Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оюутны намар-мартагдашгүй намар-2Уншсан1,853

Орхоны арал дээр нүүж очсон оюутнууд үдэш болохоор майхныхаа аман дээр задгай түүдэг асаан, хөвөнтэй куртк өмсөн тойрч суугаад шөнийн тэнгэрийг ширтэцгээн од тоолон хүсэл мөрөөдлөө шивнэлдэнэ.

МУСГЗ, доктор Я.Ганбаатар бичиж байна.

...1978 оны намар харин Сэлэнгийн Орхонтуул суманд хадлан хийхээр явцгаалаа. Чилийсэн жарь хоног өвс хадаж бухалдаад намар орой болсон хойно аравдугаар сарын дунд хүргэж буцсан юм. Золоо, Энэрэл, Галаа гурав салдаггүй гурван найз оюутны ширээний ард ч, оюутны майхны хаяанд ч хамт. Тэр өдрүүдийн тухай би “Орхоны мөнгөн түрхрэл буюу анхны ан” хэмээх тууждаа бичиж 2001 онд “Цог” сэтгүүлд хэвлүүлсэн тул энд давтахгүй. Харин зарим нэгээс нь товчхон дурдсу.

Орхон түшээ гүн. Хаа холын Хангай нуруунаас эх авч Өвөрхангай, Архангай, Булганыг дамнан урссаар Сэлэнгийн энэ нутагт ирж Туул голтой нийлдэг. Тиймээс ч Орхон-Туулын бэлчир гэж нэрлэсэн байлгүй. Тэндээс хойш чиглэн аймгийн төв Сүхбаатар хотын өмнө биед Сэлэнгэ мөрөнтэй нийлдэг энэ их усан Монголын төдийгүй, нүүдэлчин ард түмнүүдийн мянга мянган жилийн намтар цадигийг бичилцсэн яах аргагүй бас Хэрлэн мөрөн шиг Түүхийн их мөрөн билээ.

Замдаа олон том, жижиг голыг өөртөө нэгтгэж авсаар Сэлэнгийн нутагт бүр том мөрөн шиг болж урсдаг ажээ. Сумын төвөөс урагшаа байх Арбулгийн даваан дээр хадлан хадаж дуусгаад, тээр хойшоо Бичигт хайрханы өвөрт өвс хадахаар нүүж очсон оюутан бид майхан хотхоноо Орхоны арал дотор босгосон нь яг голын эрэг дээр тул үе үе загасчлахаар голын татуурга, эсвэл бүр их салаа руу нь зориглон очно. Тэгээд эрэг дээр зогсоод цаад талыг нь өгсүүлэн харахад тээр тэнд хадан хавцлын наагуур цэлэлзэн мэлтэлзэх гүн их цээлийг харахад ямар ч өргөн юм, яасан ч сүрдэн аюумаар юм?

Намар цагийн их усны хамаг буртаг булингар нь арилаад ид ариусан аршаан болж, чингэхээрээ ингэж тас хараар мэлтэгнэн мяралзаж байдаг гэнэм. Тэр хадан хананы наадахь цүнхээл хэр гүн бол? Таван метр, арван метр лав байгаа даа? Магадгүй хорь?... Ингэж бодохоос лус хэмээх энэ агуу хүчирхэг байгаль дэлхийг бишрэн бахадмаар, аюун зогтусамаар. Лусын хээл тэр гүн цүнхээл нэгэн цул номин ногоон гантиг хад мэт үл хөдлөн, үл урсан байх шиг.

Нутгийнхан энд үнэхээр лус байдаг гэж эртнээс нааш домоглон ярьж ирсэн гэж сумын жолооч Баатар ах нэг удаа өгүүлсэн юм. Тээр жил Орхон гол ихэд үерлэжээ. Хавь ойрын нуга хөндийг бүрхсэн их ус нэг л мэдэхэд түрхрэн орж ирээд хэд хоног галав юүлсэн мэт усан далай нэлийж байсан гэдэг. Сүүлд нь хүмүүс ярилцах нь, Орхоны цээлд аварга том амьтан байдаг гэнэ, лусын амьтан, хэчнээн ч том юм, бүү мэд. Тэр амьтан ай савандаа багтан ядан голыг өгсөж явахад ус савнаасаа халин тэгж их үер ус үүдсэн хэрэг байж... гэлцэн нэг хэсэг шуугисныг Баатар ах бидэнд хүүрнэж асан тэр үед эл домог бараг мартагдаж байжээ.

Монголчууд домгийн сэтгэлгээнээсээ салж байсан цаг тэр буюу. Хориод оны үед байлдаанд явж ирээд дээлээ тайлахад нь “дайсны сум өврөөс нь шархийтэл асгардаг байсан” Хатанбаатар Магсаржав, дөчөөд оны үед “дайсны суманд оногддоггүй” Дандар баатар, тавиад оны үед Богд ууланд түймэр гарахад “Түвдэндорж аварга түй хийтэл үлээгээд унтраасан” тухай домгууд бол хүмүүсийн нялх оюуны гэнэн сэтгэлгээний илрэл билээ. Өнөөдөр тийм домог ярианд итгэх хүн олдохгүй.

Манай арван жилийн ангийн Мөнхөөгийн аав нь Сэлэнгийн, бүр энэ сумын буриад хүн, 70-аад оны үеийн НАХЯ-ны том дарга, хурандаа хүн нутгаасаа Орхон голоос тул барьж авчирсан гээд мань Мөнхөө хичээл тарсны тараа гэртээ харьж бидэнд галын өрөөнийхөө цонхоор өнөөх тулыг өргөж үзүүлж байсан нь санагдана. Сансарын туннелийн урд талын есөн давхар байрны таван давхарт тэднийх байсан юм. Мөнхөөгийн үгэнд итгэхгүй байсан манай ангийн хөвгүүд мань хүнийг хатгасаар байж заавал үзэхээр болж туннель дээр зогсож байгаад харцгаалаа. Арай ядан толгойноос нь өргөхөд галын өрөөнийх нь цонхны нь дээд хүрээнд тулж, сүүл нь цонхоор харагдахгүй байж билээ. Сүүлд нь тэр тулныхаа, хоолны том шаазан аяга шиг толгойгоор хатаамал хийснийг нь үзэхэд байдгаараа ангайсан амаар нь дүүрэн зүү шиг хурц шүд эгнэн ярайгаад аймаар байсан юм даа... 

Орхонтуулд хоёр сар хадлан хийхэд бие эхлээд буларч даагдахгүй болоод хэд хоногоос арилж, нэг мэдэхэд хөнгөн шингэн болчихсон. Хадаж боосон боодол өвс хорин таван кг. Эхний хоёр өдөр түүнийг юу ч биш юм шиг өргөөд шидээд байснаа бие буларчихаар газраас хөндийрүүлж ч чадахгүй. Аахилаад л, хөлс цуваад л, нуруу бүсэлхийгээр янгинаж өвдөөд л. Юм юм болно оо. Ёстой үгээ хэлж байгаа юм чинь. Хот газрын хүүхэд бид ямар хар бор ажил хийж, ус зөөж, түлээ хөрөөдөж, хагалж явсан биш. Хөдөөнийхөн өөр. Ёстой усандаа байгаа загас шиг л.

Харин сүүлдээ бие чангарчихсан хойно ёстой ажлын машин болно. Өнөөх боодол өвсийг чинь хоёр залуу урт иштэй сэрээгээр сэвхийтэл өргөөд хоп хийтэл шидэн ачиж байгаа том тэрэгний тэвшин дээр хэдэн үе давхарласан өвсөн нуруун дээр гаргана шүү дээ. Бүтэн машин, чиргүүлтэй нь тэгж ачаад амсхийнэ. Нүцгэн нуруу цээж наранд түлэгдэж хэд хоног хорсгож борлоод эцэстээ арьс нь хуулраад хүрлийсэн хар юм болчихно. Дунд сургуульд байхад цэрэгт явсан ах нар хавар халагдаж ирээд гэртээ байж байхыг нь харахад яг л хүрлээр цутгачихсан юм шиг, булчин шөрмөс нь зангирсан тэвхгэр эрчүүл харагддагсан. Өнөөгийнхөөр бол боди-д явчихсан юм шиг.

Орхоны арал дээр нүүж очсон оюутнууд үдэш болохоор майхныхаа аман дээр задгай түүдэг асаан, хөвөнтэй куртк өмсөн тойрч суугаад шөнийн тэнгэрийг ширтэцгээн од тоолон хүсэл мөрөөдлөө шивнэлдэнэ. Тэгснээ “Тэр миний од, тэр чиний од...” гэлцэн, тэнгэрийн хаяа руу сүүлт од харвахад бүгдээрээ уралдан “Тэр миний од биш, тэнгэрийн од, түй түй түй!” гэлцэн араас нь нулимах аядаж, түүндээ бүгд хөөрөн баясалдана. Аяа, оюутан нас, орь залуу насны охь манлай, дурдатгал бодлын дээжис бялхсан гэгээн сайхан он жилүүд байж дээ. Тэгснээ:

Онгон тэнгэрийн мөнгөн хөлгөөр                                                                

Од шиг наашаа дүүлээд ирээч...

хэмээн дуулалдаж, тэрүүхэн урдуур довтолгон өнгөрөх Улаанбаатар-Эрдэнэтийн галт тэрэг шөнийн харанхуйд дуу нь дуулдахгүй ч гэрэлт могой мэт чимээгүйхэн мурилзан одохыг харж, гэрээ санасан, эсвэл сэтгэл нь хөдөлсөн зарим нь тэр зүгт гар даллан хашгирч суусан орь залуу нас юутай сайхан.

Золоо гитардан дуулж байгаа нь тэр. Ялимгүй сөөнгө хоолойгоор тийн дуулахад нь оюутнууд дуу алдан шагшицгаадагсан. “Ямар гоё хоолойтой юм бэ? Яг л Демис Русос!” гэлцэн бүгд налж унацгаана. Энэрэл маань Буянаа багштай франц хэлний дадлага хийгээд завгүй. Бидэнтэй эхлээд Хэл шинжлэлийн Ж.Баянсан багш яваад, дундуур нь Франц хэлний Буяннэмэх багш солигдож ирсэн юм. “Дуулаач, цааш нь дуулаарай! Цөмөөрөө ингээд үүр цайтал сууцгаана шүү! Багш юм хэлэхгүй, унтчихсан... Өөр зөндөө олон гоё дуунууд дуулаач!” гэлцэх нь үнэхээр огт үл уйдан, үүр цайтал тийн суух янзтай.

Гэвч маргааш өглөө ажилтай, өвс бухалдаж, машинд ачна. Тиймээс ганц нэгээрээ босч эвшээн суниасаар майхан руугаа зүглэцгээнэ. Арын Бичигт хайрханы зүгээс чонын улих дуу намуухан сонсдоход тракторчин ах нар охидуудыг айлган: “-Чоно ирэх вий! Мэдээтэй унтацгаагаарай!” гэлцэн, магадгүй нэгнийгээ харанхуйд нудран: “-Чи хүч нэмээч!” гэлцэж байгаа ч юм бил үү...

Дуу сурахад ухаан тэлнэ, ухаан сууна. Өвөг дээдэс эрт дээр үеэс л ардын дуугаар сурган хүмүүжүүлж иржээ:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Уулнаасаа өндөр         

Улиас байдаггүй ээ хөө. 

Учирснаас илүү         

Амраг байдаггүй ээ хөө...

 

Хаднаасаа өндөр 

Хайлаас байдаггүй ээ хөө, 

 Ханилсныгаа зовоовол   

Өөрөө зовно оо хөө...                                                                                                                                           

Одооны хүүхдүүд амьдрал, тэр тусмаа хамтын амьдрал, гэр бүлийн амьдралыг дэндүү хөнгөнд үзэж, нийлэх салах, өрх гэрээ орхих, үр хүүхдээ өнчрүүлэхийг хэвийн юм шиг хандах болжээ. Ёс суртахуун, хүн чанар, жудаг, гэр бүл, хосуудын харьцаа, ханилгааг дэндүү хөнгөнд үзэх нь яавч сайн юм биш ээ... Дуулах тусам таашаал эдлүүлж, сурах тусам ухаарал хайрлана. Тэр чигтээ яруу найраг, гүн ухаан. Дууны шүлэг ийм л байгууштай. Ерөөсөө ийм л юмыг шүлэг, яруу найраг гэх ёстойсон...

Оюутны он жилүүд, оюутны зун, намрын тухай дуу шүлэг цөөнгүй. Тэр бүгдээс би цөөнгүй бичсэн. Одоо дахин хоёрыг дурдахыг хүснэм. Эхнийх нь дуучин Машлайн дуулсан “Оюутан ахуй цаг”, нөгөөх нь Д.Цэдэв гуайн “Алтан намар”. Гайхамшигтай дуунууд даа. Энэ хоёр дууг сонсоход тэртээд улирч одсон оюутан ахуй цаг, орь залуу насны намрын өдрүүд ээлжлэн үзэгддэг юм:

Өргөн Сэлэнгийн хөвөөн дээр   

Будаа тариа хураалцаж,       

Өмнийн цэнхэр говьдоо

Худаг ус гаргалцсан 

      Оюутан ахуй цагаа        

      Эргэж чи минь дурсав уу,         

      Олон намрын өдрүүдээ                                                                                     

      Сэргээж нэг л санав уу.                                                                               

Ногоон зилийн тэвшин дээр  

Дуулалдаж явснаа санав уу,       

Намрын тэр л өдрүүдийг

Эргэж нэг л дурсав уу...  

Тэгвэл “Алтан намар” дуунд:

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй ээ,      

Уудам бэлчээрт шуугиан татрахгүй.        

Алтан намар он жил улиран дуурсгалтай,        

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан.

           Ай даа, намар цаг   

          Алтан сайхан цаг.                                                

          Ай даа, намар цаг                                                                                                   

          Амьдрал тэтгэх цаг аа...                                                                                               

Ижилдсэн нөхдөө мартахын аргагүй, 

Эгшиг дуугаа таслах учиргүй.            

 Алтан намар аялгуу айзмын уянгатай,        

 Алслах нарыг дагаад буцчихгүй нь сайхан...           

Нээрээ л оюутнууд зан ааш, сонирхол хүслээрээ ижилдэн дасч, үерхэж нөхөрлөх төдийгүй хайрлаж дурлаж, хань ижил болцгоодог авай. 1971 оны үед байх, яруу найрагч Т.Очирхүү эхнийх нь дууг зохиож дуучин Машлай зурагтаар дуулах болсныг санаж байна. Тэр үеэс хойш олон жил их дуулагдсан биз дээ. Оюутан болсон бид ч их дуулсан даа. Харин одоо бараг мартагдсан нь харамсалтай. Сүүлд нь Цэдэв гуайн дуу нэмэгдэж намрын тухай, оюутан насны тухай мөнхийн дууллуудын нэг болжээ. 

Оюутны зун, намрын ажил байхгүй болоод уджээ. Цаг өөр болж, түүнээ дагаад олон юм өөрчлөгдсөн нь мэдээж. Багш нар маань өндөр настай болж тэтгэвэртээ гарч, бид ч бас тэр насанд хүрчээ. Гэхдээ л монголчууд тариа ногоо хурааж, хадлан хийж л байгаа. Намар цаг болдогоороо болж, хүмүүс ургацаа хурааж, хадлан хадсаар байгаа. Орхон түшээ гүн бусдын буртгийг ариусган урсаж одсоор л, Эрдэнэтийн галт тэрэг гэрэлт могой мэт нууцхан гэрэл цацруулан явдгаараа явсаар байгаа. Харин тэр нутагт оюутны хотхон байхгүй, залуусын цовоо цолгиун дуу хуур сонсдохгүй байгаа. Харин энэ намар оюутнуудыг ургац хураалтанд ажиллуулна гэсэн шийдвэр гарч байгаа сурагтай. Аштай юу даа. Залуучуудад их л хэрэгтэй дээ.

Чилийсэн жар хоног хадлан хийгээд буцацгаав. Буцахдаа Орхоны гүүрэн дээр гарч зогсоцгоов. Бүгд гүүрийн хашлага түшин доош тонгойж юу ч юм хайх мэт ширтэн чив чимээгүй. Тээр доор цэлэлзэх их усны мандал бидэртэн долгисч, тув тунгалаг улсыг нэвт ёроолын чулууг нь тоолчихмоор тод харагдана. Томоо гэгч цурхай ч юм уу, сом загас ч юм уу, халбилзан загалмайгаа аажуухан хөдөлгөн байрандаа үзэгдэх нь унтаж байгаа буй заа. Түүнээс дээхнэ харин нэг торны доторх загас нь багтаж ядан цүлхийж юу юугүй зад тавих нь уу гэмээр. Хэн нэгэн хэнэггүй загасчин тор тавиад мартаж орхисноор ингэж олон лусын амьтны аминд хүрэх гэж хэмээн халаглан бодно. Тэр үед монголчууд загасчлах нь ховор, тэр тусмаа ингэж тор тавьдаггүй байсан юм... 

Намар оройн налгар дулаахан, өнгөлөг, гэхдээ сэрүүхэн өдөр ажээ. Тэртээх уулсын ой мод нилдээ алтран шаргалтах нь байгаль дэлхийг нэлэнхүй хурц тод өнгөөр будчихсан мэт гэрэлтэж буй нь тэр ээ. Ямар гайхамшигтай өнгө будаг вэ. Есөн сард уулсын энд тэнд ганц нэгээрээ шаргалтсан модод эгээ л уран зураач бийрийнхээ зүүүрээс шар будаг санамсаргүй дусаачихсан мэт гүн ногоон дунд хурц шар өнгө тод ялгаран харагдаж байсансан. Тэгвэл өнөөдөр ой хөвч нилдээ шаргалтан гэрэлтэнэ.

Хоёр сарын өмнө бид анх ирэхдээ Туулын голоос холгүйхэн Арбулгийн даваан дээр хадлан хийж нэлээд хоносон юм. Нэг удаа бид Туулын хөвөөнд очтол нэг л биш ээ. Өмхий самхай ханхлаад ч байх шиг, өнөөх дуунд мөнхөрсөн тунгалаг Туулын ус маань зэвхий сааралтан амь тавих мэт чимээгүйхэн урсч байхыг нь хараад нүдэндээ итгэсэнгүй. “-Энэ чинь юу вэ? Яагаад ийм байдаг билээ? Туул гол мөн үү? Өөр гол юм уу?” гэлцэн оюутнууд бие биенээсээ асууцгаах зуур Баянсан багш: “-Чимээгүй, чимээгүй! Ийм юм битгийн ярьцгаа! Явцгаая!” гэж шивнэн хэлээд цааш эргэж билээ. Хэл аманд орооцолдохоос айсан хэрэг гэдгийг бүүр сүүлд ойлгосон. Тийм л цаг үе байсан юм чинь. Харин Туул гол Орхонд цутгаж нийлэхэд тэр бохир буртагийг нь их ус цэвэрлэн оддог ажээ. Ус долоо хөлбөрөөд ариусдаг гэж хөгшчүүл ярьдаг байсан...

Энд өнгөрүүлсэн хоёр сарын хугацаа хэдийгээр хүний амьдралын он жилүүдийн өчүүхэн хэсэг ч гэлээ, орь залуу насны, оюутан цагийн бодол дуртгалын охь манлай, хамгийн гэгээлэг, гэрэлтэй сайхан өдрүүд болон үлдэж байнам. Тэр гэрэлт өдрүүд насан туршид үл мартагдан үргэлж санагдан бодол дуртгалын ертөнцийг хөглөн сэргээсээр байх буй заа.

Оюутнууд гүүрийн хашлагыг түшин дор бүртээ бодол болон чимээгүй зогссоор л. Аниргүй нам гүмийн дунд Золоо сайн эр гитардан дуулна. Энэ дүр төрх өнөө ч миний сэтгэлийн толинд үзэгдэнэ. Мань хүн нэг удаа сумын тракторчин бандийн салга амбанг унасан юм. “Беларусь” тракторыг тэгж нэрлэдэг байсан даа. Одоо бол ийм тракторыг “Пад пад” гэдэг болжээ. “-Алив бацаан, хойшоо байж бай! Би нэг унаатхая!” гээд жолооны ард үсрэн гарсан мань хүн анх удаагаа жолоо барьж байгаа нь тэр. Арван естэй бид том хүн болсноо мэдэрч эхэлсэн нь тэр шүү дээ. Шууд асаагаад хөдөллөө, аажуухан явдаг атал уралдааны машин хөлөглөсөн нисгэгч шиг л хурд авч давхин одлоо шүү!

Гэтэл жолоогоо залж чаддаггүй ээ! Агаарт хар утаа цацлан паржигнуулан давхисаар майхнуудыг зүглэлээ. “-Хүүе, гэрээ дайрах нь!” гэлцэн Энэрэл бид хоёр араас нь орилж: “-Жолоогоо эргүүлээч! Хажуу тийшээ, хөөе!…” гэж хашгирахад сая сэхээ авсан бололтой хажуу тийш эргэсэн ч оройтжээ. Гал тогооны майхныг дайрах шахан хажуугаар нь манарган гарахдаа хөмөрч тавьсан хоолны хар тогоог налчийтал дайран гарав. Оюутнууд хоол хийж идэх юмгүй болчихов уу, яав. Гэвч бидэнд түүнийг анхаарах сөхөө алга. “-Зогсоогооч, унтраагаач!” хэмээн араас нь орилсоор атал яаж унтраахаа мэдэхгүй давхиулсаар Орхоны зүг чиглэх нь тэр! Энэрэл бид хоёр дахиад л хашгирав. “-Хүүе, гол гол! Ус руу орох нь... Зогсоогооч!” гэж хэчнээн хашгиравч хар утаа татуулан ниссээр гол руу яваад орчих нь тэр ээ!  

“Яана аа? Юу болох нь энэ вэ!” хэмээн бодож хар хурдаараа гүйн хүрэв. Азаар Орхоны их салаа биш, бага татуурга байсан нь аз болжээ. Хамраараа ус руу түрэн орж унтарсан тракторын кабинаас Золоо цухалзаж байна. Сэтгэл сая амрав. Уур ч хүрэх шиг. “-Наанаа тэгээд байж л бай!” гэж бодонгоо жолооч бандийг нүдээрээ эрэн хайв. Гэтэл өнөөх чинь тоосон шинжгүй. “-Ингэж л байдаг юм, энэ дэлхий дээр!” гэх шиг муухан мушилзан хээв нэг хайвалзан ирж явна. Түүнийг хараад бүр санаа амарч билээ.

Жолооч Баатар ах нэг удаа намайг анд дагуулж явлаа. Нар уулын цаагуур орох алдад хөдөлж, явсаар үдшийн бүрий нөмөрсөн хойно Орхон гол руу түрж орсон нэгэн уулын арын энгэрт ирж зогсов. Тээр доор Орхон голын ус мяралзан урсахыг дээрээс нь харахад сүрдмээр. “Тоормосоо сайн татахгүй бол доош өнхөрчихвөл гүн цээл рүү шунган алга болох вий” гэж бодохоос аймаар. Бид хоёр дуу чимээ гарахгүй ингээд машиныхаа бүхээгт унтаад үүрээр бугын мараа эргэж,  гөрөөс харах ажээ. Шөнө болж тас харанхуйд аажмаар одод түгсээр нэлэнхүй огторгуйд одот орчлон үлгэрийн ертөнц мэт дэлхэн нэлийгээд тэр одон дээр юу байдаг бол хэмээх зөгнөл мөрөөдөлд автуулсаар нэг мэдэхэд нам унтсан байлаа.

Баатар ах сэм нудран сэрээж: ”-Тэр хар даа. Марал буга!” хэмээгээд дурангаа өгөхөд заасан зүг рүү харвал буга согоо хоёр голын цаад шугуйд жаргаж хоносон бололтой, аниргүй нам гүмд чимээгүй идшилж байлаа. “Ийм сайхан амьтдыг арай...” гэж бодон Баатар ах руу харвал: “Хангай дэлхийн гоо үзэсгэлэн гэж энэ дээ. Яаж ийм сайхан амьтад руу буу шагайх билээ. Тэгээд ч голын цаана гарах аргагүй!” гээд машинаа асаан аяархан хөдлөв.

Өглөө үүрээр гэгээ орсон ч нар битүүд уулсын бэл, тал хөндийд бууж хоносон цагаан саарал манан будан хөөрөн огшиж байхуйд ойн захад шөнөжин согоогоо хурааж жаргасан даргар эвэрт марал буга урамдахыг сонсоод нүдэн дурангаар харахул үгээр илэрхийлэхийн аргагүй байгаль дэлхийн бас нэгэн гайхамшиг, эгэл агаад эгэлгүй гоо үзэсгэлэнг олж харах авай. “Уулын буга урамдахад уяан дээр агч хүлэг морин шээс алдан эргэцэнэ” гэдэгсэн бил үү. Тийм ээ, энэ л агшны энэ дүр төрх мянга түмэн жил энэ л янзаараа давтагдан ээлжилсээр ирсэн агаад олж харсан хэн ч энэ гоо үзэсгэлэнг төдий л тоодоггүй, тийм эгэл агаад гайхамшиг гэгч энэ авай.

Уулын нугад ирж хоёул машинаасаа буугаад цээж далдлам өндөр ургасан өтгөн нуга руу явж орлоо. Баатар ах өвсөн дундаас хэсэг дурандсанаа хар курткээ над тайлан өгч: “-Үүнийг нөмрөөд гараа савчин чанга хашгирч тийшээ гүй!” гэхэд нь би курткийг нь нөмөрч гараа савчин өвс цохилон зүг чиггүй урагш гүйв. Гэтэл өтгөн өвсөн дундаас сүр сархийх чимээ гарч тэрүүхэн тэндээс хоёр амьтан хоёр тийш бутран давхилдахтай зэрэгцэн буун дуу анир гүмийг эвдэн цуурайтлаа. Нэг нь дээр гэгч цойлон харайж явснаа нугдгасхийн унаж харагдав. Юу болж байгааг ч ойлгож амжаагүй байтал Баатар ах босон ирж тэр зүгт очиход би ч наанаас нь гүйн хүрэв.

Том гур унагаажээ. Гур зүр хоёр ороондоо нийлэн жаргаж байсан нь тэр аж. Ороо нь орсон амьтны хараа нь будангуйрч сонор сэрэмж нь буурдаг агаад тийнхүү гэнэ сэрэггүй жаргаж байгаад ангийн тэнгэр мялаажээ. Намар оройн сэрүүнд усан бороо уйлагнасан манант хангайн уулсад амь нь тасарч нүдний нь гал бөхөж буй хэнд ч халгүй амьтныг харахад “Яах гэж ингэв дээ?” хэмээн өөрсдөдөө буруу өгөхүй гуниг, харуус зэрэгцэн төрж өрөвдөх сэтгэл эзэмдэнэ. “Хань ижил нь хаа байгаа бол?” хэмээн ийш тийш эрэлхийхүй тээр тэнд өвсөн дундаас чих нь булталзан эргэн эргэн харж холдож чадахгүй эргэцэх авай...  

Гүүрийн наад үзүүрт манаач өвгөнийх байдаг юм. Бид энэ хэд хоногт нааш цааш явахдаа энд бууж өвгөнтэй хуучлан саатсаар танил болцгоожээ. Гандсан бор дээлийнхээ энгэрт Байлдааны гавьяаны улаан тугийн одон зүүсэн түүнийг япон Дорж гэнэ. Халх голын дайнд оролцож самурай нартай байлдаж явсан гавьяаг нь үнэлж одонгоор шагнасан нь тэр аж. Цагийн жамаар дайчин баатар эр өтөлж өдгөө гүүр сахисан манаач болжээ. Үр хүүхдүүд нь өсч том болцгоогоод хот суурин газар бараадаж одсон, амралт баяр ёслолоор хаа нэг ач зээ нарыг нь дагуулан ирж хоёр хөгшнийхөө магнайг тэнийлгэдэг гэнэ. Амьдрал ийм л хойно доо. Нэг л мэдэхэд бид ч энэ настай золгоно. Ингэж бодохоор хоёр буурайгийнхаа дэргэд насад хамт баймаар...

За, энэ удаад ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийн тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.        

                                                                                                                                                Я.Ганбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]