Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ирээдүйг харсан бас нэгэн уран бүтээлУншсан22,132

”ийм дэмий балай юманд итгэдэггүй” гэж хэлээд мундаг болох шиг амархан юм алга. Үүнийг бичигч нь мөн л “итгэдэггүй, тэнэг зүйл” гэж хэлэгч нарын нэг боловч...

Дэлхийд юу болохыг урьдчилан харж, анхааруулж байсан “суут” хүмүүсийн тухай “суут” бүтээлүүд олон байдаг. Энэ удаа ямар нэг тооцоо, судалгаанд үндэслэн аливаа нэг үйл явдал болох таамаглал дэвшүүлэх тухай яриагүй, зөвхөн шууд ирээдүйг хардаг, ямар нэг онцгой зөн билэгтэй, мундаг мэргэн түргэн хүмүүсийн тухай билээ. Эдгээр суут хүмүүсийн тоонд “өнөөх Нострадамус” Эдгар Кейси, Вольф Мессинг, социалист орнуудын дунд алдаршсан Ванга эмээ гээд олон арван, зуун, мянган  хүний нэр хайж олоод хэлж болох байх. Монголчууд бид ч гэсэн иймэрхүү далдыг хардаг далай лам шиг хүн олныг төрүүлсэн бөгөөд Ромбу гаригтай харьцдаг нэг нөхрөөс эхлүүлээд, харь гаригийнхантай цуг Дарханы автобусны буудал дээгүүр нисдэг эмэгтэй гэж удаалаад... гээд явбал бас ч овоо тоо гарна.

 

Нострадамус, Ванга нар яг юуг урьдчилан харж, хэлсэн юм бэ? гэдэг асуултад яг өөрөө өөртөө шударгаар хариулаад үз гэж асуумаар санагдах үе бий. Тэд ямар мундаг гайхамшигтай зөгнөн хэлсэн тухай олон мянган нийтлэл, орчуулга явах боловч яг үнэн шүү гээд батлагдсан юм үгүй бөгөөд юуны тухай ч юм бүү мэд шүлгийг хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлж, эсвэл домог яриа зохиосоор.    

Хэдийгээр 21-р зуун боловч иймэрхүү юманд итгэдэг хүмүүсийн тоо огт буурахгүй, харин ч зарим тохиолдолд нэмэгдэх үе байгааг харахад нэг их төвөгтэй биш болов уу. “Цагийн байдал ороо бусгаа, хотын байдал шалдар бульдар болох тусам” их мэргэч төлөгч нар олноор гарч ирэн түүнийг даган баясах мянга мянган хүн, сэтгүүлч, шүтэн бишрэгч нар бий болдог зүй тогтолтой гэдэг үнэн байх.

Тиймээс ”ийм дэмий балай юманд итгэдэггүй” гэж хэлээд мундаг болох шиг амархан юм алга. Үүнийг бичигч нь мөн л “итгэдэггүй, тэнэг зүйл” гэж хэлэгч нарын нэг боловч...

Гэтэл бас зарим нэг хачин , хачин ч гэж ..итгэмээргүй, сонин юм байх юм.

Ингээд нэгэн түүх.

2003 оны 10-р сарын 3-нд болсон нэгэн том шоуны үеэр долоон настай цагаан бар сургагч эзнийхээ хүзүүг хазаж гэмтээсэн байна. Энэ явдал юугаараа алдартай вэ гэхээр, Амьтан сургагч Зигфрид Фишбахер, Рой Хорн нар нь тухайн үедээ дэлхийд гайхагдсан, алдаршсан шоу хийдэг байсан ба бар, арслангийн тоглолтыг нь хамгийн үнэтэй цирк, шоунууд маш их өндөр үнээр өөрийн байранд тоглуулах гэж “алалцаж” байжээ. Гэтэл нэгэн тоглолтын үеэр тэдний хамгийн хайртай, хамгийн үнэнч долоон настай цагаан бар Монтекоре эзнийхээ хүзүүг хазан гэмтээж олон жилийн турш эмнэлгийн ор сахиулсан байдаг.

Мэрэг төлөг, тэр нэг муужгай хоёрын хооронд ямар холбоо байна аа?

1993 онд гарсан Америкийн “Симпсоныхон” хэмээх хүүхэлдэйн кино дээр нэгэн цагаан бар тоглолтын үеэр амьтан сургагч эзэн рүүгээ (мэдээж амьтан сургагч нь хоёр хүн байж таараа) дайрч гэмтээсэн тухай анги бий. 10 жилийн өмнө шүү.

“Сүртэй ш д” гэмээр байна уу?

Тэгвэл дараагийн түүх.

Симпсоныхон дэлхийгээр их зугаалж аялдаг улс гэдгийг энэ киног мэдэх хүмүүс сайн санаж байгаа байх. Тэд Нью-Йорк руу анх удаагаа буюу 1997 онд очих бөгөөд есөн долларын үнэтэй сурталчилгаа бүхий сэтгүүл тэр үед гарна. Сэтгүүл дээр хоёр өндрийн хажуу талд $9 гэж ямар нэг үйлчилгээний үнийг тавьсан байжээ.
Зураг нь энэ байна.

Дөрвөн жилийн дараа буюу 2001 оны 9-р сарын 11-нд юу болсныг бид мэднэ. $9-ийг September буюу 9, хоёр өндрийг 11 гэж  харахгүй байна гэж үү?

“Иймэрхүү тохиолдол зөндөө л бий ш д”.

Тэгвэл арай өөр түүх.

Rolling Stones хэмээх хамтлагийн тухай ямар нэг юм ярих шаардлагагүй болов уу. Хэрвээ Мик Жаггер хэн нэгэнд буудуулж, хутгалуулж алуулсан юм уу, “бид бурхан Будда, Мохамедаас илүү алдартай” гэх мэтийн дэмий үгийг хамтлагийн хэн нэг нь бусдаас түрүүлэн хэлсэн байсан бол магадгүй Beatles-ээс ч илүү алдартай хамтлаг байсан байж болох юм.

Симпсоныхон киноны 1995 оны нэгэн анги дээр киноны гол дүрийн нэг Лиза нөхөртэйгөө орон дээр хэвтэн байх үед ханан дээр нь Rolling Stones-ын 2010 онд хийх аялан тоглолтын “плакат” өлгөсөн харагддаг.

Симпсоныхоноос өөр хэн гээч нь энэ хамтлаг тэр үед байж л байх, дуулж л байх, аялан тоглож л байх юм гэж мэдэж байсан бол? Хүнд рокерууд жаахан богинохон наслах гээд байдаг гэм бийг зарим нэг жишээ харуулдаг гэдгийг зөвхөн дурдаад өнгөрье.

Дээрх гурван түүхийг аливаа нэг тохиолдол, учрал гээд тайлбарлан, ийм жишээ олон байдаг гээд тоочин эсэргүүцэж болох юм.

Тэгвэл энэ түүхийн тухай та юу хэлэх вэ?

Симпсоныхон 2010 оны нэгэн анги дээрээ Нобелийн шагналд нэр дэвшигчдийн нэрийг барьсан хуудас харуулна. Тэнд эдийн засаг гэсэн хэсэгт ямар нэг Бенкт Хольмстром хэмээгчийн нэр байдаг билээ.

2016 оны эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагналыг хэн авсан гээч?

 Одоо өрөм нь буюу хамгийн айдас хүрмээр мэргэ нь !

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нь Эр-Риядад зочлох үеээрээ Саудын Арабын Саламан ибн Абдул-Азиз Аль Сауд болон Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиситэй цуг авахуулсан энэ зургийг сайн хараарай.

Дараа нь та энэ явдал болохоос 14 жилийн өмнө хийсэн Симпсоныхон кинон дээр гардаг нэгэн зурагтай харьцуулж үз. Цаана байгаа хүмүүс болон бусад деталь болгоныг харах гэж хичээгээрэй.

Айдас, хүйдэс төрөхгүй байна гэж үү?

 Мелания Трамп, түүний хажуудах зангиатай нөхөр болон цэнхэр цамцат, Египетийн ерөнхийлөгчийн арын тэмдэгтэй пиджактай нөхөр, гар хүргэсэн байгаа зүйл...

Ганц нэгээр нь тусад нь харвал үнэхээр байдаг л тохиолдол мэт. Гэтэл бүтнээр нь, нэг л цуврал кинонд гарсан гэдгийг нь бодвол (симпсоныхон-ны “мэргэлсэн мэргэ таарсан” 30-аад тохиолдол олоод байгаа юм гэсэн) юу ч гэж хэлмээр юм?

Зөн билгийн тулаан гэдэг ТВ шоу (шоу бол шоу байдаг билээ) үзэж байхаар Симпсоныхон киног үзмээр юм байна. Хэл усыг нь ойлгохгүй яая даа байз.

Нийтлэгч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]