Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Морьтой ч болоосой"-гийн Дондогийн хувь тавиланУншсан143,431

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа хүргэж байгаа билээ.

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад 1991 он буюу яг 30 жилийн өмнө "Монголын залуучууд" сонинд нийтлэгдсэн, Цогтын Сайннямбуугийн бичсэн "Морьтой ч болоосой Дондог минь" хэмээх хөрөг ярилцлагыг уншаарай. Монголын ард түмний амтархан үзэх дуртай "Морьтой ч болоосой" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин, циркийн алиалагч Дашдондогийн Лувсанчимидийн тухай энд өгүүлнэ.


...Үхэр тугал мөөрөлдөн нийлж, авгай хүүхдийн дуу хадна. Эмгэн Бумаа «Хайран сүү, хайран сүү, манай зарим залуус даан ч дэндүү шүү. Аягүй бол тэр нь айл хэсч аяга тагш юм эргүүлж яваа даа...» хэмээн амандаа үглэн гасална. Сарлаг унасан хархүү авгай хүүхдэд уурга модоор чичлүүлэн загнуулах авч, огт уурлаж ундууцахгүй гөлмөрхөн харцаар буруугаа наманчилж, хэн нэгнээс нь өршөөл эрэвч саалиндаа гомдсон хүүхнүүд загнасаар авай. Энэ бол үзэгч олны сэтгэлд мөнх үлдсэн хөдөөгийн гүндүүгүй, хайлган цайлган эрийн дүр. Түүний нэр Дондог. Адуучин Дондогийн будилж яваа мөртөө аргамаг хүлэгтээ эр чадалтай, шандас чанга энэ эгэлхэн дүр малчин заяат монголчуудын сэтгэлд нэг л дотно.

-              Энэ Дондог ер нь амьд уу?

-              Яагаад циркдээ үзэгдэхээ байчихаа вэ?

-              Автобус баазад жолооч гэл үү?

-              Амьд мэнд л байхдаа хөөрхий гэсэн яриа хөдөө, гадаагүй чих дэлсэж явлаа.

Адуунд хорхойтой малчин ах минь «Морьтой ч болоосой» кино гарна гэхээр, «За би Дондогтойгоо нэг уулзаад ирье, та нар өнөө орой мал хуйгаа янзлаарай!» гээд мордохыг хараад гайхаж билээ. Тийм ээ, адуучин Дондог ийнхүү мөнхийн дүр болж, үүрд залуугаараа үлдлээ. Харин энэ дүрд тоглосон эзэн нь хаана яваа бол?

Санамсаргүй тохиолдлоор би Дондогтой гудамжинд тааралдаж, мөн үү, биш үү? хэмээн бяцхан эргэлзсэний эцэст зориглон уулзаж, гэрт нь дагаж очлоо. Тэр өгүүлрүүн:

-За ах чинь иймэрхүү л амьдардаг юм даа, нууж хаах юу байхав. Насны эцэст ахынхаа хоёр өрөө сууцны нэгэнд толгой хоргодож явна. Тахир дутуугийн гуравдугаар групптэй. Энэ ч миний арчаа муутайнх, ахуйн ослоос болж баруун гар мэдээ муутай болж, жолоогоо ч мушгиж чадахгүй, урлагийн тайзанд ч гологдоход хүрсэн. Ахаасаа асууж барих юм байвал бүү цэрвэ. Би чинь хээ шаагүй амьтан шүү дээ гэлээ. Зургийн цомгийг нь сонирхох зуур энгүүн яриа дэлгэв.

Хөдөөний малчин аав ээжээс ах дүү тавуулаа аж. Төрсөн ах Д.Ичинноров кино найруулагч, Д.Должин-Очир ардын эмнэлгийн эмч, хоёр ардын эмнэлгийн эмч, хоёр дүү нь худалдааны мэргэжилтэн, эмнэлэгт сувилагч гэнэ. Эх эцгээ асарсаар өнгөрөөлөө, аав 103 нас сүүдэр зооглосондоо гээд шүүрс алдахад давчхан өрөөний хойморт залан, мөнхийн зул бадраасан эцэг эхийн нь гуутай хөрөг рүү би эрхгүй харлаа. Эцэг эхийн нь эдэлж хэрэглэж явсан бололтой гуулин тоногтой хуучин хүрэн авдар шүүгээ, хоёр модон ор, сандал тэргүүтэн эдний хогшил ажээ. Салхивч болон, нэгэн цонхны нүдийг даавуугаар хулдсан нь гэрэл хаахын учир өрөөний дотор бүүдийнэ. Бид хоёр яриандаа халж, илэн далангүй хүүрнэлээ.

Тэр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын хүн. Багаасаа морь унаж өссөн, хожим нь хот орж ирэн урлагийн сургуулийн циркийн анги төгсчээ. Циркэд цэл залуу 18 насандаа очиж арав гаруй жил алиалагч гэдэг шаггүй мэргэжил сонгон жонглёр, үсрэлт инээдмийн үзмэр, шог гараа зэрэг бараг бүх төрлөөр оролцжээ. Циркийн хэлээр биеийн хөдлөл үйлээр жүжиглэх «шар», яриа, дуу хөгжим, хөдөлгөөн хавсарсан «цагаан» хэмээх алиаллын төрлийн «шар»-аар нь мэргэшсэн ажээ. Адуучин Дондог буюу Д.Лувсанчимид гуай миний бодсончлон бусад жүжигчдийн адил хурдан шаламгай, хэлэмгий доломгой, эв овтой нэгэн бус ажээ. Тэр яагаад ч юм бэ, миний өмнө ярьж суух нь Лувсанчимид жолооч биш, адуучин Дондог жаахан өтөлчихөөд хот орж ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Адуучин Дондогийн дүрд тэр тоглосон биш. Лувсанчимидийн дүрд Дондог тоглосон болов уу? хэмээх бодол төрснийг хэлье. 1959 онд нэгэн удаагийн тоглолтын дараа түүний төрсөн ах, кино найруулагч Ичинноров нь дууджээ. Очвол, хамт яваа хүн нь гар бариад, “За хө чи маргааш манай кино үйлдвэр дээр очиж туршилтын зураг авахуул! Тэнцэх аваас нэгэн сайхан кинонд тоглуулна” гэжээ. Лувсанчимид маргааш нь гүйж очвол монгол дээл өмсүүлж, бүрх малгай духдуулаад «инээ, уурла, гунигла» гээд «патиар» татаад байж. Хэд хоногийн дараа циркийн дарга дуудаж, «Адуучин хүү» киноны гол баатарт тоглохоор тэнцжээ, амжилт хүсье!” гээд ажлаас чөлөөлжээ.

Нас залуу, туршлага дадлагагүйг хэлэх үү, кино найруулагч Доржпалам, туслах найруулагч Чимид-Осор гээд тэр үеийн томчуулаас эмээхийг хэлэх үү, их л хэцүү байжээ. Гэвч түүний төрөлхийн тайван гүндүүгүй, няхуур нямбай, аяс налгар ааш, инээдэмт дүр бүтээх алиалагчийн авьяас билгэ, багаасаа морь унаж өсөөд сүүлдээ циркийн дэвжээнд морин сургууль хийж явсны ачаар онцын түвэггүй тоглосон байна.

-Морь булгихад хэцүү байв уу гэж асуухад,

-Тэр ч гайгүй, би орлон тоглогч ердөө аваагүй, харин ус руу шидэгдэх үйлдэл яггүй байсан. Гурван удаа зураг авахуулж, сүүлчийнх нь тэнцсэн. Эхний оролдлого үнэмшилгүй болсон, хоёр дахь удаад аврах хэсгийн хүмүүсийн нэг нь намайг усанд живлээ гэж сандрахдаа уурга сунган зураг эвдсэн, гурав дахь оролдлого дажгүй болсоон.

Тэр шөнөө 39 хэм хүртэл халуурч түргэн дуудсан боловч эмч үзээд, «халуун хүйтний хямрал болжээ» гээд эм өгсөн, нэг хөлрөөд өглөө нь зураг авалтаа ургэлжлүүлсэн. Энд циркийн хөгжилтэй чийрэг бие махбод маань тус болсон байхаа. Монгол гутал дээлтэй усанд шидэгдэн далд ороод эргэж гарч ирэх гэж нохой самардан зүтгэх амаргүй байсан даа... гэлээ. Кинонд хамтран тоглосон эх Бумаа (Цэвээнжав гуай), хүүхэн Янжмаа (Сүхцэрэн), эмч нартаа насан туршид баярлаж явах учиртай хүн би. Ер нь кино бүтээх нь асар нарийн чимхлүүр агаад түүнд оролцогч хамт олны бүтээл болохоор миний сайных биш нь ойлгомжтой биз дээ. Би «Аман хуур» киноны газар хэмжигч зэрэг туслах дүрд хэд хэд тоглосон. Циркийн дэвжээнд алиалж, «Зодоон», «Гуанз», «Хүүхэлдэй», «Насос» зэрэг шог үзүүлбэрийг алиалагч Сандаг андтайгаа тоглож, ард түмэндээ өргөсөн хүн. Одоо хүртэл зарим нь энд тэнд тоглогдсоор байна. Миний уран сайхны багш гавьяат жүжигчин М.Дамдинсүрэн гэж авьяаслаг, нийгүүлсэхүй сэтгэлт сайхан буурал амьд сэрүүн яваа. Ажил амьдралын минь алтан жолоог залсан хөтөч гэвээс зохино. Энэ киноныхоо буянаар би Соёлын яамны жуух авч, хотын хүндэт самбарт зургаа тавиулж, Чехословакт болсон кино наадмын тусгай шагналд орж, гудамжаар явсан хүүхэд, залуучууд «Дондоог!» гэж дуудан талархаж, хөдөөгийн өвгөд эмгэд тоглолтоор очиход угтан авч үнсэн, цагаан сүүний дээжээ барьж хоймроо залан суулгаж байсан алтан үе минь ард хоцорчээ гээд гүн шүүрс алдлаа.

-Таныг одоо хүртэл сураглаж, асууж байх юм байна шүү! гэхэд;

-Тиймээ, миний ард түмэн намайг мартаагүй, ер нь хэн ч намайг мартаагүй, гагцхүү би л өөрөө хэтэрхий будлиу арчаа муутайдаа ингэж явна даа гээд нулимсаа нуун арчиж, хоолой зангируулах нь дотор өмлөөд авчих шиг боллоо.

-За яахав, адилхан эр улс ялгаа юу байхав. Би чамд хувийн амьдралын эрээн бараанаасаа хэлье. Би чинь залуу насны аагаар эрүүл чийрэг сайхан залуу явлаа. Миний бүрлээч хань бид хоёр урлагийн сургуульд танилцан ханилсан юм. Тэр минь шанз тоглоно, түүнийгээ дуулан хуурдахад ёстой л ардын дуунд гардаг шиг,

«Шанзны маань үзүүрээс

Салхи нь салдаггүй еэ

Санааны минь үзүүрээс

Сүнжидмаа минь салдаггүй еэ» гээч болж, хайрлаж дурлаж, хайлан уярч явлаа даа...

Бид хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэдтэй. Гэвч хангалуун амьдралтай, гоолиг сайхан бүсгүй, хөнгөн амарлингуй залуу хоёрт тохиолддог бүхэн тойрсонгүй, дайрлаа.

Салж сарниж, эргэж нийлж, энээ тэрээ болж явсаар эцэстээ тэр минь эргэж ирэн, гэр барин амьдарч яваад дөчин хэдэн насандаа энэрэлгүй хорвоогийн хатууг наддаан амсуулаад орхиж одлоо. Тэр цагаас хойш хүү охин хоёр минь надад ирсэнгүй, би ч хөөцөлдөн уулзаж чадахгүй олон жил боллоо.

Миний яс махны тасархай, биеэс бие, сэтгэлээс сэтгэл тасарсан хойно хэзээ нэгэн цагт ороод ирэх болов уу? гэж горьдох юм. Хөөрхийс минь намайг хаана, хэний байрны мухарт амь зууж яваа гэж мэдэх юм билээ дээ!

Надад буруу их бий, ах чинь зовлон жаргалыг амсаж эдэлж, үйл лайгаа бие сэтгэлээрээ наминчилж явна даа гээд шингэрэн бууралтсан үсээ иллээ. Лувсанчимид ид залуу насандаа урлаг соёлын амт шимтийг мэдрэн, цог заль нь бадарч явах үедээ хөдөө тоглолтоор явахдаа архи уун ам халж, бяцхан маргаан гаргаж, худалдагчтай үгээр сөргөлдсөний учир араас нь матаас дээд газарт ирж, Соёлын яамны шийдвэрээр циркийн дарга тушаал гарган халж, циркийн тайзны алиалах хөтөлбөр, жүжигчин Лувсанчимид нарын аль алины нь хос жигүүрийн нэгийг тасар татан чулууджээ. Гомдсон залуу мэргэжлээ хаяж жолоо мушгин давхиж, хань ижил нь салан явж түүний амьдралын харгуй өөрөөр эргэлээ. Арав гаруй жил жолоо мушгин, хотын түргэнд ажиллаж байхдаа ахуйн осолд орсноос хойш жүжиглэх, жолоо мушгих эрхээ давхар хасуулж шийтгүүллээ. Одоо хааяа манаач, жижүүр зэрэг хэр баргийн юм олдвол түр хийж, эс олдвол ахынхаа мөнгийг буухаар хоол хош цуглуулахаар тор барин сажилна. Циркийн дарга агсан Сосорбарам гуайг дахин ажилд авах болов уу хэмээн сэтгэл гарган олон удаа гуйсан боловч өчүүхэн юманд нээнтэглэн бүхийд хүнийг яаж ч хохироож чадах хуурамч хорвоогийн өнгө царайчлалд гомдсон залуу жүжигчин буцаж очсонгүй.

-Амьдрал хэр байна даа? гэхэд,

Зүгээр болж л байна, ах нь одооны ханшаар сард 260 төгрөг авдаг. Муу ахыгаа л хажуу бөөрнөөс нь мэрж сууна. Хуучин муусайн хувцсаа өмсөж дуусах нь, нэмээд авах чадал алга. Ядаж энэ муу гар мэдээ муутайг яана гэлээ.

-Та өөрийн гэх байргүй юм аа даа?

-Тийм ээ, аавын нэр дээр хорь гаруй жил хөөцөлдсөн, бурхан болсноос нь хойш өргөдөл нь ч олдохоо больсон. Хотын захиргааны мэдлийн хүмүүст зөндөө загнуулсан, гэхэд ээждээ загнуулсан Дондогийн дүр сэтгэлд эргэн буулаа.

-Ах чинь сайн нөхдийн буянд жужиглэж явсан хүн, харин мэдлэг мөхөс, жолооны хуваарь сайтай тээвэрчин хүн шүү! гээд урьд өмнө нь юу ч яриагүй мэт хайлган цайлганаар мишээгээд, би их мартамхай хүн шүү, энэ кино чинь эхлээд «Адуучин хүү» нэртэй байгаад зураг авч дуусах үед зохиолч Гармаа, найруулагч Доржпалам гуай хоёр зөвлөж байгаад «Морьтой ч болоосой» болгосон. Гармаа зохиолчийн уран бүтээлийн гараа болсон энэ кино түүнд алдар хүнд, арвин бүтээл онгод хийморь хайрласан юм шүү гэлээ.

-Та ард түмэндээ, түүн дотроо залуучууд, хөдөөний малчдад хандаж юу хэлэхсэн бол?

-Өчүүхэн хүмүүн намайг эргэж дурсаж, цэл залуугаар минь сэтгэлдээ тээн явдагт нь баярладаг. Энэ кино зөвхөн Монголд ч биш, ЗХУ, Чехословак болон Америкт зочилсон юм шүү. Гүндүүгүй будлиу хөдөөний эр «Дондог» ах нь алдаж оносоор явна. Хүний зураг, хувь төөрөг тусгаар хойно яая, гэхэв. Эдээр биш, итгэл, сэтгэлээр баян яваадаа баярладаг. Хүмүүс минь хүүхэд залуучууд минь бие биеэ хайрлаж яваарай. Би дэлгэцэнд бүтээсэн дүрээ харахад төрөл арилжаад эргээд уулзсан мэт баярламаар бахадмаар залуу нас, хайр дурлал, гэнэн томоогүй адал явдалтайгаа дахин учирч, ингэдэг байж, тэгсэн бол дүр маань улам сайн болох байж гэж санагдан хорвоо дэлхийд дахин мэндлэх шиг болдог. Хөдөөний хүн хөдөөнийхөөрөө үлдэх юм даа, малчин ард түмэн минь бие биенээ сүү шиг цагаан сэтгэлээрээ тэтгэлцэн амьдарч яваарай! гэж хэлмээр байна.

Миний нүдний өмнө түүний амьдралыг өгүүлэх гэрэл зургийн цомог дэлгээстэй, сэтгэлд хиргүй ариун сэтгэлт эгэл даруу адуучин залуугийн гэнэн томоогүй, гүндүүгүй дорой атлаа, адуунд эрмэг ажилд шаламгай гэгээн дүр зураглаастай ажээ...

Энэ кино чинь юу гэж төгсдөг билээ? Аа тийм,

Янжмаа: Уралдах уу?

Дондог: Тэгье, уралдъя! гэдэг шүү дээ. Нээрээ ч хүний амьдрал уралдаан юм даа. Үнэндээ морьтой, явган, тэрэг хөсөг хүлэглэсэн уралдаан ажээ. Адуучин Дондог сарлаг унахаа болиод сайхан мориндоо дөрөөлөн амьдралын замд уралдаж яваа. Энэ уралдаанд хэн нь түрүүлэх шийд алга. Өнөөдөр нэг нь маргааш нөгөө нь түрүүлнэ, хоцорно, дахиад түрүүлнэ тэгснээ хоцорно... Эр хүн долоо дордож найм сэхдэгийн учир энэ буюу.

Амьдрал хэмээх нь хүнээс аль өөдтэй өнгөтэйг нь шимэн сороод, алд бие өтлөн үнсрэхүйн цагт хаядаг юм уу даа? Үгүй ээ, хорвоо жамаараа эргэнэм, өтөл бие элэгдэх авч өргөн бодол, сайхан сэтгэл хамт өвгөжирнө гэж үү? Тийм ээ, алдаж онох хорвоод жаргаж зовж яваа эгэл жирийн гүндүүгүй монгол эр Лувсанчимид ганцаардах ёсгүй.

Аминаасаа хайртай ханиас нь үлдсэн алаг үрс нь алс хол амьдран суугаа ч гэсэн эцэгтээ эргэж ирнэ, аав ээж хоёрынх нь аминдаа арчаа муутай хүүгээ өрөвдсөн сэтгэл буяны мөрөө үлдээж байр өгнө, ард түмэн, хамт олондоо хар буруу санаагүй хайлган цайлган бодь сэтгэлт эрхэм нөхөр минь өмсөх зүүхээр дутагдах ёсгүй...

“Морьтой ч болоосой Дондог минь” гэж монгол түмэн хөдөөгийн малчид, ухаан билэгт залуучууд маань өнөөдөр ч гэсэн хэлнэ дээ.

Цогтын САЙННЯМБУУ

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 3 сар 14. 6:40
Зочин

Гоё кино шүү. Тэр циркийн дарга Сосорбурам нь ажилд нь буцаагаад авсан бол энэ хүний амьдралд их тус нэмэр болох байжээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]