Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн аваргын анхны мөнгөн медальтны өр өвтгөм түүхийг өгүүлж байнаУншсан36,367

Тэртээ 50-иад жилийн өмнө Монгол Улсын тамчирдаас хамгийн анхны дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Базаррагчаагийн Жамсран агсны тухай өгүүлж байна.

Тэртээ 50-иад жилийн өмнө Монгол Улсын тамчирдаас хамгийн анхны дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Базаррагчаагийн Жамсран агсны тухай өгүүлж байна. Тэрээр 1949 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрж, 1974 онд МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль төгссөн. 1963 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлээд 1967-1978 онуудад улсын шигшээ багийн тамирчин байв. Бүх ард түмний спартакиадаас алт, чөлөөт бөхийн УАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медаль авч байжээ. 1969 онд спортын мастер цол хүртээд тэр жилдээ Аргентин улсын Мар-де-Плат хотод болсон ДАШТ-нд IҮ байр эзэлж, 1971 онд Болгарын Софи хотод болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт Чехословакийн бөх П.Синчикийг, хоёрдугаар тойрогт Израилийн бөх А.Сасарийг тус тус цэвэр ялж, гуравдугаар тойрогт ираны бөх Ибрагим Жавадид оноогоор хожигдон, дөрөвдүгээр тойрогт туркийн бөх М.Сеферийг цэвэр ялж, тавдугаар тойрогт Болгарын бөх О.Николевтэй оноогоор тэнцэн дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн юм. Энэ дэлхийн аваргад монголчууд хоёр мөнгөн медаль хүртсэнээс нөгөөг нь Х.Баянмөнх аварга жиндээ авсан. Б.Жамсран нь хөнгөн жинд барилддаг тул Х.Баянмөнхөөс өмнө барилдаж мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн аваргын анхны мөнгөн медаль авсанд тооцогддог юм. Энэ амжилтынхаа төлөө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод болсон Зуны олимпийн наадамд оролцохдоо багийн тугч хийж, 1981 онд олон улсын хэмжээний мастер цол хүртсэн юм. Эндээс та бүхэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон олон улсын хэмжээний мастер цол ямархан чансаатай байсныг харж болно.

1975 онд Беларусь улсын Минск хотод болсон ДАШТ-нд сонгомол бөхийн дасгалжуулагчаар оролцож байв. “Интернациональ” тэмцээнээс 1972 онд хүрэл, Гүрж улсын Тбилис хотод олон улсын тэмцээнээс 1969 онд хүрэл, социалист орны залуучуудын “Нөхөрлөл” тэмцээнээс 1970 онд Унгар улсын Тото хотод хүрэл, Найрамдалт армиудын аварга шалгаруулах тэмцээнээс 1971 онд мөнгөн медаль хүртсэн. 1967-1978 онуудад залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 1978-1981 онуудад Орхон аймгийн Биеийн тамир, спортын хорооны даргын албыг хашиж, 1981 оноос Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагчаар ажиллаж байв.

Энэ цаг үед Монгол Улс тив, дэлхий, олимпийн шагналтнууддаа зохих хэмжээний урамшууллыг олгож байгаа. Харамсалтай нь урьд цагт ийм байсангүй. 90-ээд онд Монголын спорт сонины эрхлэгчээр ажиллаж байсан, спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн өнөөдрөөс 30-аад жилийн өмнө шилжилтийн хүнд цаг үед Б.Жамсрантай хийж байсан нэгэн ярилцлагыг сэргээн хүргэж байна. Бас л бөөн бөөн дурсамж, сургамж энэ ярилцлагаас мэдрэгдэнэ.

Дэлхийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Базаррагчаагийн Жамсрантай гурван жилийн өмнө уулзаж танилцсан билээ. Тэр цагаас хойш чөлөөт бөхийн талаар түүнтэй олонтаа санал солилцдог болсон юм. Саяхан Б.Жамсрантай уулзлаа. Угаасаа бие бага болоод ч тэр үү улам жижиг болсон шиг харагдана. Хөвөнтэй бор сатинин тэрлэгийг шар торгон бүсээр ороож, цагаан ултай гутал жийжээ. Нүдэнд нь олон үрчлээ суужээ. 48 кг-ын Б.Жамсран гэж ид гялалзаж явсан үе нь олон жилийн тэртээ одож, амьдралын хатуу хөтүүг амсч яваа болохоор арга үгүй юм болов уу даа. 1971 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бараг анхны гэж хэлж болох мөнгөн медаль хүртсэн Б.Жамсран бас л мартагдахад хүрэх нь ээ. Монголынхоо нэрийг цуурайтуулж явсан хүмүүсээ мартахгүй л юмсан. Би түүнтэй бараг гурван цаг ярилцлаа. Эл ярилцлагаа уншигч танаа толилуулъя.

 - Та өөрийнхөө амьдралын талаар товч танилцуулна уу?

- Би 1946 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. Эх эцгээсээ наймуулаа. Би тав дахь нь. Гурван ахтай. Манайх малчин. Багадаа янз бүрийн ажил хийж явлаа. Ах олонтой болохоор унаа хүрэлцэхгүй, хонь мал, үхэр тугалд голдуу явган явна. 7, 10 дугаар анги төгсөөд Улаанбаатар хотын политехникум, 1974 онд УБДС-ийг төгссөн. 1964 онд Мөрөн хотод хэл уран зохиолын багш Д.Дорлиг чөлөөт бөхийн секц байгуулахад анх хичээллэж эхэлсэн. 1965 оноос «Хөдөлмөр» нийгэмлэгийн дасгалжуулагч Д.Бямбаагийн, 1967 оноос О.Цэрэндагва, С.Магсар, Зөвлөлтийн мэргэжилтэн И.Лосик нарын удирдлагад хичээллэсэн. 1969 онд анх удаа ДАШТ-д оролцож IV байр эзэлсэн. 1971 онд ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцож мөнгөн медаль хүртсэн 1972 оны Мюнхений олимпийн наадамд тааруухан барилдсан.

- Яагаад тааруухан барилдсан бэ?

- Бэлтгэл хийж байгаад толгойгоороо халаалтын радиатор мөргөж бэртсэн. Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж нугасны ус авахуулсан. Ийм эмчилгээ хийлгэсэн хүн удаж тэнхэрдэг юм билээ. Ингээд тэнхээ тамир үгүй болсон доо. 1973 оноос нөхдийнхөө бэлтгэл хангагч болсон. 1974-1977 онд УШБ-ийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар С.Магсар, Ж.Мөнхбат нарын хамт ажилласан. 1977-1980 он хүртэл Эрдэнэт хотод БТС-ын хорооны даргаар ажиллалаа.

1980 оны олимпод оролцохоор нэр дэвшсэн тамирчдыг Эрдэнэтэд тангараг өргүүлнэ, үзүүлэх тоглолт хийнэ гэсэн шийдвэрийг БТСУХ-ноос Г.Дамдин дарга өглөө. 1980 онд Эрдэнэтэд заал танхим ямар юм байхав. Гэтэл Эрдэнэтийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Цэвээн тамирчдыг авах талаар Зөвлөлтийн нөхөдтэй ярьж байгаад Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн их, бага заалын аль боломжтойг үз, засвар хийе гэсэн. Тэгээд би хоёр дасгалжуулагч, нэг багшийн хамт заалын харанхуй хонгилоор явж байгаад хий гишгээд хоёрдугаар давхраас подвал руу нисэж, хоёр өгзөөрөө унасан. Энэ үед нуруу мултарсан байв. Одоо мултарсан нурууны зөөлөн эд хатаж байгаа бололтой. Уг нь дөрвөн нуруу гэмтсэн ч нэг нь хөдөлгөөнтэй, цааш наашаа болдог.

- Биед шаналгаатай байх юм уу?

- Одоо би удаан сууж чаддаггүй. Удаан суух, хэвтэхэд бие хөшинө. Ямаа шиг хэвтэж босоод л байна. Тэнгэр муудах үед их шаналгаатай, 10-аас 2 дугаар сар хүртэл жаахан гайгүй. Бусад үед үргэлж өвдөнө.

- Энэ талаар БТСУХ (хуучин нэрээр)-нд асуудал тавьдаг уу?

- Үгүй ээ,

- Яагаад?

- Эмчлүүлье гэвэл нуруу солих асуудал тавигдах бололтой. Гэтэл хажуу дахь хоёр нуруу нь хадаас даах эсэх нь бүү мэд, хий дэмий зардал чирэгдэл болох юм болов уу гэж боддог. Жил болгон физик эмчилгээ хийлгэдэг. Хатсан ясыг эрүүл болгох гэж байхгүй биз дээ.

- Олон улсын тэмцээнд хэр оролцож байсан бэ?

- 10-аад удаа. Хоёр түрүүлсэн. Мөнгө, хүрэл медаль авч байсан.

- Таны жинд хэн хэн өрсөлддөг байв?

- Д.Ганбат, Ж.Мөнх-Очир, О.Энхтайван нар. Д.Ганбат бид хоёр тэнцүүхэн байсан. Дараа нь Энхтайван түрж орж миний халааг авсан даа. Ганбат их сайхан барилддаг байв. Гэхдээ би түүнийг амжилтаа гаргаж чадаагүй бөх гэж боддог. Энхтайван олон талын барилдаантай, хөдөлгөөний эвсэл сайтай. Мөнх-Очир их бяртай, ийм л залуучууд байлаа.

- ДАШТ-д барилдсан тухай ярина уу?

- 1971 онд миний жинд 28 бөх өрсөлдсөн шиг санагдаж байна. Би 8 барилдаж, 6 ялж, 1 тэнцэж, 1 ялагдаж (Ираны Жовадид ялагдсан) мөнгөн медаль авсан. Би Жовадитай 4 барилдсан, 4 ялагдсан.

- Амьдралынхаа талаар...

- 1971 онд гэр бүлтэй болсон. 1980 онд эхнэр маань хорт хавдар өвчнөөр нас барлаа. Тэгэхэд би хоёр суга таягтай дөнгөж босдог байсан. Хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Өнөө жил охин маань IX, хүү V ангийг төгсөж байна. Хоёр хүүхэд маань Эрдэнэтэд хадмуудтай хамт амьдардаг. Буянтай хоёр хөгшин бий дээ хөөрхий. (нулимс гүйлгэнэв) Дулааны улиралд хөгшин эцэгтэйгээ Хөвсгөлийн Галтад, өвөлдөө Эрдэнэтэд хадмууд, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Ажилгүй байх шиг хэцүү юм алга. Би өөрийн гэх гэр оронгүй хүн шүү дээ. Өдөржин сонин хэвлэл унших юм.

- Группийн мөнгө хүрэлцэх юм уу?

- Болж л байна. Тусдаа гэр барьмаар санагдах юм. Гэтэл би 20 литр ус өргөж чадах биш дээ.

- Сэтгэл дундуур явдаг юм бий юу?

- Гомдолтой юм юу байх вэ? Гэхдээ сэтгэл дундуур явдаг юм бол манай тамирчдаас олимпийн аварга болчих хүнгүй л байна. Энэ нь юунаас болж байна гэвэл эв түнжин муутай, дасгалжуулагчдын нэгдсэн санаа байхгүй, нэгнийхээ сүүдэртэй талыг барьж аваад түүнд гялайх юмгүй юм шиг боддог. Ийм байдлаар олон жил болов. Залуу насанд би ялах уу, чи ялах уу гэж байсан бол одоо тийм биш байх. УШБ-ийн ахлах дасгалжуулагч боллоо гэвэл нийгэмлэг, хороодын дасгалжуулагчдыг үздэггүй болчихдог гэм бий. Миний хувьд биеэр үзүүлэх юмгүй хойно амаар олон үг хэлээд яах вэ? «Би» л гэдэг дасгалжуулагч олон болжээ. Эцсийн эцэст улсын эрх ашиг, бөхийн эрх ашиг хохирч магадгүй бололтой. Их ярилаа, маргалаа, одоо болмоорсон.

- Шагналын тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Чи яагаад гавьяат цол аваагүй юм бэ? гэж асуудаг л юм. Би бэртэж итгэл найдварыг нь биелүүлж чадаагүй юм хойно яах вэ дээ. Нэг бэртээд барилдаж чадахаа байсан, хоёр дахь бэртэлтээр ажиллаж чадахаа больсон.

- Баярт мөч олон тохиолдож байсан биз дээ?

- Надад баярт мөч олон таарч байсан. 1975 онд Минскт болсон ДАШТ-д (самбо, чөлөөт, сонгомол гурвуулаа болсон) С.Магсар шүүгч хийв. Ж.Мөнхбат дасгалжуулагчаар очоод самбоор барилдаж, би дасгалжуулагч нь болов. Энэ тэмцээнээс 3.Ойдов дэлхийн хоёр удаагийн аварга, X.Баянмөнх олон жил зүтгэсний эцэст анх удаа аварга болов. Тэгэхэд би өөрөө аварга болж байгаа юм шиг баярласан. Ийм л аз байсан. Монголын бөхчүүдээ гарахад дэвжээний буланд сууж байх завшаан хэн хүнд олдохгүй шүү дээ.

- Залуучуудад юу хэлмээр байна.

- Хичээллэж буй спортод үнэн сэтгэлээ өгч, өөрөө том тэмцээнд явахгүй юм гэхэд өрсөлдөгчөө сайн бэлдэж чаддаг байвал тун сайнсан. Хойлогдорж, Адьяатөмөр, Ойдов бид нар бөхийнхөө дэвжээн дээр хоёр жил болсон. Дэвжээн дээр унтчихна. Өлсвөл гуанзанд орно. Нойр хүрэхгүй бол босоод барилдчихна. Цаг өнгөрөхгүй бол бас л барилдана. Бэлтгэл хийнэ, биднээс Ойдов, Хойлог хоёр маань тодорсон доо. Дараа нь цувраад цувраад гэр оронтой болсон.

- Спортын байгууллагын талаар...

-Спорт маш сонин юм, биеийн тамир бас өөр юм. Спортын төв байгууллагын удирдлага тогтох хэрэгтэй. Харин спорт мэддэг даргатай болсон байна. Гавьяа шагналаараа түрий барьж, удирдлагынхаа тархи толгойг эргүүлж болохгүй. Нөгөөгийнхөө яриаг үгүйсгэж хүн ойлгохын аргагүй болгож болохгүй. Арван гавьяат арван янзаар яривал хүний толгой эргэж тээнэгэлзэнэ биз дээ. Магван, Цэрэндаш хоёр гар нийлсэн дарга нар байсан. Тэр тусмаа Цэрэндаш гол үүргийг үүрч байсан хүн шүү. Их ч юм хийсэн. Энэ үед их ч амжилт гарсан даа. МАХН-ын Төв Хорооны 184 дүгээр тогтоол спортын хөгжлийг ахиулах биш, зогсоосон. Ийм тогтоол гаргах ямар шаардлага байсан юм бол. Бид хожоогүй их алдсан.

- Та ДАШТ-ий мөнгөн медалийг анх авсан тамирчдын нэг шүү дээ?

-Мексикийн олимпоос Ж.Мөнхбат анхны мөнгө, ДАШТ-ээс Х.Баянмөнх бид хоёр анхны мөнгийг авсан. Би хөнгөн жингийнх учраас түрүүлж хүзүүндээ зүүсэн. Тэмцээний дараа Х.Баянмөнхөд гавьяат цол, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, надад 50 жилийн ойн медаль өгөөд мөнгөн шагнал адилхан өгсөн.

- Таныг одоо харж ханддаг спортын хүн, байгууллага байна уу?

- Хөвсгөл аймгийн БТСХ-ны дарга Ч.Дарьсүрэн анхаарах төлөвтэй байна. Асуудаг хүн байдаг л даа.

- Танай хүүхдүүд юу сонирхдог вэ?

-Хүү Бат-Эрдэнэ бөх, моринд дуртай, охин Буянхишиг хэлний хичээлд сонирхолтой. Хоёр хөгшний буянд ажил төрөлд сайн сурч байна.

- Танд ямар нэгэн хүсэлт байна уу?

- Хүсэлт гээд байх юм алга шив дээ. Гэхдээ тусдаа гэр барих санаатай явдаг. Одоохондоо бие гайгүйвтэр гэх үү дээ. Хэрвээ хэвтэрт орчихвол өөрийн гэр хэрэгтэй болох нь ээ. Эсгий олдохгүй юм. Ажлын газаргүй болохоор хандах байгууллага надад алгаа. Хэрэв эсгий олддог бол би үнээр нь авна. 10 ширхэг л хэрэгтэй байна...

Бид хоёр ийнхүү ярилцлаа. Б.Жамсран орой нь галт тэргээр Эрдэнэт рүү хоёр хөгшин, хүүхдүүд рүүгээ явлаа. Түүний нүд бодлогошронгуй харагдана. Амьдралын хатуу нугачааг гэтэлж явна даа, Жамсран. Гэхдээ тэр спортынхоо тухай, бөхийн амжилтын тухай байн байн ярина.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
12 сар 1. 9:10
Зочин

saihan niitlel yariltslaguud

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]