Доктор, профессор Чойжавын Баатар хурандаа “Заяа төөрөг” нэртэй хоёр ангит кино зохиолынхоо баринтгийг задлаж, номын хорхойтон, оюун билигт уншигч түмэндээ хүргэлээ.
Кино зохиол дэлгэцнээ бүтээл болж амжаагүй байхдаа хэвлэгдэж уншигчдын гарт очиж байгаа нь соньхон. Нийгмийн шилжилт хийсэн Монголчуудын хорь илүү жилийн түүхийг, эгэл жирийн амьдралыг эргэн сануулсан зохиолоор хэн гэдэг авьяаслаг найруулагч хэрхэн дэлгэцнээ амилуулах нь бүр ч сонин. Чингэхдээ сайн зохиол дэлгэцийн бүтээл болон амилсан ч эргээд эх зохиолоосоо давж хүний сэтгэл зүрхийг булгилуулж чаддаггүй тохиолдол олонтаа байх тул түүний энэ шийдэл түмэн зөв биз ээ.
За энэ Доктор, профессор, хурандаа Чойжавын Баатар олон жил ОХУ-д амьдарч, ажиллаж, байх үедээ зах зээлийн хүнд цаг үед Монголчуудынхаа амьдралын төлөө хэрхэн тэмцэж Орос төдийгүй баруун, зүүн Европын орнуудаар амь насаараа дэнчин тавьж, ганзагын наймаа хийж дээрэмдүүлж, зодуулж, бүр амь насаа алдаж байсныг мэдэхийн дээдээр мэдэж, газар дээр нь очиж нүдээрээ харж, тухайн орны хууль хяналтын байгууллагын хүмүүстэй олонтоо уулзаж учирч явсан хүн.
Мөн Замын-Үүд бүсийг хариуцсан Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа бас л өмнөд хөршийнхөө ард иргэдийн талаар, тэдэнтэй харилцах шинэ үеийн Монголчуудынхаа соргог олон зүйлийг сортоочлон ажиглаж ирсэн нь он цагийн уртад сэтгэлд нь тоос татуулсаар эдүгээ ном болон гарсан нь энэ ажгуу.
Ч.Баатар хурандаагийн энэхүү номын өмнөтгөлийг бичсэн Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар "Идэр залуудаа цэрэг армид багшилж түүнийг шавь нар, ер нь мөрдөс зүүсэн хэн гуай ч бас энгийн хүн ч Хурандаа хэмээн хүндэлнэ. Чухамдаа хурандаа цолтон хэдэн арав биш зуу, зуугаар тоологдох ч гагцхүү энэ эрхмийг “хурандаа” гэхээр л хүмүүс мэднэ. Тэр бас ясны хөдөлмөрч хүн. Зүгээр сууна аа гэж ёстой үгүй. Байнга л шинийг эрэлхийлж бүтээж босгож хэзээд нь амжуулчихав аа гэмээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй явах. Тэр явсан газар эрхэлсэн албаныхаа чиглэлээр хорь шахам ном бүтээсэн. Тэдгээрийг уншихуй Баатар гэж хэн бэ гэдгийг бүрэн таньж болно. Түүнийг саяхан кино зохиол бичсэн гэхэд би л лав гайхсангүй" хэмээн бичжээ.
“Заяа төөрөг” кино зохиолын нээлтэд уригдсан төр, нийгмийн зүтгэлтэн олон хүндтэй зочид зохиолыг нь үнэлж, зохиолчийг нь хүндэлж байх нь Хурандаа бүтээлч чанар нь байнга ундарч байдаг эрхэм болохыг яриангүй батална.
Уран сайхны “Заяа төөрөг” хоёр ангит кино зохиол нь манай оронд зах зээлийн шилжилтийн үе эхэлсэн сүүлийн хориод жилийн хүний амьдралын өсөлт бууралт, өрнөлт хөгжилтийг хөдөөгийн эгэл жирийн нэгэн гэр бүлийн нутгаа орхин хотыг зорьж буй үйл явдлаас эхлэн үзүүлжээ.
Монгол ахуй, Монгол зан чанар, нүнжиг ханхалсан хөдөөгийн буйдад өсөж төрсөн хүмүүн их хотод хэрхэн амьдарч бас хөл алдаж буйг энэ кино зохиолд өгүүлдэг. Амьдралын алаг булагт Монгол хүний мөс чанараа таниулж бартаа саадыг ялан давж буй Батбаярын том хүүгийн амьдрал бол хойчийн залууст санаж сэрүүштэй ухаарал хайрласан дүр болжээ.
Кино зохиолын нөгөө нэг тал нь өнөөгийн амьдралд хүн нэг л хөлөө буруу гишгэвэл татаж болохооргүй хар ангал руу живдгийг архичин эцгийн дүрээр, өвчтэй эхдээ туслах гэсэн сайхан сэтгэлт бага хүү болон тэдний найз нөхдийн харуусалт амьдралын хувь заяа гээд сэтгэл өмлөн санаа алдуулмаар дүрүүд дор дороо товойн дэлгэцэнд буухуйц, хүмүүний сэтгэлийг хөдөлгөхүйц болжээ.
Зах зээлийн нийгэмд шилжих үед хүмүүсийн зан чанар хэрхэн хувирч өөрчлөгдөж байгаа, амьдралын эрээнтэй бараантай эмзэг сэдвийг Нарантуул захын наймаачид хийгээд БНХАУ-ын Эрээн хотод өрнөж буй үйл явдлуудаар үзүүлэхийн хамт хятад хүний хүнлэг энэрэнгүй зан чанар бүтээлч төрх, бас сайн муу үйлдлийг урьд хожид уншиж дуулж байгаагүй сэдвээр хөндөж тавьсан нь олзуурхууштай.