Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Танай хүүхэд сэтгэн бодох чадваргүй..."Уншсан3,561

Америкийн эрдэмтэн, инженер, зохион бүтээгч, бизнесмен Томас Эдисоныг бид хүүхэд байхаасаа л мэднэ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Америкийн эрдэмтэн, инженер, зохион бүтээгч, бизнесмен Томас Эдисоныг бид хүүхэд байхаасаа л мэднэ. Энэ айхтар эр чийдэнгийн нэгэн төрөл, телефон утасны сайжруулсан хувилбар, кино аппарат, телеграф холбоо... гээд олон зүйлийг зохион бүтээсэн хүн гэдэг билээ. Хэдийгээр энэ хүн эдгээрийг зохион бүтээгээгүй, зүгээр л хулгайлсан тухай маш их яриа байдаг ч энэ удаа Эдисоны хулгайн тухай биш, харин уг хүн хэрхэн яаж оргилд хүрсэн тухай, үнэндээ бол ээжийнх нь тухай нэгэн түүхийг сонирхуулъя.

Эдисоныг багад нь Аль гэж хочлон дууддаг байсан ба өвчний учраас нэг чих нь бараг юм сонсдоггүй, тэгсэн мөртлөө бүр хэтэрхий гэмээр сахилгагүй хүүхэд байж. Хичээл дээр очоод ямар ч юм анхаарч чадахгүй учраас юу ч ойлгохгүй, эргэн тойронд болж өнгөрсөн явдлыг ч эргэн санах гээд чаддаггүй байлаа. Энд тэнд явж байхдаа нүх саванд унах, юм хум мөргөх бол хэвийн явдал бөгөөд мэдэхгүйгээсээ болж энд тэнд гал түймэр тарих нь ч тохиолдоно. Гэхдээ тэрээр тээрмийн сэнс эргэлдэн байгааг, аливаа нэг агуулахын ханан дээрх элдэв зарлал, реклам бүхий самбарыг удаан хугацаагаар харан суух дуртай нэгэн байж.

Эдисоны ээж хүүхдээ боловсролтой хүн болгох гэж зүтгэдэг хүн байсан ба (тэр үед ийм итгэл үнэмшилтэй эхчүүд бас л цөөхөн байсан юм гэнэ лээ) цагтаа багш байсан болохоор арга ч үгүй байх. Хүүтэйгээ маш их ажиллан байж зураг зурах дөртэй, бичиг үсэгт тайлж өгөөд сургуульд өгчээ.

 Сургуулийнх нь захирал нэгэн лам байх ба тэрээр эхнэртэйгээ адил хуучин үзэл баримтлалыг яс махандаа шингээсэн хүн байж таарч. Тэрээр хүүхдэд юм зааж сургах хамгийн сайн арга бол шийтгэл, тэр дундаа саваагаар хонгонд нь буулгах онцгой үр дүнтэй гэж итгэнэ. Хичээл дээр ярих, эсвэл заасан юмнаас нь өчүүхэн ч гэсэн юм мэдэхгүй санахгүй бол саваадах, саваа байхгүй бол өмдний суран бүсээр ороолгоод л байх.

Эдисон нэг газраа хэдхэн минут сууж чаддаггүй хүүхэд төдийгүй болсон болоогүй янз бүрийн юм асууж, тэрийг тайлбарлаж эхэлж байхад л өөр юм асуудаг ядаргаатай нөхөр учир захирлын араанд зуугдсан, суран бүсний амтыг хамгийн сайн мэдэх сурагчийн нэг болж хувирчээ. Сурлагаар ангидаа хамгийн муу учир багш нар нь тэнэг мангарыг нь олны өмнө гайхаж анги төдийгүй сургууль даяар шившиг болгоно.

Эцэстээ захирал Эдисоны ээжид нэгэн захидал бичсэн байна. Ээж захидлыг уншингуутаа дуу алдан уйлсан гэдэг бөгөөд хүүхэд яагаад ээжийгээ уйлж байгааг асуухад эх нь захидлыг чангаар уншиж өгчээ.

 “Таны хүү бол гоц ухаантан. Манай сургууль ийм онцгой авьяастай хүүхдэд үнэндээ жижигдэж байгаа ба хангалттай мэдлэг өгөх багш ч алга. Тийм учраас та өөрөө хүүхдээ сургах нь зөв болов уу“ гэснийг ээж нь уйлан хайлан уншаад хүүгээ сургуульд явуулахаа больсон байна.

Энэ явдлаас хойш Эдисоны ээж болдоггүй хүүгээ сургаж эхэлжээ. Тэрээр хүүхдийнхээ сонирхож байгаа юманд тулгуурлан хөгжүүлж байсан ба энэ бүхний үр дүнд Эдисон ямар амжилтад хүрснийг бид мэднэ.

Харин Эдисон нас явсан хойноо ээжийнхээ хадгалж байсан өнөөх захиаг санаандгүй олсон байна.

Тэр захианд “Танай хүүхэд сэтгэн бодох чадваргүй учир бид бусад хүүхдүүдтэй цуг сургах боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас та өөрөө бие даан хүүхэддээ анхан шатны боловсрол олгох нь хамгийн зөв юм шүү гэж танд зөвлөе” гэсэн байжээ. Хүн болгон Эдисоныг ад үзэж байхад ганцхан ээж нь л итгэж, зүтгэж байсны ачаар тэрээр шинжлэх ухааны, бизнесийн оргилд гарсан байна. Суутнуудын тухай иймэрхүү түүх цөөнгүй бий.

Исаак Ньютон

Математик, болон байгалийн шинжлэх ухааны хичээлд тун ч тааруухан төдийгүй нэгэн үе ангийнхаа хамгийн муу сурлагатан байжээ.

Антон Чехов

Гуравдугаар ангидаа математик болон газарзүйн хичээлд маш муу байсан учир улирсан бол тавдугаар ангидаа грек хэлний хичээлд дан муу дүн авч байснаас бас л улирч байж. Оросын агуу зохиолч энэ хүн орос хэлний хичээл дээр 4 буюу сайнаас дээш дүн авч байгаагүй (5 онооны шаталбараар) гэнэ лээ. Харин анагаахын сургуулийн оюутан болсон үеэс л гэнэт “цоорч” эхэлсэн байна.

Эйнштейн

Нобелийн шагналт энэ агуу эрдэмтэн бага сургуульд байхдаа аутизм болон дислекс зэрэг өвчний улмаас хоёр үг холбох чадваргүй байжээ.

Константин Циолковский

Сансар судлалын эцэг болсон энэ хүн багадаа өвдөж муу сонсдог болсноос хичээл сурлагадаа тун ч тааруухан амжилттай байсан гэдэг. 2-р ангид муу сурсан учир улирсан бол дараагийн жил нь “ямар ч найдваргүй” гээд бүр сургуулиас хасаж байжээ.

Майкл Жордан

Авьяас чадваргүй учир сургуулийнхаа сагсны багаас хөөгдөж байсан Майкл сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн агуу тамирчин болсон билээ.

 P.S.

Томас Эдисон бол ямар ч инженер зохион бүтээгч биш ердөө л нэг луйварчин гэж үздэг хүмүүс цөөнгүй.

“Тэрээр бараг 1000 гаруй патентыг эзэмшдэг ч яг өөрөө олж нээсэн ганц ч зүйл тэнд нь байхгүй, бүгд хүний бүтээл. Эдисоны бас нэг сайн чаддаг зүйл өөрийгөө хэрхэн яаж ажиллаж, амжилтад хүрсэн тухай мундаг түүхийг хүнээр бичүүлж, энд тэнд мөнгөөр нийтлүүлдэг байсан явдал бөгөөд энэ хүн бол жирийн нэг луйварчин юм шүү” гэсэн утгатай зүйл энд тэнд их таардаг. Хэрвээ энэ үнэн бол дээр дурдсан түүх ч бас “лоохуутай” байж магадгүй л юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]