Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүн шиг ухаантай Ханс морины түүхУншсан14,833

Удалгүй ухаант морины тухай шуугиан арми даяар тархаж цаашаа Боловсролын сайдад хүрсэн ба гадаад дахь томоохон хэвлэлийнхэн ч энэ морины тухай бичиж эхэлжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

1900 оны үед Германд Вильгельм фон Остен гэсэн нэртэй нэгэн математикч, эрдэмтэн хүн амьдарч байжээ. Тэрээр тухайн үед ихээхэн алдаршиж байсан “тархины бүтцээс шалтгаалж хүн өөрийн гэсэн онцлогтой байх онол”-ыг ихэд сонирхон судалдаг байгаад яваандаа энэ онолын хөгжилд хувь нэмэр оруулахын тулд тодорхой туршил тыг янз бүрийн амьтан дээр хийж эхэллээ.

Туршилт гэсэн нэртэй ажиллагаа нь үнэндээ бол энэ математикч ан амьтанд “Тооны хичээл заах” явдал. Тэрээр хэд хэдэн муур, морь, гахай, тахиа зэрэг нөхдийг сурагчаар сонгож аваад хичээлээ заахад сурагч тахиа гуай ёстой юу ч ойлгосонгүй байтугай хичээл номд “явж” байгаагаа ч мэдэхгүй учир тэгсгээд өдрийн зууш болж. Харин баавгай гуай сонирхож байгаа шинжгүй ч үе үе юу болоод байгаа юм бол гэсэн шинжтэй хэсэг анхаарна. Өөр бусад амьтад ч гэсэн ялгаагүй “нойлын ногоон тэгүүд”.

Тэдэн дундаас нэгэн араб үүлдрийн морь нэлээд анхаарал татаж эхэлжээ. Хар зүсмийн энэ морь Остины хичээлийг ойлгохгүй байгаа ч маш их анхаарч, ойлгох гэж оролдож байгаа мэт олон шинж тэмдэг илэрсэн байна. Үүнийг анзаарсан Остин моринд Ханс гэдэг нэр хайрлаад ганцаарчилсан хичээл зааж эхэлсэн ба хичээлийн заах арга барил хашхирч гуагалах, зо дож цо хих хосолсон сургалт байжээ. Нэгэн удаагийн шалгалтаар Остин самбар дээр гурав гэсэн тоо бичээд морио хартал өнөөх нь тун ч итгэл муутай, туурайгаараа газар гурав цавчилжээ.

 Ид шид! Хорвоо дэлхийд ийм морь байсан тухай түүх байхгүй. Ромын сенатор болсон Инцитат ч ийм ухаантай байсангүй.

Ханс морь энэ цагаас хойш ёстой л гайхуулж эхэлсэн байна. Эзэн нь тооны энгийн бодлого, хуанлийн янз бүрийн жижиг сажиг юм асуухад өнөөх нь удаан боловч яг таг “хариулж” эхэлсэн ба бодлогууд нь "2+2=хэд вэ", "Өнөөдөр 2-р сарын 20, пүрэв гариг бол маргааш хэд дэх өдөр вэ" зэрэг асуултын хариултыг туурайгаараа цавчлан өгсөөр. Хамгийн гол нь маш зөв хариулж байлаа.

Тухайн үед бичиж байснаар бол Ханс энгийн тоог үржүүлж, хувааж, нэмж хасаж чадахаас гадна, цаг минутыг мэддэг, хүний зарим үг хэллэгийг ойлгодог байсан юм байх.

Гайхаж биширсэн эрдэмтэн маань морио аван Герман орноор хэрэн хэсэж, эрдэмтэй мориныхоо ид шидийг үнэгүй үзүүлж гайхуулсаар... Хансын эрдэм мэдлэгийг харсан, өөрийнх нь бодож чадахгүй юмыг бодож чаддаг морь үнэхээр байгааг ойлгосон зарим нэг хүн муурч унасаар.

Остин эрдэмтэн хүн учир ард түмний дунд нэр хүнд олох, хөрөнгө мөнгө хийх нь гол биш харин хар морь нь албан ёсоор ухаантай морь гэж бүртгэгдэх нь л чухал байлаа. Шинжлэх ухааны түүхэнд үлдэх ёстой морь учир арга байж уу. Гэхдээ үүний тулд засаг захиргааны анхаарлыг татах ёстой ба ямар ч төрийн байгууллага ярьдаг морины тухай ярих хүнийг эрүүл хүн гэж үзэхгүй, тоохгүй нь ойлгомжтой.

Остин арга оллоо. “10 өнгө ялгадаг, уншдаг (Остины цаасан дээр бичсэн зарим бодлогыг Ханс уншаад хариулаад байдаг гэнэ), 4 аргын тоо мэддэг сайхан морь зарна” гэсэн зар тавьсан ба тэрээр зарах гэсэн биш аль болох олон хүний анхаарлыг татах гэж л ингэсэн байна.

Маргааш нь морин цэргийн хэдэн офицерууд ирж ”зарын дагуу явж байна” гэж өөрсдийгөө танилцуулжээ. Офицерууд инээдээ барьж ядаж байгаа нь илт байсан ба мань Остиноор тоглоом тохуу хийх гэсэн нь ойлгомжтой. Остин Ханс хоёр “ярьж” эхэллээ...

Офицерууд тэднийхээс явахдаа үг ч хэлж чадахгүй болтлоо шоконд орсон байв.

Удалгүй ухаант морины тухай шуугиан арми даяар тархаж цаашаа Боловсролын сайдад хүрсэн ба гадаад дахь томоохон хэвлэлийнхэн ч энэ морины тухай бичиж эхэлжээ. Жишээ нь Нью-Йорк таймс бичсэнээр бол “Берлиний энэ моринд чадахгүй юм байхгүй. Ганцхан ярьж л чадахгүй” гэх мэт.

Германы боловсрол хариуцсан яамныхан энэ морины тухай яриаг эцэслэн шийдэх шинжээчийн баг байгуулж, морийг бүх талаар шалгах боллоо. Олон хүн “Зальтай муу Остин одоо баларна” гэж бодож байсан боловч тэгсэнгүй. Шалгалтын явцад морь хүндхэн бодлогыг бодож чадаж байсан ба "язгуур дор 16 бол" гэхэд л туурайгаараа 4 цавчилна. Мөн цаг хуанлийн талаархи асуултад бараг л 100 хувь үнэн зөв хариулж байсан ба нийт асуусан асуултын ердөө 11 хувьд л алдсан байна.

Дараа нь бүр ч мундаг эрдэмтдийн бүлэг байгуулж дахин шалгуулахад “Энд ямар ч луйвар булхай алга, Ханс нэртэй морь 14 настай хүүхдийн математик сэтгэлгээтэй байна” гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бол ялалт!

Ганцхан хүн л энэ бүх шуугианд үл итгэж байсан нь сэтгэл судлаач Оскар Пфунгст гээч хүн байлаа. Тэрээр эргэлзэж байгаагаа ил хэлж өөрийн гэсэн аргаар шалгах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Остин огт эсэргүүцсэнгүй. Эрдэмтэн хүн эрдэмтэн хүнийхээ хүсэл зорилгыг сайн ойлгож байсан бололтой.

Пфунгст ажиллаж эхэллээ. Янз бүрийн нөхцөл байдалд бодлого бодуулж байсан ба Остин, Ханс хоёрыг ёстой туйлдтал түмэн асуултаар, олон хоногийн турш зовоож. Ингээд цуглуулсан мэдээллээ боловсруулан нэгтгэж эхэлсэн сэтгэл судлаач маань нэг хачин зүй тогтол байгааг олж харжээ. Тэр нь Ханс морь Остины асуултад хамгийн зөв хариулдаг, өөр хүний асуулт юм уу Остиныг их холоос асуулт асуухад хариултын зөв байх магадлал бага ч гэсэн мэдэгдэхүйц буурч байж. Яагаад?

Цаашдын судалгаагаар бүр ч сонин юм илэрлээ. Хансаас юм асууж байгаа хүн өөрөө асуултынхаа хариултыг мэдэж байгаа бол Ханс бас зөв хариулаад байж. Харин мэдэхгүй юмаа асуухад юм уу асуулт асууж байгаа хүн ил харагдахгүй бол хариулт утгагүй байх нь элбэг. Нэг ёсондоо Ханс асуулт асуусан хүнээ харж байж л зөв хариулт өгч байжээ.

Ингээд Пфунгст дүгнэлтээ гаргасан ба түүнийхээр бол Остин ямар нэг луйварчин биш, Ханс ч ер бусын морь биш. Ердөө л Остин асуулт асуугаад хариулт хүлээж байх үеийнх нь нүүрний хувирлыг морь маш сайн ойлгодог байж. Морь өөрөө юу хийж байгаагаа үл мэдэн туурайгаараа газар цавчилж эхлэх ба зөв хариултад дөхөх тусам асуусан хүний нүүр царай өөрчлөгдөж эхлэх ба зөв хариулт гарах үед хүн өөрийн эрхгүй нүүр царайны огцом хувиралт гаргадаг  байна. Энэ хувиралтыг анзаарсан морь газар цавчлахаа байж амттай юмаа иднэ. Ингээд л болоо.

(Адуу мориноос нь салгах аргагүй түүхтэй Монголчууд бид зүгээр ч нэг “айсан хүнийг морь, муушиг хоёр” андахгүй гэж ярьдаггүй байгаа биз)

Үүнийгээ батлах гэж өөр бусад амьтан дээр тур шилт хийж үзэхэд нэлээд дөхүү дүн гарсан гэдэг. Гэхдээ ямар ч амьтан ухаант Хансын хэмжээнд байж чадаагүйг заавал хэлэх хэрэгтэй биз ээ.

Хансыг судлах явцад хүний сэтгэл санаа, нүүр царайны өөрчлөлтийн тухай олон чухал мэдээлэл цуглуулсан бөгөөд энэ бүхнийг тайлж өгсөн гавьяатан нь Ханс. Тийм ч учраас шинжлэх ухаанд “Ухаант Хансын эффект” гэсэн ойлголт бий болсон юм.

Харин өөрийнхөө морийг ер бусын гэдэгт бүрэн итгэж байсан Остин энэ дүгнэлтийг нь хүлээж аваагүй бөгөөд морио аван Герман орноор хэрэн хэсүүчилж, хүнд үзүүлж яваад удалгүй нас бар жээ. Эзнээ алдсан Ханс маань бүр 1916 он хүртэл амьд байж байгаад Дэлхийн 1-р дайны үеэр “зориулалтын дагуу” буюу тэрэгний морь болж ачаа зөөж байгаад дууссан юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]