Бэлтгэсэн Б.Нямдолгор
1960-аад оны үеийн Афганистан улс та бидний мэддэг тэр дүр төрхөөс огт өөр байсан юм. Тэр үед Афганистан ямар нөхцөл байдалтай байсныг цөмөөрөө харцгаая.
1960-аад оны үед дарагдсан Афганистаны иргэдийн фото зургууд амар тайван байдал, инээмсэглэж буй царайгаар дүүрэн байдаг нь өдгөө хүчирхийлэл, иргэний дайны хөлд өртсөн улсаас газар тэнгэр шиг өөр санагдана. 1967 онд Аризонагийн Үндэсний Их сургуулийн профессор доктор Билл Подличийн Афганистаны Кабул хотын орчин нөхцөлийг зургийн хальснаа буулган үлдээсэн нь өдгөө тун чиг чухал, үнэ цэнэтэй баримт болон хувирчээ. Хэдэн зууны туршид дотоодын зөрчил, гадаадын оролцоо өргөн дэлгэрээд байсан Афганистаны хувьд 1950-1960 он харьцангуй тайван он жилүүд байсан юм. Тус улсын удирдагч, нас залуу, хөгжил дэвшлийг эрхэмлэгч Амануллах Хан Европоор аялсныхаа дараа үзсэн газар орныхоо нийгэм, улс төр, эдийн засгийн ололтыг төрөлх улсдаа авчирч, өөрчлөн шинэчлэлтийг байгуулахаар шийджээ. Ингээд зорилгодоо хүрэхийн тулд дэлхийн хамгийн баян чинээлэг үндэстнүүдээс шинэчлэлийг нь санхүүжүүлж өгөхийг хүссэнд тэдгээр улс орнууд ч зөвшөөрч туслахаар санал нэгдсэн аж.
Зөвхөн 1945-1954 онд л гэхэд Кандахар-Хератын хурдны замыг байгуулах ажилд зориулан АНУ-аас 50 сая гаруй доллар зээлж авчээ. 1960 он гэхэд АНУ-аас Афганистанд үзүүлсэн эдийн засгийн тусламжийн хэмжээ 165 сая долларт хүрсэн байлаа. Тусламжийн мөнгөний ихэнх хэсгийг улсынхаа дэд бүтцийг сайжруулахад ашигласан байдаг ч АНУ-ын бизнесменүүд хашир хянамгай хандаж байв. Харин ЗХУ-д ийм эргэлзээ, хашир зан огт байсангүй. 1960 онд зээл хэлбэрээр нийт 300 сая гаруй долларыг ЗХУ-аас Афганистанд гаргасан байсан ба 1973 он гэхэд энэ тоо өсч бараг 1 тэрбум долларт хүрсэн байв. Дан ганц зээл өгөхөөс гадна бүс нутгийн газрын тос, нефтийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийсэн ба үр дүнд нь Афганистан улс бусад хөгжиж буй орнуудаас хамаагүй илүү их хэмжээний санхүүгийн тусламжийг ЗХУ-аас хүлээж авсан байдаг. Афганистаны хамгийн том нийслэл хот болох Кабул хот эдгээр өөрчлөлтүүдийн анхны гэрч болсон юм.
Орчин үеийн барилга байгууламжууд уламжлалт, шавар байшингуудын оронд сүндэрлэж, цоо шинэ зам харгуйнууд хотоос гадагш зурайх болов. Эмэгтэйчүүд ч урьд урьдынхаасаа илүү боловсрол эзэмших эрхээр хангагдаж, нийгмийн уламжлалт хуучинсаг үзлээсээ хальж богино юбка зэргийг өмсөх болсон юм. Ингээд Афганистан улс дэлхийн орон орны зочид гийчдийг өөртөө татах болж, гайхалтай сайхан архитектур, сэтгэл сэргэм өндөр цавчим уулс, нөхөрсөг ард иргэдээрээ алдартай болсон.
1978 оны хавар афганистаны Ардын Ардчилсан нам Ерөнхийлөгч Мухаммед Даудын эсрэг төрийн эргэлт гаргаснаар бүх зүйл буруу тийшээгээ эргэсэн байдаг юм. Тэд бэлэн болоогүй байсан улс орны газар нутгийг дахин хуваарилж, уламжлалт Исламын хуулийн системийг сэргээн байгуулах зэргээр цуврал шинэчлэлтүүдийг нэн даруй хийв. Тэр намраа нутгийн зүүн хэсэгт Пакистаны санхүүжүүлэгчтэй босогчид болон шинэ Засгийн газрын хооронд байлдааны ажиллагаа явагдаж байдал хүндэрсэн байдаг.
ЗХУ Ардын Ардчилсан намыг дэмжсэн бол хүйтэн дайны "хууль"-иар АНУ эсрэг талыг нь буюу Пакистаны санхүүжилттэй босогчдыг дэмжиж эхлэв. Ардын Ардчилсан нам доторх дотоод хагарлаас болж Ерөнхийлөгч Тараки үрэгдэж, намын даргыг шинээр томилохоос өөр аргагүй болох үед ЗХУ-ын зүгээс үүссэн нөхцөл бөайдалд илүү гүнзгий хутгалдах болов. АНУ-ын зүгээс босогчдыг дэмжих бодлогоо илт өргөжүүлж Пакистан руу олон сая долларыг асар их зэвсгийн хамт илгээхэд хүрлээ. Улмаар Зөвлөлт-Афганистаны дайн гэж нэрлэгдсэн уг мөргөлдөөн 10 жилийн турш үргэлжилж, 2 сая гаруй афган иргэдийн амь насыг авч одсон юм. Түүгээр ч зогсохгүй дөнгөж ашиглаж эхэлж байсан зам талбай, байшин барилгууд бүхий хот, хөдөө тосгодыг агаараас бөмбөгдөж 6 сая иргэн дүрвэгсдийн лагерьт өлөн зэлмүүн амьдралд оров.
Билл Подличийн хальснаа мөнхлөн үлдээсэн тэр л дүр төрх хэдийнэ үгүй болж, ЗХУ цэргээ татаж гаргасны дараа ч тэмцэл тулаан үргэлжилсээр Пакистаны санхүүжүүлэгчтэй босогчид Талибан хэмээх шинэ бүлгийг бий болгосон юм. Ингэснээр Афганистан улс илүү айдас хүйдэстэй, эмх замбараагүй болж ирлээ. Элчин сайд нар, шүүмжлэгчид Афганистан улсыг өөр өөр үзэл бодолтой өөр хоорондоо тэмцэлддэг захирч болшгүй омгуудын нэгдэл, угсаатны зүйн шийдвэрлэж болшгүй мөргөлдөөнтэй газар нутаг гэх зэргээр ярьдаг ч гэлээ Подличийн авсан зургуудаас Афганистаны 1960-аад оны дүр төрх тэдний бодож байгаагаас тэс өөр байгааг олж харж болох юм шиг санагдана.