Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Мянганы тэртээх их ёсыг үзүүлсэн түүхэн уран бүтээл"Уншсан5,426

“Эрийн гурван наадам Монголын манлай баясгалан” хэмээн яруу сайхнаар дуулж асан их зохиолч Д.Нацагдорж тэртээх гучаад оны бэрх цагт хэлмэгдэл талхидлын хар шуурганд өртөн зовж явахдаа “Эрүүл явбал хойтон жилийн улсын наадам үзнэ” хэмээн сэтгэлийн гүнээс энэлэн хайлан дуун алдсан буй заа.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар


“Эрийн гурван наадам Монголын манлай баясгалан” хэмээн яруу сайхнаар дуулж асан их зохиолч Д.Нацагдорж тэртээх гучаад оны бэрх цагт хэлмэгдэл талхидлын хар шуурганд өртөн зовж явахдаа “Эрүүл явбал хойтон жилийн улсын наадам үзнэ” хэмээн сэтгэлийн гүнээс энэлэн хайлан дуун алдсан буй заа.  

Язгуурын Монголчууд болох Хитан нарын талаар гадаад дотоодын эрдэмтэн судлаач нар арвин их судалгаа хийж, олон талаас нь судалж тодотгосон байдаг тул олныг эс нуршин, зөвхөн БНХАУ-д хэвлэгдсэн “Үгийн далай” хэмээх их нэвтэрхий тайлбар тольд хэрхэн тайлбарласныг дурдвал: “Хитан нар угаас Дунху (Зүүн Ху буюу Хүн нар)-д хамаармуй. Умард Вэй улсаас янагш өдгөөгийн Ляо (Луух) голын дээд урсгал хавь нутагт нүүдэллэн аж төрмүй. Тан улсын цагт Сунмо тегин толгойлж байсан бол Тангийн сүүлээр Шила аймгийн толгойлогч Абаози (өрнөдөд Амбагян, тухайн цагтаа Абага гэмүй) Хитан болоод хөрш аймгуудыг нэгтгэн Ляо улсыг (916-1125) байгуулжээ. Хитаны нутагт олон дотор/хятад/ хүн очиж суурьшин, газар тариалан, гар урлалыг ихэд хөгжүүлсэн бөлгөө. 1125 онд Зүрчидийн Алтан улсад дарагдаж, хүмүүс нь нангиад, Монгол, зүрчидтэй холилдон суусан. Хитаны язгууртан Елюй Даши өөрийн аймгийг тэргүүлэн баруунш нүүдэллэж, Алтайн чанад хүрч Баруун Ляо (1124-1211) улсыг байгуулсан нь бас Хар Хитан хэмээгдмүй” гэснийг иш татсу.     

Хитан бол язгуурын Монголчууд мөн болохын хувьд тэдний тухай аливаа судлагдахуун, түүхийн эх сурвалж бидэнд маш чухаг, үнэ цэнэтэй байх нь дамжиггүй. Хитанд холбогдох эдийн болон оюуны (бичмэл) соёлын дурсгал өмнөх үеийн хүннү, дунху, сяньби зэрэг өвөг Монголчуудыг бодвол харьцангуй олноор энд тэндээс

 

олдсон байна. Тухайлбал зөвхөн хитан хэл, бичгийн зүйлд хамаарах дурсгалт олдворууд гэвэл “Хитаны хаад, хатдын булш бунхны хөшөө чулуун дээр сийлсэн магтуу үгс, хүрэл толины бичээс, хаадыг бунхалсан бунхны тоосгон дээр сийлсэн эмгэнэлийн үгс, Чингис хааны үеийн сав суулга, пайз гэргэ дээрх загасан хэлбэрт бичээс, түүнчлэн нангиад ном сударт үлдсэн хэсэг бусаг үсэг тэмдгүүд зэрэг хэдэн хорь гаруй зүйл байна.

Цаашилбал Унгарын нэрт Монголч эрдэмтэн Жорж Кара /билгүүн их номч Б.Ринчений хүргэн Хар Дорж гэхээр Монголчууд сайн мэддэг байсан/ “Хитаны шүлэгч, найрагчдын яруу сайхан шүлэг холбоодын нангиад орчуулга нэлээн буйн дээр нангиад ханз үсгээр галиглан бичсэн үгс ч хадгалагдаж ирсэн нь чухам түүгээр бид алтай овгийн хэлнүүдийн дунд хитан хэлний эзлэх байрыг оноон тодорхойлж байгаа билээ” гэж дүгнэн бичсэн бий. Мэдээж зөвхөн хитан хэл бичиг гэлтгүй Хитаны нийгэм, соёлын олон зүйлийн талаар нангиад хэлээр арвин их судлагдахуун байгааг БНХАУ-ын судлаачид нарийвчлан судалсан нь дамжиггүй. Харин өнөө хэр нь манайд тэдгээр судалгааг олж үзэж, орчуулан эрдэм шинжилгээний эргэлтэд оруулаагүй байна.

Энэ удаа би Хитан нарын уран зургийн зүйлээс жишээ болгон цохолж ганцыг танилцуулсу. Ер нь XII-XIII зууны Монголчуудын өмнөх үеийн өвөг дээдэс болсон Хитан нар баялаг соёлтой ард түмэн байсан нь мэдэгддэг бөгөөд тухайлах юм бол уран барилга, хэл бичгийн гүнзгий эрдэм соёлоос гадна яруу найраг, дүрслэх урлаг, гар урлал, гоёл чимэглэлийн урлагаараа онцгой байсан нь түүхэнд  арилшгүй ул мөр болон үлдсэн агаад энэ бүгдийн заримд нь Жагар-Энэтхэгийн зүгээс нэвтрэн дэлгэрсэн Бурхны шашны нөлөө бас багагүй буй нь өнөө бидний мэддэгээр XVI-XVII зууны үед Бурхны шашны нөлөөгөөр  Монголын соёл дахин сэргэсэн тэр их сэргэн  мандалтаас дутуугүй үйл явдал болж байсан юм биш байгаа  хэмээх бодол төрдөг юм аа.

Өнөөдөр бид энэ тухай  лавшруулан судалж бодит үнэн мөнийг нь сэргээн тогтоох  асуудал  тулгам болж байна. Их Ляо хэмээсэн Хитан гүрний хүчирхэн мандсан цагт Монгол газар Бурхны шашин дэлгэрэн хөгжиж байсан тухай үүнийг өгүүлэгч бээр эрхэм уншигч авгай нарт жич толилуулахаар бэлдэн буй  тул энэ удаа орхизнон гол сэдвийг эрэн барьсугай. Миний бие арван жилийн өмнө “Хитан нарын түүх” хэмээх томхон бүтээл туурвиснаа хэвлүүлж амжилгүй асаар өнөөг хүрлээ. Харин энэ хооронд манайд Хитан нарын судалгаа хийгдсэнгүй гэж хэлэхэд хилс болохгүй. 1959 онд буюу 60 жилийн өмнө нэрт эрдэмтэн Х.Пэрлээгийн “Хитан нар, тэдний Монголчуудтай холбогдох нь” нэртэй жижигэвтэр боловч жинтэй бүтээл гарснаас хойш энэ чиглэлээр манайд ном бүтээл бичигдсэнгүй, хэвлэгдсэнгүй. Бодит байдал ийм байхад Монголын түүх бүтэн болохгүй ээ.

Хитан нарын дунд гайхам их авьяастай зураач, урчуул цөөнгүй аж төрж, бүтээн туурвиж явсан тухайд өмнөд хөрш нангиадын түүхэнд их бага мэдээ занги нэлээн үлдсэний дээр, бас цөөн боловч зураг сэлт өнөө бидний үед хүрч ирсэн нь БНХАУ, Тайвань болоод дэлхийн зарим томоохон музейнүүдэд хадгалагдан, үзэх хүмүний мэлмийг мялаан баясгаж, өнө эртийн өвөг дээдсийн үүх түүхээс үггүй  өгүүлэн хүүрнэнэм бүлгээ.

Тухайлбал, “Шонхор шувуугаар ав хийж буй зураг”,  “Морьтон, сум талбиж буй зураг”, “Хээрийн цай зооглож буй зураг”, “Буга намнаж буй зураг” гэх мэт нэлээд зураг буй нь цөм хитан зураачийн уран мутрын увьдас ажгуу. Ер нь Хитан нарын үеийн уран зураг нэлээд буйн заримыг нь нангиад, зүрчид, гээд өөр үндэстэн ястны зураач урчуул урласан нь ч бий тул түүхийг сэргээн тодотгохын тулд тэр бүгдийг хамруулан судлах ёстой, харин дотор нь ангилан ялгаж жинхэнэ хитан зураачийн зурсан зургуудыг тусад нь авч үзэх нь зүйн хэрэг биз ээ.

Хитан нарын дүрслэх урлаг гайхамшигтай хөгжиж байсныг энэ удаа ганцхан жишээгээр дурдахад Хитан гүрний нэгэн хааны бунхныг Өвөр Монголын Жирэм аймгаас олж малтан судлахад бунхны хананд урласан жилийн дөрвөн улирлыг харуулсан байгалийн үзэмжит зураг нь өнөөдөр судлаачдын батлан тооцсоноор Хятадын хамгийн гоё сайхан уран зургуудын нэг гэгддэг ажээ. Энд үзүүлэн буй зургийн тухай өгүүлэхэд энэ бол Хитаны Их Ляо улсыг  байгуулсан Абага хааны ууган хүү Елюй Бэйсүй Син (Бэсүүхэн гэмээр) хэмээх зураачийн “Морьтон сум талбиж буй зураг” хэмээх бүтээл юм. Хаан хүү Эгүлэн Бэсүүхэн тухайн цагтаа олон талын боловсрол эзэмшсэн хүн байсан нь нангиад хэлэнд нэвтэрхий, сайн яруу найрагч, гарамгай уран зураач байснаас нь илэрхий байдаг.

Түүний зурсан зургуудаас арван таван бүтээл бидэнд мэдэгдэж буйн нэг нь энэхүү “Морьтон, сум талбиж буй зураг” ажгуу. Зураг дээр та эртний Монголчуудын дүр төрхийг ажихын хамт өдгөө бидний зан заншил, ахуй ёс, хувцас өмсгөл, эдлэл хэрэглэл мянганы тэртээд ч ийм л янзаараа байсныг түвэггүй олж харж байгаа буй заа. Тэр бүгдийн дундаас нэгэн эрхэм ёс заншлын тухай тогтон өгүүлэхэд, тэр нь аль буй хэмээхүл мөнөөх Хитан эрийн хүлэг морины гөхөл, сүүлийг их л чамбай нямбай боосон нь эрхгүй нүдэнд содон тусч буй биз ээ. Тийм ээ, Өнөөдөр  Монгол газар наадмын хурдан морины гөхөл, сүүлийг чингэж нямбайлан боож “гоёдог” эрхэм ёсон мянганы тэртээх Монголчуудын дунд ч байж шүү хэмээн бодогдохын ялдар бас тэгэхлээр хитан нар яах аргагүй Монгол угсаатан мөн юм аа хэмээн дахин бат нот хэлэх мэт ээ.

Төв Азийн нүүдэлчин угсаатнууд болсон эртний  түрэг, уйгур, хяргас, тангад, зүрчид  болоод тэдний удам хойчис болсон өнөөгийн хотон, түвд, манж нарын дунд ийм ёс бий бил үү? Үгүй байх аа. Энэ эрхэм ёсон зөвхөн морийг эрхэмлэн дээдэлж ирсэн морьтон Монголд л байсан, байсаар байна биш үү. Чухам үүнийг тодотгон хэлж өгч, чухам үүгээрээ язгуур эртийн Хитан нар болоод Монголчуудын удмын залгамж холбоог нотлон хэлж өгч байгаагаагаа энэ зураг үнэлж баршгүй чухаг юм. Зэрвэс харахад өчүүхэн төдий зүйл мэт боловч яах аргагүй асар их ач холбогдол өгч буй энэ зургийг үндэстэн оршин тогтнохуйн учир утгыг агуулсан түүхэн уран бүтээл мөн гэж дүгнэхэд хэтрүүлсэн болохгүй буй заа.

Хоёр мянган жилийн тэртээх эртний хятадын түүх бичлэгт “Тэд гурван настайдаа морь унаж, таван настайдаа нум сумаар харваж сурдаг” гэсэн тэмдэглэл хулсан дээр бэхээр дурайн цагийн уртыг туулан ирсэн байдаг. Тэгвэл Европт хүрч очсон хүннүчүүдийн тухай Ромын түүхч Аммианус Марселинус 17 зууны тэртээд бичиглэж: “Тэд өдөр тутмын ажил үйлээ ямагт морины нуруун дээр амжуулах ба арилжаа наймаа хийх, идэж уухдаа, өдөр ч, шөнө ч морин дээрээ байх агаад, тэр ч байтугай бөгтрөн хэвтээд гүн нойрсож чаддаг бөлгөө. Бас аливаа хэрэг явдлыг хэлэлцэхдээ аанай л морьтойгоо цуглан хуралддаг болой...” гэсэн байдаг тухай миний бие өмнөх цуврал өгүүллүүддээ иш татсан билээ. Монголчуудын өвөг дээдэс болсон морьтон ард түмнүүдийн тухай ийм бичлэг тэмдэглэл өчнөөн бий. 

Телевизээр хурдан морины уралдаан тайлбарлаж буй тайлбарлагчийн үгийг сонсдоно: “Үзэгчид ээ, энэ гуурст ажнайг унасан арав хүрэхгүй насны жаахан охин морь яаж унаж байгааг та харж байна! Морин дэл дээр дэрвэлзэн ташуур атгасан бяцхан гараа зөөлхөн ганц хөдөлгөхүйд унасан хүлэг нь сэрвэлзэн сэргэж урагш тэмүүлэн ухасхийнэм. Тийнхүү жолоогоо сул тавьж хүлэг морион зөнгөөр нь нисгэж яваа энэ жаахан охиныг харахад хэчнээн бахтай, хэчнээн урамтай! Морийг ингэж унана гэдэг жинхэнэ урлаг. Тэр тусмаа ийм жаахан охин ингэж сайхан сурсан гэхэд шагшин магтах үг үл олдоно! Монгол хүн хүлэг морио ингэж л унадаг юм! Монгол газрын Монгол наадам ийм л байдаг юм!...” хэмээн хоолой цахиртуулан дуржигнуулахуй үзэж суугаа хэний боловч самсаа шархирч, нүдэнд нулимс цийлэлзэхгүй байхын аргагүй ээ.    

Аливаа улс үндэстний уламжлалт өв соёл гэдэг мянганы энгээр хэлцэгддэг авай. Үүний хамгийн тод жишээ бол Монгол үндэстний эрийн гурван наадам болой. Хурдан морь, хүчит бөх, сур харвааны үүсэл гарал нь хэдэн мянганы тэртээх өвөг дээдсийн цаг үед холбогдох агуу их соёл мөн. Энэ гурав бол зүгээр нэг тэмцээн уралдаан төдий зүйл биш юм. Тэдгээрийн зан үйл, ёс заншил, утга ойлголт, үзэл санаа бүхэн нь цагийн уртад бий болж улам бүр төгөлдөржин төгсжиж, тунгаагдан ялгарч тогтсон өнөр баян өв соёл ажгуу. Товчхон хэлэхэд, эрийн гурван наадам бол Монгол хүний амьдрал ахуйн салшгүй нэг хэсэг, ажил хөдөлмөрийн салшгүй зан үйл, соёлын зузаан өв, сэтгэл оюуны бах тав, цэнгэл наадмын манлай билээ. Тийм ч учраас “Эрийн гурван наадам Монголын манлай баясгалан” хэмээн яруу сайхнаар дуулж асан их зохиолч Д.Нацагдорж тэртээх гучаад оны бэрх цагт хэлмэгдэл талхидлын хар шуурганд өртөн зовж явахдаа “Эрүүл явбал хойтон жилийн улсын наадам үзнэ” хэмээн сэтгэлийн гүнээс энэлэн хайлан дуун алдсан буй заа. Монгол хүн амьдралын утга учир, амьд явахын сайн сайхныг үүнээс өөрөөр яаж илэрхийлэх билээ.          

Улсын баяр наадам хаяанд тулсан энэ өдрүүдэд газар бүрт морь тарлан, сунгаа үргэлжилж, уяач хүлэгчид, унасан багачууд нь төрийнхөө их байр наадамд торгон жолоо өргүүлэхийн төлөө нойр хоолыг хасан, цаг мөчтэй зэрэгцэн хүлэг морьдоо шинжин сойж байгаа. Дэлхий дэлэгнэж, дэнж сэргэсэн дэлгэр зуны цагтаа морьтон Монголчууд бид чухам л  мянга мянган жилийн өмнөх агуу их ёс заншлаараа наадан цэнгэж, тэр тусмаа сэтгэлийн цог заль сэргээн хийморь хөгжөөн бадраадаг эрийн гурван наадамдаа цэцэг мэт алагланхан цугларан ирцгээдэг билээ. Түүний дунд мянган тэртээх чанадаас улбаатай эрхэм ёсоор гөхөл сүүлийг нь гөлчийлгөн боосон аргамаг хурдан хүлгүүд эрвээхэй мэт эрвэлзэнхэн, хангарьд мэт хуурнин довтолгож айсуй. Хурай, дээдсийн мянган жилийн өв  их ёсон мөнхжин дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]