Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголын эзэнт улсын нийслэл Хар Хорум биш Хар Хором уу?Уншсан12,565

Хар Хором хэмээх нэрийн тухай эрэн сурвалжлах санаа Монголын нууц товчоон дахь газар усны нэрийн тухай vзvvлэн илтгэл бэлдэж байх явцдаа их эрдэмтэн Хар Дорж багшаасаа зөвлөлгөө авах үеэр анх төрсөн юм.

Чингис хааны өлгий нутаг Ар Монгол буюу НҮБ-ын бүрэн эрхт гишүүн одоогийн ардчилсан Монголыг зорих гадаадын зочин, жуулчдын хамгийн түрүүнд очиж үзэхийг хүсдэг газар бол Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хар Хором (Дундад эртний монголоор Кара Корум) хот буюу одоогийн Хархорин юм.

Хар Хором хэмээх нэрийн тухай эрэн сурвалжлах санаа 2006 оны хавар Cан Франциско хотод болсон Индианагийн их сургуулийн Монгол нийгэмлэг, Америкийн Монгол судлалын төвийн хамтарсан хуралд Монголын нууц товчоон дахь газар усны нэрийн тухай  үзүүлэнт илтгэл бэлдэж байх явцдаа их эрдэмтэн Хар Дорж багшаасаа зөвлөлгөө авах үеэр анх төрсөн юм. Ингээд энэ нэрийн тухай Хар Дорж багштай ярилцан,  түүний зөвлөсний дагуу дэлхийн хэд хэдэн монголч эрдэмтдийн гайхамшигт бүтээлүүдийн зарим хуудсыг эргүүлэн байж энэ бяцхан тэмдэглэлийг тэрлэв.

 

Харвардын их сургуулийн монголч эрдэмтэн Монголын нууц товчоог англи хэлнээ анх орчуулсан алдарт хятадч, монголч Фрэнсис Вүүдмэн Клийвз (Francis Woodman Cleaves) 1346 оны хөшөөний монгол-хятад  бичээсийн тухай судалгаандаа Хар Хором хот нь нэг биш монгол судлаачдын судалгааны зорилго байсныг дурьдаад 1817 оны 10 дугаар сарын 31 нд Жаан Пьер Абэл-Рэмvсaaгийн уншсан " Кара Корум хотын тухай судалгаа, Дундад зууны үеийн Татар (= Монгол) улсын газарзүйн тодорхойгүй зүйлийг тодруулах тайлбар сэлт" [1] нэртэй судалгаа, 1893 онд хэвлэгдсэн Анри Кордиэгийн "Татар улс дахь Хэ-линь гэдгийн байрлал, Исусийн Нийгэмлэгийн ламтан А Гобилийн урьд хэвлэгдээгүй гар бичмэл, удиртгал, тэмдэглэлvvд\\\"[2] нэртэй өгүүлэл,  1925 онд хэвлэгдсэн Францын алдарт монгол судлаач Поль Пэлиогийн " Хар Хоромын тухай тэмдэглэл"[3] гэсэн гурван судалгааг хамгийн чухалд тооцон бичсэн байдаг. Тэрээр энэ судалгаандаа цаашид хятад, латин, перси болон бусад хэлэн дэх материалыг судлан Хар Хоромын тухай нэг сэдэвт бүтээл гаргах шаардлага зайлшгүй гарна (Cleaves, 1952: 25) гээд 1346 оны хөшөөний монгол-хятад бичээсийн  монгол, хятад эхийн дөрөвдэх хэсгийн орчуулга, тайлбарыг анх удаа хийжээ. Дашрамд дурьдахад 1335, 1338, 1362, 1346 оны хөшөөний монгол-хятад бичээсүүд нь 13-14-р зууны монгол бичгийн хэлний хосгүй дурсгал төдийгүй Юань улсын түүхийн ховор судлагдахуун болдог байна.

Хар Хоромын Эрдэнэ зуугаас олдсон 1346 оны хөшөөний бичээсүүдийг Владимир Котвич, Николай Поппе, Фрэнсис Клийвз нар сэргээжээ. 1346 оны хөшөөний монгол хятад бичээсийн хятад эх нь бүхэлдээ, монгол эхийн 4 хэсэг нь сэргээгдсэн ба тайлагдан орчуулагдсан байна. Монгол хэсгийн заримыг сэргээхдээ хятад сурвалжуудыг  ашиглажээ.

1891 онд В. В. Радлов (Wilhelm Radloff) тэргүүтэй Оросын шинжлэх ухааны Академийн эрдэмтэд Орхоны экспедицийг зохион байгуулж 1892 онд В. В. Радлов Эрдэнэ зуу хийдийн хавиас олдсон хөшөөний бичээсийн хэсгүүдийг Монголын эртний дурсгалын цомог (Atlas der Alterthümer der Mongolei) (Aтлac Древностей Монголии)-тоо хэвлэн гаргажээ.

Оросын польш эрдэмтэн В. Котвич 1918 онд Оросын Шинжлэх ухааны академийн дэргэдэх их Питерийн нэрэмжит хүн судлал ба угсаатны зүйн музейн судалгааны өгүүллийн цомогт хэвлүүлсэн "Эрдэнэ зуугийн хөшөөний бичээс" ("Монгольскiя надписи въ Эрдэнэ-дзу") ("Mongolian inscriptions in Erdeni-dzu") өгүүлэлдээ Радловын хэвлэсэн хоёр хэсгийн нэгийг нь орчуулж хэвлүүлсэн байна.  В.Котвич энэ өгүүлэлдээ түүний Эрдэнэ зуугаас олсон хөшөөний бичээсийн 3 хэсэг нь Радловын олсон хөшөөний бичээсийн хоёр хэсэгтэй нэг хөшөөний бичээс болох тухай, уг хөшөөний бичээс нь нэг талдаа монгол, нөгөө талдаа хятад хэлээр бичигдсэн байсан зэргийг судалгааныхаа үр дүнгээр нотлоод энэ бичээс нь Хар Хоромд баригдсан Буддийн шашны сүмийн тухай өгүүлдэг, түүний орчуулсан хэсгийн агуулга нь П.С.Поповийн орчуулсан "Монгол нүүдэлчдийн тухай тэмдэглэл"[4] дэх Хар Хоромын тухай хэсэгтэй тохирч байгааг дурьджээ. Үүийг Клийвз 1346 оны хөшөөний бичээсийг судлахад чухал ач холбогдолтой алхам болсон гэж тэмдэглэсэн байдаг.  В.Котвич В.Радловын олсон хөшөөний бичээсийн нэг хэсгээс монгол бичгээр бичсэн түүхийн баримтаас анх удаа Монголын эртний хаадын нийслэл Хар Хором хотын нэрийг монгол бичгээр Хором (           ) гэж бичсэн хэлбэрээр оллоо (В.Котвич, 1918: 213 ) гэж дурьджээ. Тэрээр өнөөг хүртэл Хором хэмээх энэ нэр зөвхөн араб, хятад, европ болон бусад гадаад эх сурвалжаас мэдэгдэж байсан юм гэжээ. 

1346 оны хөшөөний бичээсийн хамгийн нарийн судалгааг хийсэн хүн бол Фрэнсис Клийвз юм. Клийвзийн тэмдэглэснээр 1346 оны хөшөөний монгол-хятад бичээс нь 14-р зууны монгол бичгийн хэлний хосгүй дурсгал төдийгүй Монголд буддизм хөгжсөн түүхийн сонирхолтой гэрч юм. Учир нь энэ хөшөөний бичээст Чингис хаан (Тайзу) 15-дахь жилдээ буюу 1220 онд Хар Хоромыг нийслэлээ болгож, 1235 онд Өгөдэй хаан (Tайзун) Хар Хоромын хэрмийг босгон, сүм хийд байгуулж эхэлсэн ба Мөнх хаан (Сяньзун) үргэлжлүүлэн 1256 онд 5 давхар асартай 90м өндөр суварга барьсан тухай, 1342-1346 онд Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн зарлигаар  уг сүм, суваргыг дахин засварлаж, Мандахуй Юань гүрний асар гэж нэрлэсэн тухай, Тогоонтөмөр  энэ үйл явдлыг магтан дуулсан хөшөө босгох нь зүйтэй гэж үзэн, энэхүү монгол хятад бичигтэй хөшөөг  босгохыг 1346 оны 12 сарын 19 нд зарлигдсан тухай өгүүлжээ. Клийвз 1346 оны хөшөөний монгол хятад бичээсийн энэ судалгаандаа Хар Хоромын тухай хятад сурвалжуудад тэмдэглэсэн байдлыг он дарааллын дагуу дэлгэрэнгүй өгчээ. (Cleaves, 1952: 25-26). Бартолд Өгөдэй дүү Тулуйн эрхшээлд байсан газарт хэрэм босгох зарлиг яагаад гаргасныг гайхан бичсэн нь бий. Үүний тайлбарыг эрдэмтэд Хар Хором нь Чингис хааны үед Монголын нийслэл болсон байсан гэдгээр тайлбарласан байдаг. Өгөдэй хааны зарлигаар Хар Хоромд хятадын туршлагатай урчууд, зураачид ирж Буддын шашны энэ сүмийг барьсан гэдэг. Ф.В.Рубрикийн дурсамжинд тэмдэглэгдсэн Хар Хоромд байсан янз бүрийн үндэстний 12 гайхамшигт сүмийн нэг нь энэ гэж эрдэмтэд үздэг байна. Ийнхүү Хар Хором нь 1260 онд Хубилайг хаан болтол Монгол эзэнт гүрний нийслэл байсаар байжээ. 1260 онд Монголын эзэнт улсын нийслэл Бээжинд шилжсэний дараа Хар Хором нь цэргийн Ерөнхий захирагчийн суурин болсон ба 1289 онд цэргийн ерөнхий захирагч сэтгэл дундуур монгол ноёдын бослогод нэгдсэн гэдэг. 1307 онд Хар Хоромд Нүүдлийн их бичгийн дарга нарын газар (Moving Grand Secretariat) байгуулагдаж Хоромын ерөнхий захирагч (General Administrator of Holin) бий болжээ. Энэ нь 1309 онд Нүүдлийн их зөвлөл (Moving Grand Council) болсон байна. Ийнхүү Хар Хором нь1368 онд эзэнт гүрнийг унатал цэргийн захиргааны гол төв байсаар байжээ. 1412 оны үед Монголын удирдагч Аругтай Мин улсын хаанаас "Хэнингийн ван " ("Prince of Honing") цол авч байсан тухай түүхэн баримт бас байдаг байна. 1585 онд баригдсан Эрдэнэ зуу хийд эртний Монголын нийслэл Хар Хорoмын туурины хажууд баригдсан гэдэг.

Хар Хором гэдэг нэрийн түүх одоо болтол бүрэн тодорхойгүй боловч магадлал өндөр судалгаа таамгийг дэлхийн нэрт монголч эрдэмтэд дэвшvvлжээ.

Хар Хоромын нэрийг Баруунд олон янзаар бичсэнийг нэгтгэн дүн шинжилгээ хийсэн хүн бол Францын алдарт монголч Поль Пэлио юм. Түүний "Марко Пологийн тэмдэглэл" гурван боть номын 1-р ботийн Хар Хоромын тухай хэсэгт Хар Хором гэдэг үгийг янз бүрийн эх сурвалжид хэрхэн галигласныг жагсаан дурьдсан байдаг. Үүнд: Carachoran, Сaroccoran, Caracoran, Сarocoram, Caracoron, Сharacharom (Pelliot, 1959, vol.1: 165) гэх мэт арван хэдэн янзаар бичигдсэн байдаг ба Поль Пэлио номондоо Каракором (Caracorom) гэж бичсэн байдаг.

П.Пэлиогийн тэмдэглэснээр Хар Хором нэрийг анх дурьдсан барууны бичигч бол Плано Карпино юм. 1254 онд Рубрик Хар Хоромд нилээд өдрийг өнгөрөөсөн тухайгаа тэмдэглэн үлдээжээ. Мөн Гүржийн нэг түүхийн судар, Жувайний (Juwaini), Рашид-ад-Дин (Rashid- аd- Din) гэх мэт Персийн судлаачдын бүтээлд "Qaraqurum", "Qaraqorum", Монголын нууц товчоонд нэг  удаа Кара Корум (Qara Qorum) (§ 273) гэж бичигдсэн байдаг. Дээр бичсэнчлэн Эрдэнэ зуугаас олдсон1346 оны хөшөөний бичээст Хором (Qorom) (          ), хятад эх сурвалжуудад Хэ-линь (Ho- lin) (秇林) нэртэй  дурьдагджээ. Хятад эх сурвалжид анх удаа Юань улсын сударт (YS, 2, 2b) Єгөөдэй 1235 онд Хэ-линь (Ho-lin) (秇林) (Qorum) хотод хэрэм босгох зарлиг гаргасан гэж бичжээ. Түүнчлэн энэ сударт (YS, 58, 18a) Хэ-линь ( Ho-lin) (秇林) нь хотын баруун хэсгээр урсах Хa-лa-Хэ-линь голын нэрээр нэрлэгдсэн гэж бичсэн байна. Эдгээрийг орчуулсан зарим эрдэмтэд энэ голыг Орхон гол гэж үзсэн байдаг. Гэхдээ Орхон нь Тан улсын үеэс мэдэгдэж байсан бөгөөд энэ нь Хэ-линь (Ho-lin) (秇林) (Qorum) гэдэг үгтэй ямар ч холбогдох учиргүй гэнэ. П.Пэлиогийн дурьдсанаар хятад эх сурвалжид дурьдсан Хар Хором гол нь төөрөгдөл байж болох юм. 1312 онд Хар Хоромын засаг захиргааны нэр нь Хэ-нинь (Ho-ning) байсан гэж дээр дурьдсан. Хятад эх сурвалжуудад Хэ-линь (Ho-lin) (秇林) гэж дурьдагдсаны учир нь хятад хэлэнд үгийн эхэнд р (r-) үсэг хэзээ ч байгаагүй ба дундад эртний хятад хэлэнд -ум, -ом (-um or -om) төгсгөл байгаагүйтэй холбоотой. Иймээс Qоrum нь хятад хэлэнд орчуулагдахдаа Хэ-линь (Ho-lin, 秇林) болоод сүүлд монгол хэлэнд буцаж орчуулагдахдаа "Хорин" болжээ. Өөрөөр хэлбэл дундад эртний Qorom гэдэг үгийг Юань улсын үед хятдаар Ho-lin гэж галиглаад эндээс монгол хэлэид  Хорин гэдэг үг үүссэн 6айна.

Хоромыг Туул Сэлэнгэ гол эхээ авсан уулын нэр гэж дурдагдсан нь тааралддаг байна. Тухайлбал Персийн эрдэмтэн Жувайний (Juwaini) сонссоноор уйгурчууд Хар Хором гэдэг уулаас эх авсан Орхон голын хөндийд дээр үеэс амьдарч байсан ба Өгөдэйн хот тэр уулын нэрээр нэрлэгдсэн, Уйгурчуудын анхны хаан Хар Хором уулнаас эх авсан Туул Сэлэнгэ голын бэлчирт төрсөн гэнэ. Рашид-ад-Дин энэ тухай арай өөрөөр дурьдсан байдаг. Гэхдээ Хар Хором уулын нэрээс үүссэн гэж тэмдэглэсэн байдаг. Монголын эзэнт гүрнээс өмнөх үед хамаарах Хятадын болон Персийн  сурвалж бичгүүдэд Хар Хором уулын тухай бас тэмдэглэгдсэн байдаг байна. Иймээс П.Пэлиогийн бичсэнээр уйгурчуудаас уламжлагдан хэрэглэгдэж байсан энэ нэр нь монгол биш турк нэр байх магадлалтай. Турк хэлэнд корум (qorum) гэдэг нь бул чулуу (rolled stone, boulder) гэсэн утгатай. Тэгвэл Кара Корум (Qara Qorum) буюу "Black boulder" нь уулын нэр байж болох юм. Одоогийн Хятад Пакистаны хил дээр Хархоромын (Karakoram) нуруу гэж байдаг. Энэ бүхнээс Oрхон голын сав нутагт байдаг уулын турк нэрнээс Монголын эзэнт улсын нийслэлийн нэр гарсан байх бүрэн боломжтой (Pelliot, 1959: 166) гэж эрдэмтэн П.Пэлио vзжээ.

Эзэнт гүрний маань нийслэл байсан Хар Хором хотын түүх, нэрийн түүхээс, Хар Хором (Хорум) яагаад Хархорин болсныг зарим нэрт монгол судлаачдын эх сурвалжид дулдуйдан товч дурьдахад ийм байна. Үүнийг тэрлэх болсны гол шалтгаан нь Эзэнт гүрнийхээ эртний нийслэлийг жинхэнэ нэрээр нь нэрлэхэд эрх биш анхаарах хэрэгтэй болов уу гэсэнд оршиж байгаа юм. Одоогийн монгол эх сурвалжуудад Хархорин, Хар Хорум гэж хэрэглэгдэж байгаа ба энэ газрын албан ёсны нэр Хархорин байгаа. Бидний Хар Хорум биш Хар Хором гэж бичиж байгаагийн учир нь орчин цагийн монгол хэлний эгшиг зохицох ёсны дагуу эхний үе нь "о" тохиолдолд дараагийн үе нь "у" байх боломжгүй юм.

Буруу ташаа зүйл бичсэн бол эрдмийн их хүмүүсээс хүлцэл өчье. Болгоон таалах болтугай.

Ашигласан ном зохиол: (References)

  1. В. Л. Котвич "Монгольскiя надписи въ Эрдэнэ-дзу"(Сборник музея Антропологии и

    Этнографии имени Петра Великого при Российской Академии  Наук, 1918, c.205-214)

  1. Francis Woodman Cleaves, "The Sino-Mongolian Inscription of 1346", Harvard Journal in Asiatic Studies, Vol.15, No 1/2. (Jun. 1952), pp.1-123
  2. W. Radloff, Atlas der Alterthümer der Mongolei (St. Petersburg, 1892.)
  3. Paul Pelliot, Notes on Marco Polo, Vol. 1, (Paris 1959), pp. 165-169                                      

 [1]Jean Pierre Abel-Rėmusat, "Recherches sur la ville de Kara-Koroum, avec des éclaircissemens sur plusieurs points obscurs de la Géographie de la Tartarie dans le moyen âge" (1824)

[2] Henry Cordier, "Situation de Ho-lin en Tartarie, Manuscrit inédit du Père A. Gaubil, S.J., publié avec une introduction et des notes." (1893)

[3] Paul Pelloit, "Note sur Karakorum" (1925)

[4] "Мэн-гу ю-му цзи" ("Notes about the Mongolian pastures" "Записки о Монгольских кочевьях" Перевод с китайского П.С Попов. СПБ 1895.р.382.") нь Манжийн мэдэлд байсан Ар, Өвөр монголчуудын тухай мэдээ

Лэгдэнгийн Цэрэнчунт, (tlegden@indiana.edu)

АНУ, Индиана муж улс, Блүүмингтон хот, Индианагийн их сургууль

2006 оны 8-р сарын 15

Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 1 сар 25. 8:30
Зочин

Хур хэрэм. Их хэрэм гэж буугаад бгаам даа

2018, 11 сар 28. 16:54
Зочин

Odoo l bidnii nutag bolohoos urd ni turegiin uigariin kırgiziin haant ulsuudiin niislel baisan gazar ner ni ch KaraKorum oorchlogdoogui. Odoo ch tureg helend koruma gedeg ni hamgaalah tsaizlah gesen utgaaraa hereglegddeggiig tuhain heleer yaridag hun buhen medne. Er ni mongoliinhoo yumiig zus buruu europiin humuusees haisnaas oir haviinhaa undes negt ulsuudaas haival iluu hurdan unend dohomtei garlat olno gedegt?bi bat itgedeg.

2018, 10 сар 13. 15:39
Хаха

Хайр хүрэм гэсэн үг сунжраад гээл хахах

2018, 10 сар 12. 13:37
Зочин

хааны хунтайж хурим хийх үед нь их хур бороо орсоноор ХУР ХУРИМ гэж нэрлэгдэж эхэлсэн нь хожим хархорин болж нэршсэн

2016, 12 сар 26. 17:01
Зочин

хур хурим гэсэн үг сунжираад ийм болсон

2016, 12 сар 22. 2:31
Амгалан

Хар гэдэг нь өнгийг заахаас гадна бас их гэсэн утгийг агуулдаг. Манайхан хотыг Балгасун гэдэг байсан ба хэрмээр хүрээлэгдсэнг Хэрмэн хэмээдгийг хэд хэдэн удаа уншиж байсан. Магадгүй Хэрмэн Кремль болсон шиг Хорум болж, Их хэрмэн гэсэн утга бүхий нэршил Хархорум хэмээн гуйвсан нь илүү дөхөм болов уу

2016, 12 сар 19. 11:12
Зочин

хур харам биш юмуу архангайханш т

2016, 11 сар 19. 23:51
Мгл

Тэр орчны орхон голын хондии тэр чигээрээ хар онготой хурмэн чулуу буюу эрт галавын галт уулын халуун хайлмагаас тогтсон газар орон шуудээ. Монгол нутгиин газрын нэр тогтоох гээд л хаа хамаагуй харь улсын эрдэмтэд, ирж узээчгуй судлаачдын ном сударсудлаад явчихдаг нь буруу шуудээ.яахараа монгол хэлнии хар гэдэг угииг заавал турэг болгоод байгаан

2016, 11 сар 14. 13:46
Зочин

энэ нэр тэр түүхэн үйл явдал уг нь жинхэнэ Хар хорум хотын малталгаа судалгаанаас үнэн зөв гарна одоо энэ дэвшүүлээд буй эрдэмтдийг үгүйсгүйч энэ бодвт байдлаас зөрсөн мухар тулгалт болох гээд байна одоо Хөдөө арал болон энэ худлаа Алтан тэвшийн гэж будилуулдаг чухам ямар хүрээгээс хамаарч зөвдөх ёстой энэ Хар хорум ганц манай ч биш Перс болон одоо мартагдах шахсан Балканы улсууд дэлхийн өв болох үйлдвэр технолиготой улсын шашдир түүхт заавал байх ёстой гэвч эдгээр улсууд өөрсдийн болгох хүсэл мартагналуудаас нууцлагдаг болуу

2016, 11 сар 14. 12:44
Зочин

Галт уулын үүдэлтэй хар хүрмэн чулуу бүхий хөрстэй байснаас Хархүрэм гэж нэрдэсэн гэх таамаглал байдаг.

2016, 11 сар 14. 9:07
Зочин

ДЭЭР ҮЕД ХААНЫ ХУНТАЙЖ ХУРИМ НАЙР ХИЙХҮЙ ДООР ЦАГТ НЬ МАШИД ИХ ХУР БОРОО ОРЖЭЭ. ТЭГЭЭД ТЭР БАЙРШИЛЫГ ХУР ХУРИМ ГЭЖ нэрлэж байсан нь цаашид сунжирч ХАРХОРИН болсон гэж өвөө мааань багад хэлж байж билээ. ЭРДЭМТЭН МЭРГЭД ЦААШИД СУДАЛНА УУ

2016, 11 сар 12. 22:59
Зочин

tiim tiim yaltgui tureg ug kara-korum gedeg korum gedeg n tsaiz ordon gesen utgiig ilerhiildeg gej bi unshij baisan yum baina kara gedeg n har gesen ungiig adilhan ilerhiildeg tureg hel medehgui bol nuuts tovchoog sain unshij tailj medehgui yum baina le shu

2016, 11 сар 14. 14:41
ded

Naadah chin yag zuv yum shig sanagdaj baina. Harherem gedeg ner iluu naaldatstai unemshiltei sonsogdoj baina.

2016, 11 сар 12. 8:50
Зочин

Чингис хаан нийслэлээ болгохоос өмнө Уйгарын хаант улсын байгуулсан олон хот суурингуудын нэг нь Хар Хорум суурин бсан Хар Хорум нэр Турк үг бөгөөд Монголоор хар хайраг гэсэн утгатай Афганистан Пакистан Хятад Энэтхэгийн хилийн уулзварт Ваханы корридор Wakhan Corridor гэж алдартай хөндийн дэргэд Хар Хорум гэж 8000 метрийн өндөртэй цасан хайрхан бий Энэ уулын нэр бас Турк үг хар хайраг гэсэн утгатай . Хар Хорум нэрийг ажилалгаатай тайлбарлах хэрэггүй шүү дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]