Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үхсэн хүнийг шүүж цаазын ял оноосон хачирхалтай түүхүүдУншсан12,358

Энэ толгойг 6 метрийн өндөр модон дээр тавьж (модон шонд хатгасан бололтой) Вестминстрийн үүд хавьцаа газар олонд харагдахаар байрлуулсан гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Английн түүхэнд Оливер Кромвель хэмээх нэгэн нөхрийн гүйцэтгэсэн үүргийг зөвхөн сайн муу гэж тодорхойлох аргагүй юм.  Пуритан шашинтан энэ хүн “дэндүү католик” зантай Карл I-ийн эсрэг тэмцэж ялаад, толгойг нь авч, төрийн эрхийг барьж байсан цаг үе бий. Тэрээр 1658 оны 9-р сарын 3-нд хоёр янзын хүнд өвчний улмаас удтал өвдөж байгаа нас баржээ. Дараа нь 1661 оны 1-р сарын 30-нд түүний өстөн дайсан болох Карл II нь Оливер Кромвелийг цаазлах зарлиг гаргасныг биелүүлсэн гэдэг.

Нэг л биш болоод ирж байгаа биз?! Гэтэл ийм явдал зөвхөн Оливер Кромвельд ч тохиолдсон юм биш байж. Эдгээрээс гурван түүхийг сонирхуулъя.

Оливер Кромвель

Карл I-ийг ширээнээс нь буулгаж, цаазалсныхаа дараа хаант засгийг тэр чигээр нь халсан том ажил хийсэн хүн бол яах аргагүй Кромвель. Үүнийхээ дараа лорд-протектор болсон энэ хүн хаант засгийн эсрэг тэмцэж ялж байхдаа хичнээн олон дайсантай болсныг төсөөлөхөд хэцүү зүйл биш байх. Засаг төрөө удирдан, албан тушаалаа хашин байсаар дээр дурдсан хавсарсан хоёр өвчнөөр нас барахад хүү нь орыг нь залгасан боловч ганцхан жилийн дараа төрийн эрхийг цэргийнхэн булаан авч,  хаант засгийг эргэн сэргээсэн байна. Одоо шинэ хаан Карл II-ын хариугаа авах цаг.

Юуны түрүүнд тэрээр өмнөх хааныг цаазалсан хэрэгтэй холбоотой бүх л хүмүүсийг баривчилсан бөгөөд 59 хүнд цаазлах ял оноосон ч нэлээд хэдэн хүнийг дүүжилж, өөр бас бус хүмүүсийг насаар нь гянданд хорих шийдвэр болгон өөрчилжээ. Үүнээс харахад Карл II  нь нэг бодлын энэрэнгүй зан гаргасан харагдана.  Гэхдээ Карл II хаант засгийг устгасан хүмүүсийг үзэн ядаж байлаа. Тэр хэргийг хийсэн голлох гэмт хэрэгтнүүдийг заавал дүүжилж, хөнөөнө гэж амласан боловч түүний хувьд дээрх хэргийг хийсэн гэмтнүүдийн нэлээд нь үхээд удаж байж.

“Бүгдийг нь ухаж гаргаж ир, дараа нь шүү, тэгээд толгойг нь ав, дүүжил”, энэ бол  Карл II-ын зарлиг. Олон хүмүүсийн цогцсыг ухаж гаргаж ирэн, шүүх хурлыг ном ёсоор нь хийж ял өгөөд, нэр усыг нь мэдэгдэхгүй болгон нүх рүү хаян булсан бол Оливер Кромвель, Карл I хааныг шүүж, ял өгсөн шүүгч Жон Брэдшоу, Кромвелийн армийн жанжин, хүргэн нь болох Генри Иретон, өөр нэг цэргийн жанжин Роберт Блейк нарыг дүүжлэн хороохоор болжээ.

Ингээд Кромвелийн цогцсыг Вестминстрийн сүмээс гарган авч Тибурнд олны өмнө  гинжээр дүүжлэн  цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Дараа нь дүүжлүүрээс салган аваад толгойг нь тас.

Энэ толгойг 6 метрийн өндөр модон дээр тавьж (модон шонд хатгасан бололтой) Вестминстрийн үүд хавьцаа газар олонд харагдахаар байрлуулсан гэдэг. Үүнээс хойш 25 жилийн турш уг сүмээр орж гарч байгаа хүмүүс тэрхүү хатсан гавлын ясыг хардаг байжээ. Дараа нь хоёр зууны турш энэ толгой ийш тийш их аялсан бөгөөд 1960 онд л оршуулсан юм гэдэг.

 

Ромын пап Формоз

891-896 оны хооронд Ромын пап байсан Формоз гээч нь тухайн үеийн улс орнуудын хоорондох янз бүрийн зөрчилд хэмжээ хязгааргүй хутгалдаж байсан бөгөөд Ватикан доторх тэмцэл ч энэ үед маш ширүүн байсан юм байх. Зайлуулах нэгийг нь зайлуулж, дарах нэгийг нь дарж байсан энэ хүн зүв зүгээр байгаад гэнэт үхлээ. Бодвол тэр үед дайснаа дарах гол зэвсэг болоод байсан хорны л нөлөө бололтой.

Ингээд Формоз хэмээх сайхан нэртэй хүн (formosus-латинаар сайхан гэсэн утгатай) бурхны оронд очоод 9 сар болсны дараа гэнэт газрын шүүх дууджээ. 

Формозын дараагийн пап болсон Стефан нь өмнөх папаа жинхэнэ босоо ороолон байсан гэдгийг мэдэхийн хувьд хийсэн гэмт хэргийг нь шүүхээр шийдсэн нь энэ байж. Нэгэнт өөрөө ирж чадахгүй болсон “сайхныг” хүчээр ирүүлсэн буюу булшыг нь ухаж, шүүхийн танхим дахь хэрэгтний суудалд суулган байцааж эхэлсэн байна. Папын хувцастай, “нөгөө оронд” очоод 9 сар болсон хүнийг байцааж байгаа дүр төрх ямар байсан бол? Байцаалт, гэрчийн мэдүүлэг авах зэрэг хийх ёстой бүгдийг хийж шүүхийн шийдвэр гарсныг бодоход мань эр буруугаа хүлээсэн юм байлгүй гэмээр.

Шүүхийн шийдвэрээр Формозын гурван хурууг тайрах, папын хувцсыг нь тайлж нэр усгүй тэнүүлчдийн хүүр хаядаг газар шидсэнээр бүх хэрэг дууссан боловч Стефанд ийм шийтгэл дутуу санагдсан учраас дахин “босгон” нэгэн хог новшоор дүүрсэн гуу жалганд хаясан гэдэг. Ийнхүү янз бүрээр доромжлон байх тэр цаг үед гэнэт газар хөдөлж сүйд майд. Буруу хэрэг хийж байгаа, бурхны цээрлэл хүртэж мэдэхээ ойлгосон ард түмэн ч дор нь босч өнөөх Стефан папыг барьж авч хөнөөсөн юм гэнэ лээ. Бодвол дахиж газар хөдлөөгүй байх.

Жон Уиклиф

Энэ хүн бол дахин сэргэлтийн үеийн шашны нэрт зүтгэлтэн байсан бөгөөд загалмайн шашинтан хүн бол библи судрыг л дагах ёстой болохоос биш хэн нэг пап, хамба лам гэсэн гоё нэртэй хачин үйлдэлтэй хүмүүсийн үг зааврыг дагах ёсгүй гэж үздэг, үүнийгээ сурталчилдаг нэгэн байжээ. Шашны мяндагтнуудын тарган цатгалан, бузар амьдрал, хэт сүржин ёслол зэргийг эсэргүүцдэг, сүм хийд, шашны толгойлогч нар нь авлига хээл хахуульд идэгдсэн гээд хамаг муухай болгоныг тоочих энэ эрийг даган баясах олон мянган хүн бий болсонтой адилаар эсэргүүцэн ад үзэх хүмүүс ч хангалттай болсон байна.

Энэ мэтийн байдлаар шашинтай тэмцэж явсан эрийн зарим ном зохиолыг (1384 онд) нас барахын өмнөхөн нь буруу номын зүйл болохыг Ромын католик сүм хийд баталсан.

Харин 1415 онд тэр чигээр нь буруу номтон гэж зарлан бүх л бичиг зохиолыг нь хориглож, газар дэлхийг бузарлах ёсгүй гэж үзсэн учир 1428 онд (44 жилийн дараа юу үлдсэн байсан юм бол доо хөөрхий) цогцсыг нь ухан гаргаж ирээд баахан зодож занчаад шатаасан байна. Үнсийг нь газар булж болохгүй учир нуурын хөвөөнд цацсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]