“Анхны алхам” киноны Мядагийн дүрээр бидний сэтгэлд хоногшсон жүжигчин Б.Цэцэгбалжидийг онцолж байна.
Дэлгэцийн олон олон бүтээлээс алсрах цагийн элэгдэлд торойн үлдэж, бидний сэтгэлд эгшиглэсээр алсрах тусмаа тодрон гялалзах дүрүүд хэд сэн билээ. Яг ингэж алсрах тусам ойртож, дотносож байдаг дүрийг бүтээсэн эзнийг бид эгнэшгүй их авьяастан хэмээн тодорхойлсоор ирсэн. Түүний нэг нь жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Цэцэгбалжид.
"Өвөлжих хун" кино нь зохиолч Ч.Гомбо, найруулагч Г.Жигжидсүрэн, оператор Л.Шаравдорж, жүжигчин Ч.Хүрэл, Б.Цэцэгбалжид нарын анхны уран бүтээл билээ. Анхных гэсэн бэлгэдлийн учигаар дэлгэцэнд гаргахдаа "Анхны алхам" нэртэй болов. Сургуулийн танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдралаар батлан арвижуулснаар амжилтанд хүрч чаддагийг харуулж, хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ таньж нөхөрлөдөг гэдгийг ахмад, залуу үеийн харилцаагаар дамжуулан үзүүлсэн тус кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн анхны бүрэн хэмжээний бүтээл болсноос гадна их сургуулийн курсын ажил байсан гэдэг. Сонирхуулахад, олон хүний сэтгэлийн торгон утсыг өдгөө ч хөндсөөр яваа тус киноны дууны шүлгийг найруулагч өөрөө бичсэнийг тэр бүр хүн мэддэггүй аж. Тэрхүү шүлгийн гар бичмэл нь өдгөө өөрт нь хадгалаастай байдаг.
УБДС-ийн Кино драмын нэг ангийн нөхөд болох Б.Цэцэгбалжид, Ч.Хүрэл нар нэг л өдөр ирээдүйн нэрт найруулалгч Г.Жигжидсүрэнгийн хараанд өртсөнөөр Мядаг, Болд хэмээх гол дүрийн эздээр тодорсон. Найруулагч тэднийг хараад л “Мядаг, Болд хоёр маань явж байдаг байна шүү” гэсэн гэдэг. Найруулагч хүний хувьд дүрийн сонголт гэдэг өдрийн бодол, шөнийн зүүд байдаг хойно. Нэртэй найруулагчид олны дундаас дүрээ олж харах “нүдтэй” байдаг. Ёстой л нөгөө Ардын жүжигчин Д.Жигжид гуайн хэлсэнчлэн “Жүжигчин хүн төрдөг. Түүний нуугдмал авьяасыг нээн илрүүлэх нь жинхэнэ найруулагчийн ажил”.
Бүтээлийг нь амилуулж, амьдруулах эзэн биеийг олно гэдэг чухамдаа маш том олз. Ингэж л олсон “олз” амжилтын гарааг нь алдраар жигүүрлэсэн. Тус киног 1970-аад оны эхээр Монголын кино урлагт нандин сэтгэлийн хөдлөл, уянгын барилыг нэвтрүүлсэн шинэлэг бүтээл гэж киноны ахмад уран бүтээлч, судлаачид дүгнэсэн байдаг. Мөн 1970 онд Ташкент хотноо болсон Ази-Африкийн орнуудын Олон улсын киноны анхдугаар наадмын тусгай шагнал, цом хүртэж, найруулагч Г.Жигжидсүрэн Зөвлөлтийн Энх тайвны хорооны хүндэт дипломоор шагнагдсан байдаг.
Энэхүү бүтээлийн Мядагийн дүрийг тэр үеийн Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийн II курсын оюутан Б.Цэцэгбалжид бүтээжээ. Хэдийгээр олон кинонд дүрээ мөнхөлж чадаагүй ч түүнийг Монголын кино урлагийн түүхэнд хоромхон зуур тод гэрэлтээд харвачихсан од гэж ахмадууд ярьдаг юм. Г.Жигжидсүрэн найруулагч түүнийг “Бурханаас заяасан бялхсан авьяастай, хүний үгийг анхааралтай сонсч, алдаагаа ухамсарладаг, дүрээ бүтээх гэж чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг байлаа” хэмээн дурссан нь бий.
Түүний дэлгэцнээ бүтээсэн дүрүүд:
1973 он "Тунгалаг Тамир-3" Сүрэн
1977 он "Хөх ногооны униар" Пүрэвээ
1978 он "Тэнгэрийн муухай арилдаг" Норжмаа
1980 он "Санаж яваарай" Цэрмаа
1980 он "Өнөр бүл" Алимаа
Дөлгөөхөн харц, намуухан хоолой, дүрээ амьдруулж чаддаг ур чадвар нь дээрх уран бүтээлүүдэд гүнээ шингэн үлджээ. Хувь хүнийхээ хувьд уужуу, дөлгөөн, аливаа зүйлийн учир начрыг ойлгож байж дуугардаг буйртай хүн байсан хэмээн үеийн олон нөхөд, ахмад уран бүтээлчид дурссан байдаг.
Тэрбээр 1951 онд Архангай аймгийн Хотонт суманд мэндэлсэн. 1967- 1971 онд УБИС-ийн кино драмын ангид Ц.Раднаагийн удирдлаганд, Б.Тунгалаг, Ш.Цэцэгээ, Ш.Дэлгэржаргал, Б.Даваасүрэн, Ё.Гантөмөр, Чойн Хүрэл нарын хамт суралцаж төгсөөд, 1971-2000 он хүртэл буюу насан эцэс болтлоо УДЭТ-т жүжигчнээр ажилласан.
Анх театр хэмээх ариун сүмийн босгоор алхсан тухайгаа Гавьяат жүжигчин Б.Тунгалаг “Бид Багшийн дээдийн кино драмын ангийн гурав дахь төгсөлтийнхөн. Сургууль төгсөөд яг 40 жил болж байна шүү дээ. Театрт манай ангиас Б.Цэцэгбалжид, Ё.Гантөмөр бид хэд ирсэн. Б.Цэцэгбалжид бид хоёр театр руу хамт очсон. Театрт ороод бид хоёрын хамгийн анх хийсэн ажил нь зэрлэг зулгаах. Тэр зун улсын баяраар Баяжихын Пүрэв гуай, Лха.Долгор гуай хоёр гавьяат авч байсан, 1971 оны долдугаар сард. Театрынхан амраад явчихсан болохоор бид хоёрт хийх ажлыг өдөрт нь боловсон хүчин Дэндэв гуай зааж өгнө. Бид хоёр ромбоо зүүчихсэн, зэрлэг зулгаахаасаа жаахан ичээд байна аа. Зэрлэг зулгааж байхдаа хүн харагдахаар нь бараг нуугдчихна. Залуу байж дээ” хэмээн дурссан байдаг.
Тэрбээр УДЭТ-ын тайзнаа тавигдсан "Баян барлаг хоёр", "Наян чулууны ой" жүжгийн Сувд болон Хоролсүрэн, "Түлхүүрийн нууц" жүжгийн Цэргийн дүрд, "Эдип хаан", "Эхийн сэтгэл буюу Кавказийн цэрдэн дугуй" жүжгийн Зарц, "Алсын зөрлөг" Женя, "Оролмаа" жүжгийн Баямаа, "Би яагаад", "Ууган хүү" Нина, "Хоёр эзний ганц зарц" жүжгийн Кларичегийн дүрд, "Бумбат эрдэнэ" жүжгийн Туяа, "Аз жаргалын эрэлд" жүжгийн Вера , "Отелло" жүжгийн Бьянка, "Их авхай" жүжгийн Оюунчимэг, "Найрын ширээний ууц" жүжгийн Зочин, "Унаган хайр" жүжгийн Навчаа, "Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага" жүжгийн Рита, "Чи хэн бэ?" жүжгийн Айлын авгайн дүрд, "Сувдан сондор" Хиймэл хүүхний дүрд, "Хөхөлдөй хүүгийн үлгэр", "Интоорын цэцэрлэг" жүжгийн Дуняша, "Буцах хаяг" жүжгийн Ундрах, "Галилейн амьдрал", "Үгүйлэгдсэн хайр" жүжгийн Сүнсний дүрд, "Ээдрээ" жүжгийн Алтанзул, "Цусан тахилга", "Цуст хурим" жүжгийн Өрлөг эх болон шивэгчин зэрэг Үндэсний болоод дэлхийн сонгодог 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрүүдийг бүтээжээ.
Дэлгэцнээ сайхан Монгол эхийн дүрийг амьдруулах хүсэл тээж явсан тэрбээр гурван сайхан хүү төрүүлж өсгөсөн билээ.