Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цагийг эзэгнэсэн найруулагч Р.ДоржпаламУншсан3,503

Түүний бүтээсэн “Алтан өргөө”, “Морьтой ч болоосой”, “Мөнгөн буйл”, “Энэ хүүхдүүд үү”, “Өндөр ээж”, “Тунгалаг тамир”, “Говийн зэрэглээ” зэрэг олон арван бүтээлийг өнөөдөр ч үзэгчид шимтэн үзсээр байна.

Аливаа уран бүтээл эцсийн дүндээ хэн нэгэн алдартай шүүмжлэгчийн магтаал, сайшаал ч бус зөвхөн цаг хугацаагаар л хэмжигдэнэ. Цагийн шалгуурыг давж гэмээнэ сайн бүтээл, сайн уран бүтээлч гэж нэрлэх нь зүйн хэрэг. Монголын кино урлагт дурсагдахгүй байхын аргагүй жинхэнэ уран бүтээлчдийн нэг бол Равжаагийн Доржпалам мөнөөс мөн хэмээн уран бүтээлийнх нь зах зухаас шимтэн биширч ирсэн үзэгч миний хувьд дүгнэдэг. Түүний бүтээсэн “Алтан өргөө”, “Морьтой ч болоосой”, “Мөнгөн буйл”, “Энэ хүүхдүүд үү”, “Өндөр ээж”, “Тунгалаг тамир”, “Говийн зэрэглээ” зэрэг олон арван бүтээлийг өнөөдөр ч үзэгчид шимтэн үзсээр байна. Цаашид хэчнээн оны цагийн салхи элээхийг бид мэдэшгүй.

Амьдарч ахуй цаг үеэ эзэгнэж, ийм олон гайхалтай уран бүтээлийг төрүүлсэн лут найруулагч тэрбээр цагтаа кино урлагийн салбарт од болон гялалзаж, ид хаваа бахдуулж явсан. Урлагийн түүхэнд Монгол киноны найруулах урлагийн дэгийг анх бий болгож, урлан бүтээхийн үлгэр дууриалаараа олон уран бүтээлчдэд нөлөө үзүүлсэн гавьяатан хэмээн тод томруунаар тэмдэглэгдэн үлдсэн Р.Доржпалам найруулагч 1931 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Зэлтэрт “Ялгуун баатар” Сумъяа бэйсийн бага хатнаас төрсөн отгон хүү болон мэндэлжээ.  Эцэг Сумъяа бэйс нь болбоос Монголын түүхэнд нэрээ үлдээсэн Манж болон Хятадын дарлалын эсрэг тууштай тэмцэгч байв.

1902 оноос Илийн цахар зүүн гарын Бүгдийн дэд даргаар дэвшин ажилласан Л.Сумъяа 1912 онд Бор талын монголчуудын дунд өрнөсөн Манж, хятадын ноёрхлын эсрэг зэвсэгт тэмцлийг удирдсан ч давуу хүчинд шахагдан нутгаасаа дүрвэн гарчээ. Улмаар 1912 оны 12 дугаар сард 271 хүнийг удирдан Хиагтаар дамжин Монгол нутагтаа иржээ.  

Богд хааны зарлигаар Сумъяад улсад туслагч гүнгийн зэрэг шагнаж, эрчүүдээр нь Хиагт хотыг сэргийлэх цэргийн алба хаалгасан төдийгүй Дарьгангын зэрэг газрыг хамгаалан тохинуулах цэргийг захирах сайдаар томилж байжээ.  Сумъяа болон түүний цэрэг эрс 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.  

1921 оны хувьсгалын дараа Зүүнтний үед намаас хөөж, хөрөнгийг нь хураан, сонгуулийн эрхийг нь хасаж, цаг үеийн ороо бусгаа байдал түүнийг тойрсонгүй. Төрийн хавчлагад өртсөн тэрбээр хүү Доржпаламаа хамгаалахын тулд өөрийн төрсөн дүү болох лам Равжаагаар овоглуулсан юм гэдэг.

Ийн Равжаагийн Доржпалам 10 настай бага сургуульд орж, Улаанбаатар хоын нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг төгсчээ. Улмаар 1949-1955 онд Москва хотод Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг профессор М.Э.Чиаурелийн урланд төгссөнөөр Монголын кино урлагийн хамгийн анхны дээд мэргэжлийн найруулагч болсон юм. Тухайн үед М.Чаурелийн бүтээсэн “Георгий Саакадзе”, “Тангараг”, “Берлиний уналт”, “Мартагдашгүй 1919 он” зэрэг бүтээлүүд Монголд гарч үзэгчдийн танил болсон байв. Энд суралцаж байх хугацаандаа Монголын кино урлагт инээдмийн шинэ төрлийг нээж, уран сайхны арга барилыг өөрчлөх эрэл, шинэчлэлийг эхлүүлсэн байна. Түүнийг “Бидэнд юу саад болж байна”, “Морьтой ч болоосой”, "Энэ хүүхнүүд үү” зэрэг киногоороо инээдмийн киноны үндэс суурийг тавьсан гэж үздэг.

Анхдагч нь үүгээр дуусахгүй. Найруулагч Р.Доржпалам, К.Бортфельд нарын "Алтан өргөө" кино нь үлгэрийн сэдэвтэй монголын анхны кино болсон төдийгүй 1958 онд хийгдсэн "Гурван найз" киноны дараах хоёр дахь хүүхдийн сэдэвтэй кино болсон юм. Монголын кино урлагийн түүхэнд гурван л үлгэрийн кино хийгдсэн байдаг. Бусад нь 1964 онд С.Гэндэн найруулагч "Ховдгийн гай", 1979 онд найруулагч П.Цогзол "Бушхүүгийн үлгэр" аж. 

Сургуулиа төгсөж ирсэн залуу хойтон жил нь “Бидэнд юу саад болж байна” хэмээх анхны киногоо бүтээж байсан аж.

Тэрбээр 1955 оноос эхлэн “Монгол кино” үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагчаар тасралтгүй ажиллаж, нийт уран сайхны 17 кино, мөн “Алтан соёмбын дуулал” /1975/, “Ялалтын дуун” /1984/ зэрэг баримтат кинонуудыг бүтээсний дээр А.Арбузовын “Эрхүүд болсон явдал” /1962/, Э.Войничийн “Соно” /1967/ жүжгүүдийг тайзнаа найруулан тавьжээ. Түүнчлэн “Өндөр ээж”, "Тунгалаг Тамир”, “Харуул занги” зэрэг киноны зохиолыг бичсэний дээр “Ховор хүмүүс” киноны Сэрээнэн, "Тунгалаг Тамир” киноны Ванданов нарын дүрийг бүтээсэн юм.

Түүний бүтээсэн уран сайхны кинонуудыг дурьдвал, 

    1956 он "Бидэнд юу саад болж байна"

    1958 он "Гурван найз"

    1959 он "Морьтой ч болоосой"

    1960 он "Салхины амт"

    1961 он "Алтан өргөө" германтай хамтарч

    1963 он "Энэ хүүхнүүд үү"

    1965 он "Сэтгэлийн дуудлагаар"

    1966 он "Нөмрөг хадны цуурай"

    1968 он "Өндөр ээж"

    1970-1973 он "Тунгалаг Тамир" 3 анги

    1976 он "Шинэ хотын гэрэл"

    1978 он "Тэнгэрийн муухай арилдаг"

    1980 он "Говийн зэрэглээ"

    1982 он "Тэмцлийн оч"

    1984 он "Саруул талын ерөөл"

    1985 он "Мөнгөн буйл"

    1986 он "Харуул занги"

    1988 он "Хэцүү даалгавар" юм. 

Сайн бүтээлээс гадна олон сайн уран бүтээлчийг төрүүлсэн байдаг. Үүний нэг нь Найдангийн Нямдаваа найруулагч юм. Түүнийг бага байхад нь "Гурван найз" киноны Балбарын дүрд тоглуулж кино урлагт хөтөлж оруулсан хүн бол Доржпалам найруулагч. Н.Нямдаваа 1987 онд "Ховор хүмүүс" киноныхоо Сэрээнэн даргын дүрээр багшийгаа мөнхөлсөн түүхтэй юм гэдэг.

 Түүний бүтээлүүдийн ноён оргил нь “Тунгалаг тамир” гэхэд хэлсдэхгүй биз ээ. Р.Доржпалам гуай жүжигчнийг сонгох, дүрийг оноохдоо их гярхай ханддаг байв.  “Тунгалаг тамир”-ын Дулмаагийн дүрд “Бужгарын эхнэрийг л тоглуулна. Уйтгартай нүдтэй болохоор яг л тохирно” гэж зүтгэсээр байгаад Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг сонгосон юм гэдэг.  Доржпалам найруулагч Дэлгэржаргалыг "Тунгалаг тамир"-т тоглуулснаас хойш 10-аад жил кинонд тоглуулаагүй гэдэг.  Уг нь "Суварган цэнхэр уулс", "Давааны цаана даваа" гээд л олон сайхан кино хийгдэж найруулагчид түүнийг пробонд оруулах гэдэг ч Доржпалам гуай хасаад хаячихдаг байсан гэдэг.  Дулмаа хэмээх дүр жүжигчнийг алдаршуулах энгэрийн зүүлт гэдгийг тодруулсан найруулагчийн нарийн ухаан гэж. 

"Тунгалаг Тамир" киноны гуравдугаар ангийг хийх гэж байхдаа найруулагч Доржпалам гуай жүжигчин Сэсээрийг хараад "Эрдэнэ Долгор хоёрын дундаас ийм л залуу төрнө" гэж уулга алдсан юм гэнэ лээ. Ийнхүү Батын дүр эзнээ олсон юм гэдэг.

Түүнийг "Тунгалаг Тамир" киногоо дуусгасаны дараа буюу 1974 онд БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан билээ. 

“Говийн зэрэглээ” киноны Хашхүүгийн дүрийг бүтээсэн СТА, жүжигчин Г.Эрдэнэтогтох “Урьд өмнө бүтээгдэж байсан кинонууд жүжигчний гадаад төрхийг харж, сонгон шалгаруулдаг байсан бол "Говийн зэрэглээ” киноны хувьд дан мэргэжлийн жүжигчид баг болж ажилласнаараа онцлог.  Тийм ч учраас өнөөг хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чадсан гэж би боддог” хэмээжээ.

1966 онд бүтээгдсэн “”Нөмрөг хадны цуурай” киног бүтээх явцад цас ороогүйн улмаас зураг авалт хойшилж, нэлээдгүй сунжирсан юм билээ. Харин энэ хугацааг найруулагч тун овжноор ашиглаж, Ч.Чимидийн “Босгон дээр” жүжгээр “Сэтгэлийн дуудлагаар” хэмээх өөр нэгэн бүтээлийг төрүүлсэн юм гэдэг.

““Нөмрөг хадны цуурай” кино­ны үйл явдал цасан шуурган дунд болдог учир идэр есийн хүйтэнд хоёр онгоцоор шууруулж, зураг авахад ёстой тэвчээр хатуужил шалгасандаа. Нэг удаа хуйларсан цасан шуурга дунд хонио тогтоох гэж зүтгэж яваа зургийг аваад түр амс хийж байтал Доржпалам намайг харснаа ихэд сандарч “Хамар чинь цайгаад хөлдчихөж цасаар үр” гээд хамрын арьсыг шалбартал үрчихээд “Алив спирт байна уу, арьс нь хуурчихлаа, ямар булбарай арьстай юм бэ” гээд нүүр хувиргагч Одсүрэнгээс спирт авч түрхээд гол тасартал хорсгож билээ” хэмээн УГЗ, найруулагч Х.Дамдин дурсан өгүүлжээ.

Түний бүтээсэн хэд хэдэн кино нь олон улсын кино наадамд амжилттай оролцож шагнал хүртжээ. Тухайлбал, "Морьтой ч болоосой" кино 1960 онд Чехословакийн Карловы-Варын киноны их наадмаас хүндэт диплом, "Энэ хүүхнүүд үү" кино нь 1963 онд Москвагийн олон улсын киноны наадмаас залуучуудын амьдралыг  харуулсан шилдэг киноны шагнал "Өндөр ээж" кино нь 1968 онд Нью-Делийн киноны их наадмаас 2-р байрын шагнал тус тус хүртэж өөрөө 1963 онд Москвагийн киноны их наадмын шүүгчээр оролцож явсан байна. 

Цагийг эзэгнэсэн найруулагч Доржпалам хувь хүнийхээ хувьд тайван дөлгөөн, уужуу нэгэн байжээ.

Түүний тайван дөлгөөн занг олон хүмүүс сайшаан бичжээ. Уран бүтээлчидтэй ажиллахдаа загнаж, зандрахаас урьтаж дүрийнх нь мөн чанар, зохиолын гол утга агуулгыг сайтар тайлбарлаж, өөрийн санааг ойлгуулан эелдэг, зөөлөн харьцаатай хүн байсан талаар олон уран бүтээлчид дурсжээ. Зарим үед жүжигчид сэтгэлд нь хүрч тоглохгүй болохоор “Залуучууд зоригтой, давай, давай” гээд л сэргээж өгдөг байсан гэлцдэг. 

"Доржпа­лам хэнтэй ч энгийн дөлгөөн ха­рьцаж, санал санааг бие­лүүлэх гэж чармайдаг тусч нинжин сэтгэлтэй цэвэрч нямбай, соёлтой, ёстой л “жентельмен” сэхээтний нэг. “Энэ хүүхнүүд үү” киноны найруулагчийн зохиолыг Дорж­­­­паламын гэрт бичиж байхад гэргий Долгорсүрэн­тэйгээ соёлтой боловсон харьцахыг хараад ийм сай­хан гэр бүл байдаг аа гэж гай­хах сэтгэл төрж байлаа. Дол­горсүрэн эгч бид хоёрт хоол цай хийж өгөнгөө “Уран бү­тээл аль зэрэг урамтай явж байна. Жүжгийг кино болгох хэцүү байх шүү. Манай нөхөр үгийг чинь авч байна уу” гэх зэргээр асууж, санаа оноо хэлж шүүм­­жилдэг байв" хэмээн УГЗ, найруулагч Х.Дамдин дурсамждаа өгүүлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]