Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Далайн дээрэмчин-Хатагтай ЧжэнУншсан18,430

...Тэрээр эр хүний бие сэтгэлийг уяраан тайвшруулдаг хэмээн алдаршсан нэгэн бүсгүй дээр очихоор эмсийн хүрээлэн чиглэн явж байгаа нь энэ билээ.

1800 оны үе, Манж Чин гүрэн. Одоогийн Гуанжоу, тэр үеийн Кантон хотын гудамжаар маш чинээлэг боловч ихээхэн хааш яаш, бохир заваан хувцастай нэгэн эзэрхэг эр бараа бологсдоо дагуулан явна. Тэрээр эр хүний бие сэтгэлийг уяраан тайвшруулдаг хэмээн алдаршсан  нэгэн бүсгүй дээр очихоор эмсийн хүрээлэн чиглэн явж байгаа нь энэ билээ. Чухам яаж уулзсан, цаашид яасан  тухай түүх нь үлдээгүй ба ямар ч байсан тэрхүү эзэрхэг эр маань 15 наст хүүхний урхинд орсон уу, яасан, салахаа байсаар 1801 онд гэр бүл болсон байна.

Тэрхүү эзэрхэг эр нь тухайн үеийн зүүн өмнөд Азийн нутаг, далайн эрэг нутгаар дээрэм хийж  баяжин, алдаршсан далайн дээрэмчин Чжэн И гээч байсан ба түүний гэргий болох өнөөх залуухан, сайхан бүсгүйг Чжэн И Сяао (Чжэний эхнэр гэсэн утгатай) гэж дууддаг болсон байна.

Энэ хоёр хүнтэй хамаатай бас нэг хүн байсан нь Чжан Баоцзай гээч бөгөөд Чжэний өргөмөл хүүхэд байсан гэх боловч зарим эх сурвалжид шинэ хосууд Вьетнамын эрэг хавиар дээрэм хийж явахдаа нэгэн залуухан хүү хулгайлж аваад өөрсдийн хүү болгон үлдээсэн гэдэг.  Ямар ч байсан тэр хүү нь эр хүнийг арай өнцгөөс хардаг Чжэний бас нэг амраг нь байсан бөгөөд  залуухан эхнэртэй нь нас чацуу байсан бололтой.

 

1807 онд Чжэн үхэж үрэгдсэн ба далайд онгоц нь живж үхсэн, хэн нэгэнд алагдсан гэсэн цуу байдаг бөгөөд энэ үед тэрээр 400 гаруй усан онгоц бүхий багийг захирдаг байсан байна.

Толгойлогч нь үхсэний дараа баг дотор эзэн суух тэмцэлдээн хурцдаж, удирдагч болох гэсэн нэг нэгнийгээ алж хядаж байх үед чимээгүй байсан хатагтай Чжэн гарч ирэн бүх удирдлагыг гартаа авлаа. Чухам яаж, ямар замаар энэ удирдлагыг авсан нь тодорхойгүй боловч хатагтай Чжэн толгойлогч болсноос хойш баг доторх үймээн самуун зогсон, хатуу ширүүн сахилга бат хэрэгжиж эхэлсэн байна. Харин өнөө өргөмөл хүү нь одоо хойд эхийнхээ нөхөр болсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй байх. 

Шинэ удирдагч хатагтай Чжэний нэрд гарч, хүчийг олсон нууц нь дээрэмчид дотор хэрэгжүүлж эхэлсэн хатуу дүрэм, сахилга бат байсан ба холбоотой загасчны тосгон дээрэмдсэн, тосгоны эмэгтэй хүчиндсэн гэх мэт хэрэг хийсэн дээрэмчдийг өчиггүй цаазлах, усан онгоцноос дур мэдэн бууж, тэнүүчлэхэд эхний удаа чихийг нь огтлох, дараагийн удаа цаазлах, ядуу загасчин, тариачдаас юм авсан бол мөнгийг нь өөрийн олзноос төлөх, дээрмийн олзноос хулгай хийвэл шууд цаазлах ... гэх мэт шийдвэртэй үйл ажиллагаа явуулж байсан нь дээрэмчид төдийгүй эрэг орчмын оршин суугчдын талархлыг хүлээх болжээ. Мэдээж энэ бүхнийг эсэргүүцэх үйлдэл олноор гарч байсан ба  хэрэг хийсэн хүнийг заавал шийтгэх зарчим  ямар ч эргэлзээгүй хэрэгжиж байсан учраас эсэргүүцэн тэмцэгч, хуйвалдагч нар удалгүй алга болсон байна.

Хаан далайн дээрэмчний эсрэг

1808 оны үед Манж Чин улсын нутгийн энд тэнд гарсан элдэв үймээн самуун ямар нэг байдлаар дарагдаж эхлэх үед Сайшаалт Ерөөлт хаан даварсан далайн дээрэмчин эмийг дарж авахаар шийдэн цэргийн флот явуулжээ.  Чухам энэ үед хатагтай Чжэний шийдэмгий, авьяаслаг зохион байгуулагч төдийгүй цэргийн хэргийг ойлгодог чанар нь товойн гарсан байдаг.

Хааны флот дээрэмчдийг хайсаар хэдэн онгоц байхыг олж хөөн нэгэн тохой тойрон орсон нь Чжэн Ши-гийн тавьсан урхинд орсон хэрэг байлаа. Нэгэнт бүслэгдсэн флотынхон эцсээ хүртэл тэмцэлдсэн ч бүрэн ялагдсан байна.

Өөрийн флотоо бут цохиулсныг сонссон хаан адмирал Лин-Фаг шинэ флот эмхлэн байгуулж хатагтай Чжэн-ийг даруулахаар явуулах зарлиг гарган хоёр дахь флот хөдөлжээ.

Далайд халз өөдөөсөө тулан зогсох хааны флот, хатагтай Чжэний флот тулалдах тэр цаг ирэх мөчид  адмирал Лин-Фа хулчийн тулалдааны талбарыг орхин зугтаасан байна. Дээрэмчид хааны усан онгоцуудыг элдэж байх үед салхи зогсож далай тайвширсан ба салхигүй үед дарвуулт хөлөг огт явахгүй, таг зогсоно.  Хоорондоо зайтай зогсох усан онгоцнуудаас нэг нэгнийгээ доромжлон хашхирах, элдэв сүрдүүлэг сонстон удаан зогссон ба хатагтай Чжэн энэ үед жижиг хавтгай ёроолт завинд суусан дээрэмчдээ буулган хааны усан онгоц руу дайруулсан байна. Ингэж хааны хоёр дахь флот үгүй болов.

Сайшаалт Ерөөлт хаан ихээхэн хөрөнгө, хүч, цаг заран байж 3 дахь флотыг жилийн дараа бий болгосон ба удирдагчаар нь адмирал Цун Мэнсин гээчийг тавьсан байна.  Энэ хүн цагтаа далайн дээрэмчин явсан, дээрэмчдийн арга ажиллагааг сайн мэдэх хүн байв.

Анхны тулалдаан хатагтай Чжэний хувьд сүйрлээр төгссөн ба өөрөө хариугүй баригдах шахан олон хоног зугтсан, удирдагч болоод эрэг орчмын нутгийнхантай холбоотон болохоор зорин хийж байсан ажил нь тус болж нутгийн ардуудын дэмээр Цун Мэнсинээс нуугдаж чадсан байна.

Хатагтай Чжэнг удаан хайсан боловч нутгийн ардын туслалцаагаар найдвартай нуугдсан түүнийг  олж чадсангүй.  Ямар ч байсан дээрэмчний том флотыг устган, сарниулж чадсан гэж хатуу итгэсэн Цун Мэнсин буцахаар шийдсэн ба түүнийг хүлээж байгаа их гавьяа шагнал ч хурдан буцахыг дотроос нь шаардаж байсан бололтой гэнэт арагшаа ихэд яарсан гэдэг.

Нуугдаж байсан хатагтай Чжэн ч зүгээр суугаагүй ба өөрт нь хамаагүй хоёр ч далайн дээрэмчдийн бүлэглэлтэй холбоо тогтоон хамтрах болж буцаж яваа Цун Мэнсинийг нууцаар дагасаар байв.

Ингээд ямар ч ажиг сэжиг аваагүй хааны флот явсаар Хуанхэ голын нэгэн зогсоолд ойртон ирэх үед Чжэн дайрч бүх онгоцыг нь живүүлсэн ба ганц ч хүн амьд үлдээгээгүй байна. Зарим эх сурвалж Цун Мэнсин зугтаж гарч чадсан гэдэг ба ядарсан амьтан хааны ордонд очиход хаан түүнийг цаазаар авахыг тушаасан гэдэг. 

Хааны дараагийн арга хэмжээ

Дэлхийн нэгэн томоохон гүрний флотыг ингэж нэгэн эмэгтэй тэр чигээр нь сүйрүүлж хаясны дараа Сайшаалт Ерөөлт хаан ямархуу сэтгэл санаатай байсан нь ойлгомжтой.

Цэргийн хүчээр дийлээгүй юмыг алтны хүчээр шийдэж болох арга байгааг хааны шадар сайдууд хэлсэн бөгөөд тэд алтны үнэ цэнийг сайн мэдэх хүмүүс билээ. Энэ аргыг нь зөв гэж үзсэн хаан өөрийн туслахаа ихээхэн хэмжээний үнэт бэлэг аван Чжэн И хатагтай дээр очихыг тушаасан ба тэр нь хатагтайд найрамдахыг санал болгон, хуучны юмыг мартан, хааны нэр хүндтэй албанд орохыг урин  үнэт бэлгээ барих  ёстой байлаа.

Хатагтай Чжэн зөвшөөрсөн бол цаашид юу болох байсныг хэн мэдэх билээ. (Зарим эх сурвалж Чжэнийг ингэж хуурч авчран алахаар шийдсэн гэж үздэг, тийм явдал ч болж байсныг Монголчууд бид мэдэх билээ. )

Хатагтай Чжэн И зөвшөөрсөнгүй.

Гэвч хатагтай зөвшөөрөөгүй зүйлийг бусад нь зөвшөөрч болох байсан ба хааны элч явсны дараахнаас эхлэн зарим усан онгоц, удирдагч нар нь хатагтай Чжэнийг орхин явж хаанд алба хаах болж, хааны албанд ороогүй далайн дээрэмчид, тэдэнтэй холбоотой гэж үзсэн хүмүүсийг олны өмнө хатуу ширүүнээр цаазалж, шийтгэж эхэлсэн байна.

Бээжингийн хийсэн тооцоо яг л зөв байсан ба нэгэн цагт хүчирхэг байсан далайн дээрэмчний баг бутран хайлж эхэллээ.

Өөрийнх нь эзэнт гүрэн буцалтгүйгээр нуран унаж байгааг мэдэрсэн Чжэн И хатагтай хаантай тохироо хийхээс өөр аргагүй гэдгээ ойлгосон ба 1810 онд тэрээр хаанд бууж өгөн, төрсөн хот Кантондоо айх аюулгүй амьдрах баталгаа аван буцсан байдаг. Үхэн үхтлээ тэрээр эмсийн хүрээлэн, мөрийтэй тоглоомын газраа ажиллуулан байсан гэдэг ба түүний хүү байгаад дараа нь нөхөр нь болсон өнөөх залуу маань Манж Чин улсын хааны ойрхон, үүрэг хариуцлага байхгүй, сул цалин авдаг албан тушаал хаших болсон гэдэг.  

Сонирхолтой зүйлс:

Хатагтай Чжэний тухай бичихээр интернетээр дэмий тэнэж байгаад хэд хэдэн сонин зүйл оллоо.

-Хатагтай Чжэний нөхөр үхэх үед түүнд 400 гаруй хөлөг байсан гэдэг бол Хатагтай Чжэн хамгийн хүчирхэг үедээ 1500-2000 хөлөгтэй, 50 000-80 000 дээрэмчдийг удирдаж байсан гэх тоо баримт их бий.

Энэ айхтар тоог бусадтай харьцуулж үзсэн ба хамгийн алдарт далайн дээрэмчин Морган 12 онгоц, 900 хүн захирч байсан байна. Гэтэл энэ бүсгүй 1500-2000 онгоц. Бодвол энэ онгоц гээд байгаа юм нь нэг л завь байсан биз, 80000/2000 гэхээр нэг онгоцонд 4 хүн ... нэг муу завь гэж бодмоор. Тийм ч байх.

Гэтэл Хятадын нэгэн их аялагч, судлагч Чжэн Хэ гэгчийн хөлөглөн тэнэсэн онгоц нь Колумбийн Америкт очсон онгоцноос ... дахин том байж. (тэр цагийн хэмжээг орчин цагийн хэмжээнд шилжүүлэхэд  алдаа гарсан гэж үзэх юм бас их байдаг юм байна.)

-Хатагтай Чжэний тухай уран зохиол, урлагт дурддаг ба бидний мэдэх нэгэн кинонд энэ эмэгтэй гардаг билээ. Тэр бол “Карибийн тэнгисийн дээрэмчид-3“ дээр олон газрын дээрэмчид цуглан байх үед харагдах дээрэмчин, толгойлогч эмэгтэй юм. Яахав Кира Найтли–Элизабет Соуннаас болоод зарим нэг нь анхаараагүй байж болох юм.

Нийтлэгч Чалчаа Саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]