Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Речкалов ЯК-ыг бууд, ЯК-ыг унага!"Уншсан55,314

ЯК чиглэлээ өөрчилсөнгүй. Бид сүүлийн "Петляковтой" адилхан зайд ойртох үед ЯК нэг ээлж (галлалт) өгчихөөд дээшээ огцом татав.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

“Ойрхон ганцаар яваа нэгэн онгоц харагдав. Тэр “Петляковчууд“ руу түргэн ойртож байсан бөгөөд харахад л ЯК гэдэг нь ойлгомжтой. Эхлээд хөөрхийг бусдаасаа төөрсөн эсвэл хамтрагчаа алдсан нэгэн юм байх гэж бодсон боловч ЯК бидэнтэй нийлэх биш харин бөмбөгдөгч рүү улам бүр ойртох үед нь би замыг нь хаах чиглэлээр доошиллоо. ЯК чиглэлээ өөрчилсөнгүй. Бид сүүлийн "Петляковтой" адилхан зайд ойртох үед ЯК нэг ээлж (галлалт) өгчихөөд дээшээ огцом татав.

Нөгөө дайсны ЯК. Нөгөө Таганрогийн тэндэх... би түүнийг нэгэнт барьж авч чадахааргүй холдсон байдаг.

-Речкалов ЯК-ыг бууд! ЯК-ыг унага! гэж би микрофоноор хашгираад л өнгөрсөн юм.

Речкаловын хувьд миний хэлсэн үг огтын ойлгомжгүй зүйл байсан учир хэлснийг минь хийсэнгүй. Ингээд ЯК алга болоод өглөө.”

Зөвлөлтийн алдарт ас А.Покрышкины дурдатгал номонд ингэж өгүүлсэн бөгөөд уг онгоцтой өмнө нь бас нэг таарч, бүр буудуулж байсан тухайгаа ч бичсэн байдаг. Уг онгоц яагаад Германы талын онгоц болсон тухайд тэрээр “Шив шинэхэн онгоц авсан залуучууд тулалдаанд яарч байсан боловч тэднийг дагуулан буудалд нь хүргэх ёстой Пе-2 төөрч, алдаа гаргаж дайсны мэдэлд байсан Таганрогийн буудлыг Ростовын нисэх буудал хэмээн андууран буусан учир олзлогдсон” хэмээн  товчхон бичсэн байна. Бодит түүх нь илүү будлиантай, баатарлаг явдал, урвалт шарвалт холилдсон үйл явдал болсон байдаг билээ.

Кубанийн тэнгэрт болж байгаа том тулалдаанд Зөвлөлтийн тал агаарт ноёрхохын тулд энд тэндээс боломжит бүх сөнөөгчийн ангийг татаж байлаа. Тэдний нэг болох шинэхэн ЯК-1 Б онгоцтой буудуулж үзээгүй нисгэгч бүхий хэсэг 1943 оны 4-р сарын 17-нд Ростов орохоор агаарт гарчээ. Тэднийг дагуулан тухайн орчин, газар орныг мэдэх ёстой Каримов штурмантай  Пе-2 бөмбөгдөгч цуг хөөрсөн байна.

Энэ Пе-2 бөмбөгдөгч онгоцны хорооныхон гэж ер нь таарсан амьтад байсан шиг. Дайн тулалдааны үед бөмбөгдөх байгаа ололгүй ирсэн, өөрийнхөө цэргүүдийг андуурч бөмбөгдсөн зэрэг хэрэг чамлалтгүй тарьсан анги нэгтгэл байсан гэнэ. Тэр бөмбөгдөгч хорооныхон хэдийгээр сөнөөгч нарт амлахдаа "Газраа мэддэг туршлагатай хүмүүсээр та нарын гараас чинь хөтлөөд хүрэх газарт чинь хүргээд өгнө" гэсэн боловч тулалдаанд гарахад бэлэн болоогүй, хамгийн бага бэлтгэлтэй нөхдүүдээ энэ ажилд дайчилсан байж.

Нэг хэсэг сөнөөгч хөтөлж гарсан Пе-2 очих газраа эрж хайж ийш тийш баахан тэнээд хүрэх газраа хүрэлгүй шатахуун дуусч хамаагүй наана буусан бол нөгөө хэсэг нь Германы мэдэлд байгаа газар хүрээд буудуулж, зугтаж байж Ростов орсон боловч буухдаа баахан эвдрэл гэмтэл, өөр нэг хэсэг нь бүр бараг л эсрэг чиглэл рүү нисэж очсон юм байх.

Харин дээр дурдсан Каримов хөтлөгчтэй хэсэг нь цаг агаарын тааламжтай нөхцөлд, харагдах орчин сайн үед Ростов биш Таганрогт ирэн, ирсэн газраа Ростовын нисэх буудал хэмээн ойлгож тойрогт орон бууж эхэлжээ. Сөнөөгч бүлгийн дарга ахмад Егоров, дэслэгч Единархов, дэслэгч Горбачев түрүүлэн буусан бөгөөд энэ үед уг буудал дээр ямар ч онгоц байсангүй. Тухайн нисэх буудлын эзэн болсон германууд эхлээд Зөвлөлтийн сөнөөгч онгоцнууд ирээд шууд бууж байгааг хараад бас л гайхаж мэгдсэн бөгөөд эдгээр гурван онгоц буусны дараа л бусад буухаар бэлтгэж байгаа онгоцууд руу зенитийн их буугаар буудаж эхэллээ. Нам өндөрт тойрог хийн нисэж байсан онгоцууд сайхан бай байсан учир буудлага ч үр дүнтэй болж гурван онгоцыг тэр дор нь унагалаа. Харин газарт буусан хэдийг баривчлахаар Германы цэргүүд гүйж ирэхэд буцаж нисэх ямар ч бололцоогүй болсон ахмад Егоров онгоцноосоо гарч гар буугаараа буудалцсаар үрэгдсэн бол дэслэгч Единархов онгоц дотроосоо буудаж байгаад онгоцтойгоо шатсан байна. Дэслэгч Горбачев ямар ч эсэргүүцэл үзүүлж амжсангүй бууж өгчээ. Газарт буудуулж байгаа хэдийгээ хамгаалах боломж тэнгэрт байгаа сөнөөгч нарт байгаагүй ба учир нь тэдний онгоц байлдааны даалгаварт нисээгүй учир ямар ч сумгүй байв. Гурван онгоцоо олзлуулаад, гурван онгоцоо буудуулаад бусад нь яаран сандран зугтсаар Ростовоо ямар ч байсан олж очиж.

Бууж өгсөн Горбачевоос гадна агаарт буудуулсан ч шүхрээр үсрэн амьд үлдсэн Добытеев бүтэн өдөр зугтаж явсаар бас олзлогдсон бол бусад буусан, буудуулсан онгоцны нисгэгч нар амь үрэгдсэн байна. Зарим мэдээгээр эдгээр онгоцны нэгэнд, суудлын араар чихэж суусан механик Кондрахин бас олзлогдсон бөгөөд түүнийг байцаасан нэг байцаалтын тэмдэглэл байдаг боловч өөр ямар ч баримт үгүйг бодвол энэ механик хүнд шархтай байгаад удалгүй өнгөрсөн бололтой.

Германуудаас зугтаж чадсан Пе-2 онгоцны баг болон 3 сөнөөгч ЯК-ийн (зарим нь 4 ЯК эргэн буусан гэх) нисгэгч нарыг тэр даруй шүүж эхэлсэн ба Пе-2 онгоцны баг ихээхэн хатуу шийтгэл хүлээсэн гэдэг. Бодвол хээрийн шүүхийн гаргадаг цорын ганц гэж хэлж болох тэр шийдвэрийг гаргаа биз.

Олзлогдсон Добытеев цаашид хорих лагер дамжин явсаар 1945 онд суллагдсан бол харин бууж өгсөн Горбачев 1945 онд онгоцны ослоор үрэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тэр өнөөх "Власовын цэрэг" болж эргээд Зөвлөлтийн эсрэг дайтаж байсан баримтыг дайны дараа Германы цэргийн архиваас олсон.

Покрышкины бичсэн тэр ЯК нь дээрх хоёр ЯК-ын нэг мөн байж болох бөгөөд харин тэр онгоцоор хэн нисэж Зөвлөлтийн онгоцыг буудаж байсан нь их сонин. Дайсныхаа онгоцоор дайсандаа мэдэгдэлгүй тулж очин буудаж, үүнээс болж дайсны онгоцууд хоорондоо үл ойлголцон нэгнийгээ буудах гэх зэрэг олон будлиан үүсгэнэ. Бас ийм онгоцоор тагнуулын нислэг, их бууны галын засвар хийх зэрэг олон зүйлд маш үр дүнтэй байх нь ойлгомжтой. Ингэж ч байж.

Ийм онгоцны учруулж болох аюул занал ямар их болохыг ойлгосон, бас ч нэг хоёр онгоцоо алдсан (дайсны ЯК-т буудуулж унасан нэг онгоц лав байдаг нь тогтоогдсон) Зөвлөлтийнхөн тэрхүү онгоцыг устгах гэж олон арга хэмжээ авч байсны нэг нь Покрышкинд Таганрогийн нисэх буудал дээр байгаа ЯК-ыг тэр даруй устгах тушаал өгч байсан явдал юм. Покрышкин яаран очиход уг онгоцуудыг аль хэдийнэ аваад явсан байсан гэдэг. Дараа нь Зөвлөлтийн нисэх хүчин Кубанийн тэнгэрт ганц ч ЯК гаргалгүй хэд хоног болж байж дайсны нэг ЯК-ыг отон устгасан бөгөөд 4 дүгээр сөнөөгч нисэх хорооны нисгэгч Шмелев гэдэг хүн үүнийг гүйцэтгэсэн байна.

Дайсны онгоцоор нисэж дайснаа буудах мэтийн зүйлийг Германы нисгэгч нар хийнэ гэдэг их эргэлзээтэй бөгөөд тэд ихээхэн “цэргийн ёс суртахуун бүхий“, "хүлэг баатар" зантай хүмүүс байсан төдийгүй аливаа иймэрхүү зүйл хийх байтугай хийсэн хүмүүсийг ч үзэж чаддаггүй нөхдүүд. Тэдний дайснаа хүндлэх, “тоглоомын дүрмээ” баримталдаг талаарх олон мянган жишээ бий. Хамгийн наад жишээ нь гэхэд л Таганрогийн нисэх буудал дээр андуурч буугаад дайсантайгаа буудалцсаар байгаад үрэгдсэн дээрх Зөвлөлтийн хоёр нисгэгчийг тухайн буудал дээр байсан Германы нисгэгчид ойрхон байх оршуулгын газарт дээд зэргийн хүндэтгэл үзүүлж нутаглуулж байсан гэдэг. Тэдний шарил одоо ч яг л тэр газраа байдаг юм байна.

 Гэхдээ "Итгэлт баян"-ы хэлдгээр уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай болохоор тийм нэг өөдгүй аргатай хүн бас байсан байхыг үгүйсгэх аргагүй боловч ийм ажлыг ямар нэг урвагч л хийж байсан болов уу. Нэмээд хэлэхэд дайсанд олзлогдсон өөр ЯК бас хэд хэд байдаг ч тэднийг ийм ажилд ашиглалгүй зөвхөн дайсны техникийг таньж, сайн мууг нь мэдэх зэрэг зүйлд л хэрэглэж байгаад сүүлд нь музей болон бусад газар руу шилжүүлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]