Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зина охины баатарлаг бөгөөд эмгэнэлт түүхУншсан41,912

Иймэрхүү баатарлаг атлаа эмгэнэлт түүх Эх орны дайны үеэр өдий төдийгөөрөө гарч байсан тул дайны үед охин төдийлөн алдаршсангүй.

Нийтлэлч Г.Ванчиг бичиж байна.

Фашистуудын гарт зэрлэгээр хөнөөгдсөн, хожим нь ЗХУ-ын Баатар цолоор нэхэн шагнагдсан Оросын олон баатарлаг иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг социализмын үеийн ном сурах бичгээс бид сайн мэддэг байлаа. Зоя Космодемьянская гэх мэт. Тэдний нэгний тухай, гэхдээ насанд хүрээгүй нэгэн баатар охины түүхийг та бүхэндээ хүргэж байна. “ЗХУ-ын баатар Зина охин” хэмээн бидний багад ном, сурах бичигт бичигдсэн нь их тааралддаг байлаа.

1926 онд төрсөн Зина Портнова буюу Портнова, Зинаида Мартыновна охин фашистуудын аймшигт тамлалтаас болж 1944 онд буудуулан цаазлагдах үедээ хэдийгээр 18 нас хүрэхэд нэг сар дутуу байсан ч үс нь цал буурал болсон байдаг.

Зөвлөлтийн олон мянган хүүхэд, эмэгтэйчүүд дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд эх орныхоо төлөө баатарлаг гавъяа байгуулсан юм. Тэдний нэг болох сурагч охин 15 настай Зина дайн эхлэхээс өмнө сургуулийнхаа зуны амралтаар Белорусс дахь эмээгийндээ очихоор явжээ. Витебск мужийн Шумилинскийн тойргийн Оболь станцын ойролцоох Зуй тосгонд түүнийг баатарлаг атлаа эмгэнэлт ирээдүй хүлээж байв. 15 настай Зинаг дүү охин Галягийн хамт эцэг эх нь Витебск мужийн Зуи тосгон дахь эмээ рүү нь цэвэр агаарт амраахаар явуулсан ба ердөө сарын дараа германчууд Зөвлөлт рүү довтолсон юм. Нацистын арми Белоруссийн газар нутгийг ёстой л цахилгаан дайнаар эзлэн авч байлаа. Эмээ нь ач охидоо ар тал руу явуулахыг хүссэн боловч, Улаан арми ард  иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь бүү хэл олон зуу мянгаар нь цэргээ бүслэлтэд алдаж байв. Ийм нөхцөлд охид эзлэгдсэн газар нутагт гацахаас аргагүй болжээ.

1941-1942 онд Украин, Белоруссын нутаг дэвсгэрт партизаны хөдөлгөөн хаа сайгүй өрнөж, Германы армийн ар тал, эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хянан харгалзаж байсан гарнизонуудыг хорлон сүйтгэж байв. Зина охин ч партизаны бүлэгтэй холбоотой өсвөр насныхны бүлгэмд элсчээ. Партизануудтай холбоотой өчүүхэн төдий сэжиг төрүүлсэн хүнийг немцүүд хайр найргүй хядаж байсан тул маш их болгоомжтой байх хэрэгтэй.

1942 онд Зина “Өсвөрийн өшөө авагчид” хэмээх комсомолын гишүүдийн нууц байгууллагад элсчээ. А.Фадеевын “Залуу гварди” хэмээх номыг уншиж байсан нэгэн байвал иймэрхүү өсвөрийнхний нууц бүлгэмүүд партизаны отрядуудад хэрхэн тус дэм болж, үнэ цэнэтэй мэдээллүүдийг хулгайлан авч эх орныхоо өмнө асар их гавьяа байгуулж байсныг гадарлах байх.

“Өсвөрийн өшөө авагчид”-ын толгойлогч нь Фруза хэмээх нууц нэрээр алдаршсан Ефросинья Зенькова байсан бөгөөд тэрээр Зинагаас хоёрхон насаар эгч ба тэд үй зайгүй найзууд болсон байна. Фрузагийн нөлөөгөөр Зина хамгийн нууцын өндөр зэрэглэл бүхий партизаны отрядуудаас тусламж хүссэн даалгавруудыг биелүүлэх ажилд оногдож байжээ.

Тэд фашистуудыг хангалттай хорлон сүйтгэж, ухуулах хуудас тараах, дайснуудын эд хөрөнгийг сүйтгэх, галт тэргүүд, үйлдвэрүүдийг шатаах, тэр ч бүү хэл, цахилгаан станц хүртэл дэлбэлэх зэргээр идэвхтэй ажиллаж байлаа. Энэ бүх ажиллагаанд  Зина зохион байгуулагчийн хувиар хамгийн идэвхтэй оролцож, Катенька гэх нууц нэрээр нь фашистууд “өшөө авагчдын” удирдагчдын нэг хэмээн шуурхайлан хайж байв. Түүний толгойд их хэмжээний мөнгө ч амлаж байж.

1943 онд Катенька хэмээх нууц нэртэй Зина комсомолын гишүүн болсноор илүү хариуцлагатай бөгөөд эрсдэлтэй үүрэг даалгавруудыг биелүүлэх болжээ.

Тэр ондоо Зина герман офицеруудыг хооллодог цайны газарт сав угаагчаар орж чадав. Цайны газрын эзэн ч партизаны отрядуудтай холбоотой байж Зинагийн нууц даалгаварт ихээхэн тус болжээ. Ажилд орсноосоо удалгүй Зина нэг удаагийн шөлтэй хоолны том сав руу асар хүчтэй хор хийж амжив. Уг хортой шөл ойролцоох байшинд сургалтад сууж байсан 100 гаруй офицерт хүрсэн бөгөөд 7 хоногийн дотор тэд бүгд амь алдсан байна.

Немцүүд асар их хорсож, хэрэгтнийг мөрдөн хайж эхлэв. Тэд Зинаг сэжиглэн, хортой шөлнөөс идэхийг шаардахад тэрээр юу ч мэдээгүй мэт тайвнаар шөлийг ууж орхисон гэдэг. Үүнийг харсан германчууд угаагч охиныг гэмгүй гэдэгт итгэн, удахгүй үхчихнэ хэмээн үзээд суллан явуулжээ. Зина арайхийн эмээгийндээ хүрч чадсан бөгөөд ардын уламжлалт хор тайлах ургамлаар эмээ нь түүнийг эмчилж чаджээ. Ийнхүү үхлийн аюулаас аврагдсан ч удахгүй Зина илчлэгдэв. Асар их мөнгө амласны хүчинд урвагчдын мэдээллээр фашистууд угаагч охиныг хэргийн эзэн гэдгийг мэдэж авсан байна.

Ингээд цаг мөч өнгөрөх тусам аюултай болсон учраас Зинаг партизанууд руу ойд илгээсэн байна. Зина охин Ворошиловын нэрэмжит партизаны бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан бөгөөд “Өсвөрийн өшөө авагчид” бүлгэмийн гишүүд урвагчдын харгайгаар илчлэгдэж, фашистуудад олноороо баривчлагдсан мэдээг сонсоод Зина охин хот руу явахаар шийджээ. Энэ нь хэдийгээр үхэл рүүгээ өөрөө очсоноос ялгаагүй гэдгийг Зина охин мэдэж байсан ч, партизанууд түүнийг явахыг эсэргүүцэн ятгаж байсан ч хотод гүйцэтгэх ёстой маш чухал нэгэн даалгаврыг давхар биелүүлнэ хэмээн итгүүлээд Зина замдаа хөдөлжээ.

Гэвч Зина даалгавраа гүйцэтгэх явцдаа Мостице тосгоны ойролцоо урвагчийн золиос болж, гитлерчүүдэд баривчлагдсан байна. Германы офицерууд эхлээд Зинад нэгэн санал тавьжээ. Партизаны отряд руу хүрэх нууц замыг зааж өгөн, бүлгийн баригдаагүй үлдсэн гишүүдийн нэрийг хэлж өгвөл түүнийг суллах болно гэжээ. Өмнө нь баригдсан “Өсвөрийн өшөө авагчид”-ын зарим гишүүд хатуу ширүүн тамлалтыг давж чадалгүй Зина охиныг хэдийнэ илчилсэн байв.

Зина тэдний саналыг хүлээж авч буй мэт дүр үзүүлж, цаг хожиж, оргох, бусдыгаа оргуулах төлөвлөгөө боловсруулж байв. Ээлжилж байцаадаг офицеруудаас нэг нь Зинаг байцаах болгондоо буугаа ширээн дээрээ тавих юм уу, өлгүүрт кительтэйгээ хамт өлгөдөг болохыг охин сайн анзаарчээ. Ингээд нэг удаагийн байцаалтын үеэр Зина тохиромжтой мөчийг хүлээж байгаад офицерыг эргэх хооронд ширээн дээрээс нь гар бууг шүүрч аван бууджээ. Партизаны отрядад байхдаа хэд хэдэн тулгаралтад оролцож буу сайн эзэмшдэг болсон, тэр ч бүү хэл мэргэн бууддаг болсон Зинад энэ нь түвэгтэй байсангүй. Цонхоор гарч зугтах үедээ ахин хоёр немцийг хөнөөсөн ч харуулын цэргүүд автоматаар шүршихэд Зина шархаджээ.

Амьдаараа олзлогдоход хүрвэл аймшигтайгаар тамлуулахаа охин мэдэж байсан учраас өөрийгөө буудахаар оролдсон ч гай нүүрлэж эцсийн мөчид буу нь ажилласангүй гацаж орхижээ. Гестапогийн офицерууд охиныг бүтэн сарын турш аймшигтайгаар тамлав. Түүнийг партизын отрядын байрлалыг зааж өгөхийг шаардаж хэрхэн үгээр бичихийн аргагүйгээр тамласныг та бүхэн гадарлаж байгаа байх.

Зөвлөлтийн түүхчдийн бичсэнээр өвлийн нэгэн өглөө Зина охиныг буудахаар немцүүд гудамжаар тууж явахад хүмүүс түүнийг танихын эцэсгүй болсон байжээ. Хоёр нүдээ сохлуулж, чихээ тасдуулж, аймшигтайгаар харагдаж байсан охиныг өвлийн хүйтэнд хотын гудамжаар нүцгэнээр нь тууж, дүүжлэн хороосон гэх бөгөөд харин албан ёсны намтарт нь 1944 оны 1-р сарын 10-ны өглөө Белоруссын Полоцк хотын шоронд буудан хороосон гэж бичигджээ.

Иймэрхүү баатарлаг атлаа эмгэнэлт түүх Эх орны дайны үеэр өдий төдийгөөрөө гарч байсан тул дайны үед охин төдийлөн алдаршсангүй. Харин дайны дараа аажмаар ном сонинд бичигдэж Зөвлөлт даяар алдаршсаар 1958 онд л Зөвлөлтийн удирдлагуудын зүгээс охиныг ЗХУ-ын Баатар цолоор нэхэн шагнажээ. Белоруссийн Оболь хот болон Зинагийн төрсөн Ленинград буюу өнөөгийн Санкт Петрбург хотноо түүний гэр музейг нээж олон гудамж, талбайг охины нэрэмжит болгон алдаршуулжээ.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 4 сар 24. 13:19
Зочин Пионер

Баярлалаа .Охиныг цаазлахаар авч явах үед өмссөн сэг болсон палажаар нь танисан гэж байдаг шүү. Пионер байхдаа нэлээн их түүхүүд сонсож уншиж байсан.

2021, 6 сар 29. 20:32
Зочин

Хүүхэд байхдаа зөвлөлтийн уран зохиол нэвтрүүлэгээр сонсож байлаа
Хүүхэд багачуудыг эх орон ч үзэл суулгах тал дээр анхаарах цаг болсон

2020, 7 сар 21. 17:16
Зочинззз

Аймаар юм

2020, 4 сар 22. 7:27
Зочин

Үнэхээр гайхамшигтай.Бидний хойч үeч мөн хэрэгцээтэй үэд ийм байх байх ёстой.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]