Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Ju-88" хэмээх аймшигт араатанУншсан31,090

1935 онд Люфтваффе маш хурдтай, хурдныхаа хүчээр дайсны сөнөөгчөөс зугтаж чадах, цэвэр бөмбөгдөгч онгоц бүтээх “тендер” зарлан Фокке-вульф, Хеншель, Юнкерс, Мессершмит компаниуд оролцох болжээ.

Өмнө бичсэн “Агаарын ер бусын тулалдаанууд” нийтлэлдээ сөнөөгч Ju-88-ын (Ю-88) ганц нэг түүх бичин, бөмбөгдөгч биш сөнөөгч хувилбар нь юм шүү гэсээр байтал нэг бус хүмүүс Чалчаа саарал худлаа бурлаа гэсэн байхыг харлаа. А.Покрышкины “Дайны тэнгэр” номонд  тийм юм байдаггүй, Ю-88 бол цэвэр бөмбөгдөгч гэх мэт... Энд би ямар нэг зөв, буруу гэсэн хэрүүл хийх гэсэнгүй, харин ч энэ онгоцны жишээгээр агаарын байлдааны техник хэрэгсэл, арга тактик ямар олон янзын хувилбартай байж болох тухай сонирхуулах гэсэн юм.

"Дайны тэнгэр" уншсан олон хүнд Ju-88 (Юнкерс-88) бол яах аргагүй бөмбөгдөгч онгоц бөгөөд Покрышкины заналт дайсан Ju-88А-4 буюу Дорнод фронт дээр байлдаж байсан шумбан бөмбөгдөгч. Гэтэл Дэлхийн хоёрдугаар дайн маань нэг биш маш олон дайны театрт өрнөж байсан учраас мөн төдий чинээ олон янзын онгоц, хувилбар, зэвсэг техник хэрэглэж байсан нь тодорхой. Тийм учраас тухайн цаг үеийн техникийн бас нэг томоохон дэвшил болсон энэ царай муутай онгоц нь Дорнод фронтоос гадна Хойд мөсөн далайн орчин, Африк, Итали, баруун фронт гээд байлдаж тулалдаагүй газар гэж бараг үгүй билээ. Ингээд Юнкерс-88 буюу Junkers Ju 88 онгоцны тухай.

1935 онд Люфтваффе маш хурдтай, хурдныхаа хүчээр дайсны сөнөөгчөөс зугтаж чадах, цэвэр бөмбөгдөгч онгоц бүтээх “тендер” зарлан Фокке-вульф, Хеншель, Юнкерс, Мессершмит компаниуд оролцох болжээ. Явцын дунд янз бүрийн шалтгаанаар олон компаниуд хасагдсаар цорын ганцхан үлдсэн нь Юнкерс байлаа. Тэд ч чадах чинээгээрээ хүчин зүтгэж байж өөрсдийн хүссэн онгоцыг бараг хийжээ. Туршилтын үеэр энэ онгоц 520 км/цаг  (бүр 580 гэсэн тоо ч харагддаг) хурд гаргаж чадсан нь ёстой гайхамшиг гэмээр буюу тэр үеийн олон сөнөөгч онгоц ийм хурдыг мөрөөдөөд ч гаргаж чадахааргүй байв.  Шинэ онгоц нь 50 кг-ын 8 бөмбөг зөөх чадалтай, хамгаалалтын нэг пулемёттой байсан нь цэргийнхэнд хангалтгүй санагдсан учир бөмбөг нэмэх, хамгаалалтын бууны тоо, калбирыг нэмэх хэрэгтэй гэсэн яриа хөөрөө болж байх үед Испанийн иргэний дайн болж энэ дайнаар шумбан бөмбөгдөгч гэж “ямар сайхан зүйл” байдгийг бүгд мэдэж авчээ.

Ju 88 нь шумбан бөмбөгдөгч болох ёстой гэж Люфтваффе үзлээ. “Юнкерс”-ийнхон энэ онгоцондоо агаарын тормос, шумбалтаас гарах автомат төхөөрөмж тавих зэргээр маш их ажиллаж байж ямар нэгэн хэмжээгээр шумбан бөмбөгдөгч болгоод эргэн харахад анхны хийсэн онгоцноос ихээхэн өөр онгоц болсон байв. Хурд нь бараг 100 км/цагаар буурч, хамгаалах зэвсгийн тоо 3 болж, бөмбөг зөөх 2 бүхээгтэй болсноор 50 кг жинтэй 28 ширхэг бөмбөг зөөх чадалтай,  дээр нь томоохон хэмжээний бөмбөгийг хөлгийн бүхээгийн доод хэсэгт ил зүүн нисэх боломжтой болжээ. Ju-88 хэмээх онгоц анх ийм байдлаар Британийн төлөөх дайнд орсон бөгөөд 2-р дайны явцад маш олон өөрчлөлт хийж, зөвхөн бөмбөгдөгч байхаа больж олон талын ажиллагаатай жинхэнэ  “универсал” онгоц болон хувирсан байна. Гэсэн хэдий ч энэ онгоц алив нэг техникийн үзүүлэлтээр Германы болон бусад улсын онгоцноос илүү гарч гайхуулах юм ер үгүй байлаа. 

Тэгээд их дайны үед үйлдвэрлэгдсэн хоёр моторт онгоцны тоогоор тэргүүлдэг Ju-88 нь чухам юугаараа илүү байгаад аймшигт араатан нэр авсан хэрэг вэ?

-Шумбан бөмбөгдөх чадвар уу? Германы өөр нэг цэвэр шумбан бөмбөгдөгч J-87-тай харьцуулахад энэ талаар нэлээд зовмоор амьтан гэж хэлж болох байх. Ju 87 нь бараг 90 хэмийн өнцгөөр шумбан, бөмбөгөө байн дээрээ яг зоож байхад Ju 88 маань сайндаа 45 хэмийн өнцгөөр дайрах учир онч нь ч төдий хэмжээгээр муу, ингэж шумбах нь  уг том онгоцонд аюултай байж. Аэродинамикийн хувьд дэндүү цэвэрхэн энэ онгоц шумбаж байхдаа маш их хурд авч, яваандаа хэт ачааллаа дийлэхгүй агаарт бут үсэрч болох байсан учир үүнээс сэргийлж агаарын тоормоз (далавчинд тавих тор хэлбэрт метал) тавьж, далавчны бүтцийг бэхжүүлэн сайжруулсан боловч шумбан бөмбөгдөгчийн хувьд 88 нь 87-гийн өрсөлдөгч болж огт чадаагүй. Тэгээд ч 88 нь шумбан бөмбөгдөхдөө зөвхөн далавч, их биед ил зүүсэн бөмбөгийг л хаяж чадах байжээ. Хагас шумбан бөмбөгдөгч гэхэд илүү тохиромжтой.

-Люфтваффегийн хувьд Атлантын далайн дайны театр, Хойд мөсөн далайн усан замын хувьд дайсны хөлөг онгоцны цувааг хамгаалан яваа сөнөөгч онгоцнуудыг дарах сөнөөгч хэрэгтэй. Мессер-үүд (109 бол ийм хол газар нэмэр байхгүй, 110 нь Британийн төлөөх дайнд өөрийнхөө ямархуу жол амьтан болохоо харуулсан) нэмэргүй учир сайн зэвсэглэсэн, хурдтай, холын нислэг хийх чадвартай ганц онгоц нь Ju-88 байжээ. Үүргээ ч ямар нэг хэмжээгээр биелүүлж байсан боловч энэ онгоц бүхнийг дийлэгч аймшигт сөнөөгч мөн л болж чадаагүй юм.

-Англи Америкийн шөнийн бөмбөгдөлтийн эсрэг германчуудад сөргүүлэн тавих юм бараг байсангүй. Байгаагаас Ju-88-д локатор тавин дайсны өөдөөс хөөргөх нэг арга байв. Энэ нь ямар нэг хэмжээгээр үр дүнгээ өгч байсан боловч Холбоотны агаарын их армийн эсрэг шөнийн сөнөөгч 88 нь ямар нэг гавьтай нөлөө үзүүлж бас л чадсангүй.

-Бөмбөг тээх чадварын хувьд Америкийн олон B-гээс хол дутуу (B-17, B-24, B-25, B-29...), хурдны хувьд Москито зэрэг бөмбөгдөгч, тагнуулын онгоцны хажууд мөлхөө амьтан, Германы адил зорилготой бөмбөгдөгч Хейнкель-111, Дорнье зэргээс техник тактикийн үзүүлэлтээр илүү гарах юмаар маруухан, байлдааны гэмтэлтэй үедээ нисэх чадвараа хадгалах талаар хамгийн шилдэг нь огт биш (Ту-2 ганц хөдөлгүүрээр Омскоос Москва хүртэл ниссэн бол Ю-88 хэзээ ч ингэж чадахгүй байв)...

Ямарваа нэг гайхуулах зүйл энэ онгоцонд үгүй байгаа биз.

Гэсэн ч Ju-88 жинхэнэ олон төрөлт онгоц. Түүнээс өөр ийм олон төрлийн үүрэг гүйцэтгэж байсан онгоц дэлхийн 2-р дайны үед үгүй бөгөөд энэ нь Ju-88 хэмээх онгоцны хоёр том давуу талын нэг нь байв.

Ju-88А-4 нь бөмбөгдөгч бол (ер нь А загварын онгоцнууд ихэнхдээ бөмбөгдөгч бөгөөд А-4 загвар үүний оргил), далайн тагнуулын хувилбар нь Ju 88A-6/U, торпед зөөгч Ju 88А-4/Тоrр, дайрагч онгоц Ju 88А-13, хүнд сөнөөгч Ju 88С (С-6 нь хамгийн хүчирхэг сөнөөгч болсон), шөнийн сөнөөгч Ju 88G... өөр ямар ч онгоц ийм олон талын үүрэг гүйцэтгэж байсан жишээ үгүй юм.

Нөгөө нэг давуу тал нь уг онгоц (бөмбөгдөгч хувилбар нь) 50 кг-ийн бөмбөгийг олноор зөөн дайсны цэргүүдийн толгой дээр асгах чадвар буюу хөлгийн бүхээгт байх 4 метрийн том “сав-нүх” буюу бөмбөг агуулах хавхлага байлаа. Өөр бусад фронтын бөмбөгдөгч онгоцонд ийм том хэмжээтэй хавхлага байсангүй. Байх ч боломжгүй шахам байв. Учир нь бөмбөг агуулах сав гэдэг бол зүгээр л нэг онгоцны их биенд хүссэн хэмжээгээрээ хийдэг эд биш. Хэдий чинээ иймэрхүү нүх-сав том байна, төдий чинээ онгоцны бөх бат чанар муудаж, агаарт бут үсрэх магадлал нэмэгдэнэ. Цэрэг байлдааны зориулалттай онгоцны хувьд энэ нь онцгой чухал асуудал бол шумбан бөмбөгдөгчийн хувьд бол бүр яриад ч хэрэггүй болов уу. Юнкерсийн инженерүүд ийм том хэмжээтэй савыг онгоцны бат бөхийн чанарт нөлөөлөхгүйгээр хийж чадсан нь Люфтваффе-гийн цэргийн номлолд хамгийн сайн таарч тохирч байлаа. Германы цэргийн номлолоор фронтын бөмбөгдөгч онгоц нь 50 кг-ийн бөмбөг л дайсны толгой дээр асгах ёстой бөгөөд үүнийг Ju 88 шиг сайн хийж чаддаг онгоц гэж байсангүй. 50 кг-ийн (их бууны 152 мм-ийн сумтай адил хэмжээтэй боловч тэсрэх бодис нь хоёр дахин их)  бөмбөгийг хамгийн олноор нь зөөж, дайсны толгой дээр цувуулан хаях боломжтой, хэрэгтэй бол дээрээс нь нэмээд далавчиндаа илүү хүнд бөмбөг зүүн дайсныг дайрах чадвараар Ju-88 онцгой ялгарч байсан нь өнөөх том “сав-нүх”-ийн ач. Өөрөөр хэлбэл энэ онгоц нэг удаагийн нисэлтээр илүү олон байг дараалан дайрах боломжтой байжээ. Энэ бол фронтын бөмбөгдөгч, тагнуулч онгоцонд, ялангуяа Дорнод фронтод хамгийн чухал зүйл байсан юм. 

Алив гайхуулах юмаар маруухан боловч Люфтваффегийн агаарын цохилтын арга ажиллагаанд хамгийн сайн тохирч, багахан өөрчлөлтөөр маш олон төрлийн үүрэг гүйцэтгэж чадах боломжтой болдог Ju 88  онгоц нь Германы цэргийн хувьд ёстой ажлын морь байсаар дайныг дуусгасан бөгөөд 1939-1945 оны хооронд Германы аж үйлдвэр нийт 15 000 ийм онгоц үйлдвэрлэсэн нь тухайн онгоц ямар их хэрэгтэй онгоц байсны нэг баталгаа билээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 3 сар 13. 7:58
Зочин

Сайхан нийтлэл болжээ
Оросын Пе-2 ыг анх 100 гэсэн нэртэйгээр 2 нисгэгчэй сөнөөгчөөр зохиож байгаад цэргийнхэний захиалгаар шумбан бөмбөгдөгч болгон өөрчилсөн түүх бий
Дайны үед пешка г Пе-3 гэсэн хүнд сөнөөгч болгон тоноглож умард тэнгисийн далайн цувааны хамгаалалтад ашиглаж байсан байдаг
Бүүр Ил-2 ыг Ил-3 гэсэн нэрээр сөнөөгч болгон хувирган туршсан тухай ч уншсан
Ахиад сонирхолтой нийтлэл бичээрэй
Амжилт

2020, 8 сар 2. 21:44
Зочин

Германы бүх онгоцууд сайн. ЗХУ-ын модон хийц түлхүү ганц нэг сөнөөгч онгоц хурд маневраараа илүү гэх ч онгоцыг хүн жолооддог гэдгийг хүмүүс анзаардаггүй нь сонирхолтой. Нэг огцом маневрлаад л хоёр дахиа хийж чадахгүй ухаан алдаж унана шүү дээ. Орчин үеийн онгоцууд автоматаар огцом маневрийг эсэргүүцдэг. Нисэгчээ тооцоо алдахаас аварч байгаа нь.

2020, 9 сар 24. 13:28
Зочин

питиша

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]