Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Монголын археологийн хосгүй үнэт олдворуудУншсан8,848

Монгол Улсад хүн анх амьдарч байсныг илтгэх хосгүй үнэт олдворууд орон сууцны хонгилд хадгалагдаж байна.

-Нэг сая жилийн өмнөх хүний гавал, Муммигаас эхлээд Хүннүгийн үеийн олдворууд устаж мэдэх нь-

Монгол Улсад хүн анх амьдарч байсныг илтгэх хосгүй үнэт олдворууд орон сууцны хонгилд хадгалагдаж байна.

 

Шинжлэх ухааны академийн Археологийн музей орон сууцны хонгилын хоёр өрөөнд шоовдорлогдон байгаа юм.

2009 онд дэлхийн археологийн шилдэг олдвороор шалгарсан "мөсөн хүн"-ий хэрэглэлүүд, чулуун зэвсэг, хүрэл, төмөр, Хүннүгийн үеийн дуулга, ваар, сэлэм, гоёл чимэглэл, Монголыг бугын хөшөөний нутгаар өргөмжлөх хэмжээний хадан зураг гээд археологийн үнэт олдворууд бүгд бий.

Хүн анх Монголд үүссэн байж болохыг илтгэх гавал, XIII дугаар зууны үед амьдарч байсан Египетийн фараоны баг, олон, улсын хэмжээнд худалдааны бүс байж болохыг өгүүлсэн олдворуудыг хүртэл эгнүүлэн өржээ.

Цаг хугацааны тухайд нэг сая 300 жилийн өмнөх үеэс эхлэн Хүннүгийн үе хүртэлх олдворууд багтана. Энэ нь 800 мянган жилийн өмнөөс эхлэн МЭӨ 3000 жилийн үеийн чулуун зэвсэг болон хүрэл үеийн хутга, зэвүүд, дуулга, тогой, зуузай, шөвөг, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс хамаарч байгаа юм. Гэтэл дэлхийд хосгүйд тооцогдох эдгээр олдворыг орон сууцны хонгилд үзүүлэн болгон дэлгэжээ.

Чийг ханхалсан хонгилд олдворын өнгө үзэмж, чанар алдагдах, хагарч бутарахаас эхлээд хосгүй үнэт чанараа алдах аюул ойрхон байгааг судлаачид анхааруулж байна.

Энэ тухай археологийн музей эрхэлсэн эрхлэгч Р.Эрдэнэцэцэг "Манайх хосгүй үнэтэйд тооцогдох зарим олдвороо тусгай сейфэнд хадгалдаг. Ийм нөхцөлд үзүүлэн болгоод тавьбал хулгайд алдахаас эхлээд бишгүй зовлон бий. Хүннүгийн үеийн тусгай музей байгуулах тухай олон жил хөөцөлдөж, ярьж ирсэн ч ажил хэрэг болсон нь алга. Хурдан л бариасай билээ. Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтний хувьд хэлэхэд археологийн олдворуудад төр, засгаас анхаарал хандуулахаа больсон. Өнөөдөр стандарт шаардлага хангасан байртай музей ховор шүү дээ. Төрийн ордны музейд хүртэл ус алдаж зарим олдвор гэмтэж бэртсэн гэсэн" гэв.

Археологийн музей нь Шинжлэх ухааны академиин ажилтнуудын орон сууцны хонгилд 2006 оноос эхлэн байрлаж эхэлжээ. Музейн ажилтнуудын хэлж буйгаар хосгүй үнэт ховор олдворыг тэнд төдийлөн хадгалдаггүй гэнэ. Тэнд агааржуулалтаас эхлээд хадгалалтын горим 100 хувь зөрчсөн, харуул хамгаалалт байхгүй гээд зөрчил тоймгүй их байна.

Хонгилд хосгүй ямар олдворууд байна вэ?

"Мөсөн хүн"-ий хэрэглэл: 2006 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумаас олдсон "мөсөн хүн". Энэ нь 2009 онд дэлхийн археологийн 10 том нээлтийн нэгээр шалгарсан бөгөөд өдгөө шинжилгээнд явуулсан байна.

Харин "мөсөн хүн"-тэй хамт гарч ирсэн адууны яс, урт гутал, модон цар, дээл болон бусад хэрэглэлийг нь Археологийн музейд хадгалжээ. Энэ олдвор нь зөвхөн "мөсөн хүн"-ээр алдаршаад зогсоогүй, булшны хайрцгийг нь хэрэм, хурга, адууны арьсаар доторлосон байснаараа дэлхийд хосгүй үзмэрт тооцогддог гэнэ.

Чулуун зэвсгийн үеийн олдвор: Доод палеолитын үед Монгол нутагт оршин амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь гилбэр ба мэсэн зэвсэг байсан бөгөөд тэдгээр нь цохих, цавчих, хэрчих, хусах зэрэгт хэрэглэгдэж байжээ. Тэр үеийн хүн эдгээр үндсэн зэвсгээс гадна бүхэл чулуунаас авсан хурц ирмэгтэй зузаан, нимгэн залтас, ялтас, мөн арслан заан, савгат хирс зэрэг аварга том амьтны яс, модон бороохой шийдэм зэргийг ашигладаг байж.

Дэлхийн бусад оронд хийсэн судалгаанаас үзэхэд, доод палеолитын хүний гавлын яс нь хавтгайдуу, дух нь налуу, хөмсөгний яс товгор, эрүү нь дутуу зэрэг мичин хүний морфологийн зарим үлдэцээс бүрэн ангижирч чадаагүй байж. Тэгвэл энэ үеийг илтгэсэн гавлын яс Археологийн музейд байна. Энэ нь духгүй гавлын яс юм.

Хүрэл зэвсгийн үеийн олдвор: 1988 онд Монголын археологчид Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгорт малтсан Хүн нарын язгууртны том булшнаас олдсон олдвор. Энэ нь эртний Монгол нутаг дахь бугын дүрст хөшөө нь хүрлийн үеийн гайхамшигт дурсгалын нэг юм. Эртний хүмүүс нь урт гонзгой чулуунд бугын дүрсийг уран дүрслэлээр цохиж сийлэхдээ буганыхаа эвэр хошуу хоншоор хөл сүүл их биеийг бодит байдлаар нь дүрсэлжээ. Ингэхдээ гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босгосон байна.

Монгол орны Буган чулуун хөшөөний ихэнх нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудад элбэг тохиолддог байна. Азийн хэмжээнд 800 гаруй Буган хөшөө олдсоны 600 нь Монголоос олдсон тухай эх сурвалж хэлж байна.

Буган хөшөө нь дайчин эрчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлжээ. Энэ мэтчилэн дэлхийд хосгүйд тооцогдох олдворууд хонгилд хадгалагдаж, муудсаар байгаа аж.

Д.Болормаа

Зууны мэдээ 2011 он.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 14. 16:08
Зочин

Бүрр дэндүү хайран юм аа. Дэлхийд зартай түүхийн өвүүд нэг муу орцонд байна гэхээр арай л харамсалтай биш гэж үү.

2019, 9 сар 6. 8:57
Зочинbbb

Zarax ni xaashaa yum xadgalj chaddag gazar ni xadgaluulaad tureesleed uzmer gargax xeregteishde

2019, 4 сар 3. 21:55
Зочин

setgegdel oroxgvi bna.ta bvxend amjilt

2019, 5 сар 4. 13:15
Зочиню

Зарчихгүй юу гадны улсад. Төр засаг нь тоохгүй байгаа юмыг одоояахав

2019, 4 сар 3. 21:48
Зочин

гоё сайт шүү.амжилт

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]