Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

М.Лхагва арслан Ж.Мөнхбат аваргынд зочилсны учирУншсан40,357

М.Лхагва арслан хилс яллагдаж шоронд орсноо “Энэ муу бөхөөс л боллоо” гэж гомдож, суллагдсаны дараа улсын наадамд 5-6 даваад “За ингээд боллоо” гээд хэн нэгэнд унан буян үйлддэг байжээ.

1907 онд Завхан аймгийн Идэр сумын Ямаатын Цагаан нуур гэдэг газарт нутаглаж байсан Маамынд нэгэн хүү төрсөн нь Лхагва байлаа. Маамынх нэг охин, хоёр хүүтэй тарчиг амьдралтай айл. Тэрээр өөрөө бие томтой, овоо тахилгын наадамд зэгсэн сайн барилдчихдаг Тулгат цолтой бөх, эхнэр Маань нь бие томтой махлаг хүн байжээ.

Гурван хүүхдийн том нь “Хонгио” Дэндэв гэдэг биерхүү, аймгийн заан цолтой төрийн хар хүн. Алиа хошин яриа хөөрөөтэй, ан гөрөө их хийдэг, бяр тэнхээ ихтэй байсан гэдэг. Удаах хүү нь Намбар бөгөөд 1932 онд улсын их баяр наадамд 7 давж заан цол авчээ. Дүү Лхагвын хамт Хамбын хүрээнд шавилан сууж, сүүлдээ хар болж, мал маллаж байгаад өөд болсон. Дүү Лхагваас биеэр том, өндөр нуруутай хүн байсан гэдэг. Улсын наадамд хоёр удаа барилдахдаа эхнийхэд нь шууд заан цол авч, хожим нас ахисан хойноо очиж нэг даваад унасан. Намбар зааны өргөсөн чулуунууд Идэр сумын Хавчигийн ам, Ямаат нуурын хоолой, Ар Цагдуултайд одоо ч байдаг.

Маамынд ирсэн хол ойрын хүмүүс Намбарыг бага байхад танай энэ хүү сайн бөх болж магадгүй гэхэд ээж нь “Энэ гозгор хөх ч тийм сайн бөх болохгүй байх аа. Харин энэ мунагар бор овоо болж магадгүй” хэмээн Лхагвыгаа заагаад “Гэдсэнд байхдаа хөдлөхөд нь өмдний суран тэлээ тасарсан юм шүү дээ” гэж ярьдаг байсан ажээ.

М.Лхагва 18 настай байхдаа Бөхийн шарын овооны наадамд барилдаж ах Намбарынхаа хамт үлдээд би түрүүлмээр байна гэхэд ах нь “тэг” л гэж. Нэгэнт ах нь бууж өгье гэсэн болохоор Лхагва нэлээд бардам очтол ах нь барьж аваад хаячихжээ. Лхагва тахимаа өгөхдөө "Та бууж өгнө гэсэн яав аа" гэхэд "Галзуур, хэн чамд бууж өгдөг юм" гээд дэвээд явчихаж гэнэ. Үүнээс хойш Лхагва хэнээс ч бууж өгөхийг гуйгаагүй, өөрөө ч бууж өгч байгаагүй гэдэг.

М.Лхагва овооны наадамд үзүүрлэснийхээ хойтон жил Ганданд сууж лам болохоор нутгийнхаа Цамба гэдэг айлыг дагаж Улаанбаатар хотыг зорьжээ. Хотод ирээд Гандангийн дэнжид Пунцаг гавжийнд сууж, гэр орны ажил хийхийн завсар чөлөөнд ном заалгаж эхэлжээ. Гэвч Пунцаг гавж “Лхагва уг нь аюулгүй юм сурчихмаар хүү шүү. Гэхдээ бөх гээд явчихаад байх юм. Алсдаа сайн гэвш болохоосоо алдартай бөх болчих хүн дээ” гэж нутгийн Д.Дамдинд ярьж байжээ.

М.Лхагва анх 17 настайгаасаа эхлэн барилдаж “Хамбын бор” гэж олонд алдаршжээ. Учир нь Идэр сумын хоёр том хийдийн нэг Хамба гэгээний харьяат шавь байсан учир ийм нэрийг авчээ. М.Лхагва цэргийн болоод улсын их баяр наадамд олон жил сайн барилдаж, зургаан удаа тав давж, нэг удаа наймд, хоёр удаа дөрөвт үлдэж, хоёр удаа үзүүрлэж, нэг удаа түрүүлжээ. Чухамдаа М.Лхагвыг улсын наадамд гурван удаа түрүүлсэн гэдэг юм. 1931 онд лам байхдаа түрүүлсэн боловч цэргийн наадамд лам хүн түрүүлж болохгүй гээд Бэх-Очирыг түрүүлүүлсэн гэдэг. 1939 онд түрүүлэхэд нь эсэргүү Г.Дэмидийн бөх гээд Б.Түвдэндоржийг хүчээр түрүүлүүлжээ.

1933 оны наадам. Зүүн талаас М.Лхагва арслан, Сэлэнгийн "Боохой" хэмээх Данзан арслан

М.Лхагвын улсын наадамд барилдсан байдлыг сийрүүлбэл:

  • 1931 онд 1000 орчим бөх барилдахад ес давж үзүүрлэн улсын заан цолыг шууд авсан.
  • 1932 онд 1000 орчим бөх барилдахад найм давж дөрөвт үлдээд Булган аймгийн харьяат цагдаа Содномын хүссэнээр бууж өгчээ. Лам байсан учир үзүүр түрүүнд үлдэх өөрт нь халгаатай байсан болов уу, ямартай ч энэ наадмын дараа хар болжээ.
  • 1933 онд 880 бөх барилдахад Сэлэнгийн “Боохой” хэмээх Данзан арслангаар 10 давж түрүүлэн БНМАУ-ын Арслан цол хүртжээ.
  • 1934 онд 1024 бөх барилдахад тав давсан.
  • 1935 онд 720 бөх барилдахад зургаа давж, морьтын Чимэд арсланд унасан.
  • 1936 онд 1024 бөх барилдахад долоо давж Дорнодын "Хумбаан хар" хэмээх Балсан арсланд унасан.
  • 1937 онд барилдсан эсэх нь тодорхойгүй
  • 1938 онд 1024 бөх барилдахад дөрөв даваад Архангай аймгийн Хашаатын Сүрэнжавт унасан. М.Лхагва 1934-1938 онуудад ЗХУ-д цэргийн сургуульд суралцаж байсан гэж Намбарын хүү Цэнд-Аюуш ярьдаг
  • 1939 онд 512 бөх барилдахад найм давж Б.Түвдэндоржид унаж үзүүрлэсэн. Уг нь Б.Түвдэндоржийг тонгорч унагасан боловч эсэргүү Г.Дэмидийн бөх гэдэг нэрийдлээр унасан болгосон гэнэ. Энэ наадмын дараа М.Лхагвыг баривчилж улс төрийн хэрэгтэн хэмээн 10 жилийн хорих ял тулгаж 1946 онд суллажээ. 1946 оноос дахин барилдсан боловч 1952 оныг хүртэл улсын наадамд дээгүүр очиж чадаагүй байна.
  • 1946 онд 1024 бөх барилдахад тав даваад Бат-Очир заанд унасан.
  • 1947 онд 512 бөх барилдахад Х.Өлзийсайхан арслангаар тав даваад Аюуш заанд унасан.
  • 1948 онд 512 бөх барилдахад Жамъяншарав заанаар тав даваад Төмөртогтох начинд унасан.
  • 1949 онд барилдсан эсэх нь тодорхойгүй
  • 1950 онд 512 бөх барилдахад тав даваад Нисэхийн Лувсанд унажээ.
  • 1951 онд 1024 бөх барилдахад 44 настайдаа Архангайн Санж-Очироор тав даваад улсын начин Гүржавт унажээ.
  • 1955 онд нэг давсан
  • 1956 онд 49 настайдаа дөрөв давсан ажээ.

М.Лхагва арслан хилс яллагдаж шоронд орсноо “Энэ муу бөхөөс л боллоо” гэж гомдож, суллагдсаны дараа улсын наадамд 5-6 даваад “За ингээд боллоо” гээд хэн нэгэнд унан буян үйлддэг байжээ. Харин хилс хэрэг нь 1957 онд цагаадаж, намын батлахаа авсны дараа "Одоо л ёс журмаараа барилдаж, үнэн хүчээ үзмээр байна, гэтэл хүч тэнхээ нэгэнт харьчихжээ" хэмээн ярьж байж.

  • 1958 онд нэгийн даваанд унасан
  • 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор зохиогдсон ахмад бөхчүүдийн барилдаанд 54 настайдаа түрүүлжээ. Энэхүү ахмад бөхчүүдийн барилдаанд Буур Жамъян аварга, урт гарт М.Лхагва арслан, аат Лувсанжамц арслан, заан Самдан, цагдаа Содном, Дэлээгийн Содном, Арвайхээрийн Банди арслан, Өлзийсайхан арслан, Хумбаан Балсан (Дорнодын), Булганы бухан хүү Моломжамц заан, Завханы Баярхүү заан, Ховдын Ванчинхүү (Важий), хадагт хар Рэнцэндорж гээд нэрлээд баршгүй сайхан бөхчүүд барилдсан гэдэг. Ахмадуудын барилдаанд М.Лхагва арслан түрүүлсэн.

1939 оны баяр наадам

1939 оны төрийн наадмын үзүүр түрүүнд М.Лхагва арслан зүүнээс, Б.Түвдэндорж баруунаас гарч барилджээ. Улмаар М.Лхагва арслан учраа бөхөө гуд татан дөрвөн хөллүүлж унагажээ. Тэгтэл "Б.Түвдэндорж унаагүй, дахиж барилдуул гэсэн” шийд гарч наадамчин олон ч "Унасан, унасан" гээд л хашгиралдаж байна гэнэ. Хоёр дахиа барилдахад нь М.Лхагва арслан тонгорч хаяад Б.Түвдэндорж яалт ч үгүй өөдөө хараад унажээ. Гэтэл "Унаагүй, болоогүй" гээд дахин барилдах болоход наадамчид “Дөрвөн хөлтэй бөх гэж хаана байсан юм бэ, Хоёр унагахаас илүү яадаг юм бэ” гээд хашгиралдаж байж. Хоёр засуул хөлийн цэц рүү уралдаж очиж, нааш цааш дахин дахин гүйсээр, М.Лхагва арслан ч "Хуулиар байгуулагдсан төрийн наадамд хүчээр түрүүлсэн хүнийг унагасан болгодог нь юуных вэ, урьдах нь ул, хойдох нь зул болжээ" гээд тахимаа өгсөн гэнэ.

Наадмаас хойш 10-аад хоногийн дараа наадамд түрүүлсэн бөх М.Лхагва эсэргүү Г.Дэмидийн хамсаатан байсан юм гэнэ лээ. Түүнийг мэдсэн дарга нар зориуд дахин дахин барилдуулж Б.Түвдэндорж түрүүлсэн юм гэнэ гэсэн яриа газар сайгүй тарсан гэдэг.

М.Лхагва арслан Ж.Мөнхбат аваргынд зочилсон нь

Цагийг эзэлсэн дархан аварга Ж.Мөнхбат нэгэн дуртгалдаа "1939 оны улсын наадамд үзүүрлэсэн Завхан аймгийн харъяат урт гарт хэмээх Маамын Лхагва арслан хэлмэгдэж шоронд орсон юм. М.Лхагва гуай наадамд Төрбат арсланд "Би зүүн тийшээ хараад барилдая, чи баруун тийшээ хараад барилд" гэж хэлж байсан юм. Тэр нь "Би зүүн аймгийн бөхчүүдийг амлаж барилдъя, чи баруун аймгийн бөхчүүдийг амлаж барилд" гэсэн үг юм билээ. Үнэхээр ч Дорнодын Чой.Гончиг, нахиу хэмээх Балсан арслан, "Гулзгай" хэмээх Дамчаа заан нарыг М.Лхагва арслан дараалан хаяж үзүүр түрүүнд үлдээд Түвдэн аваргад (тэр жил түрүүлж арслан цол хүртсэн) унахад нь зүүн хязгаарт дайн болж байхад Дорнодын бөхчүүдийг дараалан амлан авч унагаад нутгийн ард түмний сэтгэл санааг үймүүллээ гэж дарга нар уурлаж байсан гэдэг.

1965 онд наадмын дараа М.Лхагва арслан манайд ирдэг юм байна. Би гурав дахиа түрүүлсэн бөгөөд Ж.Самбуу гуай, Ю.Цэдэнбал дарга нарт "Өгдөггүй аварга цолоо одоо өгөөдөх" гэж уурласан үе л дээ. Засуул Лүгдэв гуай М.Лхагва арслан хоёр их найз. Лүгдэв гуай М.Лхагва арсланд "Нөгөө Ж.Мөнхбат чинь төрийн хоёр том хүнд өгдөггүй аваргаа өгөөдөх гээд хэлчихлээ" гэж гэнэ. Тэгэхлээр нь М.Лхагва гуай "Хөөрхий залуу хүн юмсан, надтай адилхан болчих вий" гэж бодоод манайд ирсэн нь тэр байж л дээ. М.Лхагва арслан надад (Ж.Мөнхбат аваргад) ярьсан нь:

-Би 1931 онд үзүүр түрүү булаацалдахаар барилдах болов. Намайг гаргаад зогсоочихов. Би талбайд эогсоод л байлаа. Надтай түрүү булаалдах Булган аймгийн хурандаа Бэх-Очир гэдэг хүн гарч ирдэггүй. Хүлээгээд л байлаа. Тэгтэл Жанжин штабын дарга Малж гэдэг хүн "Хүчээр барилдаж давбал амь насанд аюултай. Маргааш бүх цэргийн жанжин Г.Дэмид дээр очоорой" гэчихээд явчихлаа. Би ч за гээд хурандаа Бэх-Очирт уналаа даа. Барилдаан ч дууслаа. Маргааш нь Дэмид жанжин дээр яваад очвол надад

- Өнөөдрөөс эхлээд Гандангийн Лхагва биш болно доо. Чи аль хэр ном сурч байна вэ? Хийморийн сан уншиж чадах уу гэсэнд,

- Чадна, бас дөрвөн уулынхаа санг ч уншиж чадна гэвэл,

- Уншаадах гэдэг юм байна. Би уншлаа. Гэтэл Дэмид гуай,

- Овоо ойтой юм байна. Өнөөдрөөс эхлээд Цэргийн Лхагва болно оо гэлээ. Тэгээд Дэмид жанжингийн бөх боллоо гэж яриад, би хоёр хэргээр шоронд орсон юм. Нэгд, Дэмидийн бөх гэдгээр, хоёрт, Дорнодын бөхчүүдийг дараалан хаяж ард түмний сэтгэлийг үймүүлж дарамтад оруулсан гэдгээр гэж ярьж билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]