Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Нэр нь тодроогүй баатарУншсан10,851

Өвөөгийн маань байгуулсан гавъяаг үнэлж Хилийн цэргийн 35 жилийн ойгоор “Улсын Баатар” цолд тодорхойлсон боловч МАХН-аас арга хэмжээтэй гэж үзэн, өвөөгийн минь байгуулсан гавъяаг зохих ёсоор үнэлээгүй өнгөрөөжээ.

Миний өвөө аавыг Дүнгэрийн Лувсандаш гэдэг. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат хүн байсан юм. Өвөө аав маш том биетэй, хавь ойрынхондоо хүндлэгдсэн, хань ижил үр хүүхэд бидэндээ хангайн нуруу шиг түшигтэй, уужуу сайхан сэтгэлтэй, жинхэнэ Монгол эр байлаа.

Өвөөгөө гаднаас нь харахад их сүрлэг, алиа хошин зантай, ач зээ нараа эрхлүүлдэг, том болсон мөртлөө л өвөөгийнхөө нуруун дээр нь морьдож морь болж тоглодог байж билээ. Өвөө маань нутаг орондоо домог болон яригдаж баатар хилчин, одонт Лувсандаш гэж одоог хүртэл дурсагдан яригддаг юм билээ.

Багадаа өвөөгийнхөө цэрэг хувцас дээрх одон медалыг хараад түүнээс нэг бүрчлэн “Энэ медалийг ямар гавъяа байгуулаад авсан бэ?” гэж асуудаг байсан. Өвөө маань авсан медалийн тоогоор цусаа асгаруулж гавъяа байгуулсныг сонсдог байлаа. Хасгийн дээрэмчидтэй хэрхэн тулалдаж, тохойндоо хутгалуулж хүнд шарх авсан, халх голын байлдаанд Японы түрэмгийлэгчидтэй нүүр тулан байлдаж мөрөндөө шархтай, эх орноо харийн дээрэмчид, дайснуудаас хамгаалан тулалдаж явсан тухай сонсоод дайн байлдаантай кино мэт төсөөлж өвөө ааваараа бахархаж, бас их өрөвддөг байлаа.

 

Миний өвөө аав 1934, 1935 онуудад баруун хилээр дүрвэж орж ирсэн хасгийн дээрэмчид хил орчмын айл өрхийг дээрэмдэж, эрчүүдийг тамлан зовоон алж, охид эмэгтэйчүүдийг нь олзлон авч байсан үед, хил хязгаар, хүн ардаа хамгаалан эрэлхэгээр тулалдаж баруун тохойндоо хүндээр шархдаж байжээ. Тэрээр хасгийн дээрэмчидтэй тулалдаж буун дуу сонсохын хажуугаар бичиг үсэгт тайлагдаж улмаар цэргийн эрдэмд суралцахаар шийдсэн. Дотоод яамны төв сургуульд суралцан 1936 онд дэслэгч цолтой төгсөн, Дорнод аймгийн хилийн 27-р дугаар отряадад Адаг улаан, Булан дэрс, Улаан худаг орчмыг хамгаалах заставын даргаар томилогдон ажиллажээ.

Өвөөтэй хамт тулалдаж явсан тус заставын орлогч хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, дэд хурандаа Б.Чимэд гуай 1976 онд өгсөн ярилцлагадаа "1937 оны 07 сард Японы багагүй хүч хил цөмрөн орох мэдээ ирсэн үед, манай заставын дарга хил хамгаалалтаа чангатган, цэрэг хүний барьсан бууны сум бүр дайснаа сөнөөх ёстой гээд хилчдийн сургалтыг улам эрчимжүүлж шөнийн харуулыг өөрөө удирдан гарч, хилчин хүний үлгэр дуурайлыг өөрийн биеэр үзүүлж байсан юм. Отрядаас өгөгдсөн мэдээлэл ч удалгүй нотлогдож, 1937 оны 7 дугаар сарын дундуур Японы цэргүүд улсын хил зөрчин ирж, заставын хориглолтоос 500-аад метрт ойртон ирэх үед заставын даргын буудаж байсан винтовын аманд дайсны сум орж гацаж, даргын баруун мөp шархдан цус асгарч байсан ч дарга пулемётоо өөрөө авч, япончуудын өөдөөс галлахад дайснууд хадуулсан өвс аятай ханаран унацгааж, үлдсэн 10-аад нь машиндаа суугаад хил даван зугтсан байна. Ийнхүү манай заставын дарга олон цэрэг дайчдаа төдийгүй улс эх орноо өөрийн биеэр хамгаалж гарсан түүхтэй. Манай дайчид ура цууриатуулан даргаа барьж аваад дээш өргөн нулимсаа арчин даргаараа бахархаж байв. Энэ байлдааны ажиллагааг гарамгай удирдаж, баатарлагаар байлдсаны учир заставын дарга Д.Лувсандаш нь Сүхбаатарын одон, Байлдааны Цусан Гавъяаны Улаан Тугийн одонгоор шагнагдсан" гэж өгүүлжээ.

Хожим 1944 онд аймгийн намын хорооны шийдвэрээр хөдөө суманд ажиллах томилолт өгөхөд нь дайн байлдааны шархны улмаас суурин газар эмчлүүлэх шаардлагатай учраа хэлэхэд намын хорооны удирдлага хүлээж авалгүй, намын шийдвэр биелүүлээгүй гэж намын гишүүний батлахыг нь хурааж авсан гэдэг. Өвөөгийн маань байгуулсан гавъяаг үнэлж Хилийн цэргийн 35 жилийн ойгоор “Улсын Баатар” цолд тодорхойлсон боловч МАХН-аас арга хэмжээтэй гэж үзэн, өвөөгийн минь байгуулсан гавъяаг зохих ёсоор үнэлээгүй өнгөрөөжээ.

Өвөө маань Монгол Улсад хил хамгаалах албаны тулгын чулууг тавилцаж, эх орныхоо төлөө цусаа урсган гавъяа байгуулж явсан хүний нэг яахын аргагүй мөн бөгөөд тухайн үеийн төр засгийн алдаатай бодлогоос болж МАХН-ын гишүүн бус гэсэн үнэлэмжээс болж амьд сэрүүн үедээ өөрийн байгуулсан гавъяаг зохих ёсоор үнэлүүлж чадаагүй байсаар бурхны оронд одсон юм. Миний өвөөгийн түүх намтар, эдэлж хэрэглэж байсан зүйлс Говь-Алтай аймгийн оронд нутгийг судлах музейд хадгалаастай байдаг юм. Дүнгэрийн Лувсандаш гэх эрэлхэг Монгол эрийн байгуулсан гавъяаг үр хүүхэд бид насан туршдаа үүрд санаж, бахархаж явах эрхэм үүргийг биелүүлсээр байх болно.

Ахмад хилчин Д.Лувсандашийн ач охин

Улсын II төв эмнэлгийн дотор, зүрх судасны

тэргүүлэх зэргийн эмч Л.Отгонцэцэг

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 2 сар 16. 8:58
ахмад настан

Нэр нь тодроогүй мянга мянган баатруудын яруу алдар бадартугай, тэднийг төр засаг нь марртсан ч түмэн олны сэтгэлд мөнхөрч, үр хүүхэд ач зээ нь санан дурссаар байдаг нь сайхан. тэдний байгуулсан гавъяаг өдгөө сурталчилж хүүхэд багачууддаа эх оронч хүмүүжил олгох ёстой баймаар,,, хойч үе маань бахархах түүхгүй харийн түүх соёлд суралцаж байна. Халх гол, чөлөөлөх дайн богино цаг хугацаанд тодорхой газар нутагт болсон бол хурандаа Алтангэрэл "Баруун болон баруун өмнөт хязгаарт болсон байлдаан" гэж тодорхойлсон хасгийн дээрэмчдийн довтолгоо өргөн уудам нутагт их газар орныг хамарч олон жил үргэлжлэн баруун монголчууд гал усны зотлон амсаж ирсэн юм байна лээ.

2018, 9 сар 6. 12:21
ЗочинГээгий

үнэхээр гайхалтай түүх өөр олон олон түүхт хүмүүсийн тухай оруулж байгаарай.

2019, 3 сар 27. 13:36
Зочин

Дүнгэрийн Лувсандорж нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд Шагдар гэдэг айлд төрсөн бөгөөд багадаа эцэг эхээсээ өнчин хоцорч Дүнгэр гуай үрчлэн авч өсгөсөн гэдэг юм. 1934-1935 оны үед Хасгийн дээрэмчидтэй баруун хилийн Толийн заставт тулалдаж явсан. 1939 оны Халхын голын байлдаанд оролцон гарамгай гавьяа байгуулсан баатарлаг дайчны нэгэн билээ . Энэ онд Халх голын дайны түүхэн ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Төрөлх нутаг Эрдэнэ сумын дунд сургуульийн 90 жилийн ойгоор БНМАУ-ын Баатар Ванчинжавын Шаравын нэрэмжит алдарын танхимыг байгуулах гэж байгаа юм байна. Иймд ахмад дайчин Д.Лувсандашийн баатарлаг үйлсийн талаар 99101755 утсаар холбогдон дурсамж сэтэгдлээ хуваалцахыг төрөл төрөгсөд, үр ач , ахмад дайчин нартаа уламжлахыг хүсье.
Дашнямын Жанчивдорж

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]