Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цахар монголчуудын зан чанар эвдэрсэн гэж дүгнэжээУншсан14,076

Эзэн хааны сүргийн бэлчээр гол төлөв Хишигтэн аймгаас баруун тийш дөрвөд нарын аймаг хүртэл 500 гаруй бээр газар үргэлжилдэг цахаруудын нутагт оршино. Цахаруудыг хятад маягийн зохион байгуулалтад оруулж, найман туг болгон хуваасан бөгөөд тэд ээлжээр төрийн алба гүйцэтгэнэ. Хятадуудын ойрын нөлөөнд байсан тэд зан чанар, шинж төрхөө бүрмөсөн алдаж, цэвэр монголчууд шиг биш болсон талаар бид I бүлэгт өгүүлсэн билээ.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд Монголчуудын аж амьдрал, Монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, Монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь: --Хонь төхөөрөхөөс зүрхшээж байсан Монгол эрс дайсныхаа толгойг өчүүхэн ч зоволгүй тас цавчина http://www.tolgoilogch.mn/_md4ftchobo

-Пржевальский Хишигтэн аймгийн нутгаар http://www.tolgoilogch.mn/_xb0xt+h5xk

-Нутгийн иргэдээс нууцаар газрын зураг авсан нь http://www.tolgoilogch.mn/_0fbht+-ed2


III бүлэг. Монголын өндөрлөгийн зүүн өмнөд зах

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Долнуурын зам дээр дэн буудлуудаас гадна ялангуяа Хаалганд дөхөх тутам хятад тосгон, суурин олноор тааралдана. Мөн Монгол гэр ч олон агаад хаа сайгүй үй түмэн хонь, адуу, үхэр бэлчих ажээ.

Байрлал зүй, газрын гадаргын хувьд энэ газар нутаг нэлээд хужир мараатай элсэнцэр хөрс бүхий, хаа сайгүй өтгөн сайхан өвс ногоогоор хучигдсан дов толгодоор дүүрэн уудам тал бөгөөд мод, бут хаана ч байхгүй боловч Монголын бусад газраас илүү гол горхи, нуур цөөрөм энэ хавьд тааралдана. Эдгээрийн ус ой гутам муухай аж. Төсөөлөлтэй болъё гэвэл шилэн аяганд цэвэр ус хийгээд цайны халбага шороо, чимх давс, жаахан шохой, өчүүхэн төдий сангас дээрээс нь хийж амт, өнгө, үнэрийг нь үзвэл Монголын ихэнх нууруудын нь ус хэмээгдэгч шингэн бий болно. Гэвч Монголчууд үүнээс өчүүхэн ч сэжиглэж цэрвэхгүйгээр, жилийн дөрвөн улиралд энэ л шингэнээр цай хоолоо бэлтгэнэ. Бид ч гэсэн аяллын хугацаанд аргагүйн эрхэнд ийм усыг хэдэн арван удаа уусан болой.

Долнуураас бидний цааш туулсан асар уудам тал нутаг нь Эзэн хааны сүргийн бэлчээр бөгөөд Монголчуудын даргу хэмээн нэрлэдэг ийм адуун сүрэг нь 500 агт бүхий, тусгай түшмэлийн захиргаа хяналтад оршдог, цөлийг нь нэг том түшмэл ерөнхий хариуцдаг байна. Дайн тулалдааны үед цэргийн хэрэгцээний агтыг ийм сүргүүдээс гаргуулдаг ажээ.

Энэ ялдамд Монгол адууны талаар хэдэн үг хэлье. Гол шинжүүдийг нь дурдвал: дунд зэргийн, бүр намхан ч гэмээр биетэй, бүдүүн хүзүү, хөлтэй, толгой нь том, өтгөн шигүү, уртавтар үстэй байдаг. Зан чанарын хувьд ер бусын тэсвэртэй, хамгийн хүйтэн хэцүү үед ч Монгол адуу өөрсдөө бэлчээрээс өвс тэжээлээ олж иддэг, хомс тарчиг өвсөөр өөрийгөө аргалах бөгөөд өвсгүй нөхцөлд тэмээ шиг бударгана мэтийн бутлаг ургамлаар хооллоно. Өвлийн цагт цасаар ундаалчихна. Нэг үгээр хэлэхэд, манайхны адуу ганц сар ч тэсэж үл чадах тийм нөхцөлд Монгол адуу ажиггүй амьдран, өвлийг өнгөрөөнө.

Умард Халхын уудам бэлчээр, цахаруудын газар нутагт асар олон адуун сүрэг бараг ямар ч хариулага маллагаагүй бэлчээрлэнэ. Эдгээр адуу мал нь 10-30 гүү, тэдгээрийг харж хамгаалсан нэг азарганы хамт азарга адуу буюу нэг сүрэг болж бэлчээрлэнэ. Азарга нь гүүнүүдээ маш сонор соргогоор хурааж хянах бөгөөд сүргээсээ огтхон ч хоцроож тасруулахгүй. Сүргийн манлай азаргануудын хооронд ялангуяа хаврын цагт байнга тулаан болно. Монголчууд адуунд нэн дуртай, тэдгээрийг маш сайн таньж мэддэг хүмүүс гэдэг нь илэрхий билээ. Нүүдэлчид адууг ганц хараад л чанар чансааг нь яв цав үнэлж чаддаг. Бас морин уралдаанд туйлын дуртай, томоохон хүрээ хийдийн дэргэд ихэвчлэн зуны цагт морьдоо уралдуулна. Хамгийн том уралдаан Өргөөд болох бөгөөд уяачид хэдэн зуун бээрийн чанадаас энд ирнэ. Бай шагналыг нь Хутагт гаргаж, түрүүлсэн морины эзэд үлэмж хэмжээний мал сүрэг, хувцас хунар, мөнгө хөрөнгө авна.

Эзэн хааны сүргийн бэлчээр гол төлөв Хишигтэн аймгаас баруун тийш дөрвөд нарын аймаг хүртэл 500 гаруй бээр газар үргэлжилдэг цахаруудын нутагт оршино. Цахаруудыг хятад маягийн зохион байгуулалтад оруулж, найман туг болгон хуваасан бөгөөд тэд ээлжээр төрийн алба гүйцэтгэнэ. Хятадуудын ойрын нөлөөнд байсан тэд зан чанар, шинж төрхөө бүрмөсөн алдаж, цэвэр Монголчууд шиг  биш болсон талаар бид I бүлэгт өгүүлсэн билээ.

Цахар Монголчуудын зан чанар, ааш авир ямар их эвдэрснийг бид амьдрал дээр олж мэдсэн бөгөөд тэд эхний хүнээсээ авахуулан эцсээ хүртэл хамгийн адгийн амьтад байлаа. Аз болоход бидэнд энэ нутгийнхны туслалцаа маш бага хэрэгтэй байсан юм, учир нь асар маань бидэнд өрөө тасалгаа болж, ан ав хоол хүнс өгч байлаа. Тал нутаг даяар хаа сайгүй зээр бэлчиж байдаг болохоор бид махаар огт дутагддаггүй учир бидэнд худалдахыг огт хүсдэггүй эсвэл дааж давахын аргагүй үнэ нэхдэг хонь мал худалдаж авах шаардлага гардаггүй байлаа. Бидний урт, богино буунуудаас эндхийн хүмүүс том жижиггүй айна. Шувууг нисэлт дунд нь буудаж унагаах эсвэл Штуцерийн винтовоор зээрийг заримдаа нэлээд холоос нухчихдаг зэрэг нь нутгийнханд гүн сэтгэгдэл төрүүлж чаддаг байв, тиймээс гэмт хэргийн газарт баригдвал амьд гарахгүй гэдгээ хулгайч нар сайн мэдэж байсан буй за.

Зүүн өмнөд Монголд бидэнтэй одоо золгож буй хавар цагийн цаг агаарын хувьд өвөл хүйтэн жавар, жихүүн салхи, хуурай агаар гурав л зонхилж байлаа.

Гуравдугаар сард төдийгүй бүр дөрөвдүгээр сард ч гэсэн шөнө нь хүйтэн хэвээр ажээ. Энэ сарын 20-ны шөнө бид хажууханд нь хонож байсан жижиг нуурын ус нар мандахын үед нэгэн ямх хэртэй зузаан хөлдөж, бүр хүнийг дааж байсан юмдаг. Монголын өндөрлөг тал нутагт ийм явдал бүр 5-р сард ч үе үе болдгийг бид хожим нь нүдээрээ харсан билээ.

“Дайран дээр давс” гэгчээр хүйтэн жавраас гадна гол төлөв баруун хойд зүгийн салхи шуурга бүтэн хаврын турш бараг зогсоо зайгүй энэ нутагт ноёрхож байв. Цаг агаар зөвхөн хааяа л намуухан болох боловч тэр нь ердөө хэдхэн цаг үргэлжилнэ. Салхитай үед дандаа л хүйтэрдэээс гадна энэ салхи нь олон удаа хүчтэй шуурга болоп хувирна. Тийм үед л Монголын тал нутаг гэдэг юу болох нь мэдэгдэнэ дээ! Элс, шороо, тоосон үүл, хужир мараатай газар бол жижиг ширхэгтэй давс агаарт хуйлран босож, улам бүүдийн нарыг халхлах бөгөөд улмаар юу ч харагдахаа больж, өдөр дунд гэхэд үдшийн бүрэнхийгээс ялгарах юмгүй болно гээч. Бээрийн дотор уул ч харагдахгүй болохын зэрэгцээ шуурганд шидэгдсэн том том ширхэгтэй элсэн мөндөр балбаж гарахад говь цөлийн хүнд хүчир болгонд нэгэнт дассан тэмээд хүртэл дороо зогсон салхины уруу харж шуурга намжихыг хүлээнэ. Агаар тэр аяараа элс, тоосоор дүүрсэн байх учир салхины өөдөөс нүдээ ч нээх аргагүй болдог ба угаартсан мэт толгой өвдөж, чих дүнгэнэн шуугидаг байв. Асар майхан дээр, дотор нь байсан юм бүхэн дээр зузаан гэгчийн тоос тоггоно. Шөнө шуурсан бол өглөө нь нүдээ нээхийн аргагүй болтол тоос шороо дарсан байдаг. Заримдаа хүчтэй гэгчийн шуурганы араас бороо юм уу, мөндөр хувингаар цутгах мэт их устай ордог ч салхинд цохигдсон дусал хумхийн тоос мөргөн сарнина. Азарган бороо ихэвчлэн хэдхэн хором л үргэлжилж, дараа нь нам гүм болох авч нэг мөч хүрэхтэй үгүйтэй хугацааны дараа салхи урьдын хүчээрээ хэсэг зуур довтлоод дахин зогсож, бороо орно. Заримдаа шуурганы хүч асар их болж, хагас алд урт арван хоёр төмөр гадсаар бэхэлсэн манай асар агшин бүрт нисэн одохоор завдан бид ачаа бараагаа хамаг оосор, уяагаараа холбон бэхлэхэд хүрч байсан сан. Хур тунадас маш бага хэмжээтэй орно: бороо ч, цас ч, гурав дөрөвдүгээр сарын аль алинд нь хааяа, тэгэхдээ тун ялимгүй унах ажээ.

Монголын уулархаг нутагт хаврын улиралд ноёрхож байдаг байнгын хүйтэн болон салхи шуурга шувуудын нүүдэлд их саад учруулж, ургамлын өсөлт төлжилтийг ч ихээхэн удаашруулна. Тэгэхдээ дорөвдүгээр сарын хоёрдугаар хагаст наранд ээвэр газрын өвс ногоорч, хааяа ганц нэг цэцэг эсвэл цоморлиг л нүдэнд тусна. Энэ үед байгаль дэлхий нэлэнхийдээ сэргэж эхэлсэн нь тэгтэл ил тод харагддаггүй. Тал нутаг яг л өвлийнх шигээ онго төрхтэй байх бөгөөд гагцхүү хаврын түймэрт харласан газар л хуурай шар өвсний хачааг авсан байдгаараа ялгаатай байдаг. Ерөөсөө эндхийн хавар дунд бүсийн бусад орнуудынх шиг тийм баяр баясгалангийн үнэр ч үгүй. Нүүдлийн шувууд гэхэд л хоол ч үгүй, ус ундаа ч үгүй, хоргодох мод бут ч үгүй энэ газраас ум хумгүй нисэн одно. Хааяа нэг талын энэ шорвог нуурын эрэг дээр сүрэг шувуу сууж түр амсхийгээд тэртээ хойд зүг рүү, арай эрх чөлөөтэй тэнүүн орныг зорин тэр даруй замдаа гарах аж...

Үргэлжлэлтэй.

Монсудар


Үргэлжлэл: Харийнхан Монгол тэмээний тухай-1

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]