Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Л.Гумилев: Эртний хүнчүүд Хятад руу анх удаа цөмрөн орсон ньУншсан28,857

Энэ үед эртний хүнчүүд анх удаа дэлхий ертөнцөд өөрсдийгөө үзүүлж, тэднийг хятадын яруу найраг нь «тэнгэрийн бардам зантнууд» хэмээн өргөмжлөн эх барьж авсан бол бүдүүлэг хүүрнэл туурвилууд нь «хорт муу хулгай нар» гэж нэрлэсэн байна

Агуу Лев Гумилевийн Монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг Tolgoilogch.mn вэбсайт цувралаар хүргэж байна. Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ. Модун нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм.

Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхжсэн аж. Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь Монголчууд өөрсдийн үүх түүхээ сайтар ойлгоход ихээхэн тус болох юм.


 

Эртний хүнчүүд Хятад руу анх удаа цөмрөн орсон нь

 

IX зуун дуусав. Хятадад Жуо угсааны вангууд хүч чадлаа хэдийн алдаж, Сюань ван үймээн самуун дэгдээх дуртай харьяатнуудынхаа бослого хөдөлгөөнөөс эмээн болгоомжилж байлаа.

 

Энэ үед эртний хүнчүүд анх удаа дэлхий ертөнцөд өөрсдийгөө үзүүлж, тэднийг хятадын яруу найраг нь «тэнгэрийн бардам зантнууд» хэмээн өргөмжлөн эх барьж авсан бол бүдүүлэг хүүрнэл туурвилууд нь «хорт муу хулгай нар» гэж нэрлэсэн байна.

Шинэчлэгдсэн, төлөвшсөн, улмаар хүч сайтай болсон хүнчүүдийн тухай яруу найргийн анхны мэдээ МЭӨ 822 онд гарчээ. «Дууны ном»-ын нэгэн магтаалд Хятадад эртний хүнчүүд цөмрөн орж ирснийг дараах санааг багтаасан шүлэг зохиолын хэлбэрээр бичжээ. Тэнд:

"6-р сар (өөрөөр хэлбэл 7-р сар, Л.Г.) ямар их будилаан самуунтай байна! Баг бүрт нь дөрвөн сайн морь хөллөсөн байлдааны тэрэг бэлэн болгож, байдгаар нь зэвсэглэв. Хүнчүүд улайран довтолсон тул энд яарах ёстой болов; Нийслэлээ чөлөөлөх аян дайнд мордохыг Хаан (Жоугийн угсааныхны Сюань ван, Л.Г.) тушаав. Аугаа их зориг гаргаж, бид хүн нарыг ялав, хүнчүүд Зинь мөрний хойд бие хүртэл явж Цяо, Ху-г эзлэн, Хао, Фэнь-ийг (Жоу улсын нийслэл, Л.Г.) булаан авснаар алдаа гаргав. Шувуу дүрслэн зурсан манай туг далбаа цагаан үрчлээс гарган намирна. Байлдааны арван мухлаг тэрэг урд хурдлан давхина... Бид Хүн нарыг ялав. Энэ нь арван мянган (өөрөөр хэлбэл олон улсад Л.Г.) оронд жишээ болно"  гэжээ.

Эртний хүнчүүдийн довтолгоог үнэн зөвөөр үнэлэхэд энэ мэдээ дэндүү хомсдоно. Энэ нь зүгээр нэг удаагийн дээрмийн уулгалсан дайралт байв уу, нутаг дэвсгэр булаан эзлэхээр тооцоолсон ноцтой дайн байв уу гэдэг нь тодорхой биш байна. Гэхдээ эхнийх нь л болов уу, ямартай ч зохион байгуулалт сайтай томоохон хүч орж ирсэн бололтой. Шүлгээс харвал энэ дайсныг няцаахын тулд дайчилгаа явуулжээ. Ингэхлээр дайн амаргүй хүнд байсан нь лавтай.

Үүнээс хойш хүнчүүд (Хятадад энэ нэр Жаньго-гийн үед, өөрөөр хэлбэл, МЭӨ IҮ-Ү зуунд гарч ирсэн байна) 500 орчим жилийн турш огт дурсагдахгүй болсон байна. Тэднийг жүн нар хойд зүг рүү шахчихсан бололтой юм.

 
Жүнүүд хийгээд хятадуудын тэмцэл

 

Жоу улсын вангуудын засаглал «жад, сэлэмний хүчин дээр» тогтож байлаа. Ийм байдал хязгаар төгсгөлгүй үргэлжлэх аргагүй билээ. МЭӨ 842 онд нийслэлийн хүн ам Ли вангийн эсрэг бослого гарган ордныг дайран эзэлжээ. Ли ван зугтав. Жоу гүн, Жао гүн хоёр засгийн эрхийг авч босогч түмний шаардлагыг зөвшөөрөв. Энэ үеийн (842-827) бодлого үйл ажиллагаа «Бүх нийтийн зөвшил» гэдэг нэр авчээ. Ийм үнээр уг угсааныхан аврагдсан боловч түүний хүч чадал бүрэн сэргэж чадсангүй, гэлээ ч эртний хүнчүүдийн довтолгооныг амжилттай няцааж, Хятадын зүүн өмнө талын Сюй улстай ялгуусан дайн хийсэн түүхтэй.

Энэ үед Хятадад нэн жижиг мужархаг эзэмшил их олон байв. Иймд ван аль ч гүнгээс нь маргаангүй давуу байдалтай байлаа. Гэвч эзэмшлүүд бэхжихийн хэрээр зарим гүнгүүдийн хүч чадал нэмэгдэж, улсын ван үүнийг нь харгалзахаас аргагүй болжээ. Гэлээ ч сайтар атгах оролдлого тэр болгон бүтэлтэй болохгүй байв, хувийн ашиг сонирхол, хүсэл зорилго улс төрийн тооцоо руу хөндлөнгөөс орж нураан унагах нь олонтаа байв. Жишээлбэл Ю ван Бао-сы хэмээх үзэсгэлэнт бүсгүйд сэтгэлтэй болж, өөрийнхөө хууль ёсны гэргий Шэнь гүнгийн охиныг үл тоомсорлох болжээ. Энэ гүн доромжлогдсон охиныхоо төлөө тэмцэв, тэдний хооронд мөргөлдөөн үүсэж, улмаар гомдсон түшмэл хөрш «бүдүүлэг» аймгуудаас тусламж гуйжээ. Ингэнгүүт жүн-үүд, ди нарын сөрөг довтолгоон эхэлсэн байна. 771 онд гуаньжүнүүд феодалын дайнд хөндлөнгөөс оролцож Хятад руу цөмрөн ирэв. Тулалдаанд Ю-ван алагдаж, гуаньжүнүүд хятадын газар нутаг дээр суурьшив. Тэд Гин, Вэй хоёр голын хоорондох орон зайг эзэлж дундад улсыг шахах болжээ. Жоу ургаас гарвальтай Пин ван суурьшиж эхэлсэн дайсныг хөөж чадалгүй зүүн зүг Лоян руу одов, харин гүн Сян МЭӨ 770 онд гуаньжүнүүдийг няцаасан байна. Энэ цагаас эхлэн Жоугийн угсааныхан хэрэг дээрээ задран унаж эхэлсэн юм.

Жаахан хожим зүүн талд шаньжүнүүд идэвхжив. Тэд 706 онд Янь улсаар дамжин Ци-гийн вант улс руу орж ирэн нийслэлийнх нь хэрэмний дэргэд Ци гүнг бут цохисон байна. Зөвхөн 44 жилийн дараа Ци мужийн гүн Хуань тэднийг Хятадаас хөөн зайлуулжээ. Хятадын их гүн ухаантан Күнз хэлэхдээ, энэ ялалт байгаагүйсэн бол «бид үсээ ч самнахгүй явж, хувцсаа зүүн тийш даран товчилж, харь омгийнхны ноёрхолд идэгдэхсэн билээ» гэжээ. Гэвч дотоод маргаан хүчээ нэгтгэхэд нь хятадуудад урьдын адил саад учруулсаар байв, 644 онд жүн-үүд, гүнтэн нь эзэнт улсын холбоог тэргүүлэн байсан Зинь мужийг хоослон цөлмөв. Тэд 642 онд Ци мужийн самуун дэгдээгч гүнд туслахаар очиж, хуучин дайсантайгаа нийлэн Вэй муж руу уулгалан дайрч цөлмөн хоослов.

Гэхдээ жүн-үүд МЭӨ 636 онд хамгийн их амжилтад хүрсэн билээ. Их гүн Сян-ван улс төрийн бодлого зорилгын үүднээс уугуул жүн гүнжтэй гэрлэжээ. Гэтэл залуу гүнж Сяны эсрэг ордны нэгэн этгээдийн байгуулсан хуйвалдаанд оролцов. Тэрээр өөрийнхөө аймгийнхныг авчирч, эл эмэгтэйн найз нар нийслэлийн хаалгыг онгойлгосонд их гүнтэн зугтахаас аргагүй болжээ. Хөөрхий болсон Хятадыг жүн-үүд дөрвөн жил дээрэмдэв, сүүлдээ Зинь мужийн гүн Вэнь жүн-үүдийг хөөж, дэг ёсоо тогтоох бүрэн эрхийг өөртөө олгуулах гэж хөөцөлдөн, эзэнт гүрний хурлын зөвшөөрөл авав. Тэрээр 632 онд тэднийг нийслэлээс хөөн гаргаж, урваж, засгийн эрхийг булаан авсан Дай мужийн гүнг цаазалжээ. Тэр үед Цин улсын Му гүн баруун талд жүн-үүдийн 12 эзэмшлийг устгаж Хятадад Жоу-гийн газар нутгийг эгүүлэн авав.

Гэвч жүн-үүд бүрэн цохигдсонгүй, тэмцэл 569 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ онд тэд Зиний муж улстай найрамдлын гэрээ байгуулав.

Ү зууны үед хятадууд давамгайлж эхэллээ. Зинийн гүн Жао ван Шэньси болон зүүн Ганьсу дахь жүнүүдийн улсыг байлдан дагуулав. Жао улсын ван Ву Лин Ордос дахь лэуфань, линьху нарыг эзлэн дагуулж, Янь улсын жанжин Цинь Кай гэнэтийн дайралтаар Дун ху нарыг бут ниргэжээ.

Хятад яаж бүрэн ялсан бэ гэдгийг тэд өөрсдөө сайтар бичиж тэмдэглэсэн. Жүн-үүд асар уудам нутаг дэвсгэр эзэмшиж, том жижиг олон аймгуудад хуваагдан сууна. Тэд уулын бэлээр тархан амьдрах бөгөөд өөрийн гэсэн эзэн, зонхилогчидтой байв, олон ургаараа тэд цугларан бөөгнөрөх нь цөөнгүй байсан боловч нэгдэж чадсангүй. Хятадад тархай бутархай байдал бүрэн ноёрхож байх тэр үеүдэд л жүн-үүд зарим нэг амжилт олж байлаа, харин Хятад дахь эзэмшил улсууд нь томорч, вангууд хаан болж эхлэх үеэр төвлөрсөн хүч эрэлхэг жүн-үүдийг ялжээ. Уулын хавцлаас чулуун цайз илүү найдвартай нуувч болохоо харуулав. Икюйн жүнүүд хятадуудыг дууриан хэд хэдэн бэхлэлт байгуулж үзэв. Гэвч хятадууд хэрэм эвдэх зэвсгийг хэдийн мэдэж байсан учир тэдний цайзыг амархаан нураан эзэлчихэж байлаа. Түүнээс гадна жүн-үүд, эртний хүнчүүд хоорондоо ямар харилцаатай байсныг бид мэдэхгүй. Тэд нэг их сүрхий сүжирцгээдэггүй байсан бололтой. Хэрэв тийм бол жүн-үүдийн байдал эмгэнэлт нөхцөлд орох ёстой, юу гэвэл, Хятад, Их тал хоёрын дунд хавчигдсан тэд ар талгүй байв, довтлон ирсэн дайснаас зайлсхийе гэвэл тэд уулын хөндий рүү уруудахаас өөр замгүй, гэтэл энэ нь гарц, аврагдах газар биш, харин үхэлд хүргэх занга л болчихдог байв.

Таван зуун жил тэмцэлдсэний эцэст жүн-үүд хоёр хуваагдав, үндсэн хэсэг нь баруун тийш уулархаг нутаг Хөх нуур руу шахагдав, нөгөө хэсэг нь зүүн зүг Хянганы уулс руу түрэгдэж, хятадуудын эсрэг дайсагналаа нуусаар тэндээ зүүн Ху нарын дунд уусчээ. Үүний дүнд МЭӨ III зуунд дунху нарын аймгийн холбоод бий болж их талын зүүн хэсэгт манлайллаа тогтоов. Энэ үед их талын баруун хэсгийн оршин суугчид дахин сэргэж идэвхтэй түүхэн амьдралдаа эргэж оржээ.

МЭӨ 250 онд парфянчууд ираны чөлөөлөх хөдөлгөөнийг толгойлон булаан эзлэгч македончуудыг Мидийгээс хөөж, тэдний ураг төрөл нэгт сармайчууд Скифийг, өөрөөр хэлбэл Хар тэнгис хавийн тал нутгийг байлдан эзэлжээ.

Тал нутгийн оршин суугчдыг хөдөлгөөнд оруулсан дэврүүн түлхэц ингэж анх удаа МЭӨ III зууны үед гарч ирсэн юм.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 9 сар 30. 3:38
Зочинааа

Хэдүүлээ 90-ээд оны эхнээс өөрсдийгөө омог бардам өвөг дээдсийнхээ үр удам гэдгийг сайтар мэдэж авлаа, бахархалтай байлаа, зөндөө ярьлаа, одоо жаахан завсарлая тэгэх үү? Өнөөдөр бид хэн байна, хаана байна гэдгээ сайтар цэгнэе, хугацаа алдаж байна. Дэлхийд тэргүүлж байгаа, хөгжил дэвшлээр манлайлж байгаа улсаас бид яагаад ч дутахгүй гэдэг нь илт байна, одоо хурдан урагшлая, хөгжөе, үлгэр тууль ярихаа больё, суралцая, хөдөлмөрлөе, хурдан бүтээе, оюун ухаанаараа тэмцэе.

2019, 12 сар 17. 1:00
Aylagch

Ntv-eer garsan fuyaogiin domog heden ond haryalahdaj baisan bol fuyaogiin domgiig

2019, 9 сар 22. 11:22
Унш сайн унш

Коммиитений зохион монголчуудын тархийг 80 угаасан түүхээс гадуур заадаг түүхүүд Хүннү нар Түрэг угсааны аймаг энэ аймгийн нэг хаан хүчирхэг улс байгуулахдаа Монгол аймгуудыг эрхшээлдээ оруулж улсынхаа нэг хэсэг болгож байсан гэж үздэг юм билээ.. Тэгээд ч Байгал, Хөвсгөл, Исык Кул, Алтай, Сэлэнгэ, Орхон, Туул, Хэнтий бүгд түрэг хэлний нэршлүүд гэж явдаг. Монголчуудын уугуул нутаг Халх гол , Буйр нуур орчимоор гэж үздэг. Хэн тэр бүх түүхийг хараад сууж байсан юм лав Монгол сурвалжтангуудыг ургийн овог үндэсний бичигтэй нь устгах үед ам дамжин ярьж үлдээдэг түүхийн сурвалжийг тасалсан гэж үздэг.

2019, 9 сар 20. 8:33
Зочин

Он цаглабараа нэг тийш нь болгоорой. Зарим нь МЭӨ, зарим дээр нь байхгүй байгаа нь хүний толгой эргүүлэхээр юм болж. МЭӨ гэж бичигдээгүй оныг шууд манай тооллын гэж авч үздэг. тэгэхээр хэдэн мянган жилээр хожуу болоод хувирчихна. Тэгээд ч одоо МЭӨ ( Манай Эриний Өмнөх) гэдэг нэр томъёог хэрэглэхээ болиод удаж байна. НТӨ (Нийтийн Тооллын Өмнөх) гэж нэрлэдэг болсон шүү.

2019, 9 сар 22. 11:29
Унш сайн унш

Санал нэг байна.Нийтийн тоолол гэгч нь угтаа Иудыг шашны еврей номлогчийн цовдлогдсон өдрийг тэмдгэлсэн хугацааг он тоолол болгон хэрэглдэг тоолол. Манахаар Олноо өргөгдсөн тоолол гэдэг шиг.

2018, 2 сар 17. 17:05
нано

түүхээ мартаж болохгүй л дээ. Унших нэг нь уншиж л байг.

2017, 11 сар 24. 10:38
Зочин

Түүхээ мэдэх нь чухал хэдий ч одоо хичнээн хүннү, чингэс яриад, бид дэлхий талыг эзэлж байсан гэж омогшиж онгироод цээжээ дэлдээд юугаа хийнээ, ингэлээ гээд дэлхий ертөнц биднээс айх уу, харин ч зэрлэг бүдүүлгүүдийн үр удам гээд үзэн ядна, одоо байгаа байдлаа л хар, дэлхийн улсууд яаж хөгжиж байна, гэтэл бид ямар байна, одоо яаж хөгжих вэ, ард түмний амьдралыг яаж сайжрулах вэ гэдэгт л хамаг анхаарлаа чиглүүллэх ёстой

2018, 9 сар 6. 1:10
Зочин

цээжээ дэлдэхдээ биш удам судар уг гарвалаа мэдэж л байх ёстой

2018, 1 сар 11. 17:59
Зочин

яг загатнасан газар мааажив хэхэ зөв шүү одоо бид ялсан аймаар байсан гэдгээ мартмаар байна аа

2018, 2 сар 20. 15:07
Зочин

Дахин Их Монгол улс болхын тулд түүхээ сайн судлаж алдаа онооноосоо суралцах хэрэгтэй байх л даа.

2019, 9 сар 20. 11:07
Зочин

Үхсэний чинь их монгол улс. Эрт бос, ном унш. Одоо ингэж их монгол нтр гэхээ больж үз. Бид бүгд хувьдаа хөгжвөл тэр Их Монгол улс чинь бий болчихно.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]