Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Орголт киноны бодит түүх буюу Ди Би КүүперУншсан42,241

Prison Break буюу шоронгоос оргосон нь хэмээх Америкийн олон ангит кино 2000 оны дунд үеэр нэг хэсэг жинхэнэ шуугиулж байсныг олонх нь санаж байх ёстой.

Prison Break буюу шоронгоос оргосон нь хэмээх Америкийн олон ангит кино 2000 оны дунд үеэр нэг хэсэг жинхэнэ шуугиулж байсныг олонх нь санаж байх ёстой. Тэрхүү кинонд Чарльз Вестморленд хэмээх муур тэвэрсэн нэгэн “эвгүй” хөгшин байдаг бөгөөд тэрээр өмнө нь хаанаас ч юм баахан мөнгө туун өөр нэрээр шоронд хоригдож байгаа  Ди Би Күүпер хэмээх алдарт нөхөр болохыг нь  Майкл Скофилд мэдэж хамт оргох болдог билээ.

Гэтэл тэрхүү Ди Би хэмээх нөхөр нь кино зохиолчдын зохиосон дүр биш бодит хүн байсан гэдэг.  Хийсэн хэрэг нь ч энэ кино дээр гардаг хэрэгтэй нь тун төстэй буюу кино зохиолчид бодит түүхээс дүрийг түүхтэй нь цуг бага зэрэг өөрчлөн оруулсан юм.

 

1971 оны 11-р сарын 24  буюу Thanksgiving  Day дөхөж  Портлендын нисэх буудал хүн дүүрэн байх бөгөөд тэдэн дундаас дунд зэргийн нуруутай, хар нүдний шилтэй бусдаар юугаар ч ялгарахгүй нэгэн хүн Сиэтл хүрэх 305-р нислэгийн тасалбарыг Дэн Күүпер хэмээх нэрээр  худалдан авлаа. Түүнд 18С гэсэн суудал таарсан бөгөөд энэ нь үйлчлэгчийн суудалтай ойрхон байрлаж байсан ба онгоц газраас тасарсны дараа уг хүн үйлчлэгчид нэгэн зурвас өгчээ. Аян замд нь сээтэн хаях эрчүүдэд шууд тал өгч болдоггүйг мэдэх үйлчлэгч тэрхүү хайрын бололтой захиаг нь харах ч үгүй халаасандаа хийсэн байна. Харин тэрхүү хүн буюу Күүпер нь үйлчлэгчийг яг одоо зурвасыг нь унш хэмээн  шаардаж, тоохгүй болохоор нь чихэнд  нь“Одоохон унших хэрэгтэй. Бөмбөг энд байна”  гэжээ.

Анхаарлыг нь татах гэж тоглоом хийж байна гэж бодсон бүсгүй зурвасыг хартал “энд тэсрэх бөмбөг бий. Хэрэгтэй гэж үзвэл би түүнийг дуртай гээч нь тэслэх болно. Тиймээс та наашаа суу, энэ онгоцыг би барьцаанд авлаа” гэсэн бичиг байжээ. Айж сандарсан бүсгүй ч хажууд нь суух үед  Ди (Дэн ) цүнхээ онгойлгож харуулахад дотор нь хоорондоо холбогдсон батарей, элдэв цахилгааны утас, 8 ширхэг цилиндр хэлбэртэй зүйл байжээ.

Энэ бүхний дараа барьцаалагч маань “ ямар нэг тэмдэг хийгээгүй 200 000 долларыг 20-ийн дэвсгэртээр, 4 ширхэг спортын шүхэр, Сиэтлд онгоц дүүрэн цэнэглэх гэсэн шаардлага тавьсан  бөгөөд татгалзсан хариу авбал онгоцыг тэр даруй дэлбэлэх болно гэж сануулжээ.

Энэ бүх шаардлагыг үйлчлэгч нь нисэх бүрэлдэхүүнд, тэдгээр нь  цааш газарт дамжуулж, хэргийг гартаа авсан Холбооны Мөрдөх Товчоо (ХМТ)  эхний ээлжинд эдгээр шаардлагыг биелүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Ингээд өдөр дундын үед Бойнг Сиэтл-Такома нисэх буудалд газардахад Күүпер мэргэн буудагчдаас болгоомжлон онгоцны бүхээг доторх бүх гэрлийг унтраасан байна. Удалгүй ХМТ-ны ажилтан савтай мөнгө, 4 ширхэг шүхрийг онгоцны сүүлний нээлхийгээр дамжуулж өгсний шанд нь Күүпер бүх л зорчигчдыг суллан зөвхөн нисэх багтай цуг үлдээд цаашдын элдэв яриа хэлэлцээнээс татгалзан дахин агаарт хөөрчээ. Мексик чиглэн нисэж явах үед Ди Би маань маань аэродинамик, нисэх үйл ажиллагааны тухай хангалттай мэдлэгтэй гэдгээ харуулж хэдэн зүйл шаардсан нь онгоцны салхи хаагчийг 15 хэмийн өнцгөөр нээх, дугуйгаа ил гаргах, 2000 метрээс өндөрт гарахгүй байх зэрэг шаардлага тавьсан ба энэ нь онгоцыг  бага хурдаар нисгэх гэсэн оролдлого байсан бололтой.

20 цагийн үед Күүпер шүхрээ өмсөж, өөр шүхрийн олс дээсээр мөнгөө биедээ хүлж уян онгоцны арын нээлхийгээр харайжээ. Хэдийгээр энэ барьцаалагдсан онгоцыг даган сөнөөгч онгоц нисэж байсан боловч бороо орж байсан учир нисгэгч нь юу ч олж хараагүй байна. Үүнээс хойш Ди Би  Күүпер хэмээх  гэдэг хүний сураг ажиг бүрмөсөн тасарсан билээ.

Шугам бүхий арын нээлхийгээр Күүпер үсэрчээ

Шүхрээр үсэрсэн газрыг нь Холбооны мөрдөх товчооныхон Вашингтон мужийн зүүн урд хэсэгт Мервин хэмээх хиймэл нуурын ойролцоо газардсан байх ёстой гэсэн тооцоо хийн хайж эхэлсэн байна. Газардсан онгоцыг шалгахад мөнгө болон тэсрэх бөмбөг, хоёр ширхэг шүхэр алга болж хоёр хэрэглээгүй, тэр чигээрээ үлдсэн шүхрээс өөр ямар нэг хэрэг болох зүйл олдсонгүй. Буусан байж болох газрыг маш нягтаар самнаж үзсэн боловч ул мөр илэрсэнгүй.

Ингээд 1972 оны хавар, цаг дулааран цас хайлах үед ХМТ-ны ажилтан дээр нэмэгдэн 200 цэрэг, нутгийн сайн дурынхантай нийлэн эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх явцдаа нэгэн цогцос олсон боловч энэ нь бидний мэдэх үйл явдлаас хэдэн хоногийн өмнө алга болсон өсвөр насны охины цогцос болох нь тогтоогджээ. Хэдэн сар үргэлжилсэн эрлийн үр дүн байхгүй учир аргагүйн эрхэнд эрлийг зогсоосон гэдэг.

Күүперийн зүс царайг гаргасан ам зураг

1971 оны сүүлээр ХМТ Күүперт явах ёстой мөнгөний дугаарыг ил болгон зарлаж хаана эдгээр дэвсгэрт гарч ирэхийг хүлээн байсан ба зөвхөн АНУ төдийгүй дэлхийн ихэнх оронд эдгээр дугаарыг илгээсэн байна. Алдарших гэсэн хоёр хэнээт нөхөр хуурамчаар ийм дугаартай мөнгө  хийж түүнийгээ ил шахам хэрэглэж баригдсаныг эс тооцвол энэ ажил ч бас үр дүнгээ өгсөнгүй.

Онгоцны хар хайрцаг болон бусад мэдээллийг үндэслэн гаргасан тооцоогоор Күүперийн буусан газар нь уулархаг, цастай, маш их модтой газар байсан бөгөөд дүн өвлийн хүйтэнд нимгэн хувцастай, ачаатай хүн тийм газар амьд үлдэх боломж тун бага гэж тооцоолсон байдаг.  Гэсэн хэдий ч амьд байтугай үхсэн Күүпер ч олдоогүй өдий хүрсэн байна.

Харин 1980 онд эцэг хүү хоёр Портлендийн баруун хойд хэсэгт урсах Колумби голын эрэг дээрээс гандаж урагдсан хэсэг 20 долларын дэвсгэрт олсон ба байр байдал нь урсгалаар туугдан энд ирсэн шинжтэй байжээ. Мэргэжилтнүүд ч шинжилгээ хийж үзээд эдгээр мөнгө нь Күүперт байх ёстой 20 долларын дэвсгэрт мөн болохыг тогтоожээ. Одоо Күүпер үхсэн, хаа нэгтээ мөнгөтэйгөө цуг хэвтэж байгаа гэдэгт эргэлзэх хүнгүй шахам болж нутгийнхан их олзны төлөө эрэл хайгуулд дахин бөөн бөөнөөрөө гарч эхэлжээ. Бас л юу ч олсонгүй.

2011 онд ХМТ товчоо энэ алдартай хэрэгтэй холбоотой байж болох том ул мөр илрүүлсэн тухай мэдээ гарч байсан боловч 2016 оны зун хэргийг хааж зардал мөнгийг нь өөр хэргийн илрүүлэлтэд зарцуулах болсон тухай мэдээлжээ.

Олдсон мөнгө

Энэ хэргийн гол дүр болох Дэн Күүпер гээч нь хэн байв аа? Зарим хүний үзэж байгаагаар энэ хуурамч нэрийг Бельгийн комикст гарах өдий төдий гавьяа байгуулдаг Канад нисгэгчийн нэрээс авсан гэх боловч энэ ном нь Америкт хэзээ ч хэвлэгдэж байгаагүй учир...

Өөрийгөө болон манай ах дүү жинхэнэ Ди Би гэсэн янз бүрийн хүмүүс гарч ирж байсан боловч ихэнх нь л ямар нэг аргаар анхаарал татах гэсэн хэнээтэнгүүд байв.

Ингээд Ди Би Күүпер гээч хүний талаар бас ямар ч үнэн зөв  мэдээлэл үгүй хойно кино болон бусад зохиолчид энэ алдаршсан нэрийг ашиглан “маркетинг” хийсээр.

ХМТ-ныхон энэ хэргийн талаар ярихдаа Күүпер онгоцноос үсэрснээс хойш амьд үлдэх боломж бараг үгүй, үхсэн учир олдохгүй байгаа гэсэн таамаг хэлдэг байна. Үнэхээр ч өвлийн тэр шөнө онгоцны гадна талд -57 хэмийн хүйтэнд нимгэн пальтотой, шалгаж үзээгүй шүхрээр, ямар нэг хамгаалалтын малгайгүй, уулархаг битүү цас, мод болсон газар амьд мэнд буулаа ч газрын зураг үгүй, харанхуй шөнө учир амьд гарах боломж үнэндээ бага билээ.

Гэхдээ хэн мэдэх вэ? Prison Break  дээр гардаг шиг ямар нэг жижиг хэргээр шорон оронд орж өөрийгөө нуугаад, ял нь дуусахаар гарч ирэн өөрийн жинхэнэ нэрээр амьдарч суугаа, эсвэл суусаар үхсэн ...ч юм билүү хэн мэдлээ?. Тайлагдаагүй олон хэргийн нэг болох энэ явдал хэзээ нэгэн цагт илэрнэ гэдэг худлаа биз ээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]