Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Токиод болох Олимпын их наадам дундаа орлоо. Нэлээн хэд хоногийн өмнө спортын энэ их баяр наадам маань ямархуу нөхцөл байдалд болох тухай зарим нэг зүйл харж байтал сонирхол татсан хачин гэмээр цөөнгүй зүйлтэй таарсныгаа та бүхэнтэй хуваалцъя. Юуны өмнө Япон улсад болох ёстой байсан, болсон энэ том наадам маань заавал нэг томоохон бүтэлгүйтэл, бараг сүйрэл дагуулдаг хачин уламжлалтай гэж хэлж болохоор юм байна.
1940 онд Япон улсын 2600 жилийн ой тохиох байсан тул Наран улсын эзэн хаан, төр засгийн тэргүүнүүд тэр жил Олимпын их наадмыг өөрийн улсдаа зохион байгуулж, арлын улс орноо дэлхий дахинд нэг сайн сурталчлах боломжтой юм байна гэж үзэн уг тоглолтыг явуулах саналаа ОУОХ-д өгчээ. Мөн тухайн үед Японы тамирчид дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд маш амжилттай оролцож байсан нь ч зохих хэмжээгээр нөлөөлсөн гэдэг.
Үүний тулд япончууд 1935 оноос эхлэн ажиллаж, янз бүрийн арга хэмжээ авч байсны дотор хамгийн их шуугиан тарьсан нь Италитай хийсэн тохироо байв. 1940 оны наадмыг авах хамгийн өндөр боломжтой Рим хотын нэрийг татуулж, оронд нь 1944 оны Олимпыг авахад нь бүх л талаар туслах болно гэж япончууд ятгасаар байгаад Муссолинниг зөвшөөрүүлж чаджээ.
Дараа нь ОУОХ-ны гишүүдийг, тамирчдыг Токио хоттой танилцуулахын тулд хагас сая доллар зарцуулсан бөгөөд Олимпын хөдөлгөөний тэргүүн Анри де Байе-Латурагийн бүх зардлыг бүрэн дааж Японд албан ёсны айлчлал хийлгэсэн байна. Орчин цагийн хэлээр бол авлига гэдэг зүйлтэй тун адилхан харагдаж байгаа биз.
Энэ болон бусад ажлын үр дүнд 1936 онд ОУОХ шийдвэрээ гаргаж, 1940 оны Олимпыг Японд зохион байгуулахаар боллоо. Япон даяар бөөн баяр хөөр. Дараахан нь 1940 оны өвлийн Олимпыг зохион байгуулах эрхийг бас авчээ. Нэг жилд хоёр Олимпыг нутагтаа зохион байгуулахаас илүү ялалт гэж юу байх вэ.
Баяр хөөр дарагдаж жинхэнэ ажил эхэлтэл... бэрхшээлүүд ар араасаа цуварсаар. Төв стадионыг барих газраа сонгож чадалгүй байсаар эрх баригчид хоорондоо муудалцаж гар зөрүүлэх дээрээ туллаа. Мөн Олимпын бамбарыг Хятадын нутгаар дайруулж авчрахаас өөр аргагүй гэдэг нь япончуудын хувьд яагаад ч хүлээж авах боломжгүй зүйл болж, хөлөг онгоцоор авчрах ёстой гэж маргалдан бас олон сар жил үргэлжилсэн маргаан хийсэн байна.
Олимпын наадмын дүрмээр бол тухайн улс орны төрийн тэргүүн нээлтийг хийж үг хэлэх ёстой бол Японы хувьд эзэн хаан нь ийм үг хэлэх боломжгүй байв. Учир нь эзэн хаан бол дэндүү ариун шүтээн тул түүний дуу хоолойг “цагаан хоолойгоор” дамжуулах нь доромжлол юм байх.
Барууны маягийн зочид буудал болон бусад байр сав дутагдаж байснаас орчуулагчийн асуудал бүр дэндүү хүнд...
Ийм байдлаар маргалдаж муудалцан өдөр хоногийг өнгөрөөж байгаад 1937 онд эхэлсэн Япон-Хятадын дайнтай золголоо. Дайныг хурдан дуусган Олимпоо хийнэ гэж тооцож байсан ч (Хятадтай хийх дайны тухай элдэв яриаг Олимпоор дарах тооцоотой гэж зарим хүн үздэг юм байна) дайн нь ч дуусдаггүй, дайнд зарцуулах зардал мөнгө нь улам бүр өсөн нэмэгдсээр “бузгай Олимп хийх гэж эхлээд бутарч дуусдаг дээрээ” тулжээ. Дээр нь АНУ, Их Британи зэрэг улсууд энэ Олимпын тоглолтыг бойкотлох тухай яриа гаргаж байсан зэрэг шалтгаанаас болж 1938 онд Японы засаг захиргаа Олимпийн тоглолтыг нутагтаа явуулахаас татгалзаж байгаагаа зарлажээ. Энэ бол дэлхийн хэмжээний шившиг байлаа.
1964 он.
Энэ удаа Европ болон Канадын том хотуудыг ардаа орхин Олимпын тоглолт явуулах эрхийг авсан нь бас л үндэсний хэмжээний том баяр хөөр болсон байна. Япон улс өөрчлөгдсөн, дайнч түрэмгийлэгч бус, орчин цагийн өндөр технологийн улс болсон шүү гэдгээ дэлхий дахинд харуулах хамгийн том боломж гэж япончууд үзэж байсан бөгөөд Олимпын тоглолтыг сайн зохион байгуулах нь япон хүн бүрийн үүрэг болж хувирчээ.
Олимпын тоглолт амжилттай болж, хэдхэн жилийн дотор өндөр хөгжилтэй хүчирхэг улс болсон Япон орныг дэлхий дахин таньж авлаа хэмээн тухайн үеийн хэвлэлүүд магтан бичиж байсан гэдэг. Гэтэл энэ бүхний төлөө төлөх ёстой өр гэж зүйл байсан юм. Хөрөнгө санхүүгийн асар их зардал, алдагдал гарсан ба хамгийн гол аюул нь Олимпын барилга байгууламж барих үед сүйтгэсэн экологийн нөхцөл байдал байв. Олон төрлийн зам, монорельс тавихдаа газрын дуусашгүй маргаанаас зайлсхийж гол усны дээгүүр тавьснаар тухайн гол мөрөнд загас олноор үхэж үрэгдэн, загасчид хоосорч ядуурсан байна. Дээр нь барилга барих, хуучин байр байшинг нураагаад гарсан хогийг шууд л гол руу цутгаж байсан гэнэ.
Мөн Спортын барилга барихын тулд их хэмжээний модыг огтлон тайрч, олон зуун кв/км зүлэг бүхий газрыг тэр чигээр нь цементээр бүрж байжээ.
Япончуудын тэр үеийн байгальд хандаж байсан хандлагыг өнөөгийн нөхцөлд бол “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж үзэх хэмжээнд байсан гэж зарим шинжээчид үздэг нь бодит байдал ямар байсныг харуулж байгаа болов уу. (Минаматагийн өвчин нийтлэлийг уншина уу)
2020 он.
Цар тахлаас болж 2020 оны наадам нэг жилээр хойшилж, одоо болж байгаа тухай олон юм яриад яахав. Энэ наадмын тоглолтууд үзэгчгүй явж байгаа нь Олимпын түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал юм. Үзэгчгүй гэдэг маань орлогогүй, ивээн тэтгэгчгүй (тун цөөхөн гэх нь зөв байх. Сая Toyota ивээн тэтгэхээс татгалзлаа гэсэн мэдээ гарч эхэллээ), тэр чигээрээ алдагдал буюу Японы татвар төлөгчдийн мөнгөөр энэ Олимп болж өнгөрөх нь. Бас авлигын хэргээр Японы Олимпын хорооны дарга огцорсон, Олимпын лого нь оюуны хулгайд холбогдож яаран сандран өөрчилсөн, 7 тэрбум долларын төсөвтэй эхэлсэн ч одоогоор 13 тэрбумыг зараад байгаа, ой мод огтолж тайрсан (Малайз, Индонезоос мод авчирч байгаа) тухай бөөн хэрүүл, Токиогийн хамгийн тохиромжгүй цаг агаар бүхий үед тэмцээн явагдах болсон гээд өч төчнөөн зүйл дурдаж барахгүй мэт.
Гэхдээ 2020 (2021) оны Олимпын хамгийн том аюул нь цар тахал. Одоогоор Японд халдвар эрс нэмэгдэж, олон тэмцээн наадмыг зохион байгуулахаа больж байгаа ч Олимпын хувьд яаж ч болохгүй бололтой. Японы зарим эрдэмтдийн ярьж байгаагаар бол олон улс орны янз бүрийн “Covid бактерууд уулзан наадаж, олимпын наадам хийснээр” маш аюултай мутацид орон өөрчлөгдсөн шинэ хувилбар гарч ирэх аюул өндөр байгаа юм гэнэ. Ямар ч байсан халдвар авах хүний тоо Олимпоос хойш асар хурдацтай нэмэгдэж эхэлнэ гэдэгт япончууд огт эргэлзэхгүй байгаа юм гэсэн.
Япон болон Олимп хоёр нэг л таардаггүй золигнууд шүү. Юу болдог бол...