Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Умайн шүтлэг буюу эртний Египетийн бэлгэдэлУншсан17,581

Умай хад, боов хад гээд л энд тэндгүй налж унаад л, сунаж мөргөөд, доогуур дээгүүр нь шургаад байдаг нь зүгээр ч нэг мухар сүсэг бус эртний хүн төрөлхтөний зан үйлийн ул мөр, эртний оюун ухамсрын улбаа бидний үе хүртэл хадгалагдан ирсний баталгаа юм.

Умай хад, боов хад гээд л энд тэндгүй налж унаад л, сунаж мөргөөд, доогуур дээгүүр нь шургаад байдаг нь зүгээр ч нэг мухар сүсэг бус эртний хүн төрөлхтөний зан үйлийн ул мөр, эртний оюун ухамсрын улбаа бидний үе хүртэл хадгалагдан ирсний баталгаа юм. Тодруулж хэлбэл тэдгээр хачин жигтэй хэлбэр дүрстэй хад чулуу нь хэн нэгэн ид шидтэн, бурхан тэнгэрийн бүтээсэн бүтээл бус харин хүний гараар бүтсэн бүтээл билээ.

Эндээс эхийн умайг шүтэх шүтлэг эртний хүмүүст байсан тухай өгүүлье.

Монголын бөө мөргөлийн онгон шүтэх ёс нь эхийн талын өвөг дээдсийг шүтэх болон байгалийн үзэгдлүүдийг шүтэх явдалтай нягт холбоотой явж ирсэн. Түүгээр ч барахгүй эхийн эрхт ёсны үед эхийн умайг үржлийн шүтээн болгон “Алтан сав” хэмээн хүндэтгэх үзэл Монголын бөө нарын дунд дэлгэрч байсан билээ.

Эхийн умай шүтэх шүтлэг нь угтаа эртний ард түмнүүдийн газар тариалангийн шүтлэгээс уг сурвалжтай боловч Монголчуудын хувьд бол үр хүүхэд болон үржил шимийг ямар нэгэн ер бусын хүчит тэнгэрээс гуйсангүй, харин материаллаг буюу бодитой тодорхой эмэгтэй хүний “алтан савнаас” гуйж, түүнийг үр хүүхэд төрүүлж, үүд өрх нээж, гал голомтыг сахиж, удам судрыг уламжлан хадгалагч хэмээн хүндэтгэн үздэг үзэл байжээ. Тийм учраас Монгол аймгуудад байсан хүргэн болох, “хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй” гэж эхийн талаар хамаасах, эх ба түүний умайг эрхэмлэх, нагац нараа хүндэтгэх зэрэг нь эхийн эрхт ёсны үлдэгдэл болон бүр хожим болтол хадгаж байхын зэрэгцэээ Монголын бөө нарын үзэл санаанд шингэж ирсэн нь энэ ажгуу.

Үүнийг "Алтан сав" шүтэх зан үйл буюу эхийн умайг шүтэх шүтлэг ч гэж нэрлэж болох.

Нэгэн жишээг дурдъя.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг Даян нуурын эрэгт Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө бий.

Даян нуурын эрэгт VI-VIII зууны үед оршин тогтнож байсан эртний Түрэг улсын түүхэнд холбогдох энэ чулуун хөшөөг нутгийнхан “Даян баатрын хөшөө” хэмээн нэрлэдэг.  Одоо байгаа байдлаар 160 см өндөр, 40 см өргөн, 20 см зузаан хэмжээтэй цайвар боржингоор хийсэн хөшөөг 4х4 м хэмжээтэй дөрвөлжин хашлаганы хажууд суулгасан байна. Энэ хөшөөнд хүний толгой их биеийг дүрсэлсэн боловч гар, хөлийг дүрслээгүй байна. Тэгэхдээ малгай, ээмэг бүхий чих, нүд хөмсөг, хамар, ам, живэр сахал, хацрын төвгөр зэргийг нарийн гаргажээ. Их биед нь мөрөвч, бүс хувцасны эмжээр чимэглэл болон хүзүүнд нь сахиус бололтой дэвж буй шувуу хэлбэрийн зүйлийг зүүлт болгосон байна.

Хожим судлаачид Даян баатрын хөшөөний хүзүүнд буй сахиусны хэлбэрийг эхийн умай хэлбэр буюу олон ястны угсаа соёлын хүрээнд нэлээд түгээмэл байдаг эхийн “Умай” шүтлэгтэй холбон үздэг. Аман зохиол, угсаатны зүйн олон баримтаар баримтжуулан одоо хүртэл шүтэгдсээр байгаа Умайг дундад зууны үеийн нүүдэлчид далавчтай эмэгтэй хүний дүрээр төсөөлөн дүрсэлж, түүнийгээ биендээ сахиус маягаар зүүдэг байсан бололтой гэж янз бүрээр тайлбарладаг.

1876-1877 онд Баруун Монголоор аялж явсан Оросын судлаачид уг хүн чулуун хөшөөг очиж үзэх үед хөшөөний орчин одоогийнхоос арай өөр байжээ. Хөшөөн дээр хаалга, цонхтой жижиг дуган хэлбэрийн байшин бариастай, хадаг яндар болсон шүтлэгийн зориулалттай газар байсан бололтой.

Даян бааатрын хүн чулуун хөшөөний сахиустай ижил төстэй хэлбэр бүхий хүн чулуун хөшөө Киргизстан улсын нутаг Иссык-Куль нуурын орчмоос олдсон бөгөөд уг хөшөөний хүзүүнд зүүлттэй байгаа сахиус хэлбэрийн хувьд кирилл цагаан толгойн “Ф” үсэгтэй төстэй байдаг ажээ.

Тодруулбал умайн шүтлэгийн сахиус "Ф" хэлбэртэй гээд цааш үргэлжлүүлвэл асар өргөн утга агуулга, орон зайд ярилцах хэрэгтэй болно. Мянга мянган жилийн өмнө Египетийн соёл иргэншлийн хамгийн эртний, алдартай бэлгэдлүүд бүгд умайн шүтлэгтэй цаад утгаараа давхцах буюу шууд холбогддог байх магадлал өндөр болж ирнэ. Шууд холбогдох бэлгэдэл нь анкх буюу амьдралын түлхүүр нь амьдралыг бэлгэддэг, христ шүтлэгтэй холбон тайлбарладагаар бол Ариун загалмай хэмээх бэлгэ тэмдэг.  Анкхыг амьдрал гэж үзвэл Эртний Египетийн бурхад нь түүний үзүүр хэсэг буюу амьдралын сувгаар орж, гогцоо хэсэгт нь хүн төрөлхтөнийг бүтээсэн хэмээх домог холбогддог. Энэ тэмдэг нь Египетийн бараг бүх бурхад, тэр дундаа фараонуудын холбоотой археологийн дурсгал, олдвороос гардаг байна.

Эртний Египетийн дүрс бичиг Азиас гаралтай хэмээн зарим эрдэмтэд үздэг. Гэхдээ энэ нь таамаг төдий бөгөөд хэрвээ үнэн бодит болж хувирвал эхийн умайн шүтлэг нь Египетийн соёл иргэншил төдийгүй, христийн шүтлэгийн үндсэн эх ухагдахуун нь ч болж магадгүй юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]