Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Европын төв рүү онилсон цахилгаан мэт довтолгоонууд (4, 5-р бүлэг)Уншсан37,939

Монгол цэргийн довтолгоонд хамгийн түрүүнд өртсөн булгар, мордав, хазар зэрэг Ижил хавийн ард түмэн алс дорноос ирж буй аюул, айдсыг тээн оросын ванлигуудын нутгуудаар дүрвэн нэвт гарч баруунд одов.

 Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

Эхний хэсэг:

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь (1, 2-р бүлэг)

Монголын их цэрэг Орос болон Кавказ, Каспийн умардад (3-р бүлэг)


4-р бүлэг.
Европын зүрх рүү онилов

 

 Монгол цэргийн довтолгоонд хамгийн түрүүнд өртсөн булгар, мордав, хазар зэрэг Ижил хавийн ард түмэн алс дорноос ирж буй аюул, айдсыг тээн оросын ванлигуудын нутгуудаар дүрвэн нэвт гарч баруунд одов. Тэдний араас тарж бутарсан кумануудын үлдэгдлүүд цувлаа. Куманы хаан Котян амьд үлдсэн 40 мянган албатынхаа хамт Карпатыг давж, Мажарт очиж, IV Бела хаанаас орогнол хүсэн, хариуд нь шашин шүтлэгээ сольж, католик болохоор болов. Шашин шүтлэг солино гэдэг нь тухайн үед төдийгүй өнөө ч амьдрах орон зайгаа асар их үнээр арилжиж буй хэрэг, аргаа баран мухардсаны илрэл билээ.

Төд удалгүй тэдний араас айж сандарсан оросууд, Черниговын ван Михаил, Галицийн ван Даниил Романович тэргүүтэй газар нутгаа алдсан оросын вангууд амь хоохойлох газар хайн мөн цувжээ.

Кумануудыг цохиулсан тухай эхний сураг сонсонгуут Ромын пап IX Григорий чухам юу болж буйг тандуулахаар унгар лам Юлианыг зүүн зүгт илгээв. Ламтан Ижилийн Булгар хүртэл явж “Монголчууд Ромыг байлдан дагуулахаар айсуй” гэсэн тун ч түгшүүрт мэдээ тээсээр буцаж ирэв. Матью Парис хэмээх англи санваартан дүрвэгсдээс сонссон мэдээлэлдээ тулгуурлан Монголчуудын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл бичиж үлдээсний дотор “...Адгуусын төрөлт тэднийг хүн гэхээс амьтад гэвэл зохино. Цус ууж улангасан, хүний хүүрийг нохой мэт урж тасчин иддэг” гэсэн мөрүүд байжээ. Эндээс харахад дүрвэгсэд чухам юу ярьж, ямар цуу тарааж явсан нь тодорхой.

Ийнхүү хүний махан хүнстэй, хүрэл чулуун зүрхтэй, айх цуцахыг мэддэггүй, арслан барс шиг догшин, аюумшигт хүчтэй Монголчууд наран шингэх хязгаар хүртэл дайлахаар ирж буй тухай хачир нь хэтэрсэн элдвийн цуу Европоор нэг тархжээ.

 ***

Бат хаан, Сүбээдэй баатар нар Европыг довтлох төлөвлөгөөг хэлэлцэв. Юуны түрүүнд кумануудын үлдэгдлийг ивээлдээ авсан, оросын вангууд очиж толгой хоргодсон, эсэргүүцлийн гол төв болоод буй Европдоо л шилдэг армитай Мажарыг дайлан дагуулах нь гол зорилт байжээ. Кумануудыг мөшил мөшгиж, дуусгахгүйгээр Монголчууд буцах эрх байхгүй.

18-19 жилийн өмнө Сүбээдэй баатар Зэв ноёны хамт баруунш уулгалан, кумануудын нутгаар хөндлөн гулд довтолж, Оросын вангуудын нуруун дээр зассан модон тавцанд тухлан наргисан цуутай аянаас буцаж ирэхдээ алс тэнгис хавийн оронд Монголчуудтай уг гарал нэгтэй шар зүстэй үндэстнийг авран чөлөөлөхийг Чингис хаанд санал болгон дурдаж байсан гэдэг. Тэд бол Хүннүгийн цусыг өвлөж үлдсэн мажарууд байх тун магад юм. Бат хаан өшт дайсныг нь ивээлдээ авч, өөрсдөд нь дайн зарласан мажаруудыг Монголчуудаас гаралтайгаа умартан, элэнц хуланцийнхаа эсрэг жадны үзүүр харуулж, ёсон бус аашиллаа хэмээн зэмлэж байсан нь Сүбээдэй баатрын дээрх дурдамжийг батлах мэт.

Нөгөө талаар хэрвээ ус намаг, ой мод ихтэй Европыг дайлах бол бэлчээр сайтай түшиц газар нэн чухал. Европыг дайлахад 18 жил шаардлагатай гэж  Монголчууд тооцож байжээ. Энэ урт удаан хугацаанд адуу малаа бэлчээрлэх ус бэлчээр тэгширсэн нутаг бол аргагүй Карпатын баруун бэл дэх Мажар, Трансильванийн тал нутаг байлаа. Вандал, Гот, Хүннү зэрэг Дорноос довтолгох үе үеийн нүүдэлчид чухам энэ үржил шимт нутгийн зүг тэмүүлдэг байж. Мажарууд ч мөн IX зууны үед зүүнээс нүүдэллэн энд ирж тогтжээ. Мөн энэ газар нь Европыг довтлоход стратегийн тун ашигтай байршил учир Европын зүрх хэмээдэг.

Мажарыг дайлахын тулд дараах стратегийн зорилтуудыг хангах ёстой байв. Үүнд,

-умардад Польш, Силезийг довтолж, мажар луу хийж буй довтолгооныг умраас буюу Чех, Германы Ариан Ромын эзэнт гүрэн, Тевтонуудын зүгээс тасалдуулах аюулыг сэргийлэн хаших, улмаар умар талаас нь мажарыг ороон бүслэх,

-Валах, Трансильванийг өмнөдөд цохиж, тэр зүгээс ирэх аюулыг таслан, мажарыг өмнө талаас нь Сербийн зүгээс ороон бүслэх,

-энэ хоёр стратеги дэмжлэг дор гол хүчин Карпатыг давж, мажар луу халз довтлох зэрэг байлаа.

Бат, Сүбээдэй хоёр цэрэг армиа гурван зам болгон хувааж,

-Польшид довтлох баруун умардын зам цэргийг Байдараар захируулж, Хайдуг хүчин хавсаргав.

-Валах, Трансильванийн өмнөдөд давшлах өмнөд замын цэргийг Хадаанаар захируулав.

-Бат хаан, Сүбээдэй баатар нар гол хүчээ аван Карпатаар даван Мажар луу орохоор болов.


5-р бүлэг
Цахилгаан цахилах мэт довтолгоонууд

 

 Хан хөвүүн Байдарийн (Цагаадай хааны гутгаар хүү) захирсан 2 түм орчим хүчтэй нэгдүгээр замын цэрэг Владимираас хөдөлж 1240 оны адгаар Бага Польшийн хилийг даван, Люблинийг гэнэт цохиод, цаашлан Сандомирийн бараг хаяанд байх Завихост хүрээд эргэж Галицийн нутагт оров. Хүйтний эрч чангарахыг хүлээж байгаад ус намаг, голууд бүрэн хөлдөж, морьтонгуудын цувааг даах болмогц 1241 оны нэгдүгээр сарын эхээр Галицийн нутаг, одоогийн Львов орчмоос хөдөлж, Висла мөрний мөсөн дээгүүр гулган гараад Бага Польшийн ван IV Болеславын захиргааны Сандомирийг их мацгаа барьж байсан үед нь 2 сарын 13-нд дайрч, цохисон байна. Сандиморчууд баатарлаг эсэргүүцсэн ч тэр хэрээрээ цусаа урсгажээ.  Польшийн цаг тооны бичигт үлдээснээр бол Монголчууд Краков чигт цаашлан хөдөлж, Хар голын эрэгт байрлах Поланец хүрч, Турск хэмээх хөдөө газарт урц майхнаа босгоод буудаллаж байх үед Краков мужийн жанжин Владимирийн цэрэг гэнэт довтлон, ачаа хөсгийг нь түйвээж, үймээнээр Сандомирийн олзлогсод бутран зугтаж аврагдсан байна. Гэвч Монголчууд ялж, ялсан боловч гэдрэг буцжээ. 

Дайсныхаа хүч, байршил, төлөвлөгөөг тандан туршсан эхний энэ хоёр удаагийн довтолгоон нь талдаа 160 орчим км-ын гүн байв.

Ингээд Байдар 3 сарын эхээр дахин баруун зүг мориныхоо жолоог эргүүлж, үндсэн давшилтаа эхлүүлэн Сандомирт хүрээд, цэргийнхээ нэг хэсгийг авч умардад 200 гаруй км холд орших Ленчица, Куявы зүгт, Их Польшийн Мазови, цаашлаад тевтонуудын зүгээс ирэх аюулыг сэрэмжлэхээр давшжээ. Тэд бараг Дорнод Прүссийн Тевтонуудын хил хүрээд эргэсэн байна.

Хайдугийн захирсан нөгөө түмт, Краковын зүгт довтолгов. Бага Польшийн Краковын арми, Сандомирын цэргийн үлдэгдлийг нэгтгэн, Завихост, Хмельник, Вислица хот болон тэр орчмынхноор хүчээ зузаатгаад Хайдуг Сандомироос 80  орчим зайд орших Хмельник хот орчимд тосон саатуулах гэж оролдсон боловч яаж ч чадсангүй, хиар цохиулан, үлдэгдэл нь тал тал тийш сарнин зугтжээ. Зугтсан бүхэн Польш даяар айдас дагуулж, үймэн сандрааныг тарьж явжээ. Энэ тулалдаан 1241 оны гурван сарын 18-нд болсон байна. Бага Польшийн төв Краков орох зам саадгүй болов.

Бага Польшийн нэгдсэн арми Хмельникт хиар цохиулсан тухай мэдээтэй зэрэгцээд ганц өдрийн дотор Хайдугийн түрүүч ангийн морьтнууд Краковын хэрмийн дэргэд гарч ирсэн байна. Хмельникээс Краков хүртэл даруй 80 гаруй км зайтай. Тэдний бараанаар Бага Польшийн ван Ичимхий хочит IV Болеслав нийслэл хотоо, түүний ард иргэдийг заяанд нь даатгаж орхичихоод Моравиар дамжин Мажар руу хадам эцэг IV Белагийн ивээлийг бараадан шилдэг цэргээ аваад ум хумгүй зугтжээ.

Краковын Гэгээн Марийгийн сүмийн гонхон дээр харуулд байсан бүрээч цэрэг жин үдийн цагаар Монголын морьтон харваачдыг хотынхоо хэрмийн дэргэд гэнэтхэн давхилдан гарч ирэхийг хараад бүрээгээ татан, хот даяар чимээ өгөхийг оролдсон байна. Гэвч морьтан харваачийн мэргэн сум шунгинан ирж бүрээч цэргийн хоолойг нэвт харван унагажээ.

Хожим XVI зууны үед сэргээн засварласан Гэгээн Марийгийн сүмийн гонхон нь 30 гаруй метр, чамгүй өндөр бөгөөд Монгол харваач мэдээж хэрэг сүмийн оёороос харваагүй, ойрдоо 200, холдоо 500 орчим метрээс харвасан нь тодорхой. Морины давхил дунд харвасан тэр сум 7-8 орчим давхар байшингийн хэр өндөрт байх сүмийн гонхны босоо нарийн цонхоор нисэн орж, бүрээч цэргийн хоолойг яг оносныг үзэхэд Монгол цэргийн харваа хэр хол, цэцэн байсныг илтгэнэ.

Унасан бүрээчийн бүрээг дэргэд нь байсан бас нэг бүрээч авч, үлээн хотоо сэрэмжлүүлэн босгожээ. Өнөөдөр өдөр бүрийн 12 цагт Краков хотын сүлд дуу эгшиглэх бөгөөд, тэгэхдээ гэнэт хагас минут орчим нам жим болж байгаад үргэлжилдэг нь найман зууны тэртээх тэрхүү үйл явдлаас улбаалжээ. Краковынхон гадна дотнын жуулчдад Гэгээн Марийгийн сүмийн гонхоныг үзүүлж, эл түүхийг хуучлах аж.

Бүрээн дуунаар илд жадаа барин боссон ч Краковчууд хотоо хамгаалж хүчирсэнгүй, 3 сарын 21, 22-ны өдрүүдэд цус урссан ширүүн тулааны эцэст хот хүчинд автжээ. Хмельникийн дэргэд цохиулаад ухарсан Краковын жанжин Владимир энэ тулаанд эрэлхэгээр эрсдэв.

Монголчууд энд хэсэг зуур амсхийгээд, 4 сарын 1-нд хөдлөн, Краковоос 150 орчим км умаршилж, Одер мөрний эрэг дээрх Ополе хүрчээ. Нэг багахан тандуулын анги цэрэг баруун тийш 100 орчим км довтолгож, Чехийн Маровийн гүнлэгийн хилд тулж, Одер мөрний гүүрэн дээр Ратиборын цэрэгтэй жад зөрүүлж үзсэнээ болиод гол хүчнийхээ араас Ополе зүг одсон байна. Хайду Ополег явуут цохиод, Врацлавын зүг дутаасан Ратибор болон Ополегийн эзэн Мичислав (Жанжин Мешко)-ыг мөшгөн хөөжээ.

Энэ зуур Байдарын цэрэг Лечница, Серадзь хотуудыг дайран гарч, Литовын нутагт довтлоод, сөрөн ирсэн литовын рыцарийн армийг Плоцк орчимд Висла мөрний эрэг дээр цохиод цаашлан Дорнод Прүсс хүрчээ. Тэндээсээ баруун урагш эргэж 240 орчим км зам туулаад Хайдугийн цэрэгтэй Врацлав, Ополегийн завсарт нийлсэн байна. Байдар, Хайдугийн цэргийн түрүүч 4 сарын 3-нд Врацлавыг довтлон эзлээд, ойр орчмыг нь түймэрджээ.

Краковоос 4 сарын нэгэнд хөдөлсөн Монгол цэрэг зам зуураа Ополе зэрэг том хотыг эзлээд 250 орчим км замыг гуравхан өдрийн дотор туулж Врацлавт хүрсэн нь тухайн цагтаа санаанд оромгүй хурд байлаа. Бүхэл бүтэн арми бүү хэл дан морьтнууд ч ийм хурдаар довтолгон туулах нь үгүй. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагийн өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.

Өнөөх английн доминикан гэлэн Матью Парис Монголчуудын энэ мэт санаанд багтамгүй эрч хурдтай довтолгооныг аянга цахилгаантай адилтган бичсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ. Энэ үйл явдлаас хойш яг 700 жилийн дараа 1941 онд Гитлер энэ жишгээр Орос орныг цахилгаан мэт дайран эзэлнэ хэмээн мөрөөдөж, дайралтаа “Цахилгаан дайн” хэмээн өргөн мандуулж байв. Гэвч түүний цахилгаан сумны үзүүр Москвагийн дэргэд цасанд шурган унаж, шилдэг армиуд нь Сталинградын дэргэд хөлдөцгөөн, үлдсэн нь бууж өгсөн билээ.

Хан хөвүүн Байдар, Хайду нар 1241 оны 3 сарын эхээр Львов орчмоос үндсэн давшилтаа хийж, нэг сарын дотор Бага Польшийг бүхэлд нь, Их Польшийн өмнөд хэсгийг эзэлж, Сандомир, Краков, Врацлав зэрэг 10 гаруй хотыг буулган, цус асгаруулсан 7 тулаанд ялж, тал бүр тийш 450 гаруй км өргөн уудам газарт байлдааны ажиллагааг хоёрхон түмэн цэргээр явуулсан нь гайхамшигтай хурд, амжилт байв.

Түүхчдийн тодорхойлсоноор “мөсөн дээгүүр гулсах чулуу мэт чимээгүй атлаа хүчирхэг, эрс шулуун, гайхалтай шалмаг довтолгоон”...

Гэвч Байдар, Хайду нарын хувьд Европ дахиныг гайхуулсан нь энэ төдий биш, жинхэнэ амжилт, ялалт тэднийг Лигницийн дэргэд хүлээж байлаа.

Үргэлжлэл: Мажар руу

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]