гэх баримт байдаггүйУншсан13,692

Ер нь шашны эрдэм номын цол нь одоогийн шинжлэх ухааны доктор профессор гэдэг шиг хамба, гавьж, гэсгүй, гэвхүй, умзад, маарамба, дооромбо, зурхайч, ав­ралч, гүрэмч гэх мэтийн шашны шинжлэх ухааны олон цол мяндаг тушаал бий.

Өнөөдрөөс дөрвөн жилийн өмнө "Өглөөний сонин"-д Улсын ерөнхий прокурорын газрын Цагаатгал хариуцсан хяналтын прокурор Р.Мөнхтариатай хийсэн ярицлага нийтлэгдсэн юм. Их хэлмэгдүүлэлтийн үед яллагдсан Ёнзонхамба Лувсанхаймчигийн талаар ярилцжээ. Ярилцлагыг түүх сонирхогчдодоо сонирхуулж байна.

-Монголын түүхийн нэгэн эгшинд тод үлдсэн хүн бол Ёнзон хамба гэдэг. Энэ хүнийг цагаатгасныг хүмүүс янз бүрээр ярих нь бий. Харин цагаатгалын ажлыг гардаж хийсэн та ун­шигч­дад өөрийгөө товч­хон танил­цуу­лахгүй юу?

 

-Би Прокурорын бай­гуул­лагад 30 гаруй жил ажиллаж байна. Үүнээс Улсын ерөнхий Прокурорын газрын Цагаатгал хариуцсан хяналтын прокуророор 10 шахам жил ажиллаж, 10-аад мянган хүний хэргийг Тагнуулын ерөнхий газар, Улсын дээд шүүх­тэй хамтран шийдвэрлэсэн. Та­ны хэл­сэнчлэн Ёнзон хамбыг ца­гаат­гасан нь буруу гэсэн ярилцлага ганц нэг сонинд гарсан байсан. Гэхдээ ун­шигчдад үнэн зүйлийг мэ­дээлэх нь бидний үүрэг.

-Миний сонссоноор Ёнзон хамба Лувсанхаймчиг нь төвд хүн байсан гэх юм билээ?

-Төвдийн Үйзэн мужид 1872 онд төрсөн Цэдэн овогтой Лувсан­хаймчиг нь бага наснаасаа бурхан шашны мөр хөөж, Төвдийн Дашлхүмбэ хийдэд сууж байгаад Банчинбогдын зарлигаар 1915 онд VIII богд Живзундамба хутагтын эрдмийн багшаар томилогдон Монголд ирж суурьшаад 1937 оны 9 дүгээр сард цааз­лагдах хүртлээ 20 гаруй жил амьдарч байсан юм билээ. Богдын зарлигаар “Номч би­лэгт” гэдэг цолоор шагнагдсан нь, Жавти лам, Ёнзон гэсэнтэй ижил утга бүхий эрдэм номын цол нь.

-Шашны маш олон цол гуншин байдаг ч бид тэр бүр мэддэггүй л дээ. Ха­рин танай цагаатгалын албаныхныг маш сайн мэд­дэг гэх юм билээ?

-Ер нь шашны эрдэм номын цол нь одоогийн шинжлэх ухааны доктор профессор гэдэг шиг хамба, гавьж, гэсгүй, гэвхүй, умзад, маарамба, дооромбо, зурхайч, ав­ралч, гүрэмч гэх мэтийн шашны шинжлэх ухааны олон цол мяндаг тушаал бий. Эдгээр зэрэг зиндааг тусгайлан сурч судалсан эрдэм номоороо шалгарч авах жишээтэй. Ёнзон хамбын хувьд дээрх бүхнийг давж гарсан мяндагтан, одоогоор бол эрдэмтэн байсан юм билээ. Мөн богд Живзундамбыг агь тарнийн ухааны 10 боть, чойрын тав, арга мэдэхийн хаанаас нь ч асуухад торолгүй хариулж байсан гэдэг шүү дээ.

-Хэлмэгдүүлэлтээр хам­гийн эрдэм чадалтай хү­мүүсээ устгасан гэж хувьдаа боддог. Гэхдээ улс орноо төвхнүүлэхэд лам нарын оролцоо их басйан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ардын хувьсгал ялж 1921 оны долоодугаар сарын 10-нд төр засаг байгуулагдах үед Живзундамба хутагтыг Монгол Улсын төрийн тэр­гүүн, хэмжээт эрхэт хаа­наар, Байнгын Засгийн газрын ерөнхий сайд, Гадаад яамны тэргүүн сайдаар Д.Бодоо, Дотоод Яамны сайд байсан Манзушир хутагт Цэрэндоржийг өөрчилж Пунцагдоржийг, Д.Лосолыг Мон­гол Улсын бүх цэргийн лам бөгөөд цэрэг ардыг эмчлэх хорооны дарга, Дилав хутагт Жамсран­жавыг Улиастайн сайдаар, Егү­зэр хутагт Галсандашийг Зүүн хязгаарын сайдаар, лам Дэмчигийг Тагна Туваад суух сайдаар, лам Чагдаржавыг Богдын шадар сайд бөгөөд Монгол ардын харилцан тус­лалцах хоршооны даргаар тус тус томилж байсан нь Улс ор­ноо хөгжүүлэх их үйлсийг анх эхлүүлэхэд лам нарын гүйцэтгэсэн улс төрийн үүрэг асар их бөгөөд тэдний эрдэм боловсрол, ард олны доторх нэр хүндийг харгалзсан нь мэдээж юм.

-Ёнзон хамба нарын хэргийг Шүүх яаж шийд­вэр­лэсэн болоод хүмүүс янз бүрийн юм яриад байгаа хэрэг вэ?

-1937 оны 9 дүгээр сард ЗСБНХУ-ын Дотоод явдлын яамны сайд Ежовоос, Монголд суугаа орлогч Фриновскийд илгээсэн ца­хил­гаан мэдээндээ “Ёнзон хамба, дэд хамба Дамдин нарын мөрдөлтийг 10 хоногт дуусга!” гэснээр хууль бус баривчилгаа, мөрдөлт 1937 оны 9 сарын 10-нд эхэлсэн байдаг. Ёнзон хамбаар удирдуулсан “Хувьсгалын эсэргүү төв” бай­гуул­лага гэгчийн 23 хүний хэргийг Улсын Дээд шүүх таслах газраас 1937 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрийг хүртэл Бөмбөгөр ногоон театрт олны өмнө хийхдээ Шүүх Цаазын бичгийн ял төлөвлөгдсөн зүйл анги дээр 47 дугаар зүйлийг 7 хүнд нэмж ял шийтгэл оног­дуулснаар 19 хүнийг дээд хэм­жээгээр шийтгэсэн байсан.

-Тэгвэл Ёнзонхамба Лув­сан­хаймчиг нь Ванчин ­богд болон Английн таг­нуул байсан, 1932 оны бос­логыг удирдаж зохион байгуулсан нь нотлогдоогүй юм уу. Буруу цагаатгасан гэж сонинд гарсан байсан санагдана?

-Өндөр настан Зинамядар гэдэг хүн иймэрхүү зүйлийг сонинд бичсэн байсан. Тэр өвөө гол нь өөрийнхөө бич­сэн гэх номонд бай­гаа зүйлүүдийг үнэн болгох гээд Шүүх Прокурорын байгууллагад удаа дараа өргөдөл гаргаад байгаа юм. Уг нь өөрөө ДЯЯ-ны улс төрийн ахмад ажилтан байсан хүн юм билээ. Өөрийнхөө бодол са­нааг бусад­тай хуваалцаж бай­гаа 80 шахсан настныг хүндэтгээд хуулийн дагуу өргөдлүүдийнх нь хариуг өгсөн. Шүүх Прокурорын байгууллага хэрэгт байгаа баримтаар л шийд­вэрлэнэ шүү дээ. Ёнзон хамба Лувсанхаймчиг нарын 23 хүний хэрэгт нь байгаа материалыг үзэхэд Ванчин богдын даалгавраар Ц.Лувсанхаймчиг Монгол оронд бурхан шашны номыг дэл­гэрүүлэх, Ванчин­ богдыг ард олноор шүтэн бишрүүлэх захиа даал­гавартай ирсэн байдаг. Энэ утгаараа хол­боотой байс­ныг үгүйсгэх арга­гүй. Үүргийнхээ дагуу бурхны номыг дэл­гэрүү­лэхэд, олон зуун лам хувраг, ард олонд шүтэгдсэн нэгэн байсан нь тодорхой юм. Ёнзон хамбатай хамт шийт­гүүлсэн 23 лам бол Зинамядар гуайн бичсэн шиг төвдчүүд биш, дэд хамба Бутачийн Дамдин, Ман­зушир хутагт С.Цэрэн­дорж тэр­гүүтэй Төв, Хэнтий, Дорноговь, Архангай, Өвөр­хангай зэрэг айм­гийн харьяатууд байдаг.

Тэдгээрийн хэрэгт Ёнзон хамба Ванчин богд, Япон, Английн таг­нуул байж ямар нэгэн үйлдэл хийж, үйл ажиллагаа явуулсан өчүүхэн ч баримт байдаггүй юм. Энэ талаар ДЯЯ-нд ч тухайн үед судлаад баримт­жуулсан зүйл байхгүй юм билээ. Зөвхөн Ванчин богдоос Ёнзон­хамбад ирүүлсэн таван удаагийн хувийн захидал байсныг 1937 онд орчуулахдаа, “Тагнуулын ажлыг” гүйцэтгэх тухай үг үгүүлбэрийг захидал бүрт оруулсан байхад 1961 онд Төв гандангийн хамба Гомбожав, МУИС-ийн Түвд хэл­ний багш гавьж Дорж нарын орчуулгад “тагнуулын” тухай нэг ч үг байдаггүй.

-Монголд Ванчин богд үнэхээр ирэх байсан юм болов уу. Түүнийг 1932 оны эсэргүү хөдөлгөөнийг гадаа­даас удирдсан гэх ойлголт хүмүүст байдаг шүү дээ?

-Манай судлаачдын судал­санаар, Далай лам Түвдийг тусгаар улс байлгах, Ванчин богд Хятад улсын харьяанд оруулах асуудлаас болж улс төрийн үзэл бодлын таарамжгүй харилцаа гарч Ванчин богд 1921-1936 он хүртэл Хятадад очиж ӨвөрМонгол зэрэг газруудад байх үед нь Ёнзон хамба, Далай ламыг хаанд өргөмжлөгдөх үйл ажиллагаанд Монголоос очиж орол­цоод буцахад нь Ванчин богд хамт Монголд ирэхээр хэл хүргээд Хятадын байдлаас болж ирж чадаагүй юм билээ. Тэр талаар Ёнзон хамбаас дуулж мэдсэн үг яриа нь лам хувраг болон сүсэгтэн олонд тарж заавал ирнэ гэсэн хүлээлт төрүүлж шашин сүм хийдийг устгах үед бүр ч хүчтэй яригдаж байсан хэрэг. Саж лам нарын 58, тайж Эрэгдэндагва нарын 38 хүний хэрэг, Төгсбуянт, Улаангомын лам нарын тэмцэл нь 1932 оны Эсэргүү хөдөлгөөнөөс өмнө гарч байсан. Энэ бүхнээс үзэхэд заавал га­даадаас удирдаж зохион бай­гуулагдсан байх ёстой гээд туйлш­рах шаардлагагүй. Ванчин богд ч юмуу Япон, Англиас тодорхой удирдамж заавар Лувсанхаймчигт өгөөд тэр нь бослого хөдөлгөөнийг удирдсан, зохион байгуулсан гэх ямарч нотлох баримт байдаггүй юм.

-Зинамядар гуайн бич­сэнээр Ёнзонхамба Ванчин Богд нарын тагнуулын тухай захидлыг Агваанжамъян, Батын Содов гэдэг лам нар зөөж байснаа гэр­чил­­сэн гэдэг?

-Дорнод аймгийн Дэ­чин гэ­гээ­ний хийдийн хамба Буян-Оршихын Агваанжамъянг Хувьс­галын эсэргүү, төвийн нууц хур­лыг удир­­­­даж хийсэн идэвхтэй гишүүн гэж 1936 оны дөрөвдүгээр сарын 3 нд буудан хөнөөсөн. Энэ тухай нотлож тогтоосон баримт хэрэгт нь байдаггүй. Бас Ёнзон хамбатай тагнуулын харилцаатай байсан гэдэг нь Жамъянтивтэй хамт хо­ригдож байсан Түдэвийн Шархүүг гэрчилсэн гэх боловч судлахад Шархүү нь тэр үед тэнд биш Засан Сайжруулахад ял эдэлж байсан нь тогтоогдсон. Жамъянтивийг цаазлахын урд өдөр нь авсан Ёнзон хамба­тай тагнуулын ха­рил­цаатай бай­сан тухай мэдүүлэгт “Би тэгвэл огт сонсоогүй зүйлийг сонссон мэ­тээр мэдүүлье” гэснээс үзэхэд шахалтаар худал мэдүүлэг гар­гуулсан нь тодорхой харагддаг. Хуулийн байгууллага хэрэгт байгаа баримт материалыг үндэс­лэж шийдвэрлэдэг болохоос хэн нэгэн хүний хийсвэрлэсэн б­одол санаа, судлаач эрдэмтдийн бүтээ­лийн үнэн эсэхийг шалгах, хянах, дүгнэлт гаргах үүрэг байдаггүй.

-Ёнзон хамбаар удирдуулсан лам нарын “Хувьсгалын эсэргүү төв”-ийн хэргийг хуулийн бай­гууллагууд цагаатгахдаа холбог­дох хэргийн материалуудыг суд­лахаас гадна, Дотоод Явдлын Яаманд хэлтэс тасгийн дарга, мөр­дөн байцаагч, төлөөлөгчөөр ажил­лаж хуулийг завхруулж худал зохиомол хэрэгт олон хү­нийг гүтгэж, амь биеэр нь хо­хироосон байдаг. Хожим нь ял шийтгүүлсэн олон ажилтнуудын хэрэгт байгаа мэдүүлэг бусад олон баримтыг үзэж, амьд сэ­рүүн 24 хүнтэй уулзаж тайлбар тодор­хойлолт гар­гуулсан гэдэг?

-Ёнзонхамба нарын 23 хүний хэрэгт байгаа 19 хүний давтан мэдүүлгийн гарын үсгийг шинж­лүүлэхэд биш болох нь тогтоогдож, Ёнзон хамбаар удирдуулсан хот хөдөөгийн “Хувьсгалын эсэргүү лам нарын төв”-ийн салбар байсан эсэхийг Нийгмийг Хамгаалах Яамнаас 18 аймаг хоёр хотын хэлтсээр дамжуулан судлуулж тэр үед лам байсан 16 хүнтэй уулзаж ярилцахад албан ёсны салбарууд байгаагүй болохыг нотлож мэ­дүүлсэн байгаа юм. Энэ бүхнээс дүгнэлт хийгээд, Ёнзон хамба Лувсанхаймчигаар удирдуулсан, “Хувьсгалын эсэргүү лам нарын төв“ Гэндэн, Дэмид нарын удирдсан “Хувьсгалын эсэргүү японы тагнуулын бай­гууллага“ гэсэн байгууллагууд ал­бан ёсоор зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа нэгтгэн явуулж байсан гэх хууль ёсны нотлох баримтгүйгээр, хууль ёсыг зөр­чиж хоморголон баривчилсан, мөрдөлт явуулсан, зөвхөн сэжиг таавраар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж НАХЯ-ны гаргасан дүгнэлт, Улсын ерөнхий Прокурорын 1990 оны 05 сарын 09-ний өдрийн бичсэн эсэргүүцлийг үндэслэж, Улсын Дээд шүүхийн Бүгд Хурлын 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож Ёнзон хамба нарын хэргийг цагаатгасан нь хуульд заасан эцсийн шийдвэр бөгөөд, хуулийн бүрэн үндэслэлтэй гэдгийг хэлэх байна даа.

-Тэгэхээр энэ хэргийг цагаат­гасанаар түүхийг гуйвуулах биш харин ч хэлмэгдсэн 17 мянга га­руй лам хуврагыг цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн гэсэн үг үү?

-Тийм, бас Коминтерний удир­­дамж заавраар ДЯЯ-ны үйл ажил­лагаанд гарсан алдаа завх­ралаас болж улс төрийн хэлмэг­дүүлэлт гэдэг аймшигт зүйл болсон гэдэг нь нэгэнт тогтоогдож түүхэнд үлдсэнтэй хэн ч маргаад ач холбогдолгүй зүйл л дээ. Цагаатгалын тусгай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлсэний үр дүнд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 30 гаруй мянган хү­нийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх ажлыг Цагаатгалын Улсын Комисс болон хууль хяналтын байгууллагууд хамтарч зохих ёсоор хийж байгаа. Энэ бол дээрх хуу­лийн ач холбогдол төдийгүй төрөөс хэрэгжүүлж бай­гаа зөв зүйтэй чухал ажил юм.

-Цагаатгалын хуулийн ху­гацаа нь дуусаагүй гэх ч өргөдөл гаргах, нөхөн олговор олгох ху­гацаа нь дууссанд иргэд нэлээн бухимдаж буй нь ажиглагддаг?

-Хуулийн хугацаа дуусаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн өргөдөл гаргах, нөхөн олговроо олж авах гэсэн гол хоёр заалтын хугацаа нь 2011 оны 12 сарын 30-нд дууссан. Үүнээс үүдэн хөдөлмөрчдийн өр­гөдлийг хүлээж авч шийдвэрлэх боломжгүй тул буцааж байгаа. Энэ тухай бид хуулийн төсөл боловсруулж холбогдох газарт хүргүүлсэн. Удахгүй УИХ-аар хэ­­лэлцэж шийдвэрлэх байх гэж хүлээж байгаа.

Ярилцсан С.Туул

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]