Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ард түмний хайртай диктаторУншсан21,952

Горбачев Нажибуллаг золионд гарган хаясан бол ОХУ-ын шинэ үеийн тэргүүлэгч нар ч бас Горбигоос дутахгүй урваж шарваж, шинэ эздэдээ нүүр тал олох гэж гүйлдэцгээж эхэлсэн ба 1991 онд ОХУ-ын гадаад яамны сайд Андрей Козырев нь “ Афганистанд бүх зүйл учир начраа олоход бэлэн болсон боловч Нажибулла тэргүүтэй бүлэглэлээс болж энэ бүхэн бүтэлгүй болж байна” хэмээн барууны хэвлэлд хэлж байсан гэдэг.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

2008 онд Афганистаны Кабул хотын нэгэн радио станц нь сонсогчдынхоо дунд нэгэн санал асуулт явуулж, хотынхныг багагүй бужигнуулаад авсан байна. Олон хүн энэ асуулгад оролцох гэж өөрийн биеэр очих, цаасаар болон бусад аргаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан бөгөөд санал асуулгын цорын ганц асуулт нь “Улиран сүйрч өнгөрсөн, улс төрийн энэ олон засаглалын аль нь ард түмний эрх ашиг, сонирхлыг хамгийн сайн хамгаалж байсан бэ?” гэсэн зүйл байв. Санал асуулгад оролцсон нийт хүмүүсийн 93,2 % нь доктор Нажибуллагийн засаглалыг сонгосон байжээ.

Афганистанд доктор Нажибулла, харин барууны зарим нэг улс орнуудад диктатор (манай махан орчуулгаар дарангуйлагч гээд байх шиг) хэмээн нэрлэгдсэн энэ хүний амьдралын сүүл үеийн тухай сонирхуулах гэж энэ нийтлэлийг бичиж байгаа бөгөөд өнөөгийн Афганистанд Талибууд бараг л бүх нутгийг хяналтдаа авч, Америк болон түүний холбоотон улсууд цэргээ гаргаж байгаа, тэднийг аврагчаа гэж харж байсан Афганы ард түмний нэг хэсэг нь орох газаргүй болж хүний нутаг руу зугтан дүрвэж эхэлсэн яг ийм цаг үе нь урьд өмнө Нажибуллаг засаг барьж байхад мөн л болж байсан билээ. 

Ингээд Нажибуллагийн түүхийг ярихын өмнө эхлээд Афганистанд ЗХУ-ын цэрэг орсон түүхийг маш товчхон танилцуулах хэрэгтэй болох нь.

1970-аад оны үед Афганистан улсын төрийн хямрал улам бүр гүнзгийрч бараг л дов толгод болгоны нэг “атаман” улс орны эзэн болох гэж хоорондоо муудалцах нь хэрээс хэтэрсэн бөгөөд тухайн үеийн Афганистаны Ардчилсан намын тэргүүн Хафзилла Амин нь өөрийн өмнөх тэргүүн болох Нур Таракиг алах тушаал өгчээ. Энэ бол Брежневийн хувьд жинхэнэ доромжлол байлаа. Цагтаа Брежнев нь Таракид амьд байх бүх баталгааг гаргаж өгч байж суудлаас нь ховхолж байсан учир хэлсэн амандаа хүрэхийн тулд Аминыг өөрийг нь шийтгэхээр шийдсэн байна. Ингээд 1979 онд Амины ордныг Зөвлөлтийн тусгай албаныхан дайрсан шуугиант явдал болж, дээрээс нь 40-р армийг Афганистанд оруулснаар тухайн улс оронд өрнөж байгаа эмх замбараагүй явдлыг таслан зогсоох болно гэж Брежнев тооцоолж байжээ.

Брежневийн хүссэнээр бүх юм болж Амин байхгүй болон Бабрак Кармаль засгийн эрхэнд гарсан ба нэг жилийн дотор, ихдээ 2 жилийн дотор Бабрак бүхнийг гартаа авснаар Зөвлөлтийн цэргүүд нутаг буцах болно гэж төлөвлөж байсан боловч Брежнев үхэж, халааг нь авсан Андрапов, Черненко нар ч удалгүй бас талийсан зэрэг олон үйл явдлууд ЗХУ-д болсоор Афганистан нэгэн хэсэг анхаарлын төвөөс гарсан байлаа.

Нөгөө талаас коммунистууд Афганистанд хүчээ авах нь гэж айсан Америк болон барууны зарим улс орнууд Зөвлөлтийн эсрэг тэмцэж байгаа душмануудад зэвсэг, хөрөнгө, сургагч ихээр нийлүүлж, олон дайчдыг нь (зөвхөн Осама бин Ладенг дурдахад л хангалттай байх ) орчин цагийн дайнд сургаж байлаа.

1985 онд Горбачев Зөвлөлтийн тэргүүн болсноор бүх зүйл өөрчлөгдөж эхэллээ. Афганистаны тэргүүн Бабрак Кармаль нь бас л нэг шалихгүй феодал байна гэж үзсэн Оросууд түүнийг албан тушаалаас нь буулгаж оронд нь эх орныхоо төлөө үхтлээ тэмцэх болно гэдгээрээ алдаршсан залуу Нажибуллаг засгийн эрхэнд тавьжээ. Энд нэмж хэлэхэд Нажибулла нь өөрөө төрийн тэргүүн болох ямар ч сонирхолгүй, зөвхөн улс оронд он удаан жил үргэлжилж байгаа нэг нэгнийгээ алах дайныг л зогсоох хүсэлтэй хүн байсан гэдэг. Гэсэн ч ивээн тэтгэгч болох Зөвлөлтүүд нэгэнт шаардсан хойно хаашаа зайлах вэ.

Афганистаны бүх л том хотууд, замыг өнөөх 40-р армийн тусламжтайгаар засаг төр хянаж байх тэр үед Нажибулла төрийн тэргүүн боллоо. Хэдийгээр хотууд хяналтад боловч хөдөө орон нутагт “бүгд бүгдийн эсрэг” алалцсаар л. Доктор юун түрүүнд хөдөө аж ахуйд шинэчлэл хийж, ард иргэдийг дайн тулаанаас холдуулан, аж ахуй эрхлэх тийм нөхцөл бий болгож байж л дайн дуусна гэж тооцож, үүнийхээ төлөөч ажиллаж эхэлснээр хангалттай үр дүнд хүрч байсан боловч гаднаас, ялангуяа Америк болон Пакистанаас хэмжээ хязгааргүй гэмээр тусламж авч байгаа янз бүрийн дайтагч бүлгүүд хүчирхэг хэвээрээ л байлаа.

Америкчуудад тал засах гэсэн Горбачев нь 1989 онд 40-р армийг Афганистанаас гаргах шийдвэр гаргасан нь Нажибуллаг тэр олон дайсантай нь цуг хаяж байгаа хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа. Нажибулла ч энэ тухай хэлэхдээ “ Танай Горбачев бол өөдгүй урвагч. Биднээс төдийгүй та нараас ч удахгүй урваж шарвана. Афганистаны ард түмэн хэзээ ч урвагчдыг мартдаггүй юм шүү” гэж байжээ.

Удалгүй ЗХУ задран унаснаар Афганистанд ч байдал хүндэрч, барууны улс орнуудын сонин хэвлэл нь Нажибуллагийн дэглэм унах нь өнөө маргаашийн асуудал болсон хэмээн бичиж байв.  Гэсэн ч доктор тэссээр.

Горбачев Нажибуллаг золионд гарган хаясан бол ОХУ-ын шинэ үеийн тэргүүлэгч нар ч бас Горбигоос дутахгүй урваж шарваж, шинэ эздэдээ нүүр тал олох гэж гүйлдэцгээж эхэлсэн ба 1991 онд ОХУ-ын гадаад яамны сайд Андрей Козырев нь “ Афганистанд бүх зүйл учир начраа олоход бэлэн болсон боловч Нажибулла тэргүүтэй бүлэглэлээс болж энэ бүхэн бүтэлгүй болж байна” хэмээн барууны хэвлэлд хэлж байсан гэдэг. Үүнийг урвалт гэхгүй юм бол өөр юуг урвалт гэх юм бол? Тухайн үеийн Орос улс нь Америк зэрэг улсын амны аясаар хөдөлж байсныг харуулах нэг жишээ юм болов уу. Ингээд иймэрхү нөхдүүдийн хичээл зүтгэлээр 1992 онд ОХУ-аас Афганистанд нийлүүлэх зэвсэг хэрэгслийг бүрэн зогсоосноор Нажибуллагийн дэглэм уналаа.

Душмануудын дунд хамгийн өндөр нэр хүндтэй Ахмад Шах Масуд тэргүүтэй бүлэглэлүүд Кабулд орж ирэхэд өөдөөс нь сөрөх хүч үгүй болсон байсан ба Нажибулла нь НҮБ-ийн байранд амь хорогдохоор зугтан орсон байв. Харин Нажибуллагийн араас хөөцөлдөх хүн гэж алга байлаа. Бүгд л засгийн эрхийн төлөө алалцаж, тэр дайны уршгаар улс орон сүйдэж, энгийн ард иргэд хоосорч, үхэж байсан ба Иргэний дайн гэж угаасаа л ийм юм байдаг хойно.

Энэ үеэс эхлэн ард түмний дунд Нажибуллаг хүсэн санагалзах нь ихсэж, Душманууд ч бас энэ хүнтэй харилцаа холбоо тогтоох гэж оролдож байсан боловч Нажибулла ямар ч хариулт өгсөнгүй НҮБ-ийн байрандаа бүгсээр л байжээ. Ийм байдлаар 4 жил өнгөрсөн юм.

1996 он. Талибууд Кабулыг эзлэн авлаа. Хотын өмнөх эзэд болох душманууд нь талибууд ирж байгаа сургаар зугтан зайлж байсан ба Ахмад Шах Масуд нь Нажибуллаг цугтаа зугтъя гэхэд ч Нажибулла явсангүй. Харин тэрээр өөрийн гэр бүлийнхэн, ойрын найз нөхдөө Пакистан руу нууцаар гаргаж амжсан ба зөвхөн өөрийн дүү болох Шахпур Ахмадзаятай л үлдсэн байна.

 Талибуудын хувьд НҮБ-ийн байр бол ямар ч саад тотгор биш гэдгийг Нажибулла сайн ойлгож байлаа. Үнэхээр ч бодож байсан нь үнэн болж талибууд энэ байр луу дайран орох үед Нажибулла нэгийг нь цохиж унаган бууг нь булааж аваад ойрхон ноцолдож байгаа дүүгээ буудаж алах гэж зүтгэсэн боловч чадалгүй баригдсан гэдэг. Талибуудын аймшигт тамлалд дүүгээ зовоохгүй гэсэндээ л тэрээр ийнхүү алах гэж зүтгэсэн нь тэр юм.

Нажибуллаг олзолж авсан Талибуудын дунд Пакистаны тусгай албадын хүмүүс байсан бөгөөд тэд 3 цагийн турш Нажибуллаг зодож нүдэн нэгэн нууц бичиг дээр гарын үсэг зуруулах гэж оролдсон байна. Тэрхүү бичиг нь  Афганистан Пакистаны хилийн маргаантай холбоотой нутгаа Пакистанд шилжүүлж байгаа тухай Нажибуллагийн шийдвэр гэсэн юм байв. Энэ хуурамч баримт бичигт Нажибулла гарын үсэг зурсангүй.

Ард түмэн нь, хамгийн сайн холбоотон нь түүнээс урвасан боловч тэр харин хэнээс ч урвасангүй. Зодож нүдэж, хуруу гарыг нь, төмсгийг нь тасдаж байхад ч гарын үсэг зурахгүй байсаар, 3 цагийн тамлалтын дараа энэ хүн үгүй болсон билээ. 

Дараа нь түүний цогцсыг гудамжаар чирэн явж, хотын нэгэн захад дүүжилж (дүүгийнх нь цогцостой цуг) хэдэн хоногийн турш доромжилж байсан юм гэнэ лээ.

P.S.

Тухайн үеийн ОХУ-ын удирдлага нь Афганистанд үнэхээр хуншгүй загнаж байсны өөр нэг баримт нь Афганистаны сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар Абдул Ахад Моманд нь дайн дажнаас зугтан Орос улсад ирэхэд өнөө хэд нь хүлээж авахгүй гэсэн явдал юм. Өөрийнх нь баатар болсон хүнийг шүү.

Америкчууд Афганистанаас зугтан зайлж, Афганы засаг төр бас л ямар ч дэмжлэггүй хоцрон, Талибууд зогсоо зайгүй хяналтаа тэлж байгаа энэ үед “түүх спирал хэлбэрээр давтагддаг” гэсэн үг нь  өөрийн эрхгүй санаанд орох юм. Яах аргагүй Америкчууд болон бусад холбоотнууд нь Афганыг хаян одож байгаа бөгөөд Баграм зэрэг том нисэх буудлыг хамгаалж байсан цэргүүд нь шөнөөр байрлалаа хаяад явсан тухай одоо ид шуугьж байна. Хамт хамгаалж байсан Афганийн цэргүүдэд ч хэл чимээ өгөлгүйгээр шөнөөр хаяад явдаг хүмүүсийг юу гэж нэрлэх ёстой бол?

2021-7-6

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]