Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Догшин савдагтай Сонгинохайрхан уулын түүх, домогУншсан91,989

Нийслэлийн баруун хэсэгт орших Сонгино хайрхан уул нь домог түүх ихтэй, хад цохио асга ихтэй гурван шовх оргил нь холоос сүр бараатай үнэхээр биширмээр сүрдмээр харагддаг.

Нийслэлийн баруун хэсэгт орших Сонгино хайрхан уул нь домог түүх ихтэй, хад цохио асга ихтэй гурван шовх оргил нь холоос сүр бараатай үнэхээр биширмээр сүрдмээр харагддаг, Туулын хөвөө дагуу тогтсон үзэсгэлэнт сайхан уул билээ. Энэ уулыг хөх чоно хөлөглөсөн өвгөн савдагтай догшин хайрхан гэдгээс гадна зарим хөгшид хөх бух унасан хөх өвгөн савдагтай гэж хэлцдэг. Хайрхан уулын савдагаас цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу үйлийг эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган, сүсэглэн залбиран хүсэхэд ямар нэг гай зэтгэрээс авардаг, хүсэл түргэн бүтдэг хэмээн эрт дээр үеээс ард олон маань сархад идээнийхээ дээжийг өргөн гуйн мөргөж шүтэж ирсэн бөгөөд энэ уламжлал заншил одоо ч хэвээрээ сүү, сархад, идээнийхээ дээжийг өрсөөр байгаа билээ.

Сонгино хайрхан уулын оргил 1663 метр өндөр. Хайрхан уулын энгэрийн хөх асганд зэрлэг улаан сонгино их ургадаг байснааас сонгинот хайрхан суюу Сонгино хайрхан хэмээн нэрлэжээ. Сонгино хайрхан уулыг нэн эртнээс тахин шүтэж ирсний ул мөр том жижиг олон овоо тахилга бий. Уг хайрхан нь анх арслан савдагтай байсан гэж үздэг учир Арслан хайрхан хэмээн нэрлэдэг байсан байна. Чингис хаан нэгэнтээ 8 өрлөг, 13 баатрын хамт өнөөгийн Улаанбаатар хот орших газар буюу үзэсгэлэнт сайхан Алтан тэвшийн хөндийд саатан тухалсан аж. Чингээд Арслан хайрханы бэлээр явж байтал арслан хүрхрэх мэт дуу гарч, хад асга нурав гэнэ.

Харин нэг сонгино өнхрөн өнхөрсөөр хааны өлмийд тулж тогтсон тул ихэд бэлгэшээн Сонгино уул хэмээн нэрлэсэн гэх ийм домогтой.

Туул голын хойд бие, Хайрхан уулын баруун үзүүр, Цовхордог цохионы дээд ам, Бурхант уулын зүүн хойд дахь булаг, Булгат хайрханы хажуугийн Дадар Сэвлэг уулын энгэр хавьд эртний хиргэсүүр булш олон бий. Энэхүү Дадар Сэвлэг уулнаас XII-XIII зууны Чингис хааны үед хамаарагдах язгууртны булш олдсон юм. Сумны дуут товруу, зэв, бүсний алтан чимэг зэрэг олдсоныг эрдэмтэд Чингис хаан, Жамуха нартай холбоотой гэж үзсэн бөгөөд энэ ууланд Жамухыг цус гаргалгүй нөгчөөсөн гэж судлаачид баталсан. 

Туулын бэлчир, Сонгино хайрханы нутагт Хэрэйдийн ханлиг оршиж байсан ба Сонгины буланд 1949 онд Хэрэйдийн ван хан Тоорилын өргөөний туурийг олсон юм. Бөхөг, Түргэний голын нийлэх уулзвараас дээхэн талд, Сонгино хайрхан уулын баруун үзүүрт Туул голын урд дэнж дээр эртний энэ хотын туурь байдаг. Энэ хотын туурийг Монголын нууц товчоонд хэд хэд дурдсан Хэрэйдийн Ван хан Тоорил хааны зуслан, Туулын хар шугуйн доод нийслэлийнх нь туурь гэх ба хожим Чингис хааны бага хатан Хулан хатны ордон болсон гэж зарим түүхчид үзжээ. Тус өргөөнд Тэмүүжин эхнэр хүүхдээ мэргэдүүдээс чөлөөлөхөд туслахыг хүсэж, хар булган дахаа Тоорил ханд өргөж байсан гэсэн үг. Уг тууриас 1949, 1966, 2006 оны малтлагуудаар олон сонирхолтой олдвор илэрч байжээ.

Галт хар үнэг нутаглах тул цасгүй, хар өвөлждөг гэх ба сүүлнийх нь үзүүр цав цагаан, тас хар жижигхэн хар үнэгийг үзсэн гэх хүмүүс мэр сэр байдаг ба тэр бүр хүнд харагддаггүй. Сонгино хайрхан уулын салбар ууланд тарвага, зурам, үнэг, хярс, мануул, туулай, чоно байдгаас гадна зудтай жил буга, гөрөөс, аргал, янгир, шилүүс нүүдлэн ирж нутагладаг байжээ.

Одоогийн Сонгино амралтын газрын хойд дахь Баяр толгой, Өлзийт толгой, Ухаа толгой, хэмээх гурван дэнжийг нэлээд хожуу Хойд дэнж гэж нэрлэх болжээ. Баяр толгой хэмээх дэнж дээр нь хоёр жижгэвтэр сүм, бурхан багшийн найман суврага байсныг хэлмэгдүүлэлтийн үед нураасан түүхтэй.

Сонгино амралтын хавь газрыг Өгөөмрийн шар тал буюу Өгөөмрийн шар тохой гэж янз янзаар нэрлэж байжээ. Чингис хааны алтан ураг, Түшээт хан Чахундоржийн хүү Дархан чин ван Дондовдоржийг энд нутаглаж байх үед II Богд Жавзандамба Лувсандомбидамби мэндэлсэн хэмээн түүх шашдирт тэмдэглэн бичигдсэн гэдэг байна. II богдын багш хамбын өвөлжиж байсан өвөлжөө нь ч Сонгинохайрханы энгэрт бий. 

Овоо тахилгын шүлэг дууллыг агуйн лам хэмээх Лувсанпэрэнлэйжамц зохиосон гэдэг юм билээ. Туул голын урд Морин давааны ард 1915 онд Богд хаант Монгол Улсын Засгийн гаазар, Оросын Хаант засагтай байгуулсан гэрээний дагуу Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр байгуулсан түүх бий. Энэ нь 1923 онд Ардын засгийн үед маршал Х.Чойбалсангийн нэрэмжит мал тарилга үйлдвэрийн газар болж байгаад 1950-иад оноос Биокомбинат болон хөгжсөн түүхтэй. Сонгино амралтын урд байгаа таван эцэг малын хөшөө бий. Аргал, янгирын баримлын хавьд хэсэгхэн товгор газарт байшингийн туурь байх бөгөөд энэ нь Оросын малын эмч нарын хувийн байшингийнх, сүүлд энэ байшин орос сургагч, мэргэжилтэн нарын хүүхэд саатуулах цэцэрлэг болсон түүхтэй.

Догшин хайрхан уул гэж тахин шүтэж ирсэн учраас ан амьтад нь хүрдэггүй байгалийнхаа унаган төрхөөрөө саяхан хүртэл байсан уул юм. Энэ хавь битүү бургасан шугуй байлаа. Гэвч үүнд одоо итгэхэд бэрх болсон. Бидний үеийн хүмүүс эх дэлхийтэйгээ хэрхэн харьцаж, амьдрах орчноо уул, ус, модоо хайрлан хамгаалах сэтгэлгүй хандаж байгааг харуулах жишээ болж байгаад сэтгэл өвдөж, зүрх шимширнэ. Үүнд бас дэлхийн дулаалал нөлөөлж байгаа ч хүн бидний унаган байгаль дэлхийдээ хатуу ширүүн харьцсанаас болсон шүү гэж бодохоор санахааар өөрийн эрхгүй харуулсал төрөх нь үнэхээрийн гунигтай.

Одоогийн Сонгинохайрхан дүүргийн сүлд нь Сонгино ч биш, Арслан ч биш Өвгөн байдаг нь Түвдээс залагдан ирсэн их ламтан Агваанпэрэнлэйжамц Сонгино хайрхан уулын тахилгын судар зохиох үүрэг хүлээгээд улмаар уулыг ихэд шинжжээ. Чингээд "Энэ өндөр хар уул их догшин юм байна. Учир нь энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, цэргийн эрдэм ихтэй, айхавтар хөх өвгөн ажээ" хэмээн айлдаж. Тэрхүү эзэн савдаг нь 1998 онд зохиогдсон дүүргийн сүлдэнд тусгалаа олжээ.

1992 оны байдлаар Улаанбаатар хот 500 000 хүн амтай, харин 245 000 нь Баянгол дүүрэгт оршин суудаг байжээ. Хэт том гэж шүүмжлэгдсэн Баянгол дүүргийг 1, 10-р хорооллоос бүрдсэн, 3, 4-р хороолол болон төмөр замын хорооллыг нэгтгэсэн, Баянхошуу, Толгойт, Зүүнсалааг багтаасан гээд 3 дүүрэг болгон хуваах төлөвлөгөө тэр үед бий болжээ. Гэтэл 3 дахь дүүрэг нь дан гэр хорооллоос бүрдэх болчихоод байсан учир Баянгол дүүргийн дорно хэсгийг таслан авч 1992 оны 10 сарын 01-нд Сонгино дүүргийг байгуулжээ. Анх дүүрэг Сонгино дүүрэг хэмээх нэртэй байсан агаад Сонгинохайрхан дүүрэг болгохын тулд нэлээдгүй хөөцөлдсөн бөгөөд улсын Ерөнхийлөгчийн туслалцаа ч орж байжээ.

Сэтгэгдэл 14ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 10. 15:40
Зочин

Xurai, hurai,khurai!

2020, 4 сар 24. 17:29
Зочиn mygmarchuluun

duuregiin zasag darga n hamgaaland awah.estoi

2020, 3 сар 1. 11:19
Зочин

saihan

2019, 11 сар 24. 12:14
Зочинzochin

Huh uvgun mine mongolchud bidnige urshuu! Deedes iveege! Hairhan daa gyalaalaa! Saihan hangai mine bidend erch huche ugch bgarai! Gazar Delhi mine urshuu!

2020, 2 сар 27. 22:47
Мөнгөө

хурай хурай хурай сайхан хайрхан мину

2020, 3 сар 4. 14:51
Зочин

Сайхан домог байнаа хурай хурай хурай сайхан хайрхан минь

2020, 1 сар 23. 20:05
Jawzan

saihan hairhan mini hurai hurai hurai

2019, 11 сар 24. 6:54
Зbiiочин

Bayrlalaa.

2019, 11 сар 22. 20:07
Зочин

Yagaad ch yum bi ter hairhantai yriltsaad bdg yum shig sanagddag

2019, 11 сар 21. 11:33
Зочинerdenechimeg

uuh tuuhee medej medlegtee gusalch gesen nemer blgoj togtoon unshlaa bayrlalaa.

2019, 11 сар 19. 12:55
Зочин

Saihan hairhan

2019, 11 сар 21. 8:17
ЗочинМko

Сайхаан,сайхан.

2019, 11 сар 19. 17:51
Зочин

мундаг хайрхан даа

2019, 11 сар 21. 12:57
Зочин

saihan hairhan shvv. Shvten bisherch orgol yuga orgoj baidagiimdaa.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]