Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Friendly Fire буюу дайны хувь заяаг эргүүлсэн ганцхан сумУншсан30,544

Аливаа дайн тулалдаанд Friendly Fire буюу өөрийн талыг дайсантай андуурч буудах гэсэн нэг аймшигтай зүйл бий. Ийм явдал маш олон, бүр дэндүү олон гардаг бөгөөд ямар ч хэмжээний дайнд заавал гардаг зүйлийн нэг билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

 Аливаа дайн тулалдаанд Friendly Fire буюу өөрийн талыг дайсантай андуурч буудах гэсэн нэг аймшигтай зүйл бий. Ийм явдал маш олон, бүр дэндүү олон гардаг бөгөөд ямар ч хэмжээний дайнд заавал гардаг зүйлийн нэг билээ. Бидэнд хамгийн ойрын жишээ бол Халх голын дайны үеэр Зөвлөлтийн нисэх хүчнийхэн Монголын морин цэргийн дугаар хороог (6,8, 15-р хороо гэж янз бүрээр л ярьдаг) Баргын морин цэргүүдтэй андуурч бөмбөгдсөн нэгэн харамсалтай явдал бий.

Ингээд иймэрхүү явдлын тухай хэд хэдэн тохиолдлыг цуврал хэлбэрээр сонирхуулах ба эхнийх нь 1941 онд өрнөсөн Ирак-Английн дайны үед (Anglo-Iraqi War) болсон юм.

Ирак улс 1932 онд тусгаар тогтнолоо олсон боловч үнэндээ (де факто) Их Британи улсын колони хэвээр л байлаа. Мэдээж ийм байдалтай эвлэрдэггүй, эсэргүүцдэг нөхөд Иракт олон байсан ба тэдний хувьд хүчээ авч буй Герман улс л ганц аврал нь гэж харагдаж байв. Өөрөөр хэлбэл “Адгийн англичуудын дарлалыг авч хаян, агуу Германтай адил тэгш нөхөрлөх ариун зорилго тавьсан” хүч Иракт бий болж улам бүр газар авч байсан цаг.  Англичуудыг Германаар солих хүсэлтэй эдгээр нөхдөд тусгаар тогтнол, мөнгө хэрэгтэй бол германчуудад газрын тосны арвин их нөөцтэй газарт өөрийн хязгааргүй нөлөөгөө тогтоох, Энэтхэг орох замын найдвартай түшиц газар болсон Ирак улс хэрэгтэй байлаа. Гэсэн хэдий ч Гитлер Ирактай шууд харьцалгүй, энэ улстай холбогдох аливаа холбоо сүлбээг өөрийн гол хамсаатан италичуудад хариуцуулсан боловч Муссолини тэргүүтэй нөхдийн ам хэл сайн ажиллахаас гардаж хийсэн юм гэж байсангүй. Германчууд ч хүлээж залхаад Иракийн “Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний тэмцэгч” нартай шууд харилцаа тогтоон, уг хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа радиогоор зарлалаа. Германы радиогоор бүр араб хэл дээр зарласныг яана. Английн дарлалаас гарах гэсэн тэмцэгч нарын хувьд энэ бол маш том ялалт байлаа. Одоо бөөн бөөн мөнгө, зэр зэвсэг ирнэ, англичуудыг Германы их цэрэг ирээд яйр цохиод, Ойрхи Дорнодод дахин нэг Дюнкерк болно гэдэгт тэд итгэж байлаа.

Энэ итгэлээр жигүүрлэсэн аль-Гайни нь (тухайн үеийн Иракийн Ерөнхий сайд) хошин шогийн мэдрэмжтэй хүн байснаас тэр үү 1941 оны 4-р сарын 1-ний өдөр Их Британийн эсрэг “бослого” өрнүүлжээ. Бослого гэх үү, дайн гэх үү. Албан ёсны тусгаар улсын Ерөнхий сайд бослого гаргасан гэхээр нэг л хачин сонсогдож байгаа байх. Ямар ч байсан хоцрогдож доройтсон нэгэн жижигхэн улс дэлхийн хамгийн хүчирхэг улсын эсрэг гэнэт хөдөлж эхэллээ.

Их Британийн хувьд ихээхэн чухал бүс нутагт нь ийм юм болж байгаа нь Черчиллд огт таалагдсангүй учир мань эр цэргийнхэнд “Юу хүссэнээ хий, ганцхан энэ газар нутаг манай хяналтад байх ёстой” гэдгийг хатуу сануулжээ. Британийн армийн анги нэгтгэлүүд Иракт газраар, агаараар хүрэлцэн ирж ажиллаж эхэлсэн нь мэдээж бол их гүрний өөдөөс юу ч үгүй байж яаран хөдөлсөн нөхөд ямархуу байдалд орсон нь ойлгомжтой. Энд тэндгүй бут цохиулан ухаан мэдрэлгүй зугтах Иракийн цэргүүд, тэднийг хөөх Британийн морин цэргүүд (энэ дайнд британичууд сүүлийн удаа морин цэрэг хэрэглэсэн юм гэнэ лээ), агаараас бөмбөгдөх нисэх онгоц.

Иракийн хувьд дэндүү гэмээр “тэгшхэн” газар нутагтай тул агаараас ёстой юу хүссэнээ хийж болохоор байлаа. Англичууд ч хүссэн болгоноо хийсээр.

Гитлер тун эвгүй байдалд орлоо. Хэрээ мэдэхгүй байж дайн эхлүүлсэн нөхдийг хаяж болдоггүй, авч болдоггүй. Учир нь Гитлер ЗХУ-ын эсрэг их дайнд яг ид бэлдэж байсан үед дахиад өөр нэг газар эргэлзээтэй дайн эхлүүлж болохгүй байлаа. Гэсэн ч Ойрхи Дорнодын талаар ихээхэн туршлагатай зарим нэг офицерууд нь тун ч эвтэйхэн байж болох төлөвлөгөө гаргасан байсныгаа Гитлерт танилцуулжээ. Тэднийхээр бол Иракийн тэр хавтгай газарт ахиухан бөмбөгдөгч аваачин британичуудыг бөмбөгдөж, Иракийн цэргүүдийг зэвсгээр сайтар хангаад, тодорхой анги нэгтгэл болгонд мундаг сургагч тавиад, Германаас дайныг удирдах юм бол харин ч бага хүчээр Их Британийг дайнаар бариад байх боломжтой байлаа. Хамгийн гол зүйл нь агаараас сайн дэмжээд, Арабын “аймшигтай зоригт эрчүүдийг” жинхэнээр нь жаахан зоригжуулаад өгөх явдал.

Гитлер энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхний шат болгож 12 Мессершмит BF110 хүнд сөнөөгч, мөн 12 ширхэг He-111 (Хенкель-111) бөмбөгдөгч явуулжээ. Эдгээр онгоцны хүчээр босогчдыг зоригжуулж, британичуудыг ч даруухан болгох ёстой ба дараа нь ар араасаа бүр ч их хэмжээний зэвсэг техник ирэх ёстой байлаа. Уг бүлгийг ерөнхийлөн удирдах хүн нь хурандаа Вернер Юнк байсан боловч хамаг ажлыг нугалах, энэ төлөвлөгөөний амин сүнс нь болсон хүн бол Юнкын орлогч, хошууч Аксель фон Бломберг. Энэ хүн л Иракийн удирдлага болон Гитлерийн Германы удирдагч нарын хоорондох гүүр болж шууд харилцах, “Арабын бригад”-ыг биечлэн байгуулах үүрэгтэй байжээ. Туршлагатай тагнуулч Бломберг ч маш олон юм бодож санасан, төлөвлөсөн хүн Иракт ирж байгаа нь энэ.

1941 оны 5-р сарын 11-нд анхны гурван Хенкель буулаа. Араас нь бусад нь ирнэ.

12-ны өглөө нисэх буудлын хамгаалалтад гарсан цэргүүд гэнэт алсаас олон тооны онгоц буудлыг нь чиглэн ирж байгааг харлаа. Өмнө нь англичуудад зад бөмбөгдүүлж үзсэн нөхдийн хувьд сүнс зайлж, хамаг юмаа гоожуулан алдан зугтаалаа. Харин нэгэн зоригт эр ганцаараа үлдэж, байгаа ганц том буу болох пулемётоороо онгоц ирж байгаа зүг рүү чиглүүлээд л гохыг нь дарж орхиж.

 

Буудуулж унасан Хенкель-111

Хенкель-111 мэтийн том бөмбөгдөгч онгоцыг 7.62-ын сумаар унагана гэж ч юу байхав, тэр тусмаа газраас буудаад шүү. Герман нисгэгч нар бодвол баахан хараал тавьсаар газардсан л биз, ямар ч байсан онгоц бууж эхлэх үед өөдөөс нь буудах хүн гэж огт байсангүй, арилан алга болсон байлаа. Германчууд газардангуутаа нэгэн аймшигт зүйл болсныг мэдлээ. Хошууч Бломбергийн сууж явсан онгоцыг тэнэсэн ганцхан сум оносон ба тэр сум нь хошууч Бломбергийг бас онож, тагнуулч эр тэр дороо үхсэн байв.

Гэтэл энэ хүн нь бүх л байлдааны ажиллагаа, тусгай албаны харилцаа холбоо гэх зэрэг зүйлийг зохицуулах, төлөвлөгөөний хамаг нарийн ширийнийг мэддэг, гардаж боловсруулсан хүн байсныг дахиад нэг хэлэх хэрэгтэй.

Хэдийгээр хурандаа Юнк Францаас зэр зэвсэг авчрах зэргээр өөрийн боломжоороо ажиллаж эхэлсэн боловч үйл явдал нэгэнт буруугаар эргэснийг засаж чадсангүй буюу британичууд Германы гол тусламж ирэхээс өмнө Иракийн армийг няц дарж амжжээ.

Гитлер нэн даруй ойр орчмоос цэрэг техник татаж Иракийг булааж авахыг дарга цэргүүддээ даалгасан боловч нэмэр болсонгүй. Иракт аваачиж амжсан Хенкелүүд, дээр нь нэмэгдсэн Муссолинигийн сөнөөгч болох 12 ширхэг Фиат CR.42 Falco болон бусад жижиг танкетик зэрэг бүгд үгүй болжээ. 5-р сарын 27-нд британичууд Багдад орох үед Иракийн армид 2-хон Хенкель, 4-хөн агаарын бөмбөг л үлдсэн байсан ба 31-нд британичууд Ойрхи Дорнодын гол районыг бүрэн хяналтдаа дахин оруулсан байна.

Түүхийн тухай ярихдаа “Тэгсэн бол, ингэсэн бол” гэж ярих нь хамгийн тэнэг зүйл гэдэг боловч...

Хэрвээ хошууч Бломберг үхэлгүй, зорьсон ажлаа ямар нэг хэмжээгээр биелүүлж, Их Британийн арми хүчтэй эсэргүүцэлтэй тулсан бол, Германы армийн багагүй хэмжээний зэвсэг, сургагч нар энд хадагдсан бол дэлхийн их дайн дахиад 4 жил үргэлжлэх байсан болов уу... гээд хариултгүй зөндөө асуултууд гарч ирэх нь ойлгомжтой.

Ямар ч байсан Иракийн нэгэн цэргийн хийсэн “friendly fire” нь Ирак-Британийн энэ дайны нэг шийдвэрлэх үйл явдал болсон билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]