Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чөтгөр шулам, ид шид монголчуудын хувьд алхам тутамд тааралданаУншсан28,566

Нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал мухар сүсэг, хоосон бишрэлээр дүүрэн гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, бүрхэг өдөр юм уу, нар жаргасны дараа сүү, цагаан идээг зүгээр юм уу, худалдаж болохгүй, хэрэв тэгвэл хамаг мал нь үхэж хорогдоно гэнэ.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд Монголчуудын аж амьдрал, Монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, Монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь:  -Н.М.Пржевальский Монголчуудыг хэрхэн дүрслэв? http://www.tolgoilogch.mn/_m4xbbkw+7b

-Монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан http://www.tolgoilogch.mn/_j9j9hmk3+3

-Монгол хүн яаж ч дутагдаж гачигдсан ч хурдан хүлэг, сайхан жороо морьдоо зарж, үрдэггүй http://www.tolgoilogch.mn/_1ll3ydhhu5

-Н.М.Пржевальский: Монгол эмэгтэйчүүдийн хувь тавилан тийм ч сайхан биш http://www.tolgoilogch.mn/_qxbnca5ppi

-Нүүдэлчид өчүүхэн жижиг ёотонгийн хэлтэрхийг ч гэрийнхэндээ тэнцүү хувааж өгдөг http://www.tolgoilogch.mn/_8fgs0nejze


II бүлэг. Монголчууд

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Монголоор аялсан гадныхан Монгол орон болоод Монголчуудын тухай зохиол бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байдгийн адилаар Пржевальский "Монголчууд" хэмээх бүлэгтээ тухайн цаг үеийн манай ард түмнийг хэрхэн бичиж тэмдэглэснийг сонирхоорой.

Нүүдэлчдийн шашин шүтлэгийг аваад үзвэл Буддын шашинт ямар ч улс орноос илүүтэй ламын шашны сургаал энд гүн батаар нэвтрэн орж, нэвчин шингэсэн байх аж. Энэ шашин номлолыг хамгийн эрхэм зорилгоо болгодгоороо Монгол хүний залхуу хойрго зан чанарт яв цав нийцэж, хөгжил дэвшил өөд тэмүүлэх ямарваа эрмэлзэл тэмүүллээс хойш сууж назгайрахад хүргэдэг аймшигт үзэл санааг бий болгон, оронд нь энэ дэлхий дэх хүний амьдралын эцсийн зорилгыг бурхан тэнгэр, хойд насны тухай бүдэг бадаг, хийсвэр санаа бодлоос эрж хайдаг болгожээ .

Монголчуудын мөргөл залбирал, хурал ном бүгд төвөд хэлээр үйлдэгдэх  бөгөөд бурхан шашны ном судрууд нь ч төвөд хэлээр бичигдэж хэвлэгдсэн байдаг. Тэдгээрээс хамгийн алдартай нь Ганжуур юм. Энэ их хөлгөн судар 108 ботиос бүрдэх бөгөөд шашны сургаал номлолоос гадна түүх, тоо бодлого, одон орон судлал, бусад салбар ухааныг хамруулсан байдаг. Сүм хийдүүд өглөө, өдөр, оройд 3 удаа хурал ном хурна. Далайн дун үлээж хурал номд дуудах бөгөөд лам хуврагууд сүм дугандаа очоод газраар юм уу, тусгай жавдан дээр тухлан суугаад, хурал номоо уянгалуулан уншина. Иймэрхүү нэгэн хэмнэлтэй жигд уншлага дундуур хуралдагсдын ахлах хуврагийн дуу үе үе чангаар сонсдож, бусад нь түүнийг дууриан давтана. Дараа нь, тогтсон дүрэм журмын дагуу хэнгэрэг, цан нижигнэн дуугарч, дуу чимээг улам ч сүртэй чанга болгоно. Хурал ном заримдаа ийм маягаар хэдэн цаг үргэлжлэх бөгөөд хутагт хувилгаад оролцож буй үед улам ч сүрлэг хийгдэнэ. Өндөр мяндагтай ийм лам нар ямагт онцгой, ямба ёслолын хувцастай тусгай сэнтий дээр залрах бөгөөд бурхан шүтээн рүүгээ харж сууна, хурлын лам нар нь гэгээнтнийхээ өмнө гартаа хонх, дамраа барин зогсож, уншлагаа үргэлжлүүлнэ.

Лам болгоны амнаас салдаггүй, эгэл жирийн хүмүүс ч уншиж явдаг ном нь “Ум мани бадми хум” гэсэн дөрвөн үг бүхий уншлага юм. Бид үүнийг орчуулах гэж хичээсэн ч бүтэж өгсөнгүй . Лам нарын ярьж буйгаар энэ уншлагад буддын шашны сургаал тэр чигээрээ багтсан юмсанж, тэгээд ч энэ дөрвөн үсгийг зовхөн сүм, дугануудад төдийгүй хаа сайгүй бичсэн байх ажээ.

Ердийн сүм хийдүүдээс  гадна Монголын алслагдсан газар нутагт дуган буюу гэрийн дотор байгуулсан мөргөлийн газрууд ч байдаг. Эцэст нь, хөтөл, даваа болон өндөр уулын орой дээр тухайн уулын эзэн савдагг зориулан чулуу овоолж босгосон овоонууд байх бөгөөд Монголчууд ийм тахилгын тэмдгийг мухар сүсгээр биширч, хажуугаар нь өнгөрөхдоө чулуу, ямар нэг бөс даавуу эсвэл тэмээнийхээ туг үс ноосыг өргөл болгож тавина. Арай томхон, гол овоонууд дээр зуны цагт лам нар ирж тахилга хийн, ном унших бөгөөд ард олон цугларч баяр ёслол үйлдэнэ. Буддын шашинтнуудын тэргүүн нь Далай лам бөгөөд тэрээр Лхасад байнга оршин сууж, Хятадын хараат улс гэж тооцогддог Төвөдийн захирагч, төр улсын тэргүүн гэгдэнэ. Уг чанартаа Далай лам зөвхөн нэрийн төдий л Хятадын эзэн хаанд захирагддаг, тэр нь гурван жил тутамд эзэн хаанд өргөдөг албаар илэрнэ.

Төвөдийн өөр нэг гэгээнтэн болох Банчин-Эрдэнэ мяндаг цол, зэрэг дэвээрээ (тэгэхдээ улс төрийн холбогдлоор биш) Далай ламтай адил зиндаанд тооцогдоно. Буддын ертөнцийн гурав дахь хүн нь Өргөөгийн Хутагт болно. Тэдгээрийн дараа Монголын янз бүрийн сүм хийдүүдэд болон Бээжинд суудаг бусад хутагт, гэгээнтнүүд орох бөгөөд ийм гэгээнтнүүд Монголд 100 гаруй бий' ажээ. Тэд цөм л зан суртахуунаа дээд зэргээр төгс төгөлдөр болгосон, дээдсийн энэ дэлхийд биелсэн амьд дүр бөгөөд хэзээ ч үхдэггүй, зөвхөн нэг биеэс нөгөөд шилжин, төрөл арилжиж байдаг гэгдэнэ.

Шинээр тодрох гэгээнтнийг түүний урьд дүрийн сууж байсан хийдийн лам хуврагууд гүйцэлдүүлж, Далай лам баталгаажуулна. Харин Далай лам ихэнх тохиолдолд өөрийнхөө залгамжлагчийг өөрөө тодруулж заах ёстой бөгөөд ийн тодруулахад нь Хятадын засаг захиргаа ямагт гол үүргийг далдуур гүйцэтгэдэг ажээ. Түүний нөлөөн дор Дээрхийн гэгээнтний хойд дүрийг хэн ч мэдэхгүй дорд ядуу гэр бүлээс тодруулна. Далай лам чухамдаа өөрөө хэн ч биш, улс орны хүчирхэг гэр бүлүүдтэй ямар ч хэлхээ холбоогүй нь хятадуудын хувьд Төвөдийг эрх захиргаандаа оруулдаггүй юм аа гэхэд энэхүү омголон догшин хөршүүдийнхээ зүгээс аюулгүй байхын хамгийн сайн баталгаа болдог аж.

Үнэндээ ч санаа зовох юм Хятадуудад буй болой! Хэрэв Далай ламын сэнтийд авьяас чадвартай, эрч хүчтэй хүн залрах аваас түүнийг ганц үг хэлэхэд л Бурхан өөрөө дуугарсан мэт Гималайгаас Сибирь хүртэлх бүх нүүдэлчид өндийн босох билээ! Шашны мухар сүсэг, улангассан үзэлд автсан, дарлагчдаа үзэн ядах санаа бодлоор дүүрсэн зэрлэг овог аймаг, отог бүлгүүд төв Хятадын нутаг хязгаарт цөмрөн орж, маш их гай түйтгэр учруулж болзошгүй ажгуу.

Ерөөсөө нүүдэлчин түмэнд аль ч хутагт хувилгаад, гэгээнтнүүдийн түмэнд үзүүлэх нөлөө хязгааргүй. Тэдэнд мөргөх, дээл хувцсанд нь хүрэх, адис авах зэрэг нь маш их аз заяад тооцогдоно, гэхдээ энэ нь тийм ч хямд төсөр биш юм, учир нь чингэхийн тулд сүсэгтэн болгон өргөл өргөх шаардлагатай, заримдаа тэр нь үлэмж хэмжээтэй байдаг аж. Монголын сүм хийдүүд, ялангуяа томоохон юм уу, ямар нэг зүйлээр алдаршсан газрууд руу асар их баялаг урсан орох богөөд бүр алс холын газар орноос ирж байгаа мөргөлчдийн өргөл хандив үл тасарна.

Гэхдээ мөргөлчдийн урсгал тийм ч мөнхийн биш юм. Нүүдэлчдийн гол шүтээн болох Лхас руу жил болгон алс холын аян замын хүнд бэрхээс үл халширч, ингэж аялах нь асар том аз жаргал, ялангуяа Бурхны өмнө байгуулж буй агуу гавьяа гэж үзсэн мянга мянган мөргөлчдийн нүсэр цуваанууд хөвөрсөөр байдаг. Төвөдийг зорьсон Монгол сүсэгтнүүдийн аяллыг дунгануудын бослого бүтэн 11 жилийн хугацаанд тасалдуулсан бөгөөд эдүгээ Ганьсу мужийн дорнод хэсгийг хятад цэргүүд эзлэн суурьшсанаар дээрх аялал урьдын хэвэндээ орон, сэргэжээ. Бүр эмэгтэйчүүд хүртэл ийм аялалд явдаг хэдий ч тэд ерөнхийдөө эрчүүдээсээ арай бага сүсэглэдэг сайн талтай аж. Монголд гэр ахуйн бүх ажил эмэгтэйчүүдэд ногддог болохоор тэдний хувьд шашин бурхантай орооцолдох цаг зав бага байдагтай ч энэ үзэгдэл холбоогой байж болох билээ. Тэгэхдээ Хятадтай залгаа Монголын хил хязгаар нутгуудад хүн амын сүсэг бишрэл тус орны дотоод, төв хэсгийнхээс хамаагүй бага.

Монголд лам хуврагуудын хэмээх давхаргад маш олон хүн хамаарна. Илүү биш юм аа гэхэд нийт эрчүүдийн дор хаяад гуравны нэг нь энэ давхаргад хамаарч, түүнийхээ улмаас аливаа алба гувчуураас чөлөөлөгддөг . Лам болоход нэн амархан ажээ. Эцэг нь өөрсдийнхөо хүсэл сонирхлоор хүүгээ бүр бага насанд нь лам болгохоор товлож, толгойг нь мулзан болгон хусаж, улаан, шар өнгийн хувцас өмсгөж эхэлнэ, энэ нь хүүхдийн ирээдүйн зүг чигийн гадаад шинж тэмдэг болно, дараа нь түүнийг хийдэд суулгаснаар хүүхэд лам багшаараа бичиг үсэг заалган, төвөд номд суралцах болно.

Өргөө, Гүмбүм мэт газруудын тэргүүн зэргийн сүм хийдүүдэд бүр тусгай дацангуудаас бүрдсэн, бие даасан сургуулиуд байгуулагдсан байх ба тийм сургуулийн дамжаа дүүргэсэн лам нар нэг бол сүм хийдэд албан ёсоор суух юм уу, оточ болж хүн эмчилнэ. Шашны дээд зэрэг зиндааг хүртэхийн тулд лам нар Буддын шашны ном судар, шашин сүм хийдийн хатуу чанд дэг жаягийг судалж эзэмшсэнээрээ шатгалт өгөх ёстой. Шашны зэрэг дэвийг дурдвал Хамба, гэлэн, гэцэл, банди зэрэг болно. Дээрх зэрэг зиндаа болгон хувцас хэрэглэлээрээ  ялгаатайн дээр уншлага номын үед эзэлдэг тусгай байр суудатгай, сахин мөрдөх тухайлсан хатуу чанд дэг жаягтай байдаг. Хамгийн гол, чухат мяндаг бол Хамба буюу Кяньбу юм, Хутагт өөрөө түүнийг тохоон томилох бөгөөд тэрбээр доод хэргэм цолтнуудаа томилно. Дашрамд хэлэхэд, Хутагт ч гэсэн бүхий л дамжааг барьж, хэргэм зэрэгт хүрсэн байх ёстой агаад эгэл жирийн хүмүүсийг бодвол тэд богино хугацаанд энэ бүгдийг туулдаг ажээ.

Лам нар зэрэгтэй нь дүйцсэн албан тушаалыг сүм хийдэд хашна. Заримыг нь дурдвал: цябарчи-хурат номын үйлчлэгч, нярав-санхүүч, гэсгүй- журам сахиулагч, умзад-уншлага эхлүүлэгч, дэмчи-жасын сан хөмрөгийн дааман, цорж-дуганы их тахилч гэх мэт.

Эдгээр албан тушааптнуудаас гадна сүм хийдүүдийн хаяа бараадсан, хурал ном, заримдаа хэдэн мянган лам нар байх бөгөод зөвхөн мөргөлчид сүсэгтнүүдийн өргөл хандиваар амь зууна. Тэрчлэн эцэг эх нь ном эрдэм сургахаар өгөөгүй учир бичиг үсэг үл мэдэх ч хувраг хүний шар, улаан хувцас өмсөж явдаг, лам хэмээгдэн нүүдэлчдэд хүндлэгдэж явдаг хүмүүс бий.

Лам нар авгай авах ёсгүй, хэвийн бус энэхүү дэг жаягийн улмаас тэдний хооронд янз бүрийн гаж буруу үзэгдэл газар авдаг байна.

Эмэгтэйчүүд тодорхой насанд хүрсний дараа сахил хүртэж болдог, үүний тулд үсээ хусуулж, хатуу чанд дэг жаягаар амьдрах ёстой болно, тэд лам хуврагуудын нэгэн адил шар хувцас өмсөно. Чавганц хэмээх ийм гэлэнмаа нар, ялангуяа бэлбэсэн хөгшин авгайчууд дунд олон байдаг.

Лам нарын давхарга бол Монголын орчүүдийн хамгийн шилдэг хэсгийг хамарч, бусад олон түмний хөлс хүчийг шимж амьдрахын зэрэгцээ тэдэндээ хэмжээгүй нөлөөтэй, ард олныг нэгэнт автчихсан харанхуй бүдүүлгийн хар ангалаасаа гарах аливаа боломжоос салгаж байдаг нь энэ орны хамгийн аймшигтай халдварт өвчин мөн.

Гэхдээ нэг талаас, шашин сүм хийд нь нүүдэлчдийн дунд үндэс сууриа ингэж гүн гүнзгий суулгаж бэхэлсэн ч нөгөө талаас, мухар сүсэг дээрхээс дутахгүй газар авчээ. Чөтгөр шулам, ид шид Монголчуудын хувьд алхам тутамд тааралдана. Байгалийн таагүй үзэгдэл болгоныг хорон муу зүйлийн үйлдэл, өвчин зовлонг түүний хорлол, явуулга гэж үзнэ. Нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал мухар сүсэг, хоосон бишрэлээр дүүрэн гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, бүрхэг өдөр юм уу, нар жаргасны дараа сүү, цагаан идээг зүгээр юм уу, худалдаж болохгүй, хэрэв тэгвэл хамаг мал нь үхэж хорогдоно гэнэ. Мөн босгон дээр суух эсвэл явган сууж юм ууж идэхийг ихэд цээрлэнэ, чингэвэл аян замд ямар нэгэн гай тохиолдоно, аян замынхаа тухай урьдаас ярьж үл болно, эс тэгвэл тэнгэр муудаж, шуурга тавина. Эцэг, эхийнхээ нэрийг хэлэх нь нүгэл, ямар нэг малыг эмчилсэн бол гурван хоногийн дотор мал өгч авч, зарж үрж үл болно.

Эдгээр нь Монголчуудын мухар сүсгийн өчүүхэн хэсэг юм. Янз бүрийн мэргэ төлгө, ид шид, арга дом энэ оронд машид тархжээ. Зөвхөн бөө, удганууд төдийгүй, мөн ихэнх лам хувраг, эмэгтэйчүүдээс бусад энгийн ардууд ч гэсэн ийм зүйлийг хийж сурдаг байна. Гол төлөв эрхи, хятад зоосоор мэргэлэх бөгөөд мэдээжийн хэрэг янз бүрийн тарни, шившлэг уншина.

Үргэлжлэлтэй.

Монсудар


 Үргэлжлэл: Хонь төхөөрөхөөс зүрхшээж байсан Монгол эрс дайсныхаа толгойг өчүүхэн ч зоволгүй тас цавчина

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 9 сар 29. 19:12
Зочин

Энэ номыг өнөөгийн монгол хүн бүр ширээнийхээ ном болгогтун. Бид ийм байсан юм. Зарим талаараа энэ байдал одоо ч хадгалагдаж байгаа. Орчин үеийн сургалтын програмд энэ мэдээг өргөнөөр оруулах хэрэгтэй. Бид иргэншие л гэж байгаа бол баастай хошногоосоо эхлэх хэрэгтэй. Түүнийг огтолж хаях биш юуны түрүүнд хүлээн зөвшөөр.

2017, 11 сар 28. 11:45
Зочинzz

zuv demjij bna

2017, 11 сар 30. 16:22
Зочиыны

Шарын шашин бол Монгол хүний хурц оюуныг бөөвийлөн мохоох хүсэл эрмэлзлэлгүй зөвхөн хойд насыг бодоуулах далд ухамсраар удирдах хөнөөлт арга

2018, 5 сар 30. 22:32
Зочин

Тийм шүү одоо улс төрчид шашин ашигладаг болсон. Бид уул ус байгаль дэлхийгээ шүдэж нэгэндээ хүндэтгэлтэй хандахад болно

2020, 12 сар 13. 13:05
Зонхопа

Шарын шашиныг буруугаар мушгин ашигласан тал бий. Гэхдээ шарын буюу Зонховын урсгалд сайн тал ч бас бий бөгөөд уул усаа дээдэлдэг байгаль дэлхийгээ хайрлах, эвтэй найртай байх гээд. Энэ шарын шашин Монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэсэн юм шүү!

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]