Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зуу давж насалсан улсын заан Д.ГомбодагваУншсан31,599

Хуучин цагийн алдарт бөхчүүдийн нэг, 100 хол давж насалсан Сэлэнгэ аймгийн харьяат улсын заан Д.Гомбодагвын тухай, түүний бяр тэнхээ, хэрхэн тодорч байсан тухай өгүүлье.

Хуучин цагийн алдарт бөхчүүдийн нэг, 100 хол давж насалсан Сэлэнгэ аймгийн харьяат улсын заан Д.Гомбодагвын тухай, түүний бяр тэнхээ, хэрхэн тодорч байсан тухай өгүүлье. 1901 онд төрсөн Д.Гомбодагва 16 настайдаа хувьсгалын өмнөхөн хошуу нутгийнхаа Дархан хийдийн шав тавих наадамд барилдаж, хувьсгал гарсны дараа 1922 онд цэргийн наадмаар нэг давсан тэр үеэсээ бөхийн барилдаангүйгээр эр биеийн амьдралын утга учрыг үл ухан 1950-иад он хүртэл овоо тахилгаас эхлээд аймаг, улсын 50 гаруй наадамд зодоглож үеийн бөхчүүдтэй уран мэхийг уралдуулж явжээ. Түүнийг "Гоймон баатар"-ын боорцгийг гардаж явсан, хожмоо олон алдарт аварга арслан заануудад, тэр дундаа Ж.Мөнхбат аваргад бөхийн мэх зааж явсан нэгэн гэдэг. Тэрээр Төв, Сэлэнгэ аймгуудын наадамд тус бүр хоёр удаа, бусад аймгуудын олон суманд түрүүлсэн нь 50 гаруй ажээ.

1927 онд 26 настайдаа Ардын хувьсгалын зургаан жилийн ойгоор улсын заан Мандаагаар зургаа, Сэлэнгийн довцог хэмээх Пүрэвжав заанаар долоо давж, шөвгийн дөрөвт Өвөрхангайн Мээтэн Аюурт өвдөг шороодон улсын заан цол хүртсэн нь бөхийн тэнгэрт дэвэх хүслийг нь улам бадраажээ. Д.Гомбодагвад төрийн наадамд өвдөг шороодсон Хангай хайрханы Гарамбазар, довцог Пүрэвжав, Завханы Хулгар хэмээх Дэндэв нар тухайн үедээ л дийлдэхгүй сайн бөхчүүд. Дэндэвийг гэхэд Мөнгөнморьтын Чимэд арслан л хаявал хаядаг, бусад нь ихэд жийрхдэг байв.

Д.Гомбодагва заан Чимэд арслантай хоёр удаа таарч хоёуланд хаясныг, мөн Арвайхээрийн Банди арсланг мөн хоёр удаа, Баргын Гэлэг арслан, Завханы Санжсүрэн зааныг нэг удаа орхиж Түвдэндорж аваргатай хоёр удаа барилдаж нэг хаяж, нэг унасныг бодоход залуу зандан цагтаа заан цол нь чамлагдам хүчтэн байсан нь илэрхий!

Их Монгол хэмээх даян аварга Хасын Шаравжамц, улсын заан Д.Гомбодагватай 1940-өөд оны үед Яармагийн дэнжид барилдахаар өрж байна

Нэрт арслан Хужаа хэмээх Чүлтэмсүрэн "Гомбодагва год муутай юм шиг мөртлөө зоригтой, хийц сайтай. Би Баянгол сумын наадамд яаж ч чадалгүй тойгдуулчихаж билээ. Халз дайрна, бусгана. Залуудаа 90 гаруй кг жинтэй хий багатай бөх байсан юм" гэж хожим ярьж байж.

Нэгэн удаа аян хийж яваад Бургалтайн Дуганы талд бууж майханд нь нас гүйцсэн үхэр гэнэт эврээ сэжлэн орж ирэхэд хэвтэж байсан Гомбодагва заан сандарч эврээс нь бултаж зөрж дайчихжээ. Аянчид юу болов, яав ийв болцгоон тэрийсэн үхрийг босгоход нөгөө үхэр нь дөрвөн хөл дээрээ чичрээд байж. Маргааш эзэн нь нэмэргүй болж хэмээн хэрэглэсэн гэсэн яриа хэр үнэнтэйг өвгөн заанаас хэрэгт дуртай хүмүүс сонирхоход "Нэг тийм явдал ч болсон шүү, айсан хүн ачаатай тэмээ сэгсэрнэ гэгч л болсон байх даа. Батлах хүн Сэлэнгээр ганц хоёр бий" гэжээ. Д.Гомбодагва гуайн бяр тэнхээ шалгасан, тэр нь хүнд тус болсон зарим явдлуудыг Шинжийн Волоож хэмээгч нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрсэн хүн гэнэ. Тэрээр ингэж хуучилжээ.

"Өвгөн бид хоёр нэг намар Улиастайн амны Шивэртэйд самар түүхээр гарав. Гацууртын САА-гаас үхэр авч идшиндээ хэрэглэхээр хоёулаа уруудлаа. Би морьтойгоо зам товчлох санаатай Бага овооны шалбаагийг эс хайхран дайраад ортол морьтойгоо намагт шигдчихэв, морь маань дөрвөн хөлөө сугалж эс чадан дэмий л бөмбөгнөнө. Би гэдэг хүн морин дээрээсээ унаж нэл шавар. Д.Гомбодагва гуай суран аргамж гаргаж ирээд өөрөөсөө оосорлоод хэд хашгиран зүтгэсэн морь маань шавраас сугарч гарч билээ. Тэр үед Д.Гомбодагва заан 65 настай байсан юм. Мөн тэр жилээ Өндөр ширээтийн нэгдэлд мод бэлтгэж байв. Цагаан давааны арын замаар машин хурдалж яваад шарваж хойд талын нэг дугуй нь жалганы ирмэг дээр ихэд хазайгаад хүчтэйхэн салхинд бол хөмрөгдчихөөр болжээ. Жолооч нь данхраадгүй бололтой. Урд суудал дээр нь бие давхар бүсгүй хаашаа ч хөдөлж чадахгүй айдастай нь аргагүй сууж байж. Д.Гомбодагва заан хазайсан талаас хөндийрүүлж өргөөд хэвгийгээс зайлуулчихав. Жолооч эрийн баярласан, гайхсан гэдэг жигтэйхэн. Би хажууд нь байсан юм" гэж Партизаны САА-н малчин Ш.Волоож гуай бахархан ярьж үлдээжээ.

Нэг удаа Гацууртын дээд аманд Бугантын даваанд дөрвөн шуудай самрыг бөөнд нь баглаж үүрээд (нэг шуудай нойтон самар дунджаар 70 кг) мацаж байхад нь дайралдсан Доной гөрөөч,

- Та чинь яаж явна вэ? Тэмээгээ хайрлаа юу? гэхэд Гомбодагва заан "Даахгүй байгаа юм байлгүй дээ! Муу тэмээ маань өвдөг нь чичрээд явж өгөхгүй байна гэж хээв нэг өгүүлж байжээ. Ноднин, уржнанхан 86 насандаа шуудай гурилыг 2-3 км газар үүрээд амралгүй харьчихдаг байлаа. Одоо 88-тай. Бас л больж байна даа" гэж шүүрс алдахыг нь сонсоод Доной гөрөөч үг хэл цэгцтэй ухаан санаа цэлмэг, сайхан буурал заанаар бахархах, хүндэтгэх сэтгэл эрхгүй төрсөн гэдэг. Монгол бөхийн сэтгэлийн нүнжиг түүнд нэвт шингэжээ.

Морины эрлээр явах замд нь Цэнхэрмандал дээр ойрын гурван сум нийлж наадам хийж байхад таарчээ. Эртний танил Лувсандугар нэрийг нь бичиж барилдуулав. Арзгай Жамбаа гэдэгтэй үлдэж хаяад түрүү бөхийн бай, даагыг нь Лувсандугарт өгчихөөд өөрөө эрлээ үргэлжлүүлсэн гэнэ. Д.Гомбодагва заан хожуу 30 нас гарч байж гэрлэсэн хүн. Халамжит ханиа аюулт өвчнөөр алдаж, таван сайхан үрээсээ ганцтай нь үлдэж, түүнийгээ бараадан аягын чинээ бор гэрт 16 настай ач хүүтэйгээ амьдардаг байжээ.

Автобусны мөнгө хураагч, сэргийлэгч, хэвлэх үйлдвэрт ачигч, Бөмбөгөр ногоонд (Төв театр) зарлага, аж, ахуй, Шохой цагаан булагт нормчин гээд олон янзын ажил хийж явсан атлаа нэг төгрөгийн ч тэтгэвэргүй амьдарч явсан гэнэ. Түүнийг нь танил, нутаг нугын хүмүүс нь ярихдаа өвгөнийг угийн бодь сэтгэлтэй, эд материалын шуналгүй эгэл хүн байсантай нь холбох аж.

"Улаанбаатар хотын захиргаа хэдэн жилийн өмнө 700 төгрөг, Сайд нарын Зөвлөлөөс 1200 төгрөг, “Монгол бөх” нийгэмлэгээс буцалтгүй тэтгэвэр өгсөн. Ингэж харж хандаж байхад тэтгэвэр нэхэж хүн амьтан зовоогоод яахав. Ач хүү Мягмаржавыгаа долдугаар ангиас нь сургуулиас гаргачихсан. Ажил хийлгэнэ. Хоолны мөнгөтэй яваг, бид хоёр алийн болгон улсаар тэжээлгэх билээ" гэж нутгийнхандаа ярьж явдаг байв.

 

Д.Гомбодагва заан ийн өгүүлжээ.

Хуучин цагийн сэтгүүлч О.Нэргүйн нэгэн нийтлэлд хуучин цагийн бөхчүүдийн тухай өвгөн заан хэрхэн өгүүлснийг тэмдэглэн үлдээсэн байдаг. Буурал заан ийн өгүүлжээ.

Зүүнээс Булган аймгийн Могод сумын харьяат улсын заан Л.Нямжав, Булган аймгийн Тэшиг сумын уугуул улсын заан Балжингийн Бадам, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат улсын заан Доржпаламын Гомбодагва, Булган аймгийн Сайхан сумын уугуул, "Булганы улаан гуталт" хэмээх улсын заан Бат-Очирын Жанчивдорж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул, "Өмсдөг" хэмээх улсын заан Цанлигийн Дамдиндорж нар.

Дээр үеийн наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүд байгаа (шагнал) авах гэж морин тэрэгтэй ирдэг сэн. Зарим аймаг, сум томоохон наадамд түрүүлсэн бөхдөө эмээл хазаартай бүрэн хэрэгсэлтэй (чөдрийг нь хүртэл ганзганд нь уячихсан) морь өгч байлаа. Би ч цагаан чисчүү дотортой хятад ухаа хамбан зодог шуудагтай барилддаг байв. Батнасан гэдэг уран хүн хийж өгсөн юм. Тэр үед чинь Банзар арслангийн эгч нь бөхийн өмсгөл хачин сайхан хийдэг байлаа. Уугуул нутгаар нь сураглавал тэр уран хүний зодог шуудаг аль ч музейд үнэтэй үзмэр болох нь эргэлзээгүй. Өвгөн ах чинь Чимэд арслан (Мөнгөнморьтын) Санжсүрэн заан (Завханы), Содном заан (Архангайн) Жамьяншарав заан (Тариатын) зэрэг олон бөхчүүдтэй үерхэж явлаа. Хэчнээн дотно ч бие биедээ бууж өгч үзээгүй. Халхын сайчууд (бөхчүүдээ хэлж байна)-аас Бүрхэг Дэндэв (Булганы) гуайг анх үзээд ихэд биширч билээ. Түүнийг Түвдэндорж аваргын багш Човингийн Лувсанбалдан заан хүчтэйг нь, томыг нь гайхаж Дэндэвийн өмсөх лоовуузыг хийхэд төлгөн хонины нэхий бүтнээрээ, өрөөсөн гуталд нь өрөөл булигаар тэр чигээрээ ордог гэж ярьж байхыг би сонссон. Нуруугаараа өндөр Гонгорын мөр хавьцаа сайхан ханхар эр байж билээ. Нэг наадамд (арван засгийн) Вандан аварга Бүрхэг Дэндэвийг наймд үлдэхэд нь амлаж авлаа. Вандан аварга бөхийн асарт орж гараад нэг л биш, байсхийгээд л гарч морь харна.

Та яасан хачин байх юм гэж засуул нь асуухад "Авсан амнаасаа болоод" гээд дуугүй болчихсон юм гэдэг. Их жийрхэж, түгшиж байсан хэрэг биз! Тэр хоёр удаан ноцолдсон. Вандан аварга муурч унаад айргаар шавшуулж алчуураар сэвүүлж байж сэхэж байсан. Тэгж тэгж Вандан нь Дэндэвийгээ нэг унагаад ирэхэд нь ажиглавал арьс нь зулгарчихсан, хүрэн няц болчихсон, аль аль нь маш их хүч гаргасан нь үзвээс илт. Залуу байсан болоод сониуч байж дээ. Дэндэв гуайн асарт очив. Баахан хүн шавчихсан байна.

 "Луу гүний Вандан худлаа муурч унаад амсхийж амарч байна. Би энэ жил гавж болох санаатай, энэ наадамд түрүүлчих бодолтой ирсэн юм" хэмээн нэлээд уурлан зодгоороо газар гуядаж байсан. Вандан нь барилдлагаа арай илүү, биеэр Дэндэвээсээ арай намхан харагдсан. Төрсөн нутаг Сэлэнгийн бөхчүүд гэвэл тоотойхон шүү дээ! Түшиг цагаан нуурын Ноонын Зундуй, Шаамарын Данигай, Зундуйгийн Боохой Данзан, Далхын Жанчив (Ерөөгийн), тэр жил улсын арслан Хужаа Чүлтэмсүрэнгээр начин болсон Төмөртогтох (Мандалын) бид хэд л юм. Ноонын Зундуй буриад, бяр биеэр Боохойгоос илүү, насаар ч хэд ах хүн. Улсын наадамд олон барилдаагүй. Далхын Жанчив заан залуугаараа өөд болчихсон юм. Улсын наадамд хэд ч түрүүлж мэдэхээр сайн бөх байсан даа хөөрхий. Нэлээд хожуу би, аймгийнхаа наадамд Захиралжав даргын урилгаар очиж барилдаад түрүүлсэн. Шаамарын Сүрэнхор тайжийн хүү Дагвадорж үзүүрлэсэн юм. Улаанбаатарт ахмад бөхчүүдийн барилдаанд 60 гарсан хойноо хэд хэдэн удаа түрүүлсэн дээ. Би улсын их баяр наадамд заан болсноосоо хойш дөрвөн удаа наймд үлдэж, гурван удаа тав давсан юм. Ингээд л миний бөхийн хөг өнгөрсөн, одоо бөх л үзэх их дуртай. Партизаны САА, Улаанбаатарын хооронд мөнгө гарзадсан нэгэн болжээ.

Эдүгээгийн бөхчүүд янз бүрийн мэхээр унагалцдаг. Бяр зааж барилдах нь ховор юм шиг санагддаг. Дээр үеийн сайн бөхчүүд олон жил дараалан түрүүлдэггүй, дунд нь алгасаа ордог байсан нь өрсөлдөгчдийн бяр тэнхээ их байсных бол уу. Сүүлийн үеийн аварга, арслангуудаас Х.Баянмөнх буурьтай, барилдлагаа нь чанартай, мэх нь даацтай, сайхан бөх харагддаг. Би ид барилдаж байх үедээ мах, цагаан идээ, тарганд их дуртай, хатуу ширдэг дээр унтдаг, ууланд мод бэлтгэх, аян жин тээх, өргөх чирэх ажилд боргошиж дадсан байлаа. Одоогийн бөхчүүдэд хандаж хэлэхэд бөх хүн сагсуу байж огт болохгүй! Аль болохоор даруу, уян зөөлөн сэтгэлтэй, шударга дайчин байх л чухал. Мөнгөн гэж нэг мундаг арслан байх юм. Их тэвчээртэй, жигд тооцоотой барилддаг. Харих болоогүй, ёстой ховор сайн бөх гэж боддог. Нас ная гарсан болохоор энэ өвгөн зөнөчихөөд буруу юм ярьж, бусмаг дүгнэлт өгч байна гэж дүү нар минь битгий бодоосой!

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]