Хурц тод өнгөнүүд, хүжсийн үнэр, үй олон бурхад, заанууд, дуу хуур, бүжиг наадмын өлгий Энэтхэг орны хачин сониноос нийтэлж байна. Аялагч, жуулчдын анхаарлыг хамгийн ихээр соронздон татдаг орнуудын нэг энэ улсад үзэх харах сонин хачин зүйлс цөөнгүй нь мэдээж хэрэг.
2050 онд Хятад, Америкийн хүн ам нийлээд ч Энэтхэгийг гүйцэхгүй болно
Ийм нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. Энэтхэгийн хүн ам 1 тэрбум 210 сая 193 мянга 422 бөгөөд энэ тоогоороо Хятадын дараа ордог. Гэвч 2050 он гэхэд Энэтхэгийн хүн ам даруй 400 саяар нэмэгдэх төлөвтэй байгаа ба энэ нь Хятад Америкийн хүн амыг нийлүүлсэн дүн болж хувирах аж. Учир нь Энэтхэгт ямар ч хүн амын өсөлтийн эсрэг төрөөс баримтлах хориг байдаггүй гэнэ. Эсрэгээрээ Хятадад хүн амын өсөлтийн эсрэг төрийн бодлого өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.
Энэтхэг баячуудын орон
Энэтхэгийн хамгийн баян хүн нь тэрбумтан Мукеш Амбани. Тэрээр 2014 оны Форбс сэтгүүлээс гаргасан жагсаалтад 23.6 тэрбум долларын хөрөнгөөр Энэтхэгийн хамгийн баян хүнд тооцогдсон. Олон ч жил тэрээр энэ жагсаалтад дээгүүр бичигдсээр байгаа. Дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс 79 тэрбум доллартай гээд харьцуулахад хажууд нь бага санагдах боловч Энэтхэгийн хэмжээнд 90 долларын тэрбумтантай бөгөөд энэ үзүүлэлтээрээ ОХУ-ын өмнө дэлхийд дөрөвт бичигддэг орон юм. Энэтхэгийн гэрийн эзэгтэй нар дэлхийн бүх алтны 11 хувийг эзэмшдэг. Энэ нь АНУ, Олон улсын валютын сан, Швейцарь, Герман улсын нөөцийг нэгтгэснээс ч их юм.
1.6 сая ажилтантай байгууллага Энэтхэгт бий
Дэлхийн хамгийн их ажилчидтай газар бол Энэтхэгийн төмөр замын систем. Энэ байгууллагад ойролцоогоор 1.6 сая ажилчин, ажилтан ажилладаг. Тиймээс 1.6 сая ажилчдын дотор өсч дэвжих бололцоо их байдаг байна. 1853 он буюу 162 жилийн өмнө Энэтхэг улс төмөр замтай болсон юм. 26 тэрбум ам.долларын хөрөнгөтэй төмөр замын хамгийн том энэхүү компанийг Энэтхэгийн төр 100 хувь эзэмшдэг.
300 сая бурхантай орон
Энэтхэгийн Хиндү шашинтнууд 300 сая төрлийн өөр өөр бурхан байдаг гэж итгэдэг ба тосгон бүрт өөрийн бурхантай. Эртний хүмүүс 330 сая төрлийн амьд амьтны оршихуй байсан гэж итгэдэг. Энэ нь 330 сая бурхны дүр байсан гэсэн Хиндү шашны гол санаатай холбоотой аж.
Энэтхэгийн бараан сэдэв
Инжний асуудлаас болж цаг тутамд Энэтхэгт нэг эмэгтэй таалал төгсдөг. 8233 энэтхэг эмэгтэй 2012 онд зөвхөн энэ асуудлаас болж нас барсан гэсэн тооцоо бий. Ер нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал Энэтхэгт хамгийн тулгамдсан асуудал болдог. Аймшигт хүчирхийлэл Энэтхэгт байнга гардаг бөгөөд үүгээрээ ч Олон улсын хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд олонтаа өртөж дэлхий нийтийн анхааралд орж байдаг. Ямар сайндаа эмэгтэйчүүдийн биеэ хамгаалах олон янзын бүлгүүд хүртэл үүссэн байдаг бөгөөд хамгийн алдартай нь Gulabi Gang. Энэхүү бүлэг нь дуудлагаар очиж, догшин авиртай нөхрүүд болон охид бүсгүйчүүдийг хохироосон хүчирхийлэгчдийг гэсгээн цээрлүүлдэг үйлчилгээ үзүүлдэг.
Сарагархигийн тулаан
Есдүгээр сарын 12-нд Энэтхэгийн хувьд тун чухал баярын тэмдэглэлт өдөр байдаг. 1897 онд буюу 118 жилийн өмнө өнөөгийн Пакистаны нутагт Энэтхэгийн армийн багахан хүч Афганы армийн 10000 цэрэгтэй тулалдсан байна. Британийн колони байсан Энэтхэгийн армийн 21 цэрэг Сарагархи хэмээх газар 10000 афган цэрэгтэй үхэн хатан тулалдаж олон хоног түшиц газраа хамгаалсан байна. Хэдийгээр тэд бүгд амь үрэгдсэн ч эсрэг талынхаа 600 хүнийг устгаж чадсан байна. Энэ эрэлхэг тулааны түүх энэтхэг хүн бүрийн бахархал бөгөөд өнөө цагт баярын өдөр болгон тэмдэглэдэг аж. Сарагархийн тулааны тухай Болливудад асар олон кино хийгдсэн байдаг гэнэ.
Үсчин хүн тэрбумтан болдог орон
Энэтхэгийн тэрбум илүү иргэний дотор дэлхийд алдаршсан олон хүмүүс бий. Хачин сонин үйлдлээрээ төдийгүй жигтэй түүх намтраараа энэтхэгчүүдийн хачин сонинг илтгэсэн олон хүний нэг нь үсчин Рамеш Бабу юм. Үсчний ажил хийсээр тэрбумтан болно гэхэд итгэх хүн ховор бизээ. Тэгвэл Рамеш Бабу үйлчлүүлэгчдийнхээ үсийг ердөө 2$-оор засдаг хэдий ч тэрбумтан болж чаджээ. Түүнд Rolls Royce машин гарын арван хуруунаас олон бөгөөд нийтдээ 105 асар үнэтэй машинаар гангардаг гэнэ.
Энэтхэг дэлхийд програм хангамжаар тэргүүлдэг
Энэтхэг улсын орчин цагийн хөгжлийн нэг нууц нь мэдээллийн технологийн салбар. Мэдээллийн технологи, инженер, техник технологи, бизнес, анагаах ухааны салбарт улам бүр хүч түрэх болсон энэтхэгчүүд сүүлийн хорин жилд програм хангамжаар дэлхий дахиныг хангаж байна гэхэд хилсдэхгүй бизээ. Энэ нь дэлхий нийт Энэтхэгийн боловсролын системд ямар нэг өвөрмөц онцлог, нууц байна гэж үзэхэд хүргэжээ. Гэхдээ нөгөө талаас хүн амын дөнгөж 47 хувь нь бичиг үсэгтэй энэ том оронд 600 сая шахам хүн уншиж бичиж чаддаггүй харанхуй гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Тийм атал Энэтхэг улс мэдээллийн технологи, програм хангамжаар дэлхийд тэргүүлж байгаа нь гайхалтай.
Америк иргэдийн энергийг Энэтхэг эр атгадаг
"5 hour energy”-ийг үндэслэгч Манож Паргава нь Америкт байдаг энэтхэгчүүдээс хамгийн баян нь бөгөөд өөрийн орлогынхоо 90 хувийг буяны үйлсэд зориулдаг гэнэ. Хоёр унцийн энергийн ундаа хамгийн анх 2003 онд худалдаанд гарсан ба Америкийн энергийн ундааны зах зээлийн 90 хувийг эзэмшдэг байна.
2.3 сая цэрэгтэй арми
Дэлхийд хүн амаараа хоёрт бичигддэг, эдийн засгийн өндөр хөгжилтэй орны батлан хамгаалахын салбар хэр бол хэмээн асуух уншигчид байж мэдэх. Тэгвэл Энэтхэгийн арми нь албан ёсоор 1895 онд байгуулагдсан гэж явдаг. Түүнээс хойш дэлхийн 2-р дайн, бүс нутгийн ихэмжээний цэргийн мөргөлдөөн, дайнд идэвхтэй оролцож байсан юм. Одоогоор Энэтхэгийн зэвсэгт хүчин Арми, Тэнгисийн цэрэг, Агаарын хүчин, Эргийн хамгаалалт гэж дөрөв хуваагддаг. Энэтхэгийн арми нь 1.1 сая байнгын албан хаагчтай ба 900 мянган бэлтгэл цэрэгтэй. Тэнгисийн цэрэг нь байнгын болон бэлтгэл цэргүүдтэйгээ нийлээд 100 мянга орчим, Агаарын хүчин нь 260 мянга орчим, Эргийн хамгаалалт нь 10 мянга гаруй албан хаагчтай. Нийтдээ Энэтхэгийн зэвсэгт хүчний байнгын болон бэлтгэл албан хаагч нь 2.3 сая гэж тооцогддог байна.