Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1900-гаад оны үе гэдэг бол Өмнөд туйлын төлөөх тэмцлийн үе гэж хэлж болох цаг.
“Бид Антарктик руу хөдөлж байгаагаа танд мэдэгдье, Амундсен” гэсэн товч захиаг Британийн Роберт Скотт авснаар энэ хоёр хүний өрсөлдөөн хамгийн эгзэгтэй үедээ орж, хэн нь түрүүлж өмнөд туйлд хүрэх вэ гэсэн тэмцэл өрнөсөн билээ.
Рауль Амундсен, Роберт Скотт нарын хэн хэн нь туршлагатай аялагчид байсан бөгөөд аль аль нь Өмнөд туйлд түрүүлж хүрсэн алдрыг авахын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс байлаа. Удаан хугацаагаар бэлдэж байсан хоёр багийнхан байнга л нэг нэгнийгээ тагнаж, бэлтгэл нь ямар шатанд явааг мэдэх гэж оролдож байсан гэдэг.
Роберт Скоттын хувьд өмнө нь Антарктидад багагүй хугацаагаар байсан хүн боловч Өмнөд туйлд хүрэх гэдэг аливаа нэг баазад хүрээд тэндээ хэсэг хугацаагаар байхаас ихээхэн өөр хэрэг байлаа. Өмнөд туйлд хүрэхэд хамгийн чухал зүйл нь тээврийн хэрэгсэл бөгөөд Скотт аль болох олон төрлийн тээврийн хэрэгсэлтэй байх нь зөв, аль нэг нь болох бүтэхгүй үед нөгөө нь орлох болно гэж анхнаасаа тооцож бэлтгэж эхэлсэн байдаг. Харин Амундсен ганцхан “тээвэр” сонгосон байсан бөгөөд энэхүү тээвэр гэдэг маань морь, нохой, луус билээ.
Скотт нь эдгээрээс гадна моторжуулсан чарга авч явахаар шийдсэн боловч тухайн үеийн энэ техник даанч найдваргүй нь ойлгомжтой байсан учраас Сибирээс авчирсан моринд (Монголоос гэх нь зөв байх даа) хамаг найдлагаа тавьж байв. Мөн Сибирийн нохой гэдэг чухал амьтан байсан ч Скотт энэ амьтанд нэг их итгэхгүй байсан бөгөөд өмнөх экспедицийн үед нохой олноор үхэж байснаас тийм бодолтой байж. Харамсалтай нь тухайн үед нохой олноор үхсэний шалтгаан нь хоол хүнс нь муудсантай холбоотой гэдгийг Скотт айхтар их анхаарсангүй.
Хэдийгээр мөнгө төгрөгийн маш их гачигдалтай байсан ч Роберт аль болох том бага бүрдүүлэхийг хүсэж, замдаа олон жижиг бааз байгуулан явсаар хойд туйл хүрэхээр төлөвлөж байжээ. Ингээд бүх бэлтгэл хангагдсаны дараа замдаа гарлаа. Амундсен хаана яваа бол?
Хуучирч муудсан онгоцоор хэд дахин живж сөнөхийн даваан дээр тулан явах үедээ олон ачаа бараа, морь нохойгоо далайн усанд тавьж алдсаар Скоттын баг Антарктид хүрлээ. Одоо эндээс туйл хүрэх зай ойрхон мэт боловч жинхэнэ хэрэг явдал дөнгөж эхэлж байгаа нь энэ юм. Ер бусын хүйтэн, хүчтэй салхи, энд тэндгүй гарсан мөсний ан цав зэргээс болж хөдөлж явах байтугай гараараа зүг чиг заахад ч хэцүү тийм цаг үе эхэлж байв. Хөлдөж хатуурсан хувцсыг дийлэн хөдлөх, арайчүү гэж барьсан майхан дотроо өчүүхэн дэн асаах гэж байгаа хамаг чүдэнзээ барах бөгөөд (нэг гал асаах гэж 50-60 чүдэнз зурж байсан гэнэ) тухайн үеийн чүдэнз нь төмөр хайрцагт байх учир нүцгэн гараараа энэ төмөрт хүрэх л юм бол хөлдөнө.
Туйлын шөнө учир ихэнхдээ харанхуйд аялж, майхан саваа барих учир цаг хугацаа их алдах, зүг чиг олоход хүндрэлтэй, сэтгэл санаанд ч дарамттай гээд өч төчнөөн бэрхшээлийг тоочоод ч барахгүй биз. Гэсэн ч Скотт урагшилсаар байлаа. Харанхуй учраас нүх ангалд байнга л хүн, нохой, морь мал нь унах ба хамгаалалтын олсонд орсон учир няцарч үхээгүй тэдгээрийгээ гаргаж авах гэж бүх л багаараа олсноос татан зулгаах зэргээр хүч тамираа алдсаар. Зарим өдөрт зүтгэж зүтгэж ердөө 2,5 км туулж байсан гэхийг бодоход тэд ямар их бэрхшээлтэй тулгарч байсан нь тодорхой. Дээр нь шөнөдөө олигтой амарч чадахгүй, багийн гишүүд янз бүрийн өвчин тусах нь бараг л байнга. Туйл хүрэхэд зуу давсан км үлдээд байх үед Скотт өөрийн багийн дөрвөн гишүүнтэй (бусад нь замд байгуулсан баазад үлдэж, буцахад тосож авах, бэлтгэл хангах үүрэгтэй) л үлдсэн ба моторт чарга нь аль эрт эвдэрч дууссан, идэх хоолгүй, морь мал нь улдаж ядарсан байсан учир хамгийн сүүлийн баазуудын нэгэнд бүх морио нядалж нохойн хоол болголоо.
Уг баазыг заншил ёсоор ямар нэг газар юмуу тоогоор нэрлэлгүй зүгээр л “яргын бааз” гэж нэрлэсэн гэдэг.
Аяншиж ядарсан нөхдүүд туйл руу зүтгэж эхэллээ. Өөр бусад хүмүүс, эрүүл ухаанаар юм дэнслэх гэж оролдох аливаа хүн энэ аяллыг зогсоох байсан боловч Скотт болон түүний нөхдүүд зорьсноосоо буцсангүй. Тэд эргэж ирэхгүй нь бараг л тодорхой гэмээр ядарч сульдсан, хэрэгсэл нөөц гэж тааруухан байсан ч зоригт эрс зүтгэсээр байлаа. Ингээд 1912 оны 1-р сарын 18-нд хөл дээрээ дөнгөн данган тогтох Скоттын багийнхан өмнөд туйлд дээр ирсэн боловч... тэднийг Норвегийн туг, энд тэнд хаясан эвдэрхий цана, хог л угтсан байна. Дан нохойгоор тээврээ шийдсэн, багаа тэр чигээр нь цанаар бүрэн тоноглосон Амундсений баг түрүүлж ирсэн нь энэ. (Скоттчуудын зарим нь цана гэдгийг Антарктидад ирээд л анх харсан гэдэг) Бараг бүтэн сараар хоцорчээ.
Буцах зам хамгийн хүнд байлаа. Сэтгэл санааны хувьд бүрэн уналтад орсон, ядарч эцсэн энэ хүмүүс дараагийн хоол хүнс бүхий бааз хүрэхийн тулд асар их ачаа чирэн явах ёстой бөгөөд замдаа нэг нэгээрээ үрэгдэж эхэлсэн байна. Эхлээд Эванс, дараа нь Отс... Энэ хүн хүнд өвдөж эхлэнгүүтээ бусдадаа гай болохгүйн тулд, тээр дарамт болохгүй гэж хүчтэй цасан шуурганаар чив чимээгүй гаран алга болсон гэдэг. Өмнө нь энэ хүн хэд хэдэн удаа өөрийг нь замдаа орхихыг гуйсан ч багийнхан нь зөвшөөрөөгүй учраас өөрөө ийм шийдвэр гаргажээ. Жинхэнэ жентельмэн гэж нэг иймэрхүү хүнийг л хэлдэг болов уу гэж бодогдох юм.
Амьд үлдсэн Скотт болон Уилсон, Боуэрс нар, үнэндээ тэднээс үлдсэн сүг сүнс шиг юмнууд хоёр долоо хоногийн турш явсаар зорьсон бааздаа хүрэхэд 18 км дутуу байхдаа цасан шуурганд дайруулж, яаран сандран бэлдсэн майхандаа суусаар бүгд осгоцгоожээ. Жилийн дараа явуулсан хайгуулын групп тэдний цогцсыг олж, энэ бүх аяллын тухай тэмдэглэлийг олж авчирсан түүхтэй.
одоо ч өмнөд туйлд буй оросын восток бааз руу антаркитдын зунаар гинжит техникээр 7 хоног явдаг . бусад үед зөвхөн онгоцоор л очино . 6-8 хүн бүтэн 9 сараар тэнд цаг уурын ажиглалт хийнэ