Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Алдартнуудын сонирхолтой түүхүүдээсУншсан3,603

Нелли Блай нэрээрээ алдаршсан Элизабет Кокрейн Симан нь Америкийн сэтгүүлч, зохион бүтээгч, буяны ажилтан байв.

Түүхэнд  нэрээ үлдээсэн хүмүүсийн талаархи сонирхолтой түүхүүдээс цувралаар хүргэж байна.

Nелли Блай

Нелли Блай нэрээрээ алдаршсан Элизабет Кокрейн Симан нь Америкийн сэтгүүлч, зохион бүтээгч, буяны ажилтан байв. 1887 онд сэтгэцийн эмнэлэг дэх зүй бус явдлыг илчлэхийн тулд галзуугийн эмнэлэгт хэвтэж, өвчтөн шиг жүжиглэн нууцаар ажилласан байна. Мөн тэрээр Жюль Верний зохиолын дүр болох Phileas Fogg шиг дэлхийг ердөө 72 хоногийн дотор тойрон аялсан гэдгээрээ алдартай. Тэрээр салбартаа анхдагч байсан бөгөөд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шинэ төрлийг эхлүүлсэнд тооцогддог нэгэн байв.

Клистен

Олон хүмүүс Томас Жефферсоныг ардчиллын эцэг хэмээн үнэлдэг ч энэ нэр хүнд нь Грекийн гүн ухаантан Клистенд ч хамаарах нь бий. МЭӨ 508 онд эртний Афины Үндсэн хуулийг шинэчилж, ардчилсан үндэс суурийг тавьсан гавьяатай суут сэтгэгч бөгөөд эдгээр амжилтын хувьд түүхчид түүнийг "Афины ардчиллын эцэг" хэмээн нэрлэдэг.

Пап Лео

Католик сүм хийдийн түүхэнд олон пап лам нар мөрөө үлдээсэн хэдий ч Ромын пап Гэгээн хутагт Нэгдүгээр Леог түүхэн дэх хамгийн чухал хүмүүсийн нэг хэмээн тунхагладаг.

Италийн язгууртан удамтай тэрээр 400-гаас 461 онд амьдарч байсан бөгөөд 440 оны 9 сарын 29-нөөс 461 оны 11 сарын 10-ныг хүртэл Ромын папаар тодорч,  католик сүмийн хамба лам нараас "Их" гэсэн тодотголыг зүүх болсон анхны хүн. Нэгдүгээр Лео 452 онд Ромын орчимд Хүннү нарын хаан Аттилатай уулзаж, тэднийг Баруун Европоос буцахыг ятгаж байсан гэдгээрээ алдаршиж түүхэнд бичигджээ. Их Лео ба Аттилагийн уулзалт хэмээх нэгэн алдартай уран зургийг хожим Рафаэло бүтээсэн байдаг.

Одри Мунсон

Одри Мунсон бол загвар өмсөгч, жүжигчин байсан бөгөөд “Америкийн анхны супер модель” байв. Нью-Йорк хотод түүний 12 хөшөө байдаг бөгөөд  дэлгэцийн өмнө нүцгэн гарсан анхны жүжигчин.  Inspiration (1915) кино нь түүний нүцгэн дүр бүтээсэн анхны кино байв.  Цагтаа түүнийг "Манхэттэний мисс", "Панам-Номхон далайн бүсийн гоо бүсгүй", "Үзэсгэлэнт бүсгүй" зэргээр алдаршуулан нэрлэдэг байв.

Эдит Уилсон

Ерөнхийлөгч Вудро Уилсоны хоёр дахь эхнэр тэрээр 1915-1921 онд АНУ-ын тэргүүн хатагтай байв. Ерөнхийлөгч Уилсон 1919 оны 10-р сард цус харваж, тэргүүн хатагтай оронд нь засаг захиргаанд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ алдартай. Жил гаруйн хугацаанд Эдит АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

Перси Жулиан

Перси Лавон Жулиан нь  прогестерон, тестостерон зэрэг гормоны химийн синтезийг боловсруулсныхаа дараа Үндэсний Шинжлэх Ухааны Академид элссэн анхны африк гаралтай америк химич болжээ. Ургамлын гаралтай эмийн бэлдмэлийн химийн синтезийг анхлан боловсруулсан гавьяатай бөгөөд түүний судалгаагаар орчин үеийн стероидын үндэс суурийг тавьж, стероидын эмийн үйлдвэрт кортизон, бусад кортикостероидууд, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл үйлдвэрлэх болсон. 

Агент 355

Агент 355 бол Америкийн хувьсгалын үеэр Жорж Вашингтонд шууд ажиллаж байсан тагнуулч эмэгтэйн нууц код  юм. Өнөөдрийг хүртэл түүний хэн болох нь тодорхойгүй байна. Тэрээр Нью-Йорк хотод амьдардаг байсан бөгөөд Вашингтоны чинээлэг дайснуудын тухай амин чухал мэдээллийг дамжуулж өгсөн гэгддэг.

Мэри Аннинг

Тэрээр Юрийн галвын эрин үеийн талаар тусгайлан мэргэшсэн анхны эмэгтэй палеонтологчдын нэг. Түүний хийсэн хамгийн чухал нээлт бол ихтиозаврын араг ясыг олж илрүүлсэн явдал юм. Түүний олдворууд эртний түүх ба дэлхийн түүхийн талаархи шинжлэх ухаанч сэтгэлгээний өөрчлөлтөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Сибил Людингтон

Америкийн хувьсгалт дайны баатар байжээ. 1777 оны 4-р сарын 26-ны өдөр тэрээр 16 настайдаа Британийн цэргийн хүч ойртож байгааг Нью-Йоркийн Путнам муж, Данбери хотууд дахь цэргийн хүчинд сэрэмжлүүлэхийн тулд шөнөжингөө морин аялал хийж байсан эмэгтэй. Түүний түүхийг анх 1880 онд орон нутгийн түүх судлаач Марта Лэмб хэвлэн нийтэлж байжээ. Энэ номонд Людингтоны морин аяллын талаархи хамгийн анхны мэдээлэл байдаг.  1975 оны 3-р сарын 25-нд түүнийг морин дээрээ давхиж буйг дүрсэлсэн "Од" хэмээх марк гарчээ.

Хеди Ламарр

Хеди Ламарр жүжигчин болох гараагаа эхэлсэн ч амьдралаа шинжлэх ухаанд зориулж, орчин үеийн Bluetooth ба wifi-ийн эхлэл болсон "спектр, спектрийн технологи" хэмээх зүйлийг бүтээхээр ажиллажээ.  Австри гаралтай Америкийн жүжигчин, зохион бүтээгч тэрээр 28 жилийн хугацаанд  30 кинонд дүр бүтээжээ.  Дэлхийн 2-р дайны эхэн үед Ламарр хөгжмийн зохиолч Жорж Антейл нар аюулыг даван туулахын тулд спектрийн технологийг ашиглах зорилготой радио холбоот торпедуудыг боловсруулсан байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин 1957 он хүртэл Ламарр ба Антейлийн шинэ бүтээлийг нэвтрүүлээгүй боловч тархалтын спектрийн янз бүрийн арга техникийг Bluetooth технологид нэвтрүүлсэн бөгөөд энэ нь Wi-Fi-ийн хуучин хувилбаруудад ашигладаг аргуудтай төстэй юм.

Чин Ши

19-р зууны эхэн үеийн Чин гүрний Жиацин хааны үед Хятадын тэнгисийн хүчнийг айлган сүрдүүлж байсан далайн дээрэмчдийн удирдагч байв. Тэрээр 20-40 мянган далайн дээрэмчин жолооддог 300 гаруй жункийг (Хятадын уламжлалт дарвуулт хөлөг онгоцууд) захирч, Британийн эзэнт гүрэн, Португалийн эзэнт гүрэн, Чин гүрэн зэрэг томоохон үндэстнүүдтэй зөрчилдөж байв.

Чин Ши-гийн үеэс эхлэн Хятадад төдийгүй дэлхий дахинд далайн дээрэмчид, тэдний амьдралын хэв маягийн тухай олон ном, роман, кино, , видео тоглоомууд хийгдэж эхэлсэн байна. Тэрээр оргил үедээ 1500-1800 орчим усан онгоц бүхий флот удирдаж байсан тул түүхэн дэх хамгийн амжилттай далайн дээрэмчин хэмээгддэг.

Энни Эдсон Тайлер

Тэрээр  1901 онд 63 насныхаа төрсөн өдрөөрөө торхонд сууж “Ниагара” хүрхрээг туулан амьд  үлдсэн анхны эмэгтэй юм.  Америкийн сургуулийн багш эмэгтэй хүсэл эрмэлзэл нь санхүүгийн шинжтэй байсан боловч адал явдлаасаа хэзээ ч их мөнгө олж байгаагүй аж.

Маргарет Хауи Ловетт

Далайн гахайнд англи хэл зааж болохыг нотлох туршилтыг зориглон эхлүүлсэн. Туршилт эцэстээ бүтэлгүйтсэн ч Маргарет бараг хоёр сар гаруй хугацаанд далайн гахайтай ойр орчинд амьдарсан байна.

1960-аад онд тэрээр НАСА-гийн санхүүжилттэй эрдэм шинжилгээний ажилд оролцож, Петр хэмээх дельфинд хүний яриаг заахыг оролдов. Тэрээр хүүхэд байхдаа уншиж байсан хүмүүстэй харилцдаг муурны тухай өгүүлэх “Miss Kelly” хэмээх номноос санаа авч, амьтдад хүний хэлээр ярихыг заах судалгааны ажлаа эхлүүлж байжээ. 

Людмила Павлоченко

Людмила Павличенко нь Дэлхийн 2-р дайны үеийн Зөвлөлтийн Улаан армийн мэргэн бууч юм. Дайсныхаа 309 хүнийг хөнөөсөн гэх бөгөөд түүнийг бүх цаг үеийн цэргийн мэргэн буучдын нэг, түүхэн дэх хамгийн амжилттай эмэгтэй мэргэн бууч гэж үздэг. Людмила мэргэн буудах гайхалтай чадвартай тул "Үхлийн хатагтай" хочтой болжээ.

О.Цэцэг
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]