Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германы танкийн шилдэг ас Курт КниспельУншсан31,867

Дараагийн зогсоол дээр түүнийг баривчлахаар цэргийн хээрийн цагдаа нар хүлээж байсан бөгөөд хорооны дарга энэ явдалд оролцож зохицуулаагүй бол чухам юу болох байсныг хэн мэдэх билээ.

Бүх цаг үеийн хамгийн үр дүнтэй танкчид-асын  жагсаалтыг Германы Курт Книспель дайсныхаа 168 танк устгасан тоогоор тэргүүлдэг бөгөөд бүх ялалтаа дорнод фронт дээр (хоёр Английн танкны тухай маргаантай мэдээ бий) авсан байдаг билээ. Энэ хүний тухай Германы түүхч Франц Куровски бүтэн ном бичсэн байдаг боловч олон түүхчид үүнийг нь ихээхэн будлиантай, хонзогносон, тоо баримтыг мушгисан зүйл болсон гэж үздэг. Гэхдээ бидэнд байгаа тоо нь энэ бөгөөд дээр бичсэн 168-аас гадна батлагдаагүй 30 гаруй танкийн тухай яриа бий. Өмнө бичсэн “Хартманы хажууд Покрышкин хэн юм бэ? “ хэмээх бэсрэг нийтлэлдээ Марк Твений хэлсэн “Хорвоод худал гэж бий, бүр огтын худал гэж бий, тэгээд статистик гэж бий” гэдэг үгээр бүх цагийн шилдэг сөнөөгч нисгэгч Хартманы статистик тоонд болгоомжтой хандах хэрэгтэй гэж бичиж байснаа энд ч гэсэн давтах хэрэгтэй болов уу.

 

Ингээд Германы танкийн ас Курт Книспелийн тухай.

Энэ хүн 1921 онд Чехословакийн Судетийн тойрогт төрсөн герман хүн бөгөөд 1938 оны Мюнхений гэрээгээр тус  нутаг Германы эзэмшилд очсоны дараа Курт Германы армид алба хаах боломжтой болсон байна. 160 -165 см хэрийн намхан боловч маш зөрүүд, элдэв будлианд байнга орооцолдох дуртай 18 настай хүү шинэ эх орныхоо армид алба хаахаар сайн дураар явсан байдаг.

1940 оноос танкийн салбарт хуваарилагдан PzKpfw I, PzKpfw II болон PzKpfw III танкийн сумлагч цэргээр бэлтгэгдэж эхэлсэн байна. Удалгүй танкийн 29-р хорооны 3-р ротод PzKpfw IV буюу Т-4 танкийн сумлагч, нөөц наводчик буюу буудагч боллоо. Тухайн үеийн Германы армийн дэндүү гэмээр сайн сургалтын янз бүрийн шатыг дамжин суралцаж байсан Курт ЗХУ-тай хийсэн дайн дөнгөж эхэлж байх үедээ л гэмт хэрэгтэн болж болох байсан гэдэг.

Курт өөрийн анги нэгтгэлийн хамтаар галт тэргээр явж байх үедээ нэгэн өртөөн дээр баригдсан Орос цэргүүдийг тууж яваа харгалзагч сульдаж унаж байгаа олзлогдогчдыг бууны бөгсөөр хайр найргүй нүдэж байгааг хараад нэлээд хатуухан үгээр болихыг шаардсан байна. Өнөөх хуяг ч буугаа шүүрэн авахад угийн “томоогүй” эр маань мөн гар буугаа сугалж аван дайрч ороод бууг нь булааж төмөр зам дээр мөрлөгчөөр нь цохиж эвдээд, хуягийн “зөөлөн газар” луу өшигчөн хөөж явуулжээ.

Дараагийн зогсоол дээр түүнийг баривчлахаар цэргийн хээрийн цагдаа нар хүлээж байсан бөгөөд хорооны дарга энэ явдалд оролцож зохицуулаагүй бол чухам юу болох байсныг хэн мэдэх билээ. Багаар бодоход л торгуулийн суманд винтов буу үүрч Оросын их бууны махан таташ болох байсан болов уу.

Дайны эхэн хэсэгт тэрээр сумлагч байсан бол Ленинградын ойролцоох нэгэн тулалдаанд наводчик нь алагдсан учир түүний байрыг эзлэх боллоо. Чухам энэ үеэс эхлэн Курт Книспелийн нэр цууриатаж эхэлсэн байдаг. Анхны устгасан танк нь Т-34 байв. Чухам энэ танкийг ганцхан Куртын нэр дээр тооцох уу эсвэл танкийн даргын нэр дээр тооцох уу, эсвэл бүр бүх багийн нэр дээр хувааж тооцох уу гэх мэтийн асуултууд сүүлд тэрхүү 168 танкийн тухай маргаан эхлэх бас нэг нөхцөл болсон юм. Куртыг алдаршуулагч Куровски бууны дуран хараагаар шагайж буудсан тэр хүнийг буюу Курт Книспелийг цорын ганц ялагч гэж тооцсон байдаг.

Курт нь наваодчикийн хувьд үнэхээр онцгой хүн байсан гэдэг бөгөөд түүнтэй цуг байлдаж байсан танкийн дарга нь болох Рубелл "Куртын анхаарал суларна гэж хэзээ ч үгүй. Өдөр шөнө ч хамаагүй тэрээр тулалдааны харагдах хэмжээний бүх л талбарыг хянаж байдаг байсан бөгөөд намайг буудах команд өгөхөөс өмнө дайсныг олж хараад, онилоод бууддаг явдал олон тохиолдож байсан юм. Цаг үеийг маш хурдан үнэлэх ба дайсны танканд ганцхан хуяг нэвтлэгч сум зардаг хүн байв. Би өөр ийм хурд хараа нь зохицсон, онцгой хүнтэй таарч байгаагүй" гэж бичсэн байдаг.

Урт их буу бүхий Т-4

Курт Книспель 1942 оны 1-р сараас энэхүү Рубеллийн удирдлага дор Т-4-өөр тулалдаж эхэлсэн байдаг ба 5 сараас 75 мм-ийн урт буу бүхий Т-4-ийн шинэчилсэн загварын танк хэрэглэж эхэлсэн байдаг. Рубелл энэ танктай байлдаж байх үеийг дурссан ч гэсэн Т-4 нь ганц хуяг нэвтлэх сумаар Зөвлөлтийн Т-34, КВ-2-ыг хаа дуртай газраасаа устгаад байдаг нь юу л бол. Хөнгөн танкуудын хувьд бол ойлгомжтой хэрэг. Гэхдээ энэ үед Зөвлөлтийн армид голлох танк нь Т-34 болсон байсан билээ.

Удалгүй Кавказад тулалдаж эхэлсэн ба Куртын ялалтын тоо 12 хүрсэн боловч фронтын байдал маш хүндэрч  Куртын анги нэгтгэл асар их хохирол хүлээсээр ухарч, улмаар ар тал руу татагджээ.

Барс

1943 оны 1-р сараас Курт Германы танкчдын мөрөөдөл болсон Т-6 буюу Тигр, бидний хэлдгээр Барс танкийн сургалтад бэлтгэгдэж эхэлсэн байна. Маш хүчирхэг 88мм-ийн их буу, онцгой сайн хараалах систем, маш зузаан хуягтай энэхүү танкийн наводчик болсон Курт шинэ даргын удирдлага дор Курскийн тулалдаанд оролцож  эхэллээ. Энэ танктай халз тулах танк тухайн үед хэнд ч байсангүй.

Нэгэн өдрийн тулалдаанд дайсныхаа 27 танкийг устгасан гэдэг бөгөөд энэ бүхнийг өнөөх Куровский маань бас л Книспелийн тооцоонд оруулсан байдаг. Курскийн тулалдааны үеэр болсон нэгэн явдал Куртыг дахиад л баллах шахсан байдаг нь Зөвлөлтийн хэсэг Т-34 шөнийн цагаар дайсныхаа хажуугаар ойрхон гарч байгаагаа мэдэлгүй цуваагаар явж байсныг германууд  илрүүлэн устгах тушаалыг өгсөн бөгөөд тушаал авсан Курт буудах гэж шагайхад танкны дээр энгийн номхон ардууд ихээр суусан байлаа. Зөвлөлтийн анги нэгтгэл дүрвэж яваа иргэдэд тусалж байгаа бололтой. Ийм танкийг Курт буудалгүй өнгөрөөх үед СС-ийн нэгэн офицер давхиж ирэн буудалгүй өнгөрөөсөн нь гэмт хэрэг хэмээн дүрэмдэж, баривчлах, хээрийн шүүхээр оруулж буудах юм болж.... бас л зодоон цохион. Дахиад л анги нэгтгэлийн дарга нар нь аргалж байж Куртыг үлдээж дөнгөжээ.

Барс 2 буюу Хааны барс

1943 оны намраас 1944 оны хооронд Курт Украины тал нутагт тулалдаж байсан бөгөөд энэхүү том талбайд бөөгнөрсөн танкийн нягтрал маш өндөр, хүчирхэг танктай, гар нийлсэн баг дайсныхаа танкийг олон арваар нь устгах боломжтой тийм тулалдаанууд зонхилж байсан гэдэг. Энэ үеийн дараа Куртын тооцоонд 101 танк бичигдсэн байсан ба залуу танкчин маань хоёр төрлийн төмөр загалмай, нэг алтан загалмай одонгоор энгэрээ чимжээ. Энэ загалмайтай холбоотой бас нэг сонин түүх бий. Хэрвээ та танкийн тухай сонирхдог бол Барс-2 буюу Panzerkampfwagen VI Ausf. B, “хааны барс” хэмээх бас нэг агуу аймшигт танк бусад танкийнхаа жагсаалын урдуур удаан гэгч нь явж, танкийн дарга нь нээлхийгээр ил гаран догшин дүртэй харж байгаа баримтат бичлэг үзсэн байж таарна. Тэрхүү догшин дүртэй нөхөр маань Курт Книспель маань өөрөө. Тэрээр алтан загалмайгаа Германы цэргийн сүлд болсон бүргэдтэй хас тэмдгийн дээр нь дарж зүүсэн байдаг. Энэ бол цэргийн дүрэм зөрчиж байгаа, ихээхэн том шийтгэл хүлээх бараг л гэмт хэрэг.

1944 оны 9-р сараас Барс-2 (порше толгойтой биш шинэчилсэн загвар)-ын дарга болсон Курт Унгар руу тулалдахаар явж Будапешт болон бусад жижиг хотыг бага хэсгээр хамгаалах тулалдаан хийж гурван сар болсон байдаг.

Энд Курт анх удаа өөрийн Барс-2 той халз үзэх чадалтай Зөвлөлтийн ИС-2 той таарсан бөгөөд тулалдаж ялсаар байлаа. Нэгэн удаагийн тулалдаанд тэрээр бараг 3000 метрийн зайнаас буюу 88 мм-ийн танк эсэргүүцэх их бууных нь хамгийн холын зайд байсан Т-34-ийг устгасан байна. Куртыг алдаршуулан дуулагч Куровский энэ явдлыг яаж зүгээр өнгөрүүлэх вэ. Гэхдээ Курт маань танкийн дарга байсан болохоос наводчик байгаагүй биш бил үү. Энэ зэргийн ялих шалихгүй юм тоонд хамаагүй бололтой.

Загалмай одонгоо буруу зүүсэн алдарт зураг

Курт танкийн дарга байхдаа 42 танк устгасан гэдэг бөгөөд дөрвөн удаа Хүлэг баатрын загалмайд тодорхойлогдоод авч чадаагүй, энэ нь түүний хэцүү зан ааштай холбоотой гэх зэргээр бичсэн зүйл олон тохиолддог. Магадгүй л юм.  Үнэхээр Курт Книспель нь байнгын янз бүрийн будлианд хутгалдаж байсан нөхөр бөгөөд нэгэн удаа СС-ийн дивизийн хангалтын машинаас баахан хоол хүнс хулгай хийж өөрийн танкны агаар шүүгчид хийж нуун шууд тэр чигээрээ тулалдаанд орж байсан нэгэн гэдэг. Мөн Нацист дэглэмийг (фашист Герман гэж их ярьдаг боловч энэ нь хэр зөвийг мэдэхгүй юм. Италичуудын хувьд зөв боловч германуудын хувьд их л маргаантай юм билээ) үл тоодог, өнөөх загалмай хадсан байдлаараа бол бүр эсэргүүцдэг зэрэг нь тэрхүү нэр хүндтэй том шагналыг авахад нь саад болж байсан байж магадгүй.

Энэ хүн 1945 оны 4-р сарын 29-нд Чехийн Востиц хотын ойролцоо тулалдаанд гэмтсэн танкаасаа гарч зугтаж байгаад миномётийн хэлтэрхийд оногдож, шархтан эмнэлэгт хорвоог орхисон байдаг. Бүр сүүлд түүний шарилыг олсон бөгөөд хүзүүний таних тэмдэг нь ямар нэг гэмтэлгүй бүрэн бүтнээрээ байсныг одоо музейд хадгалж байгаа юм байна.

Дайны үеийн аливаа тоо бүгд л будлиантай байдаг. Гэхдээ энэ будлиантай тооноос болж Курт Книспелийг агуу дайчин биш байсан гэж хэн ч хэлж чадахгүй бизээ. Магадгүй дайны төгсгөлд олзлогдож гутамшигт байдалд ороогүй, ялангуяа саяхан салшгүй холбоотон байснаа дайнд ялагдангуут нь Судетийн германуудыг Чехүүд нүцгэлэн хөөж байсан гэх мэтийн муухай доромжлолыг хараагүй өнгөрсөн нь энэ хүний хувь заяа биз ээ.

Булшнаас нь олдсон Курт Книспелийн таних тэмдэг

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 11 сар 27. 22:57
Зочин

Эр хүн байж. Тухайн цаг үед дайсан болох хувь хүнээс хамааралгүй тэгээд ч цэргийн хүн тушаалын дагуу л байлдана. Хүнлэг чанарыг зөвхөн хүчирхэг хүмүүс л эзэмшсэн байдаг, тэр хирээрээ хийморьтой үзэлцэж дээ

2018, 12 сар 22. 12:37
Зочин

Баатар эр байжээ. Эр зоригийг дайснууд ч гэсэн үнэлдэг юм даа

2018, 5 сар 28. 15:22
Зочин

Чалчааа илжигэээ герман ялсан бол наадах чинь үнэ цэнэтэй мэдээ байх байлаа!!!

2021, 11 сар 7. 4:07
Зочин haha

chalchaa ch sain shuu. uursduu chalchih baitugai ganhiih chadvargui baij negnee bitgii tej bai.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]