Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хаан, Томас Жефферсон ба шашин шүтэх эрх чөлөөУншсан7,705

“Өнөөгийн Ертөнцийн үндэслэгч Эзэн Чингис хаан”, “Монголын Их хатдын нууц товчоо” номыг зохиогч Жек Уэтерфордын дараагийн ном болох “Чингис хаан эрхэм дээд үнэний эрэлд” номын өмнөх үг.

“Өнөөгийн Ертөнцийн үндэслэгч Эзэн Чингис хаан”, “Монголын Их хатдын нууц товчоо” номыг зохиогч Жек Уэтерфордын “Чингис хаан эрхэм дээд үнэний эрэлд” номын өмнөх үг.


1206 онд байгуулагдсан Монголын Их Эзэнт Гүрэн хийгээд түүнээс 600 жилийн дараа үүссэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд ямар хэлхээ холбоо байна вэ?

1787 оны зуны эхэн сарын нэгэн шөнө. Юлий Цезарийн алагдсан Загалмайтны тооллын өмнөх 44 оны гурван сарын 15-наас IX Константин хаан Туркуудэд ялагдсан унасан оны таван сарын 29 хүртэлх 1500 гаруй жилийн хугацаанд Европ, Африк, Азийн 25 улс орон, 170 эзэн хаадыг багтаасан Ромын эзэнт гүрний арвин их үйл ядлыг өгүүлэх зургаан боть аварга бүтээлийнхээ сүүлийн хэсгийг бичихээр Лузианна дахь цэцэрлэгийн асарт өргөөндөө Английн түүхч Эдвард Гиббон сууна.

Арван таван жилээ зориулсан энэ нөр ажлынхаа төгсгөлд түүний сонирхол Атлантын Далайг эрхшээсэн Газар дундын тэнгисийн эзэнт гүрнүүдээс Ромын өв залгамжлагч болохоор заяагдан шинээр өндийж буй Америк үндэстэн рүү эргэж, өнгөрсөн түүхээс дутуугүй ирээдүйг нь ч ихээр сонирхох болжээ.

Эрх мэдэл хийгээд шашны хооронд үргэлжид давтагтсаар ирсэн утга учиргүй балмад харилцаанд гайхширсан Гиббон тухайн үед Америкт болж байсан нийгэм, олон нийтийн амьдрал болон улс төрд шашны эзлэх байр суурийг хэлэлцсэн хурц мэтгэлцээнүүдийг чих тавин анхааран сонсоно. Америкийн шинэчлэгч тэрс үзэлтнүүдийн суралцаж байсан Оксфордыг ч тэр бас төгссөн юм. Гиббон тэдний санаа ямар шинэлэг, гэвч хэрэгжихэд хичнээн хэцүүг харж байлаа. Гүн ухаанчид шашны эрх чөлөөний тухай үе үе мөрөөддөг байсан ч түүнийг бодит үйл хэрэг болгосон нийгмийг бүтээх, шашны харилцан хүлцэлийг тусгасан хуулийг хэрхэн яаж баталгаажуулахыг хэн ч мэдэхгүй байв. Томас Жефферсоноор удирдуулсан америкчууд иргэдэд шашны бүрэн эрх чөлөөг олгож, сүмийг төрөөс нэг мөсөн салгахыг зорьж байжээ.

 

Гиббон Европ тивд эзэмшсэн боловсрол, мөн парламентын гишүүн байсан туршлагаараа эрх мэдэл, шашин хоёрын эгзэгтэй харилцааг сайтар мэддэг байв. Амьралынхаа янз бүрийн үед Католик, Протестант ба Дэист (Ертөнцийг бүтээгч ямар нэгэн дээд хүчинд итгэх итгэл бишрэл) байж үзсэн тэрбээр дэлхийн шашнуудыг оюунлаг болон далд чанарынх нь үүднээс авч үзэж байв. Ромын эзэнт гүрэн ба Европын суурь үндсийн тухай өгүүлсэн сүр жавхлант аварга түүхэн бичлэгтээ шашны урсгалууд, хавчлага мөшгилт, уналт бүрийг маш чамбай хэсэгчлэн үзсэн ч тэр бүхнээс бахдан бишрэх зүйл өчүүхэн төдийг л олжээ. Насан туршийн судалгааныхаа эцэст Гиббон ердөө ганц л удирдагч шашин ба төр улсын харилцааг зохицуулахдаа бүгдээс илүү амжилтад хүрснийг олж харав. Тэр удирдагч бол Чингис хаан байлаа.

Гиббон анхандаа Хүннү, Турк болон Монголчуудын талаар ихээхэн таагүй үзэл хандлагатай байсан ба номынхоо эхний ботиудад ч энэ хандлагаа тодорхой илэрхийлжээ. Тэрбээр нүүдэлчдийн бүдүүлэг авирийг жигшиж, Хүннүгийн Атилла, “Zingis Khan” гэж дууддаг Чингис хаан гэх мэт удирдагчдад дургүйгээ нуудаггүй байв. Гэвч нас ахиж, судлаачийн туршлага нэмэгдэх хэрээр тэдгээр “зэрлэгүүд” нь Европын соёл иргэншилт удирдагчдаас хавгүй илүү болохыг олж харсан байна. “Үнэт зүйлгүй дур хүсэл”-ээр цадсан Ромын эзэн хаадын дунд улс төрийн болон оюун санааны жинхэнэ удирдагчид байгаагүй гэж тэр үзэв. Анх Загалмайтнуудыг үзэн яддаг байгаад, өөрсдөө Загалмайтан болсныхоо дараа бусад бүх шашныг хүлцэж тэвчихээ байсан ромчуудын догшин харгис зан түүнд улам тодорхой болов.

Жек Уэтерфорд

Өрнөдийн түүхийг нарийвчлан шинжилсэн судалгааныхаа эцэст Гиббон Европ дахиныг шашны эрх чөлөөний бүтцийн олигтой хэв загвар болж чадахгүй гэдэгт итгэх болжээ. “Эцсийн эцэст бидний гайхшрал, сайшаалыг хамгийн их хүртсэн нь Чингис хааны шашны талаарх үзэл санаа юм байна” хэмээн тэр Ромчуудын тухай цувралынхаа сүүлчийн ботидоо мэдэгдсэн байна. Гиббон Монголчуудын нөлөөллийн бүс нутагт өөр өөр шашнууд нэгэн дор “эрх чөлөөтэй, эв найрамдалтай” зэрэгцэн оршдог байсныг учрыг тайлбарлажээ. Тэд Их Засаг (Great Low) хуулийг л зөрчихгүй аж төрж байх аваас Чингис хаан “хамгийн явцуу харгис шашны урсгалын лам, номлогч”-дын эрхийг ч хүндэлдэг байна.

Харин Европын түүхэнд бол байдал өөр байв. Гүн ухааны сургаалиудыг гүнзгий мэдэрч, дээд тэнгэрийг шүтэж, төгс хүлцлийг эрхэмлэдэг “Зэрлэгүүд”-ээс таг эсрэг ойлголттой, “утга учиргүй харгислалаар шашнаа хамгаалдаг” шашны улайрсан хэнээтнүүдийн үйлдлээр Европын түүх ихэнхдээ тодорхойлогдож байв.

Европын ихэнх хэсэгт түгээхийг хориглосон учир Гиббоны бүх судалгааны ажлыг цөөхөн хэдхэн судлаачид л үнэлж, дүгнэх боломжтой байсан юм. Католик сүм хийдийн зүгээс Гиббоны нэрийг болон бүтээл туурвилуудыг Ватиканы хориотой номуудын жагсаалтад (Index Liborum Prohibitorum) оруулаад, хэвлэх, уншихийг нүгэлд тооцож, олон орнуудад бүр гэмт хэрэг хэмээн зарласан ажээ. Түүний үзэл санаанууд хэтэрхий шинэлэг байсан ба бүр 1966 онд л нэг юм сүм хийдээс хуучны шийдвэрээ цуцлах хүртэл бүтээл туурвилууд нь хориотой номын жагсаалтанд байсаар байжээ.

Чингис хааны тухай бичсэн хэсэгтээ Гиббон жижигхэн боловч ихээхэн сонирхол татсан зүүлт тайлбар оруулсан нь Европын хүлээн зөвшөөрөх, хүлцэх гүн ухаанаас гайхалтайгаар шинээр урган бий болсон Америкийн Нэгдсэн Улсын шашны эрх чөлөөний үзэл санаа ба Чингис хаан хоёрыг холбож үзсэн явдал байлаа. “Чингис хаан ба ноён Локкийн шашны зарчмуудын хооронд нэг ч болов таарах зүйл олдож болох юм” хэмээгээд, 1669 онд өөрийнх нь ивээн тэтгэгч, ноён Антони Ашли Күүпэр Хойд Америкийн Виржиниагийн колониос өмнөдөд байх шинээр эзлэгдсэн газар нутгийг захирахад нь Локкийн бичсэн, Каролинагын Үндсэн Хуулинд туссан үл гүйцэлдэх утоп төсөөллийг иш татсан байна.

***

Гиббоны тэрхүү онцгой гайхамшигт санаатай би Монголын Эзэнт Гүрний тухай “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номоо бичих үедээ анх танилцсан юм. Гиббоны тэр бяцхан зүүлт тайлбар нь нэг сая таван зуун мянган үгтэй түүхийн аварга бүтээлд буй найман мянга шахам тийм зүүлт тайлбаруудын нэг хэдий ч миний анхаарлыг хамгийн ихээр татсан нь юм. Чингис Хааныг миний төрсөн нутаг болох Өмнөд Каролинатай хамааруулж бичсэн цорын ганц түүхч бол Гиббон байв. Түүний санаа нь сэтгэл догдлуулам, гэхдээ итгэмээргүй ер бусын байлаа. Би Гиббонд итгэхийг хүссэн ч, Чингис хаан ба Монголын юм бүхэнд хайртай надад хүртэл үнэмшилгүй байсан юм. 1206 онд байгуулагдсан Монголын Их Эзэнт Гүрэн хийгээд түүнээс 600 жилийн дараа үүссэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд ямар хэлхээ холбоо байна вэ? Үүнийг авч хэлэлцсэн өөр ямар ч судлаачийг би хайгаад олоогүй. Гэсэн хэдий ч би энэхүү бүдэг сэжүүрээс атгаснаа тавьж чадахгүй байлаа. Эцэст нь би Гиббоны санааг батлах, эсвэл үгүйсгэн няцаах баримт хайхаар шийдсэн юм. Америкийн Үндсэн Хуулинд туссан өрнө дахины хуулийн үнэт зүйл болох шашны эрх чөлөө нь анх Азид үүссэн гэж үү? Энэ нь зөвхөн гэгээрсэн гүн ухаантнуудынх биш, харин бүр бичиг үсэг ч үгүй дундад зууны байлдан дагуулагчийн өв байв уу?
Тэр үедээ би эдгээр асуултын хариуг олох гэж 12 гаруй жилийг элээчихнэ гэж огтхон ч санасангүй. Ганцхан жижигхэн зүүлт мэдээллээс сэдэвлэсэн энэ номоо бичихдээ би Гиббоны “Ромын Эзэнт Гүрний уналт сүйрлийн түүх”–ийн зургаан ботио бичсэнтэй нь ойролцоо хугацааг зарцуулах учиртай байжээ.

Европ дахины сэтгэлгээ ба нийгэмд шашны эрх чөлөөний хүсэл тэмүүлэл хүчтэй, бүр суурь хандлагатай ч гүн ухаантнууд нь, идеалистууд, шашны буруунгуй үзэлтнүүд болон улс төрчид нь түүнийг хэрхэн хууль болгон хэрэгжүүлэх вэ гэдэгт ямагт санал зөрөлдөж, учрыг нь олж чаддаггүй байв. Хүмүүс энэ эрх чөлөөг хүртэхийн төлөө эхлээд Бурханд итгэдэг байх ёстой юу? Төрийн хяналттай үндэсний шашин байх хэрэгтэй юу? Шашны эрх чөлөө гэдэг нь хувь хүний онцгой тусгай эрх үү, эсвэл зөвхөн сүм хийдүүдэд л хамаатай эрх үү? Хувь хүн ямар нэгэн шашинд хамаардаггүй бол түүнийг иргэн гэх үү?

Тэр үед шашнууд харилцан биесээ хүлцэн зөвшөөрөх хууль журмыг бий болгох гэсэн ихэнх оролдлогууд нь Загалмайтны янз бүрийн урсгалын цөөн хэдэн сүмүүд дээр төвлөгч байжээ. Тэд итгэгчдийг нийгэмлэг гэж нэрлээд, хувь хүний ямарваа шашны бүлэгт хамаарагдах болон ангид байх эрхийг төдийлөн авч үзсэнгүй.

Гиббоны жишээгээр би эхний хэдэн жилдээ Английн философич Жон Локк ба түүний ивээн тэтгэгч ноёнтон Антони Ашли Күүпэр нарын бичвэрүүдээр амьсгалав. Гэрээс маань хэдхэн минутын зайтай байх Чарлэстоны Номын Санд хадгалагддаг Каролинагийн Үндсэн Хуулийн эх гар бичмэлийг үзсэн юм.

Каролинагийн эдлэн дахь нийгмийн идеалист хэв загвар нь шашны жижиг бүлгүүдийн гишүүдэд зарим иргэний эрх олгосон ч эргээд тэдэнд шинээр олон хязгаарлалт тавьж, Английн Сүм хийдийг цорын ганц үнэмлэхүй үнэн, албан ёсны шашин гэж үзсэн ажээ. Энэ нь хувь хүн бүрд бодит эрх олгохоос илүүгээр сүм хийдүүдийн харилцан хүлээн зөвшөөрөх хүлцэлд, Засгийн газрыг дэмждэг шашны бүлгүүдэд хүртэл хязгаарлалт болсон юм. Шашнуудыг үл ялгаварлах Чингис хааны суурь зарчимтай ерөнхийдөө төс байсныг эс тооцвол би Локкийг Чингис хаанаас санаа авсан гэх баталгаа олоогүй, үг утга санааны хувьд ч төс үгүй, холбочихмоор ямар нэгэн сэжим байсангүй.

Тиймээс би Локкийг Чингис хааны хуулиас санаа авсан, мөн төрөлх Өмнөд Каролинагийнхаа нийгмийг тиймэрхүү санаануудаар хэлбэршсэн гэсэн санаагаа дурамжхан орхиход хүрсэн юм. Гэвч нэг том асуултын хариулт нээлттэй хэвээр үлдэв. АНУ-ыг үндэслэгч эцэг болсон хүмүүс Чингис хааны Их Засаг хуулийн тухай мэддэг байсан уу?

Ингээд би эрлээ Локкиос АНУ-ыг үндэслэгч эцгүүд рүү шилжүүллээ. Төдөлгүй хадагтай Марта Вашингтон бээр Анне дэ Ла Рохе-Гүйлхэмийн 1691 онд францаар бичиж дараа жил нь англи хэл рүү орчуулагдсан “Чингис: Татаарын түүх” (Zingis: A Tatarian history) гэсэн Чингис хааны намтар бүтээлийг нөхөртөө илгээж байсныг нь олж мэдэв.

Түүнийг нь Жорж Вашингтон Маунт Вернон дахь номын сандаа хадгалсан ба одоо хүртэл тэндээ байгаа билээ.

Өөрийгөө амжилтад хүрлээ гэж бодсон ч эндүүрсэн байжээ. Харамсалтай нь Вашингтоны номын санд 300 гаруй жил хадгалагдсан тэр номыг уншсан гэх ямар ч баримт, шинж тэмдэг үгүй байв. Жорж Вашингтон хэзээ ч тэр номыг дурьдаж байсангүй, түүний бичиг баримтуудаас Чингис хаантай холбоотой юу ч олсонгүй. Би эрлийнхээ төгсгөлд их ойрхон ирсэн байсан ч, нотолгоо байхгүйн учир хоосон домог л мөшгиж яваа болов уу гэхээс айх болов.

Хэдэн жилийн дараа америк худалдаачид Чарлестоноос Монгол удирдагчийн тухай номыг Бостон руу зөөвөрлөн зарж байсан гэсэн баримтыг олоод дахин итгэл төрөв. Жорж Вашингтоны номын санд байсан өнөөх бүтээлээс гадна бас XVIII зууны Америкийн колониудад ихээхэд тархсан нэг ном байжээ. Энэ бол 1710 онд Францын судлаач Францоис Петис де ла Кроихын хэвлүүлсэн “Аугаа Чингис хааны түүх: Эртний Могул, Татаарын анхны эзэн хаан” хэмээх нилээд түгсэн дэлгэрэнгүй намтар бүтээл байв. Франц соёлыг нэвтэрхий мэддэг Бэнжамин Франклин энэхүү номыг түгээхийг зүйл бүрээр хичээж, сониндоо зар хэвлэн, Филадельфиа дахь шуудангаар Америкийн колониуд, эдлэн даяар зарж байжээ.

1770-аад онд Чингис хааны тухай номыг хэн худалдан авч байв? Ямар хүмүүс тэр номыг сонирхож, бас үр дүн нь юу болсон бол? Дахиад би Чингис хааны шашны харилцан хүлцлийн зарчим болон Нэгдсэн Улсыг үндэслэгч эцэг болсон эрхэм хүмүүсийн шинэхэн улс орныхоо ард иргэдэд шашин шүтэх эрх чөлөөг олгосон шийдвэр хоёрыг холбож буй ямар нэгэн хэлхээ холбооны эрэлд, магадгүй үл баригдах ч байж болох тийм эрэлд гарч, Бенжамин Франклины нэлгэр их бичиг баримтууд руу орж явчихав.

Америкууд Чингис хааны адилаар урд өмнө оршиж байсан ямар ч гүрнээс огт өөр цоо шинэ улс гүрэн бүтээхийг зорьж байсан байна. Өөрсдийн гэсэн түүхгүй XVIII зууны Америк эрэлчид төр болон шудрага ёсны загварыг Өрнөдийн үзэл бодлын царцанги цөөрмөөс хальж, эрчимтэй өргөн далайцтай хайжээ. Илүү сайны эрэлд гарсан тэд маш өргөн хүрээнд уншиж байсан ба ялангуяа Азийн удардагчдыг ихэд сонирхсон байна. Гэвч Франклин бол дэлхийн бүх үйл явдлууд, үзэл санаа, сэдвийн тухай нарийн мэдлэгтэй, бүхэнд өөрийн гэсэн бат үзэл хандагатай хүн байсан ч түүнийг Монголчуудтай холбоотой байж магад гэсэн бүүр түүрхэн зовлонтой сэжигээс өөр юм олдсонгүй.

Петис де ла Кроихын бичсэн Чингис хааны намтрыг олноор нь худалдаж авагсадын нэг нь Тусгаар Тогтнолын Тунхаглалыг зохиогч Томас Жефферсон байсан ба ерөөс Нэгдсэн Улсыг үндэслэгчид болохыг олж мэдэх үед чухам нууцыг тайлах амин чухал сэжүүр гарт орж ирэв.

Жефферсон Чингис хааны намтрыг франц хэлээр нь өөртөө аваад зогсохгүй бусдад ч бэлэглэдэг байжээ. Тэр энэ номыг ач охин Корнилиа Жефферсон Рандолфидаа 17 насны төрсөн өдрийн бэлэг болгож бэлэглээд заавал уншихыг шаардаж байсан байна. Америкийн Конгрессийн номын санд Жефферсонд байсан Чингис хааны намтар байдаг ба өөр нэг хувь Виржиниагийн Их Сургуулийн номын санд ч бий. Энэ хоёр ном хоёул Жефферсоных ажээ. Парисын номын худалдаачин Жеан Франциос 1795 оны 5 сарын 26-нд Фроуллед бичсэн захидалд дурдсанаар Томас Жефферсон Чингис хааны намтрыг үргэлжлүүлэн захиалсаар байсан ба номыг “Сайтар хайрцаглаж, савхи юмуу далайн хавын арьсаар бүрэх”-ийг хүсэж байжээ.

Би Жефферсоны эзэмшиж байсан Чингис хааны намтар номын гэрэл зургийн хуулбарыг болгоомжтой судалсан юм. Чингис хааны зарлан тунхагласан анхны хууль хэмээн Петис де ла Кроихын дурдсан Монголын шашны эрх чөлөөний тухай хуулийн бичээс, Чингис хааны шашны хүлцэл, шүтэх эрх чөлөөний тухай санаа, зарчмыг тухай уг номд дахин дахин онцгойлон бичжээ. Тэнд бичсэнээр, Монголын хууль нь энгийнээр илэрхийлбэл, ямар ч шашин шүтдэг бай ялгалгүй, бүхий л шүтлэгтнүүдэд эрх чөлөөг өгсөн ерөнхий хууль байсан гэнэ.

1777 онд, Тусгаар Тогтнолын Тунхаглалын эхний хувилбар гарсны дараа жил, ууган муж Виржиниад Америкийн анхны шашин шүтэх эрх чөлөөний хуулийг боловсруулахдаа Томас Жефферсон тэрхүү эрхэмсэг нандин санааг нарийн хууль тогтоомж болгон буулгажээ.

Тэрбээр Чингис хааны намтарыг уншихаасаа өмнө ч шашин шүтэх эрх чөлөөг дэмждэг байсан ч, намтараас харин шашин шүтэх эрх чөлөөний эрмэлзлийг хууль руу хөрвүүлэх тодорхой арга замыг олсон байна. Шашин шүтэх эрх чөлөө гэдэг нь сүм хийдийн давуу эрх биш, харин хувь хүний эрх байжээ.

Монгол хууль нь “Хэнийг ч шашин шүтлэгээс нь болж доромжлох, ялгаварлах, халдах”-ыг хориглосон байв. Жефферсоны хуулинд үүнтэй төстэйгээр “Ямар ч хүн шашны итгэл үнэмшлээс болж зовох ёсгүй” гэж заажээ. Чингис хаан “Хүн болгон сэтгэлдээ хамгийн сайнаар нийцсэн шашиндаа итгэж бишрэх эрх чөлөөтөй байна” гэж тунхагласан бол Жефферсоны хууль үүнийг давтан, “Хүн бүр шашны итгэл бишрэлээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэжээ.

Чингис хааны анхны хууль болон Виржиниагийн хууль хоёр утга санааны хувьд ижилхэн ч үг найруулгаараа өөр, тухайлбал, АНУ-ын Үндсэн Хуулийн анхны засварт: “Конгресс нь шашны байгууллагыг хүндэлсэн, мөн тэдгээрийг чөлөөтэй шүтэхийг хориглосон хууль батлахгүй” гэж бий.

***

Урд өмнө хэзээ ч Монголын Эзэнт Гүрэн шиг өөр өөр итгэл бишрэлтэй, эсрэг тэсрэг шашин шүтлэгтэй хүмүүсийг нэг дээвэр дор эв найртай нэгтгэсэн тийм улс гүрэн байсангүй. Хэзээ ч нэг хүн өөрөө нэгийг нь ч дагадаггүй атлаа Исламууд, Буддаг шүтэгсэд, Күнзийг дагагсад, Хиндү, Манихейстүүд, Жүүдүүд, Загалмайтнууд болон төрөл бүрийн анимистууд гээд зүсэн зүйлийн шашинтнуудыг амжилттай нэгтгэн удирдаж чадаагүй.

Томоохон шашин бүр өөр хоорондоо тэмцэлдсэн олон түмэнд хуваагдаж, ихэвчлэн хэрцгийгээр дайтдаг шашны явцуу бүлгүүд болон хувирдаг байв. Чингис хааны амьдралын хамгийн том шалгуур нь олон омог, хот, улс гүрнүүдийг эзлэх биш, тэгээд ч энэ нь түүний хувьд амархан, харин тэднийг нэг төрийн дор, өөр хоорондоо холбоотой нийгэмд зэрэгцэн эв найртай аж төрөх асуудал байсан ажээ.

1997 онд би “Монголын Нууц Товчоо”-ны судалгаагаа эхлүүлэхдээ Монгол, Хятад ба Төв Азид өрнөсөн үйл явдлуудын газар зүйн судалгаа хийж, бүх үйл явдал болсон байршлыг тодорхойлохыг оролдож байв. Эхний жилдээ би ажлаа ганцхан зуны дотор дуусгачихна гэж бодож байсан бол, дараа нь Хархорумаас Балкан хүртлэх байлдан дагуулалтын мөрөөр мөрдөн бидэрч хоёр зуныг элээгээд, харин одоо бараг хорин жилийн дараа ч энэхүү ажил маань явганаар ч, тэмээ, морь, машинаар ч үргэлжилсэн юм. Би ганцаараа эхэлсэн хэдий ч аажмаар энэ ажил маань өргөжин, Монгол судлаачид болон бүс нутгийнхаа өвөрмөц онцлоготой мэдлэгээ хуваалцсан нүүдэлч малчид хүртэл хамрагдах болсон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам судалгааны хүрээ Чингис хааны амьдралаас халин, түүний дараа Монголчуудад эзлэгдсэн Хойд Бирм, эзлэгдээгүй ч Монголын аугаа хаадуудтай харилцаа холбоо тогтоосон Кхмерийн Эзэнт Гүрний үлдэгдэл балгас хүрэв. Миний судалгаа эцэстээ “Монголын Нууц Товчоо”-ны хүрээ хязгаараас нь давсан ч тэр туурвил миний судалгааны гол чиглүүлэгч байсаар байлаа.

Кино болон баримтат ном, зохиолуудад Монголын их байлдан дагуулалтын аймшиг, гамшгийг л дүрсэлдэг, харин Чингис хааны шашны хүлцэл, шашин шүтэх эрх чөлөөний үзэл санааны тухай бараг огт дурддаггүй юм. Чингис хаан амьдралынхаа төгсгөл рүү хүн төрөлхтөнд тахал шиг тархдаг өрсөлдөн тэрсэлдэгч шашнуудын заналт өш хонзогнолыг зогсоож, тэдний хооронд баттай эв найрамдал бий болгохыг хичээж, хаа холоос ч янз бүрийн шашны тэргүүнүүдийг нэг дор цуглуулж байжээ. Дотоод ариун мөн чанараа эгээрэх эрлээр эхэлсэн түүний тэмцэл аяндаа нийгэм дахь шашны байр суурийг ойлгох гэсэн эрэл хайгуул болж хувирав. Тэрбээр хууль болон дайтаж тэмцэлдсэн шашны бүлгүүдийн онцлогийг эргэцүүлэн тунгаах тусам хүмүүс итгэл үнэмшил, шашин шүтлэгээсээ болж хядалцаж байгаа цагт ямар ч эзэнт гүрэн тогтвортой оршихгүй гэдэгт итгэх болжээ.

Орчин үеийн ертөнц дахь Чингис хааны нөлөө миний өмнө төсөөлж байснаас илүү өргөн бас гүн байсан юм. Энэ ухаарал намайг энэхүү хоёр дахь номоо бичихэд хүргэв. Судалгааныхаа эхэнд би Чингис хааны ариун мөн чанар болон түүний шашинд хандах өвөрмөц хандлагыг анзаарсан байсан ч бас бүрэн ойлгоогүй байжээ. Санаа бодол, итгэл үнэмшлийн ахиц дэвшлийг хэрэгжүүлэх нь хэвлэгч машин, луужин юм уу, эсвэл дарь гэх мэт техник технологийн хөгжлийг ашиглаж сурахаас ч хэцүү.

Хорин жилийн дараа, дөнгөж одоо л би нэг юм Чингис хааны амьдрал замнал ба Монголын Эзэнт Гүрнийг бүхэлд нь судалсан судалгааныхаа эцэст олж мэдсэнээ хуваалцахад бэлэн болжээ.

Чингис хааны тухай бичсэн эхний номдоо (“Өнөөгийн Ертөнцийн үндэслэгч Эзэн Чингис хаан” ном) Монголчууд болон Чингис хааны баялаг онцгой мөн чанарыг гүйцэд илэрхийлээгүй хэмээн намайг шүүмжилж байсан, дөчин дөрвөн жил ханилсан хайрт гэргий болон Валкер Пеарс хоёрынхоо хүсэлтээр энэхүү номоо бичлээ. Эхнэр маань энэ номыг нэрлэсэн юм. Би түүнд эх бичмэлээ уншин өгдөг байв. Тэр энэ номын үнэ цэнийг надаас илүү мэдэж байсан ч дуусахыг нь үзэж амжсангүй. Мөн редактор Жой де Менил надад урам зориг өгч, чиглүүлж байсан бөгөөд Чарлстоны Стефан Хунтын нэмэлт зөвлөгөө ч их тус болов.

Чингис Хааны шашны хүлцэл, шүтэн бишрэх эрх чөлөөний тухай санаа нь түүний амьдарч байсан XIII зуунд гайхамшигтай хувьсгал, дэвшил байсан, Америкийг үндэслэгч эцгүүд түүнийг дахин олж нээсэн XVIII зуунд ч, өнөөдөр ч мөн адил байна.

Шашны олон урсгалт үзлүүд ихэнхдээ явцууран туйлширч, сөргөлдөн тэмцэлдэх болсон өнөөгийн даяарчлагдсан нийгэмд бидэнд тулгарч байгаа бэрхшээлүүд Чингис хаанд ч бас тулгарч байжээ. Туйлшрал хийрхэлийг хэрхэн яаж итгэл үнэмшлийн тэнцвэртэй байдал болгох вэ? Тэдгээр туйлшрагчид иргэний хяналтаас мултраад нийгмийг жолоодоод эхэлбэл бид яах вэ? Яавал аль нэг шашны итгэгчид өөр бусад шүтлэгтэн лүүгээ халдахгүй байх вэ? Өөрсдийн итгэл бишрэлээ л цорын ганц туйлийн үнэн хэмээн тунхаглаж байгаа өрсөлдөгч шашнууд нэг нийгэмд хэрхэн яаж эв найртайгаар зэрэгцэн аж төрөх вэ? Шашны давж болохгүй хязгаар гэж ер нь юу вэ?

Чингис хаан хариултыг нь олж чадсан эдгээр асуултууд харин өнөөдөр яг найман зууны өмнөх шигээ нэн тулгамдсан хэвээр байна.

Орчуулсан Н.Майдар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]