Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чу мэргэнийг Елюй Чуцай хэмээн үзэх нь төөрөгдөл буюуУншсан10,393

Чингис хаан өрлөг сайдуудаа магтахад тоонд нь орсон Чу мэргэн гэгчийг тэд Елюй Чуцай гэж эндүүрдэг хуудуу архагшсаныг хэлэх ёстой. Энэ хүн 1203 онд биш бүр хожим 1218 оноос Чингист хүчээ өгсөн эрдэмтэн билээ.

Нэрт түүхч Н.Нагаанбуу агсан Монголын түүхийн олон асуудлыг эргэн харж, судлах шаардлагатай, эндүүрэл төөрөгдлийг засаж залруулах ёстой хэмээн үзэж байсан судлаачдын нэг. Тэрээр монголчуудын шинэ жил буюу оны эхлэл нь намар эхэлдэг тухай олон ч удаа гаргаж тавьж, энэ тухай судалгаагаа нийтэд хүргэж байсан. Тэгвэл  түүний баримтлалд нэгэн сонирхолтой  сэдэв явдаг нь Чу мэргэн ба Елюй Чуцайн төөрөгдөл гэх.

Жирийн монголчууд төдийгүй олон судлаачид Чингисийн өрлөгүүдийн нэг Чу мэргэн бол Елюй Чуцай мөн гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл түүхч Н.Нагаанбуу агсан үүнийг үгүйсгэжээ.

Тэрээр "Монгол тооллыг орхиж түвд зурхайг өмнөө барьж улс үндэстний соёлоо дорд үзэгсдийн хэлдэг гол бамбай бол Елюй Чуцай зурхайчтай холбоотой мэдээ юм. Энд Чингис хаан 1203 онд сайдуудаа магтахад тоонд нь орсон Чу мэргэн гэгчийг тэд Елюй Чуцай гэж эндүүрдэг хуудуу архагшсаныг хэлэх ёстой. Энэ хүн 1203 онд биш бүр хожим 1218 оноос Чингист хүчээ өгсөн эрдэмтэн билээ. Өөрөөр хэлбэл 1203 онд Чу мэргэнийг Чингис хаан магтаж байхад Елюй Чуцай 13 настай хүүхэд (1189 онд төрсөн гэж үздэг) байсан хэрэг" хэмээжээ.

Үнэхээр ч Монголын Нууц товчоонд Чингис хаан монгол туургатан их улсаа байгуулжамжаагүй байхдаа буюу 300 тайчуудтай тулалдахдаа есөн сайдаа магтаж хэлсний дотор Чу мэргэнийг "...Зарлигийг минь алдалгүй дагаж
        Заасныг минь эндэлгүй гүйцэтгэж
        Дайсны тэргүүнийг
        Тас харваж
        Унасан зээрд морий нь
        Уулгалан булааж
        Хатгалдах дайсныг
        Хага цохиж
        Зөрчилдөх дайсныг
        Цөм цохисон Зүрчидийн Чуу мэргэн минь" гэж онцолсон байдаг. Дурдан буй үйл явдал хамгийн хялбараар харьцуулахад 1206 оноос өмнө болсон гэж үзэхэд 1189 онд төрсөн гэж олон эх сурвалжид нэгэн дуугаар дурдагддаг Елюй Чуцай арав гаруйхан настайдаа Чингисийн есөн өрлөгийн дунд багтаж 300 тайчуудын тэргүүнийг тас харваж унасан зээрд морийг нь хаан эзэндээ авчирч өгсөн гэхэд үнэмшилгүй аж.

Тэгээд ч Монгол угсаатан улсыг нэгтгэсэн Чингис хаан "улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье" гэж зарлиг болон мянганы ноёдыг томилж нэрлэхэд дээр дурдсан 300 тайчуудтай тулгарахад явсан 9 өрлөг сайдуудаас Ойрдын Хар Хирүгэ, Зүрчидийн Чу мэргэн хоёроос бусад нь бүгд дурдагдаж, их хааныхаа хайр хишгийг хүртдэг. Магадгүй 1202-1203 оны хавьцаа нэр дурдагдсан Чингисийн өрлөгүүдийн нэг Чу мэргэн нь 1206 оныг хүртэлх Монгол улсыг нэгтгэх сүүлийн жилүүдийн хамгийн эгзэгтэй, хүнд ширүүн тэмцэл тулааны тулааны оргил жилүүдэд амиа алдсан байж ч мэдэх.

 

Улмаар "Монгол Улсын түүх" таван ботийн дэд дэвтэр, 117-р талд Чингис хааны Алтан улсад хийсэн дайны тухай өгүүлж буй хэсэгт "...1215 оны намар Чингис хаан эх нутгийн зүг хүлгийн жолоог залсан ажээ. Ингэхдээ Чингис хаан Умард Хятадыг эцэслэн гүйцэд байлдаж, эзэлсэн хятад нутгийг сайтар захиран баримтлах онц эрхийг төрийн сайд, хүлэг баатар Мухулайд олгожээ. Харин энд нэгэн тэмдэглүүштэй зүйл гэвэл Алтан улсын нийслэл Жундүг эзлэн авах үеэр нэр нь тодорсон Елюй Чуцай нэрт нэгэн эрдэмтэн түшмэлийг Чингис хаан дуудан ирүүлж уулзаад, түүний эзэндээ үнэнч чанар, их эрдэм мэдлэгийг нь тоож үзээд өөрийн зөвлөх эрдэмтнээр авч ажиллуулсан явдал юм" хэмээн дурджээ.

Тэгэхээр Чингис хаан Алтан улсыг дайлаар мордсон үедээ буюу 1215 онд л кидан гаралт Елюй Чуцайг мэддэг болж дэргэдээ авсан байх нь.

Ийнхүү Нууц товчоонд дурдагдсан зүрчидийн Чу мэргэн /1203 онд дурдагддаг/ киданы Елюй Чуцай гэж андуурагдах нь том алдаа аж. 

Tolgoilogch.mn, О.Наранхүү


Ашигласан материал:

Монголын нууц товчоо, академич Ц.Дамдинсүрэн

Судрын чуулган (монгол хэлээр)

Юань улсын судар

Алтаншаа Н., Монголчуудын өчигдрийн мөр, Хөх хот, 1993

https://mn.wikipedia.org/wiki/%D0%95%D0%BB%D1%8E%D0%B9_%D0%A7%D1%83%D1%86%D0%B0%D0%B9

Елюй Чуцай — главный конфуцианский советник монгольских императоров https://cont.ws/@epochtimes/309051

Елюй Чуцай https://mongoltoli.mn/history/h/391

Түүхч Н.Нагаанбуу: Монголчуудын он намар эхэлдэг http://www.tolgoilogch.mn/_2iaof8-ipz

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]